Улс төрчид ганц л эрдэмд гаршжээ. Тэр нь уран илтгэх, иргэдийг сэнхэртэл ухуулах. Юу хийх нь гол биш, юу ярих нь чухал гэж улс төрчид тоть шиг давтаж байна. Хэлэх нь хийсний хагас ч гэж тэдний нэг удирдагч Ц.Элбэгдорж ч номлодог. Тэдний үгээр болсон бол улс орон маань ядахдаа хагас хөгжиж, ард иргэд нь хагас хөлжмөөр юм даа. Гэтэл юу болов. Иргэд нь улам ядуурах, улс орон бүрэн дампуурах ирмэг дээр тулчихаад байдаг. Хорь гаруй жил иргэдийг "илбэдлээ" тэр улстөрчид.
Хоёрхон жилийн өмнө татвар нэмэхийг эсэргүүцэж суусан Хүрэлбаатар сангийн сайд болонгуутаа татвар нэмэхээс сангийн сайдын ажлаа эхлүүллээ. Түүний сөрөг хүчин байхдаа юу гэж хэлж алиалж, жүжиглэж, илбэдэж байсныг дахин нэг санацгаая. Иргэд ч бас ой санамжаа бүрэн гээгээгүй гэдгийг ч мэдрэг. УИХ-ын гишүүд алиалагч, илбэчин болсон юм бол төрийн ордноос тэднийг циркийн манеж рүү нүүлгэн шилжүүлье. Цирк хоосон, тэнд жүжигчин, алиалагч, бас илбэчин хэрэгтэй байна.
Д.МЭНДБАЯР