“ӨНӨР БҮЛ” ТӨВИЙН ХҮҮХЭД О.МӨНГӨНШАГАЙ: ААВ МААНЬ МИНИЙ САНААНД ИНГЭЖ Л БУУДАГ

2018-06-30  

 

Өнөр бүл төвд одоогоор 180 гаруй хүүхэд хүмүүжиж, сурч боловсорч, амьдарч байна. 44 жилийн түүхтэй тус төвийн бяцхан хүүхдүүд анхныхаа бие даасан үзэсгэлэнг гаргалаа. Гар зураг, эсгий бүтээл, сониноор хийсэн цэцгийн ваар, чулуугаар хийсэн сувинер гэх мэт сэтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээлүүд Монголын үндэсний музейн танхимд дэлгэгджээ. Энд 30 гаруй хүүхдийн шилдэг гар зураг байгаагаас олон улсын наадамд шагналт байр эзэлсэн “ТОМ” бүтээл ч бий.

Энэ зураг бол 11 настай О.Мөнгөншагайгийн дотор хүн.

Тэрээр ээж аавыгаа зүйрлүүлж зурсан гэх энэ зурагнаас та юу харж байна вэ?

Зураг зурах үед юу мэдэрдэг бол, зургаараа хүмүүст юу ойлгуулахыг хүсдэг бол гэх сониучхан бодол төрсөн учраас түүнтэй цөөн хором ярилцлаа.

Ямар төрлийн зураг зурах дуртай вэ?

-Адуу мал, хөдөө тал зурах дуртай. Угаасаа би хөдөө өссөн болохоор адуу морио харах гэж зурдаг.

Зураг зурах үед чамд юу мэдрэгддэг вэ?

-Нэг тийм гоё ганцаараа ч юм шиг гэхдээ бас тэр дотроо олон хүнтэй болдог. Тайвширдаг.

Энэ зургаараа чи юуг илэрхийлэхийг хүссэн бэ?

-Ээж, аавыгаа харуулсан. Малгай өмссөн хүн бол миний аав.

Яагаад аавыгаа ингэж зурсан юм?

-Сайн мэдэхгүй байна аа, надад аав маань ингэж л санагдаад байдаг.

О.Мөнгөншагай Өнөр бүл төвд 2008 онд иржээ. Хэнтий аймагт амьдардаг байгаад золгүй явдлаар бүтэн өнчин болж, ах эгчийн хамт гурвуул ирсэн гэнэ. Эднийд он гарснаас хойш 38 хүүхэд ирсний 32 нь ах, дүү, эгчтэйгээ буюу хоёулаа, гурвуулаа ирсэн хүүхдүүд байгаа юм байна. Энэ бас л сонин тоо.

Ихэнх хүүхдүүд энэ төвд ирэхдээ сэтгэл зүйн гүн цочролд ороод ирдэг байна. Тиймээс зураг зуруулж,  ямар өнгөөр юуг дүрслэн зурж байгаагаас тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тандаж болдог гэдгийг тус төвийн багш нар нь хэлсэн юм. Хүүхдүүд ирсэн даруйдаа хар бараан өнгө голдуу сонгож, агуулга нь ч ялгаагүй хүнд төрлийн зураг зурдаг бол хэдэн сарын дараа гэхэд өнгө өнгийн гэгээлэг зураг зурж эхэлдэг байна. Энэ нь тэдний сэтгэл зүй засагдаж, сайжирч байгаагийн хэлбэр аж.  

Зургаас гадна үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой бүтээлүүд бол сонингоор хийсэн цэцийн ваар, шагайгаар хийсэн монголын газрын зураг, эсгийгээр хийсэн Монголын нэг өдөр зэрэг бүтээлүүд байлаа. 

Монголын нэг өдөр гэх энэ бүтээлийг 10 гаруй багш сурагч нийлж, 5 хоногийн дотор хийжээ. Зөвхөн бүтээгдэхүүндээ л гэхэд  200 гаруй мянган төгрөг зарцуулсан ч зарж үрж ашиг олохыг боддоггүй гэнэ. “Хүүхдүүдийн сэтгэл, хайр шингэсэн юмыг зараад яахав” гэж боддог тухайгаа тус төвийн Дүрслэх урлагийн клубийн багш хэлсэн юм. Харин хамтарч ажилладаг албан байгууллагууддаа бэлэг болгон илгээхдээ тэд сэтгэл хангалуун байдаг аж.   

Тэд өдөр бүр юмхнаар юм хийх амьдралын ухаанд суралцдаг, цаг ямагт шинэ зүйл хийхийг эрмэлздэг бүтээлч хамт олон.  

Тухайлбал эдгээрийг дүрслэх урлагийн клубийн сурагчид сонингийн цаасаар хийжээ. Түүгээр ч зогсохгүй Онцгой Байдлын Ерөнхий газрын хамт олон 100 ширхэг цэцгийн сав худалдаж авахаар захиалсан даруйд хүүхдүүд урам дүүрэн ажилдаа оржээ.

Тэд ийнхүү өдөр бүр шинээр сурч, мэдэж бүтээдгийнхээ хүчинд өнөөдөр анх удаа “Миний ертөнц” хэмээх үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ билээ. 

 

О.НАНСАЛМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zz:huurhii jaahan huuhduud yagaad ingej amidrah bolov 2018-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?