Ц.Элбэгдорж Монгол улсын тэргүүнээр 8 жил тухалсан. "Хэлдэг" хоч зүүсэн Ц.Элбэгдорж 8 жил хаанчлахдаа дэвэн дэлхийгээр нэг доншуучилсан. Гадаад арга хэмжээг том, жижиг гэж ялгалгүй цөмсөн. Төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацсан. Оролцохдоо бусдын анхаарлыг өөртөө татах зорилгоор хамтлаг дуучид, бүжигчдийг дагуулж сүр бараа үзүүлсэн. Давосын уулзалт, НҮБ-ын чуулга уулзалтыг тэр тусмаа алгасаагүй. Давосын уулзалтанд ерөнхий сайдтай давхцан давхцан оролцож байсан. Зугаалж ирээд хоосон айлчлалынхаа үр дүнг дөвийлгэхдээ харин тэр гаршсан. Түүнд тийм телевиз, сонин, сайт бүгд байсан. Түүний тэр түмэн айлчлалаас Монголын ард түмэнд наалдсан зүйл нэгээхэн ч үгүй. Айлчлалын үр шимийг Ц.Элбэгдорж өөртөө л шингээсэн. Хамгийн сүүлд Асем-ын уулзалтыг Монголд зохион байгуулсан. Асар их их шүүмжлэл дагуулсан ч, пиарын хүчээр дарж амжсан. АСЕМ бол үнэндээ ямар ч үр дүн, өгөөжгүй, энгийн үгээр хэлбэл "өргөн зугаалга" болсон. Асем-ын уулзалт Монголын ганхаж байсан эдийн засгийг ширвэхэд л нэрмээс болж, тэр их төсөв мөнгө нь нэрэн дээрээ Асем боловч нэдэр дээрээ Ц.Элбэгдоржийн төрийн тэргүүнээ өгөх үдэлтийн арга хэмжээнд зарцуулагдсан гэж үзэх хүмүүс ч гарсан. Төрийн тэргүүн маань ингэж л өөртөө ажилласан. Хэрвээ тэр ерөнхийлөгчийн албан тушаал дээрээ байсан бол НҮБ-ын чуулган, Давосын уулзалтанд хөөцөлдөж" байгаад л дахиад явах байсан. Тэгэхгүй бол түүний нэр төр уначих юм шиг, хэн ч биш гэж ойлгогдох юм шиг бодогддог байсан байж магад гэж таамаглана. Нэр алдарт бялуурсан Ц.Элбэгдоржид өөрийнх нь нэр төр л чухал байсан гэдгийг онцолья.
Харин Х.Баттулга бол галд ороод хорчийдог гялгар цаас шиг Ц.Элбэгдорж биш, асаахад элчээ өгдөг аргал шиг гэдгээ харуулж эхэллээ. Ц.Элбэгдоржийн үхэн хатан зүтгээд байдаг НҮБ-ын Чуулган, Давосын уулзалтаас татгалзаж болно гэдгийг өөрийн биеэр үлгэрлэв. Орондоо гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг томилов. Ийнхүү албаны бусад хүмүүс ч Монгол улсыг төлөөлж болохыг илтгэв. Төрийн тэргүүн зүгээр нэг зугаалах, хэсүүчлэх биш, үр өгөөжтэй айлчлах нь чухал, тэр тусмаа зарим нэг ач холбогдол бүхий өндөр хэмжээний гадаад айлчлалаас татгалзаж болдог юм байна. Х.Баттулга ерөнхийлөгчийн албан ёсны анхны айлчлал, зарим нэг шийдвэр нь ингэж хэлэх, ингэж харьцуулах, дүгнэх боломжийг олгов. Сонгогдоод 3 сар ч болоогүй Х.Баттулга ерөнхийлөгчийн албан ёсны анхны айлчлал хойд хөршөөсөө буюу, Владивосток хотод зохиосон Алс Дорнодын эдийн засгийн форумаас эхэлсэн. Санаачлагч В.Путин ерөнхийлөгчтэй хүсэн хүлээж байсан гэрээгээ үзэглэж чадсан. Тэд нөхөрлөсөн. Зах зээлийн ханшаар дэлхийд нүүрсээ борлуулах нийлүүлэх эхний гарцыг тавьж чадсан гэрээг байгуулсан. Таван толгойн кокжсон нүүрсийг хүлээн авахыг эртнээс сонирхож буй Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй ч шадарласан. Тэд нөхөрсөг дотно яриаг өрнүүлж чадсан. Японы талаас техник, технологийн дэмжлэг авах асуудал ч нааштай шийдэгдсэн.
Ийм нэг эдийн засагт эргэлт хийх, нүүрсээ ганц улсаас хамааралгүй дэлхийн зах зээлд, зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадав. Анхны айлчлалаараа Орос, Японы удирдагчидтай Таван Толгойн нүүрсний ордыг хамтран ашиглах талаар санал нэгдсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Ийнхүү Баттулга ерөнхийлөгч 3 сар хүрэхгүй хугацаанд маш чухал гэрээг үзэглэлээ. Түүний дараагийн албан ёсны айлчлал Хятад улс. Таван толгойн нүүрсний асуудал мөн л гол сэдэв байх болно. Ямар хөзөр атгаж очихоо Х.Баттулга ерөнхийлөгч тооцож буй нь мэдээж. Хоёр тал энэхүү айлчлалд бэлдэж байна. Энэ айлчлалаас өмнө ерөнхийлөгч Х.Баттулга өөр бусад гадаад томилолтод яарахгүй байна. Х.Баттулга бол галд орохоороо хорчийх гялгар цаас шиг Ц.Элбэгдорж биш, харин асах тусмаа элчээрээ төөнөх аргал гэдгээрээ ялгарч байна гэж харьцуулж болох нь.
Нийтлэлч Цэндийн ЭНХБАТ