Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Утааны эсрэг ээж аавууд жагсаал хийж 4000 гаруй хүн цугласан гэж жагсаалыг санаачлагч Ц.Пүрэвхүү хэлсэн юм.
Маргааш буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр болох утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалын талаар Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эцэг, эхчүүд, урлаг соёлынхон, оюутан залуусын сайн дураараа оролцох тайван жагсаал маргааш 12:00 цагт эхэлж, 13:30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Утааны эсрэг ээж, аавуудын холбооны зохион байгуулагч Т.Мандахжаргал “Маргаашийн жагсаалд хүмүүсийн оролцоо маш чухал” болохыг онцлоод, өмнө нь төрийн гурван өндөрлөгт хүргэсэн шаардлагын хариу ирээгүй учраас дахин 10,000 өргөдөлд гарын үсэг цуглуулах хэрэгтэй болсныг тэмдэглэн хэлсэн юм.
Нэгдүгээр сарын 28-ны хагас сайн буюу амралтын өдөр 12.00цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг ээж аавууд уриалж байна.
Жагсаалын төгсгөлд Засгийн газрын ордонг тойрч, утааны хор уршгийг харуулах үүднээс шар болно хар өнгийн шаарыг Төрийн ордны хашаанд өлгөхөөр болсон байна.
А.ЦЭРЭНДУЛАМ