А.ГАНБААТАР: С.ЗОРИГИЙГ ЕС-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ АСУУДАЛ ОГТ БАЙГААГҮЙ ГЭЖ Ц.ЭЛБЭГДОРЖ МЭЛЗЛЭЭ

2024-04-22  



   ...аль эрт эхэлсэн нийтлэлээ дуусгаж амжаагүй байтал Ц.Элбэгдорж АНУ-аас онлайн ярилцлаганд ( NTV) , Монсоник Баярхүү TB9  телевизээр дурсамж ярьж эхэлсэн. Тиймээс төгсгөөгүй ч, нийтлэлийнхээ эхний хэсгийг ФБ тавихаар шийдлээ..хэмээн соц дек А.Ганбаатар дурдсан байна. С.Зоригтой улс төрд хамт зүтгэсэн, үзэл бодол нэгт,  дотнын андын хувьд түүний нийтлэл улс төрийн пиараас хол, үнэнд ойрхон юм. А.Ганбаатарын дурсамж  нийтлэлийн эхний хэсгийг толилуулья.

   ...Хөөрхий миний муу найз алуурчны гарт амь үрэгдээд хорин хэдэн жил өнгөрсөн ч , хэн яагаад энэ бузар аллагыг зохион байгуулсныг олж тогтоож чадалгүй өдий хүрчээ. Миний амьдралд тохиосон хамгийн хар өдөр бол 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр.  Энэ өдөр зөвхөн миний биш,  ардчилсан Монгол Улсын хувьд ч хар өдөр байсан юм. Зоригийн аллага бол улс төрийн аллага гэдэгт тэр үед ч, одоо ч эргэлздэггүй. Түүгээр ч зогсохгүй тухайн үеийн болон дараа дараагийн эрх бүхий этгээдүүдэд хэргийг илрүүлэх, эздийг нь тогтоох чин хүсэл сонирхол байгаагүй гэж боддог юм. Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яагаад эс үйлдэл хийсэн юм? Ерөнхий сайд хариугүй болох гэж байсан хүнийг зэрлэгээр хөнөөсөн явдал бол шууд Үндэсний аюулгүй байдлын асуудал мөнөөсөө мөн. Гэтэл ҮАБЗ яагаад шуурхай ажиллаж, хүчний байгууллагуудыг дайчлаагүй юм? гэдэг нь өөрөө асуудал юм.
Дөнгөж саяхан сэтгүүлч Ганчимэгийн ЕС Оюунэрдэнэтэй хийсэн ярилцлага олны сонирхол татаж байна. Энэ ярилцлагынхаа үеэр С.Зоригийг хөнөөсөн үйлдлийг улс төрийн аллага гэж үзэж буйгаа илэрхийлсэн нь нэг хэсгийг цочирдууллаа. Өмнө нь төрийн “өндөрлөг”-үүдээс хэн нь ч ингэж хэлж дүгнэж байгаагүй. Ам алдвал барьж болдоггүй юм. Энэ бол нүүрс мүүрс хулгайлдгаас том асуудал. Энэ бол Монгол Улсын төрийн халдашгүй дархан байх, аюулгүй байдлын асуудал. Цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал.
