Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ИСТАНБУЛЫН БАРААНЫ ЗАХ

2017-04-28  

Истанбулын тэмдэглэл 2

Истанбулын барааны захыг хүн наймаа хийсэн хийгээгүй нь хамаагүй үзээд л гардаг газрын нэг юм байна. Захууд их эртний түүхтэй. Константинополь хот байхаас Османы эзэнт гүрнийг дамжин өнөөг хүрсэн захууд бий. Капалычаршы зах нь л гэхэд 1461 оноос эхтэй. Араб, Турк улсууд алт үнэт эрдэнэсээрээ алдаршсан. Мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг шигээ. Хүмүүс нь гоёл чимэглэлд илүү дуртай. Зах гэдэг нь угаасаа хүний нүд эрээлжлүүлэх учиртай гэнэ. Захын том хаалгаар оронгуут л алтлаг хурц тод өнгийн гэрэл нүд гялбуулна. Эрдэнэсийн санд ороод ирэх шиг л болно. Зөвхөн үүдэн талын хэдэн лангууг нь ажихад л ногоон хурганы арьс байтугай л тавиастай. Түрк хивс, алт, цагаан мөнгөн эдлэлүүд нь хийц сайтай, чанартайгаараа гийчдийн сонирхол их татдаг гэлээ. Зэс, хүрлээр урласан бэлэг дурсгал, ваар шаазан эдлэлүүд эрэлт ихтэй, сонголт арвин. Наймаачид нь бараагаа зарахын тулд тун сүрхий овсгоо гаргана.

Гадны хүмүүсийг хараад шууд л хаанаас ирсэнийг нь англиар нэрлэн урих жишээний. “-Эй, Филиппины эрхмүүд ээ, бараагаа аваарай, За Италичуудаа наашаа, наашаа...” гэх маягаар. Энэ таамаглал нь ихэнхдээ л онож байгаа нь тэдний ажигч гярхайг илтгэнэ. Эрт дээр үеэс хивс, торго, дурдан, цай, самарын наймааны том төв болж ирсэн Турк орон одоо ч Ази, Европыг холбосон худалдааны бүс нутаг хэвээрээ. Орчин үеийн дэгжин худалдааны төвүүдтэйгээ зэрэгцээд эрээн мяраанаар нүд хужирлан, олон хэлийн чанга яриа хөөрөө  сонсогдсон энэ барааны захын ертөнц түжигнэн бужигнасаар байна. Эртний Хятадаас Хүннү гүрнээр дамжин улбаалсан аугаа торгоны болон цайны зам эндхийг дайран Ром улс хүрч байсан түүхийн улбаан дээр хүрч ирээд буцах шиг л санагдлаа.

 

 

Ө.Рагчаасүрэн

Истанбул- Дархан хот.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?