Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ц.ЭЛБЭГДОРЖ ХЭРХЭН ЯЛСАН БЭ? ТҮҮНИЙ ЯЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР ҮҮ...

2017-05-16  

Зөв тооцоо маш чухал. Ц.Элбэгдорж 2009 онд Н.Энхбаяртай өрсөлдөхөд тун хүнд байсан. Элбэгдорж сул, Энхбаяр хүчтэй байсан үе. Судалгаа дэндүү зөрүүтэй, дэмжлэг багатай байсан он цаг. Гэвч Ц.Элбэгдорж гараагаа зөв эхэлсэн. Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг өвөртөлсөн С.Оюуны намтай маш чухал тохироо хийж чадсан. Энэ бол 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн гол шийдвэр байсан. Санал хуваах магадлалтай С.Оюун даргатай ИЗН-тай ерөнхийлөгчийн сонгуульд АН нэгдэж орсон. Мэдээж, сонгуульд ялсан тохиолдолд ИЗН-д тодорхой албан тушаал амласан нь ойлгомжтой. Үүнийг буруутгах үндэсгүй. Ц.Элбэгдоржийн баг хүн хүч, хөрөнгө мөнгөө мөн зөв тооцсон. Хүн ам төвлөрсөн хот суурин газар болох нийслэл хот, түүний 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод илүү ажилласан. Хэдийгээр Н.Энхбаяр улс орон даяар ( бүх аймаг суманд) ялалт байгуулсан ч, эцсийн дүндээ ялагдсан. Тэр төвлөрсөн хүн амтай цэгүүдэд бага санал авсан нь түүнийг ялагдал хүлээхэд хүргэсэн. Элбэгдоржийн хувьд эхнээсээ л улс төрийн зөв шийдвэрийг бусдаар ( ИЗН) гаргуулж, тактик, тооцоогоо зөв гаргасан нь ялалтад ( 2009) хүргэсэн.

Тэгвэл Ц.Элбэгдоржийн хоёр дахь ялалт нь ч бас улс төрийн зөв шийдвэр өөрөө гаргахаас гадна, бусдаар улс төрийн өөртөө ашигтай шийдвэрийг гаргуулсанд оршдог. Мөн л З нам нэр дэвшүүлэх эрхтэй, гол өрсөлдөгчид нь МАН болон АН-ын нэр дэвшигчид. 2009 оныг бодвол Ц.Элбэгдоржид олон давуу тал бий болсон байсан. Ерөнхийлөгчөөр 4 жил ажиллачихсан байсан. Ардчилсан нам нь эрх баригч болчихсон, аймаг, нийслэлд ноёрхлоо бүрэн тогтоосон ийм л улс төрийн ая тавтай нөхцөлд дахин нэр дэвшсэн. Гэхдээ энэ бүхэн түүний хувьд тайвшрах шалтгаан болоогүй юм. Өмнөх 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ИЗН-ын нэрийг татуулж чадсан бол энэ удаад 3 дахь намаас нэр дэвшигч дэвшүүлэх нь улс төрийн ач холбогдолтойг тэр тооцож чадсан. Ялалт байгуулахад нөлөөлөх улс төрийн шийдвэрийг МАХН-аас гаргуулсан.

Энэ бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналыг хуваах зорилго бүхий нэр дэвшигч Н.Удвалыг МАХН-аас дэвшүүлж чадсан. Маш чухал улс төрийн ач холбогдол бүхий шийдвэр. Гэхдээ Ц.Элбэгдоржид маш ашигтай улс төрийн энэхүү шийдвэрийг МАХН-ын дарга Н.Энхбаяр шиг улс төрч мэдэлгүй гаргана гэж байхгүй. Мөн л тодорхой тохироо байсныг огт үгүйсгэж болохгүй. Яагаад гэвэл улс төрийн шийдвэр бүрийн ард ямагт их, бага хэмжээний гэрээ хэлцэл хийгдэж л байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны эсрэг Англи, АНУ, Орос нэгдэж байхад урьдчилсан яриа өрнөсөн л байдаг. Германы газар нутгийг 4 хэсэгт хуваах, улс төрийн хоёр лагерь бий болгох ( Баруун Герман, Ардчилсан Герман) улс төрийн шийдвэр Ялтын уулзалтаас улбаатайг түүхчид хэлдэг.

Ийнхүү Ц.Элбэгдорж ялалт байгуулах замаа засахдаа улс төрийн 3 дахь хүчинтэйгээ хүч хавсрах мэхийг сайтар ашигласан байдаг. Энэ бол улс төрч хүний хийдэг холын хараатай нүүдэл. Ийнхүү хоёр дараалан ялалт байгуулахдаа өөрийнхээ хүчийг нэмэх, өрсөлдөгчийхээ хүчийг тарамдуулах тактикыг сайтар хэрэглэсэн байна. Тэр энэ жил дэвшихгүй.

Гэхдээ 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль түүний анхаарлын гадна үлдэхгүй нь мэдээж. Ямар ч гэсэн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд боломж хайж дэвшсэн Н.Энхбаярыг СЕХ тоглолтоос холдуулж амжлаа. Энэ тоглолтод хэн хэн нууц ноёнтноор оролцсон байхыг иргэд ил далд хэлцэж эхэллээ. Тэгэхээр шагнал авахад гавьяатай байх нь чухал биш, дэвших нь чухал гэдэг шиг, сонгогдоход улс төрийн гол шийдвэрийг гаргуулж чаддаг байх нь, нөхцөл байдлаа алдаагүй тооцох, тактикаа зөв сонгох нь хичнээн чухал болохыг Ц.Элбэгдоржийн хоёр удаагийн ялалтын түүх өгүүлнэ.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?