Улаанбаатар хотын хэмжээнд 3-р сарын 1-2-ны өдрийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1784 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 52, зөрчлийн 1070, согтуугийн 376, зам тээврийн ослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 25 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагш буюу орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иргэд хурд хэтрүүлснээс болж осол аваарт өртсөөр байна.
Тухайлбал : Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р баг Зүүн шанаганы ар гэдэг газар автобус жолоодож явсан Т нь “Nissan Tiida” автомашиныг мөргөж тус автомашинд зорчиж явсан Д нас барж, Н, С нар гэмтсэн байна.
Мөн Архангай аймгийн “Хашаат сум Номгон баг Тарнийн гүүрнээс баруун хойш 64-р тэмдэгтийн дэргэд “Subaru Forester”, “Toyota Axio” автомашинууд мөргөлдөж, “Subaru Forester” автомашины жолооч Өвөрхангай аймаг Хар хорин сумын харьяат М, нөхөр болох Б нарын 2 хүн нас барж, “Toyota Axio” автомашинд зорчиж явсан 3 хүн, 4 хүүхэд гэмтэж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт хүргэгдсэн байна.
Мөн 2-р сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газраас Дарханы чиглэлд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla маркийн автомашинтай мөргөлдөж 2 том хүн, 2 хүүхдийн амь нас хохирсон.
3-р сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай, Э-н амь нас хохирчээ.
Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.
Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Ц.ХИШГЭЭ