   С.Зориг бид хоёрын нөхөрлөл 1993 онд миний бие УИХ-ын гишүүн болж, зэргэлдээ өрөөнүүдэд ажиллах болсон цагаас эхэлсэн юм. Монголын ард түмний хайртай хүү, ардчилсан хувьсгалын домогт удирдагч, дэлхийд Монголын ардчилсан хувьсгалын удирдагчаар нэрлэгдсэн энэ хүнтэй хамт ажиллах болсон нь миний хувьд үнэхээр аз завшаантай хэрэг байлаа. Нэн удалгүй бид хоёрын дунд харилцан ойлголцол бий болж, бие биенээ хүндэтгэн нөхөрлөх болсон юм. Зоригийн аливаад уужуу тайван ханддаг, далайцтай сэтгэдэг, хүмүүсийг ялгаварлан үздэггүй, хувийн эрх ашгийг огоорсон зан чанар нь надад гүн сэтгэгдэл төрүүлж улмаар ойртон нөхөрлөхөд хүргэсэн гэж болно. Мөн бид хоёр хоёул МУИС-ийн багш байсан, адилхан 40 мянгатынх, за тэгээд адилхан эрдэмтэн сэхээтний гэр бүлд өсөж бойжсон, Зориг 23 дугаар сургууль төгссөн бол би 1 дүгээр сургууль төгссөн, тэр МГУ төгссөн бол би Польшид ЛИС төгссөн гэх мэтээр хэн маань ч бие биенийхээ дээр доор орохооргүй нийгмийн гарал үүсэл, боловсрол мэдлэгтэй байсан нь харилцан ойлголцол хүндэтгэл бий болоход нөлөөлсөн байх. Гэсэн ч ялгарах юм бас байнаа. Зориг нийгмийн ухаан философийн чиглэлийнх бол би математикч. Энэ үүднээс авч үзвэл Зориг мэргэжлийн улс төрч чиглэлийнх харин би сайн дурын уран сайханч гэсэн үг. Хамтарч ажиллаж байсан хэдэн жилийн хугацаанд түүний асуудалд хандах хандлага надад сургамж болдог байсныг хэлэх хэрэгтэй. Бид хоёр 1993 оноос 1998 оны 10 сарын 2 хүртэл 5 жил сайхан нөхөрлөж, олон сайхан найз нараар хүрээлүүлж, ардчиллын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэг бус ажлыг санаачлан хэрэгжүүлсэн билээ.
4 дүгээр сарын 20.  Зоригийн төрсөн өдөр.  62 онд төрөөд энэ өдөр 62 нас хүрэх байж. Улс  төрчийн хувьд 62 нас гэдэг бол нас бие, ухаан тэгширсэн ид нас юм. Хэрэв Зоригийг хөнөөгөөгүй бол ийм байх байсан гэж таамагламааргүй байна. Харин найз маань ЕС-аар томилогдож, миний бие түүний багт хамтран зүтгэх байсан нь үнэн. Өмнө нь Энхсайханы ЗГ огцорч,  Элбэгдоржийн ЗГ байгуулагдах үед Ардчилсан Холбоо эвслийн хоёр намын аль нь ямар яамыг толгойлох тухай тохиролцоогоор МСДН-д боловсрол, эрүүл мэнд, байгаль орчноос гадна хөдөө аж ахуй үйлдвэрийн яамыг хариуцуулсан юм. МҮАН-ын талаас дэд бүтцийн сайдаар Зоригийг томилох санал гарах үед надад МСДН-ын талаас хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд болох санал тавигдсан юм. Зориг ч намайг шахаж, чи зөвшөөрчих, хоёулаа хамтраад явья гэж байлаа. Харамсалтай нь би айсан, өөрийгөө голсон, тэгээд ч хөдөө аж ахуй бол хонь ямаагаа бараг ялгахгүй надад ахадсан хэрэг болно гэж үзээд хойш суусан юм. Миний энэ байдлыг мэдэрсэн Н.Алтанхуяг би сайд болмоор байна гээд хажуугаар ороод ирдэг юм байна. Тэгэхээр нь за чи хүсээд байгаа юм бол надаас гуйчих гэсэн чинь гуйгаад сүйд боллоо. За тэгээд би ч мэдэхгүй яам толгойлох айдсаасаа салаад, Алтанхуяг сайд болоод цааш цаашдын карьер хийх анхны алхмаа хийсэн юм.
