Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтанд орсноор иргэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх үр дүнтэй боловч замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах соёл алдагдсанаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
Статистик мэдээгээр зам тээврийн ослын дуудлага, бүртгэгдсэн осол, гэмтсэн хүн, эд материалын хохирлын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч бид үүнд тайвширч, авах арга хэмжээг сулруулж болохгүй. Бид энэ тоон үзүүлэлтүүдийг багасгах, хамгийн доод түвшинд хүргэхийн тулд яамд болон байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай байгаа юм.
Мөн ДЭМБ-ын судалгаагаар манай улсын хувьд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ялангуяа амралтын өдрүүдэд зам тээврийн осол ихээр бүртгэгдэж байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яам Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 урсгалтай авто замыг энэ Хавараас эхлэн 4 урсгалтай, цемент бетонон хучилттай зам болгож шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Бид хамтдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэ чухал ажилд идэвхи санаачлагатай, тодорхой зорилготой, шинэ арга барилаар хандаж, нийтэд сурталчлан таниулах, хүүхэд багачуудад зөв зуршлыг зааж сурган, дадал болгож, хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга, соёлтой оролцож чадвал зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлье” гэж хэллээ.
Монгол улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл мэдээлэл хийх үеэрээ “Зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирогчдын тоо дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй тэргүүлэх 20 шалтгааны 8 дугаарт орж байгаа ба хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд 5 дахь шалтгаан болох төлөвтэйгээр хурдацтай өсч байна.
Манай улсын хувьд 2007-2016 оныг дуустал сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 6,0 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 6,6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94,4 хувь нь нийслэлд, 5,6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 100 мянган хүнд ногдох зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтаар дүгнэдэг бөгөөд манай улсын хувьд энэхүү үзүүлэлт 2014 онд харьцангуй өндөр буюу дэлхийн дунджаас хавьгүй илүү байсан бол 2016 оны байдлаар 15,3 болж дэлхийн дундаж болох 17,4-өөс бага түвшинд байна” гэлээ.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА