НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГА Д.ОТГОНБААТАР: 4-Р САРЫН 20-ООС ЭХЛЭН АВТОБУСНЫ БУУДАЛ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛНЭ

2017-03-20  

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын орлогч дарга Б.Индра, Газрын албаны орлогч дарга Нямдаваа, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Баттогтох, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын хэлтсийн дарга Б.Азжаргал болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хороонд ажиллаж, Нийслэлд хийгдэж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсч, боломжтой асуудлуудыг шийдвэрлэж ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн эдгээр дөрвөн хорооны хувьд ажилгүйдэл, нийтийн тээврийн автобусны зогсоол оновчтой бус, автобус хоорондын эргэлт удаан, худаг, газар өмчлөл, замын хурд сааруулагч тавих, гэрэлтүүлэг, тохижилт, цахилгааны зэрэг асуудлуудыг иргэдийн зүгээс албаны хүмүүст хэлж байлаа.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү уулзалтын үеэр “Нийслэлээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилгоор “Нэг өрх–нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн залуучуудад зориулсан үйлдвэржилтийн бодлогыг барьж ажиллана. Тухайлбал, Эмээлтийн Технологийн паркад Арьс ширний үйлдвэр, Налайхын технологийн паркад Барилгын материалын үйлдвэр, Багануурын технологийн паркад Хүнд үйлдвэрлэл, Химийн үйлдвэрлэл, Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк байхаар төлөвлөөд байна.

Эхний ээлжинд Эмээлт, Багануур, Налайхын үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулна. 2017 онд техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилтыг нь шийдээд 2018 онд барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Мөн Нийслэлийн 152 хороог шилэн кабельд холбоно. Ингэснээр хороодод нэг цонхны үйлчилгээг бий болгоно. Автозамын хувьд яармагийн гүүр, сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрийг шинэчлэн барина. Мөн Налайхаас Чойрын чиглэлд 20,9 км замыг шинээр тавина. Түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хорооллын замыг хатуу хучилттай болгоно. Нийтийн тээврийн бүх автобусыг хоёр жилийн хугацаанд бүрэн шинэчлэнэ. Нэгдсэн камерийн системийг Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран шийднэ. Миний хувьд улиралд нэг удаа иргэдтэйгээ тогтмол уулздаг байгаа. 

 Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Өмнөх уулзалтууд дээр иргэдийн зүгээс зөвшөөрөлгүй газарт буусан айлууд, газар өмчлөл, гудамжны орц, гарц хаасан, хаягжилт байхгүй зэрэг асуудлууд  их яригдсан. Зуслангийн бүсэд хаягжилт замбараагүйгээс болоод эмнэлгийн түргэн тусламж, галын машин ирэх боломжгүй болдог. Тиймээс тодорхой арга хэмжээг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зохион байгуулахаар болсон байгаа. Газар өмчлөлийн хувьд иргэдээсээ санал асууж, хэлэцүүлэг зохион байгуулж цахим өмчлөлийн журамд өөрчлөлт оруулахаар болсон. Мөн хашаагаа сунгасан иргэдэд шаардлага хүргүүлнэ. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцох арга хэмжээг авна” гэдгийг хэллээ.  

Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Нийслэлд үйлчилж буй автобуснуудын дийлэнх нь есөөс дээш жилийн насжилттай байна. Тиймээс энэ зунаас парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр болсон. Мөн бид энэ дөрвөн жилдээ багтаан оношлогооныхоо төвүүдийг шинэчилэх зорилт тавин ажиллаж байна. Иргэдийн зүгээс нийтийн тээвэртэй холбоотой гомдол, саналууд их ирж байна. Бид боломжоороо дор бүр нь шийдээд, арга хэмжээ авч ажиллаж байна. Чиглэл хариуцсан автобусны жолооч нарт өдөр бүр сургалт өгч ажилладаг.

Бид иргэдээ тав тухтай, цэвэр орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Энэ зун бид зуслангийн чиглэлд хэд хэдэн автобусны буудал нэмж барина. Дөрөвдүгээр сарын 20-оос эхлэн автобусны буудал шинэчлэх ажил эхэлнэ.  Мөн буудал хоорондын зай, автобусны буудлыг оновчтой болгох тал дээр холбогдох ажлуудыг хийгээд явж байна. Сэлбэ-Вокзал чиглэлийн автобусны цагийг урагшлуулах санал ирсний дагуу нэгдүгээр сарын 18-аас эхлэн 6:30 цагаас явуулдаг болсон. Мөн Сэлхийн хуучин автобусны буудлыг шинэчилсэн байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зулаа:Мөнгө идэж болохоор юм хайгаад л бас нэг шинэ санаа гаргаж хэрэгжүүлэх нь дээ 2017-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?