   Бидний зүгээс Зоригийг ЕС-д нэр дэвшүүлэх асуудлыг тавихад тэр зөвшөөрдөггүй байснаа гайт 10 сарын 2-ны өдрөөс өмнөхөн зөвшөөрч билээ. Тэр үедээ надад хэрэв би ЕС болбол чи дэд бүтцийн сайд болно шүү гэсэн ам өчгийг минь авч байлаа. Өөрөөр хэлбэл Элбэгдоржийн ЗГ-т дэд бүтцийн салбарын сайд байх үедээ бодож төлөвлөснөө үргэлжлүүлэх үүднээс ойр дотны хүндээ энэ салбарыг хариуцуулахыг хүссэн хэрэг. Зориг ЕС-д нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрөх нэг хэрэг бөгөөд харин ЕС-даар томилогдохын тулд эвслийн хоёр намын удирдах байгууллага дэмжсэн байх, мөн сөрөг хүчний буюу МАХН-ын бүлэг хориг тавихгүй байх, эцэст нь Ерөнхийлөгч Багабанди өмнөх нэр дэвшигчдийг буцаасан шигээ буцаахгүй гэсэн итгэл амлалт хэрэгтэй байлаа. 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар  сарын 1-ний өдөр Зоригийн фракцийнхан гэгддэг бидний хэдэн нөхөд шаардлагатай бүхий л чиглэлээр уулзалт, ярилцлагууд хийж, за зүй болцгоолоо. Нэгэнт урьдчилсан байдлаар Зоригийн нэрийг ЕС-д дэвшүүлэх, томилуулахад онцын саадгүй мэт болсон учир 10 дугаар сарын 2-ны өдрийн үдэд манай фракцийнхан УБ ресторанд хоол идэнгээ цаашид яах юу хийх тухайгаа эцсийн байдлаар ярьцгааж билээ. Үдийн хоол сэтгэл хөдлөлөөр дүүрэн, баяр хөөртэй байснаас гадна манай фракцид нэгдэхэар Баярцогт, Сайханбилэг болон өөр ганц нэг хүн нэмэгдсэн байлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Зориг ЕС болох нь тодорхой учир эртхэн багт нь орохыг хүссэн хэрэг.
Бидний хувьд эхний ээлжинд МҮАН-ын ЕЗ болон МСДН-ын УТЗ-ийг хуралдуулж Зоригийн нэрийг албан ёсоор ЕС-д нэр дэвшүүлэх асуудал байв.
Энэхүү дурсамж нийтлэлээ хэд хоногийн өмнө бичиж эхэлсэн ч төгсгөж амжаагүй байх зуур Элбэгдорж өөрийнхөө бичлэгийг сошиалд цацаж, NTV-д онлайн ярилцлага өгч, С.Баяр X платформ дээр 10 дугаар сарын 2-нд Зоригтой уулзаж ярилцсан тухайгаа бичсэн болон ТВ9 телевизэд “монсоникийн” гэгддэг Баярхүүгийн ярилцлагыг үзээд нийтлэлийнхээ эхний хэсгийг ФБ хуудсандаа тавихаар шийдлээ.
Элбэгдоржийн хэлж ярьж буйгаар бол Зоригийг ЕС-д нэр дэвшүүлэх асуудал огт байгаагүй гэж мэлзэж байх юм. Түүний ярианаас тухайн үед МҮАН-ын дарга байсан, тэрээр удирдах байгууллага болох ЕЗ-өө хуралдуулж Зоригийг ЕС-д нэр дэвшүүлэх хүсэлгүй байсан юм байна гэдгийг ойлголоо. Гэтэл МҮАН-ын ЕЗ-ийн олон гишүүн чухамхүү 10 дугаар  сарын 2,3,4-ний өдрүүдийн аль нэгэнд ЕЗ хуралдаж ЕС-д нэр дэвших дараагийн хүнээ тодруулах хүлээлттэй байсан ба энэ хүн нь Зориг байсан гэдгийг нотлон хэлдэг юм. Мэдээж Эби даргыгаа өмгөөлж бодит үнэнийг үгүйсгэгчид гарч л таараа. Тэглээ гээд өнөө амьд сэрүүн байгаа бөгөөд бодит үнэнийг гэрчлэх Мүднякууд, Соцдекүүд, МҮАН-ын ЕЗ-д байсан Зоригийн талынхан, УИХ дахь сөрөг хүчин байсан Махныхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баяр гэх мэт олон арван хүн байна. Энэ тухай маргаж тэнэгтээд яахав.
