МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

2017-01-27  

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн  үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын малын тоо толгой 1990-2015 онд 2.1 дахин өссөн ч сүрэгт хээлтэгч болон бод малын эзлэх хувийн жин буурч, дотоод, гадаадын зах зээлд эрэлттэй адуу, үхрийн махны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн нөөц хумигдаж эхэлжээ. Малын гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авч гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгаж байгаа юм. Тухайлбал, 2015 онд 41.5 сая, 2016 оны эхний 10 сарын хугацаанд 32.6 сая ам. долларын үнэ бүхий малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авчээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийнхоос 46 хувь, махан бүтээгдэхүүн 76 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байна. Тиймээс Монгол малын генетикийг хадгалах, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малын удам угсааг хадгаалахад үржилийн асуудал чухал гэдгийг хэлээд малчид эцэг малыг сүрэг дотроосоо тавьдгаас үүдэн бие нь давжаарч байгааг сануулав. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн малчдад малын удмын санг хамгаалах талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, мэдээлэл, мэдлэг олгох асуудлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах талаар хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй хэмээлээ. Харин УИХ-ын гишуүн Ц.Гарамжав хуулийн төсөлд гадаад нэр, томъёо олон байгааг шүүмжлээд, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлгэх ажлын хэсэг байгуулж, нарийн боловсруулах шаардлагатай гэлээ.

Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?