Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
2017 оны 03 дугаар сарын 28-ны Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 219 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 4, мөргөлдсөн 3 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн.
Тухайлбал : ХУД-ийн нутаг айцын давааны замд T.Prius-10 маркийн автомашины жолооч А нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, бэртэж, гэмтэж байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд “...Хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж эсвэл тэвэрч явна” гэж заасан байдаг боловч эцэг эх, томчууд хүүхдээ хөтөлж явдаггүй, хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаа нь осолд, өртөх нэг шалтгаан болж байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, машин ойртон ирж байгаа тохиолдолд гарнаас нь хөтлөх, эсвэл аюулгүй газар хүргэх, өөрсдөө үлгэр дууриалал үзүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.