Элбэгдоржийн ярьж буй өөр нэг худал нь юу гэхээр МАХН-ынхан Зоригийг үздэггүй, аль муухайгаар нь хэлдэг доромжилдог байсан бөгөөд Зориг ЕС-д нэр дэвшвэл дэмжихгүй байсан гэх. 1990 онд бол Зоригийг элдвээр гоочилдог байсан нь үнэн, харин 1998 онд УИХ дахь МАХН-ын гишүүд лидерүүдтэй Зориг шиг найрсаг харьцдаг хүн байгаагүй. Зоригийн өрөөгөөр МАХН-ын гишүүд Базархүү, Нямдорж, Бямбадорж, Очирхүү өөр хэн хэн ч билээ орж гардаг ярьж хөөрдөг, шатар тоглодог байсан. Мөн 10 дугаар  сарын 2-ны өдөр хэрэв Зориг АХ эвслээс ЕС-д нэр дэвшвэл МАХН-ын бүлэг дэмжих болно гэсэн байр суурийг бидэнд илэрхийлсэн байдаг.
Барин тавин худлаа ярьж буй нэг асуудал бол Багабанди Ерөнхийлөгчөөс хэнийг нэр дэвшүүлбэл дэмжих вэ гээд гурав дөрвөн хүнийг дурьдсан дотор Зориг байгаагүй гэнэ. Зориг алагдсаны дараа  Багабандийн зүгээс Баярсайхан, Ша.Батбаяр, Наранцацралт зэрэг дөрвөн хүний аль нэгийг дэвшүүлбэл дэмжих тухай санал ирсэн. Нэгэнт Зориг алагдсан учир юу гэж тэдгээрийн дотор нэр нь байх вэ дээ.  Харин Зориг алагддаг өдөр Ерөнхийлөгчийн зүгээс хэрэв АХ эвсэл ЕС-д Зоригийн нэрийг дэвшүүлбэл татгалзах үндэслэл байхгүй буюу дэмжинэ гэсэн байр суурьтайг ЕТГ-ын дарга С.Баяр илэрхийлсэн нь үнэн билээ.
Элбэгдоржийн эхлүүлсэн тэнэг мэтгэлцээнийг үүгээр цэглэсүгэй.
1992-1996 оны УИХ-д Зоригтой хамтран олон чухал үйлсийг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр зорисон болгоныг дурьдвал нэлээд урт жагсаалт гарах байх. Эдгээрээс зарим нэгийг онцгойлох хэрэгтэй болов уу. 1995 онд Монгол Улсыг Америкийн Айбекс гэх группед 99 жилийн хугацаатайгаар /яг л Гонгконгийг Англид 99 жилийн хугацаатай эзэмшүүлэх/ өгөх агуулгатай түншлэлийн гэрээг тухайн үеийн ЗГ-ийг төлөөлөн шадар сайд Пүрэвдорж гарын үсэг зурсан нууц гэрээг илчлэн ҮХЦ-ээр дамжуулан хүчингүй болгосон. Мөн МОЛАМ гэх корпорацтай манай эфирийн орон зайг 40 жилээр хязгааргүй эзэмшүүлэх тухай нууц гэрээ байгуулсныг илчлэн хүчингүй болгосон. Хэрэв энэ гэрээ хүчин төгөлдөр болсон бол өнөөгийн бидний хязгааргүй эдэлдэг тв сувгууд, сошиал орон зай интернет орчин бүгд гадны эрхшээлд байх байлаа. Энэ байдлыг таслан зогсоосны төлөө өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй бүхий л тв болон интернет хэрэглэгч болгон Зоригт талархах учиртай. 

Үргэлжлэл бий. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?