Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцож холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулсан юм.
65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн хишгийг жилд нэг болон долдугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгох болсон байна.
Энэ онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан.
Ахмадуудын мөнгийг энэ сарын 20 буюу ирэх долоо хоногоос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор болжээ.
Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байгаа юм. Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.
Насны хишиг авах насны ангилал.
А.ЦЭРЭНДУЛАМ