Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 01-ний өдрийн А/51 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11,12,18,19-ний өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэж байгаа билээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөн зохицуулахаар Замын цагдаагийн албаны 440 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 60 ОРЧИМ ХУВИАР БУУРЛАА
Тэгвэл дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний өдөр замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 20 орчим хувиар буурч, иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцож байна.
Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.