Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГАРАА ХАЛААСАНД НЬ, АРГАМЖААГАА ХҮЗҮҮНД НЬ ШИДЛЭЭ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛЭХ ҮҮ?

2017-04-27  

65-ын бүдүүн бүлэг бяраа гайхуулж байна. 7 төрлийн татвар нэмэх шийдвэр гаргасан. Иргэдийнхээ халаасанд гараа л дүрлээ гэсэн үг. Иргэд дуугүй л тэвчиж өнгөрлөө. Татварын сургаар ард түмний унаа гэгдэх Приус машины үнэ хамгийн түрүүнд өссөн байна. Түүнийг эрх мэдэлтнүүд унадаггүй учраас мэдэх ч үгүй, хамаарал ч үгүй. Харин борчууд үнэнд нь цохиулж, татварт сэгсрүүлж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Борчуудаас татах татвараар төсвийн алдагдлаа нөхөх зорилго тавьснаа Сангийн Яамны эрх мэдэлтнүүд нуусангүй. Эрх мэдэлтнүүд, бүдүүн бүлгийн дараагийн алхам нь ард иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хаах. Энэ тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэхүү сэрэмжлүүлгийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Үндэсний Сайтын Холбооноос өнгөрсөн 3-р сард л ард нийтийн сонорт хүргэж, хамтарсан мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэхүү тэмцэлд нэгдэхийг уриалсан. Чимээгүй  байсан хэвлэл мэдээлэл саяхнаас л сэрлээ. МСНЭ, МТХ, МӨТСХ, МҮСХНХ-ны удирдлагууд хамтарч, эсэргүүцлийн акцыг яаральай зохиолоо.

Телевизүүд 20-21 цагийн хооронд эфирээ хаалаа. MNB, NTB, EAGLE, ТВ8, ТВ9, ЭХ ОРОН ТВ-ээс бусад бүх эфирийн  телевизүүд ''ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА'' эсэргүүцлийн акцид нэгдэж, мэдээ, нэвтрүүлгээ 60 минуын турш зогсоолоо. Тэд нэгдвэл хүчтэй гэдгээ мэдрүүллээ. Мөн өдөр тутмын сонинууд 1-р нүүрээ, сайтууд талбайгаа эсэргүүцлийн акцид зориулж нэгдлээ.

Б.ГАЛААРИД (МСНЭ-ийн ерөнхийлөгч)

 "Урьд өмнө хэвлэл мэдээлэлтэй холбоотой хууль боловсруулах, хэлэлцэх үедээ мэргэжлийн байгууллагыг оролцуулдаг, санал авдаг байсан бол энэ удаа ор тас хаясан. Оролцуулахыг эрх мэдэлтнүүд хүсэхгүй байх шиг байна. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд саад болох, ард иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан бүдүүлэг үйлдэл".

БАТ-ЭРДЭНЭ (Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч)

Эрх мэдэлтнүүд өөрсөддөө зориулсан ашигтай хуулийг батлах гэж байна. Хэвлэлийг гартаа оруулахыг зорьж байна. Батлах гэж буй Зөрчлийн хууль гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой биш, бүх иргэдтэй хамаатай. Гүтгэх, доромжлох гэдэг заалтыг оруулж, түүндээ торгуулийн өндөр хэмжээ тавьсан. Сошиалд фэйсбүүктэй иргэнийг 10 сая төг, хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох санал оруулсан. Энэ бол хэвлэл мэдээллийг боомилох санаархал.

Б.ДОЛГИОН ( Өдөр тутмын сонины холбооны тэргүүн) 

Иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна. Хэдийгээр сэтгүүлчдийг хорихгүй гэж байгаа ч, мөнгөө төлж чадахгүй сэтгүүлч ял эдлэх болж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаагдан дампуурна.

Б.МӨНХДӨЛ (Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч) 

-Гүтгэж, доромжилж болохгүй. Үүнээс л сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага хол байх ёстой. Ёс зүйгээ баримталж ажиллах нь сэтгүүлчдийн эрхэмлэх зүйл мөн. Шантааж гэж огт байж болохгүй. Харин эрэн сурвалжлах, баримтыг дэлгэсэн нийтлэлийг гүтгэлэг, доромжлол гэдэгтэй хольж хутгах, зориуд мушгин гуйвуулах бий гэдэг болгоомжлол төрж байна. Тиймээс гүтгэлэг, доромжлол нэрийн дор хэвлэлийн эрх чөлөөг хавтгайд нь боомилох оролдлогыг зогсоох ёстой. Иргэдэд буй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх сүүлчийн эрхийг булаах эрх мэдэлтнүүдийн даварсан үйлдэлд хүчтэй цохилт өгөх нь зөв.

Ингэж хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд " Өдрийн сонин"-ы хурлын танхимд болсон нэгдсэн уулзалтын үеэр байр сууриа илэрхийллээ. Үнэндээ Төр, Засгийн оролцоо, дарамтгүйгээр Монголын Хэвлэл Мэдээллийн байгууллагууд санхүүгийн хувьд туйлдаж, хаалгаа барихад ойрхон байгаа.

Гэтэл мэдээлэл түгээх үүргийг сайн дураараа гүйцэтгэж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжихийн оронд, Зөрчлийн гэх хуулиар "намнах" санаачилгыг МАН-ын нэр бүхий гишүүд санаачилж, үлдсэн нь батлахад бэлэн гараа үрэн суугааг хэвлэлийнхэн илчиллээ. Ардчилсан нийгмийн тулгуур зарчмын нэг болох үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ алдахад ганцхан хуруу үлдсэн байлаа. Гүтгэх, доромжлох гэсэн хоёрхон үгээр халхавчлан хэвлэлийг боомилох санаархалд цэг тавихын төлөө хэвлэлийнхэн эвлэлдэн нэгдлээ. Энэхүү өгүүллийг бичих зуур нэр бүхий гишүүд хуулийн төслөө эргүүлэн татсан гэх мэдээлэл сошиалаар цацагдаж эхлэв. Үнэн бол сайн байна. Татуулах ч ёстой. Дашрамд дурдахад, энэхүү хуулийг санаачилсан Гарамжав, Нямбаатар нарын гишүүд дахин сонгогдох эрхээ ийнхүү "булшиллаа". Хэвлэлд, ард иргэдэд "дайн" зарласан тэдэнд хэвлэл, сонгогчид дахин "хайр" зарлахаа өнгөрлөө.

Тэднийг телевизүүд эфирээсээ, сонинууд талбайгаасаа, сайтууд индэрээсээ нэгмөсөн хөөвөл зохилтой. Ард иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилохыг санаархсан хэн бүхнийг яавч өөгшүүлж болохгүй, коллегууд аа!

 

 

 

Ц.ЭНХБАТ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?