МАЛЧДЫН ТЭТГЭВЭР 5 ЖИЛЭЭР НААШИЛЖ, ТӨРҮҮЛСЭН ХҮҮХДИЙНХ НЬ ТООГООР НДШ ТӨЛСӨН ХУГАЦААГ 1.5 ЖИЛЭЭР НЭМЭГДҮҮЛНЭ

2017-02-03  

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  эцэслэн баталсан юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн талаар хэлэхдээ “Энэ хууль нь ээжүүдийг нийгмийн даатгалд хамруулах зорилгоор олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилготой. Ингэснээр олон хүүхэдтэй ээжүүд тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авдаг болно. Ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор тухайн ээжийн шимтгэл төлсөн жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Тухайлбал, нэг эмэгтэй 20 жил улсад ажилласан, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол тэр хүний ажилласан жил, шимтгэл төлсөн жил дээр зургаан жил нэмж тооцно. Ингээд олон жил шимтгэл төлсөн байх тусам тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авна. Тодруулбал, нэг хүүхэд төрүүлсэн бол 1,5 жил, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн бол гурван жил, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 4,5 жил, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол зургаан жил гэх мэт тооцно.

Хоёрдугаарт  Ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Нийгмийн даатгалын санд заавал даатгагдаад шимтгэл төлж буй ээж хүүхдээ гурван нас хүртэл харсан бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Сайн дураар шимтгэл төлдөг ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны шимтгэлийг НД-ын сангаас төлнө. Ерөөсөө ажил хийдэггүй, НДШ төлдөггүй ээж төрөөд хүүхдээ гурван нас хүртэл асран хамгаалж байгаа бол 50 хувийг нь төр, 50 хувийг нь өөрөө төлөх боломж олгох юм.

Гуравдугаарт  НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгч байгаа юм” гэлээ.

Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг.  Улсад 20 ажилласан үүнээс 15 жилийг нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 20 ажилласан үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарч болохоор болж байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо. Эдгээр хуулиад нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ" гэж тэрбээр ярьлаа.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-02-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?