Улаанбаатарт амьдарсан 20 жил: "5 шар"-д өнгөрөөсөн хүүхэд нас минь...

2020-06-10  

Өнөөдөр би 20 нас хүрлээ. Энэ бүх хугацаанд эцэг эх, найз нөхөддөө хуваалцаж зүрхлээгүй бодол, мэдрэмжээ сийрүүлэх зориг сая нэг хүрэв. Би 5 шар хэмээн нэрийддэг халуун тогоо шиг газарт төрж өссөн юм. Шөнийн цагаар ч амьдрал завгүй үргэлжилдэг үзэж харах зүйл ихтэй газар даа. Хоёр хүн хэрэлдэх, зодолдох, түргэний машин хангинах, цагдаагийн машины дуу сонсогдох нь шөнө дөө л надад бүүвэйн дуу шиг санагдтлаа дасал болжээ. Байнга согтуу явдаг өвөө шиг минь хүмүүсийг эмээ “хатуу ундаа уучихсан юм” гэхэд нээрээ л хатуу ундаа байдаг юм шиг санадаг байж билээ. 

5 шард яг л таван ширхэг шар байшин байдаг. Хотын эмх замбараатай хэсгийг замбараагүйгээс нь тусгаарладаг 5 байшин. Бүх хоттой харьцуулахад алгын чинээ тэр хэсэг харин надад их л том санагддаг. Японд газар нутаг нь жижиг болохоор хүмүүс нь хөрштэйгөө эвтэй байдаг, Монголд газар нутаг нь том учир дураараа арсалдчихаад нүүгээд явчихдаг гэдэг. Бүх нүх сүв, авирч гараад нуугддаг нуувч, саравч, тараншааныг нь мэддэг болохоор хэнтэй ч муудсан “нүүх” газартай л байлаа. Хашаа бүрт миний багтдаг нэг нүх, цэцэрлэг бүрт миний л мэддэг нэг нууц газар бий. Байранд шинэ найз ирэх бүрт би тэр газруудаараа дагуулж яваад зааж өгдөг. Хэрвээ найзтайгаа муудвал миний газарт дахиж очиж болохгүй гэж сүрдүүлдэг байв. Би ёстой л “Монгол” зантай хүүхэд байж дээ. 

Манай байрны гадаа яг хоёр саравч бий. Нэг саравчинд нь эмээ нар, нөгөөд нь өвөө нар шатар нүүж, далуу эргүүлдэг. Ганцхан шинэ жил, тэмдэглэлт өдрөөр л барааг нь хардаг набор шиг 4 байшин дунд цуглуулж өрсөн эмээ, өвөө нарын цуглуулга гэлтэй. Эмээ нарын ам хуурай байна гэж үгүй, чанга чанга инээх нь юугаа тэгтлээ хөөрөлдөөд байгаа юм бол гэсэн гайхшралыг битүүхэн төрүүлнэ. 

Харин өвөө нарыг цоо эрүүлд нь харна гэдэг бараг л боломжгүй. Согтуу байгааг нь харсаар байгаад ганц хоёр удаа эрүүл байхад нь таарвал шал өөр хүн шиг санагдана. Гэхдээ одоогийн “500 төгрөг асуудаг” согтуу ах нараас шал өөр шүү дээ. Согтохоороо улам л сайхан ааштай болно. Өөрийн хүүхэд шиг ярьж хөөрдөг танихгүй өвөө нар бүгд л миний өвөөгөөс өөрцгүй сэтгэлд дотно. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч бүгд жирийтэл индүүдсэн өмд, цэвэрхэн цамцтай байдаг шүү. Гэрийнхээ гадаа нарлахдаа ч түүндээ бэлтгээд иж бүрэн хувцаслаад малгайгаа тохоод гардаг зан нь яг л “бид бол социализмийн улс” гэх шиг. 

Гэхдээ хөгшчүүлээсээ хүүхдүүд нь олон. Байр бүрт заавал ижил нэртэй хоёр хүүхэд байдаг болохоор гэрээс нь дуудаж гаргахдаа хочоор нь дууддаг. Орой нар буухад бүгд гадаа цугласан байх ба талбайн өөрсдийн гэсэн хэсэгтээ л бөөгнөрч сүрийг үзүүлнэ. Хамгийн догь, хэрэг тарьдаг, өөр байрны хүүхдүүд гэх мэт элдэв лоозон, нэршилтэй. Одоо бодоход би хамгийн уйланхай нь байж дээ. Намайг уйлахаас найзууд минь их айна. Эмээгийн сургасан муу зан гэх үү дээ. Миний ялдаггүй маргаан, хэрүүл гэж үгүй. Манай өвөөгөөс бүгд үнхэлцэгээ хагартал айдаг байлаа. Арван жилийн “нясладаг” Төмөрбаатар багш гэхэд ямар ч хүүхдийн ханд нь нам дарагддаг байж билээ. “Ээж аавдаа ховлоно шүү” гэдэг томхон хөзөр нь ч өвөөгийн урд ирээд замхардаг байлаа. Багш нарын нэр хүнд дээгүүрт үнэлэгддэг байсан сайхан цаг үе. 

Би өдөржин өвөөтэйгөө өнждөг байлаа. Гадаа гаргадаггүй бороотой, аянгатай цөөхөн хэдэн өдрүүдэд өвөөтэй байна гэдэг ёстой л томхон даваа байж. Хийх юм аа олж ядсандаа бараг л хүйснийхээ нүхээр оролдож өнжинө. Өвөө минь тийм ч яриа хүн биш. Надтай тоож үг солихгүй, сонин шагайгаад хэдэн цагаар ч хамаагүй суучихна. Ганц хоёр харц таарахдаа “нусан буу минь” гэж шоглоно. Хэлсэн үгэндээ их л баяссан янзтай инээд алддаг байж билээ. Айлгүй хүн шүү. Тогтмол цагт босч тоосоо арчих нь надад их л төвөгтэй санагддаг байж билээ. Одоо бол би ч тийм зантай. 

Тоосоо арччихаад юм үлдээсэн эсэхээ шалган нарийвчилж харж байгаа нь тусгай даалгавар биелүүлж байгаа эрдэмтэн лугаа. Оройн 7 цаг болоход бид хоёр суугаад хамтдаа оройн мэдээгээ үзнэ. Хамт ч гэж дээ, энэ тэнд очоод хэрэг тарьчихдаг болохоор минь мэдээгээ тухтай үзэх гээд л намайг хажуудаа суулгаад “чимээгүй байна шүү” гэдэг байсан юм. Сүүлдээ зүгээр сайн дураараа хамт суугаад үзчихдэг болсон. 

Мэдээгээр гардаг зүйлс нь их сонирхолгүй, яг өөр хэлээр яриад байгаа юм шиг. Харин мэдээ уншиж байгаа эгч тухайн үед миний хувьд хамгийн мундаг хүн байлаа. Энэ хүнийг юу гэдэг билээ өвөө? гэж хэдэн өдөртөө л зоолттой нэг удаа асуухад өвөө минь их л залхсан байртай “сэтгүүлч, сэтгүүлч” гэдэг байж билээ. Хожим 14 жилийн дараа намайг ч гэсэн мэдээ уншаад сууж байна гэж өвөө минь даанч санаагүй байх даа. Одоо хийж байгаа бүхнээ мөрөөдөж суусан хүүхэд нас минь.   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?