МЯГМАРЖАВ БИД ХОЁР

2020-04-10  

Хүн ер нь төрж өссөн уул устайгаа араншин ойрхон төрдөг юм бол уу. Хааяадаа ингэж бодох юм. Их уулс, их гол мөрдийн эргэн тойронд төрж өссөн нэгэн сэтгэлийн их долгисол, бардамнал, омголон зантай байх шиг. Тал нутагт төрсөн нэгэн уужуу, хүлээцтэй үг дуу аядуухан ч байх шиг...Энэ бол зүгээр л ажиглал юм даа. Харин уртын дуу бол газар нутгийн онцлогтой их ойрхон байдгийг хүмүүс нэгэнтээ ярьж бичих болсон. Тал нутгийн дууны уран нугалаа урт шуранхай нь газар нутгийн онцлогоос үүдсэн бол Дархадын их уулсын дуу бол огцом өргөлт айзамтай уулс шигээ байдгийг бид бэлхнээ мэднэ дээ. Дуу бол хүний сэтгэлийн араншин юм шүү дээ. Одоохон уншигч тантай танилцуулах гэж байгаа энэ нөхөр бол хангайн сүрлэг уулс, Идэрийн голын агсам чимээлэнд ойр төрсөн уран бүтээлч. Алтангэрэлийн Мягмаржав юм даа. Үеийхэн нь болоод уран бүтээлийн андууд нь А.Мягаа л гэнэ. Нэг үе Монголын радиод хоёр Мягаа байлаа. Тэр хоёрыг өнгө зүсээр нь хийж буй ажлаар нь ялгахад төвөгтэй. Хоёулаа бор, хоёулаа яруу найрагч. Тэгээд нэг хошин үг гарлаа. А чёрный, Б.Чёрный гэж. Алтангэрэлийн Мягмаржав, Баттөрийн Мягмаржав хоёрыг ингэж даваадуулдаг сан. Сайхан уран бүтээлчид гэдэг сайхан л байдаг даа. Манай П.Баяраа энэ хоёр нэг нутгийн хоёулаа Идэрийн голд загас “жаргааж” өссөн үеийхэн. Мягаа Монголын зохиолчдын хороонд нэг хэсэг Хяналтын зөвлөл гээчид сонгууь хүлээж сүрхий “хэнхэг” маягтай явж байлаа. Тэр барилгын инженер. Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол улсын зөвлөх инженер хүн. Тэрбээр тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн Барилга-архитектурын комисс болон Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт барилгын техникийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, Улсын барилгын хороо, Барилгын яамны хэвлэл “Барилгачин” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, ”Монгол өргөө” сонин, “Барилгын мэдээлэл” сэтгүүл, Барилгачдын хэвлэлийн нэгдсэн редакцын эрхлэгч, төрийн төв хэвлэл-“Ардын эрх” сонины сурвалжлагч, тоймч, өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины албаны дарга, орлогч эрхлэгч, Монголын үндэсний радиогийн мэдээллийн “Хурд агентлагийн захирал зэрэг ажлыг эрхэлж “томорч, тодорч” явсан эр дээ. Энэ бүхэн түүний хувьд эрхэлсэн ажил, амьдрах арга хэрэгсэл нь байлаа. Түүнд мах цусанд нь шингэсэн нэг зүйл бол яруу найраг, шүлэг зохиол байлаа. Шүлэг найраг, мэргэжлийн олон ном бичиж олны хүртээл болгосон. Санаа цагаан сэтгэл цайлган. Гаднаа сүрэн паран, дотроо шулуун шудрага илэн далангүй эр хүн. Сарталзаад сортолзоод нэг чанга дуугарвал шижээргүй ч буулт нь зөөлөн аядуухан нэгэн. Мягаагаа бодохоор дээхнэ үед “Ардын эрх” сонинд ажиллаж байсан сэтгүүлчид Цэрэндоржийн Балдорж эрхлэгч, Баарангийн Пүрэвдаш орлогч эрхлэгч хоёртоо хөөрхөн шог гаргасан байдаг санаанд буулаа. “Түүхт хил” дууны үгээр тэр хоёрыгоо зүйрлүүлэхдээ: Балдорж эрхлэгчээ “Үүл нүүж цахилгаан бадарсан тал” гээд Пүрэвдаш орлогчоо “Үер бууж сүр үзүүлсэн газар” хэмээн инээлддэг байсан гэдэг. Мягаа маань үнэндээ бол “Үүл нүүж сүр үзүүлсэн газар” бөлгөө. Тэр нэг өдөр орчуулагч болчихлоо. Шотландын яруу найрагч Роберт Бёрнс, японы яруу найрагч Исикава Такубоку нарын шүлгийн түүврийг эх хэлнээ орчуулж хэвлүүллээ. Ингээд түүнийг олон талаас нь тодруулаад байвал гараад байх зүйл их бий...Ер нь хяналт шалгалт талдаа илүү их туршлага хуримтлуулсан нөхөр дөө. Ямартаа л зохиолч биднийхээ дээд удирдлагад хяналтын зөвлөлд сонгогдох вэ дээ. Богино пинтүү халимагаа илж, болор шахуу нүдний шилнийхээ дээгүүр харж, сортолзон угтах нь бас ч “дарга”-ын буурьтай. Яаж даргархаж байвч яруу найрагчийн сэтгэл нь удаа ч үгүй илрээд элгэмсэнэ. Найрагчийн сэтгэл гэдэг ямагт өөрийгөө ялж байдаг ажаам.

Мягмаржав "Барилгачин" сэтгүүлийг анх эрхэлж байсан. Хожим ѳдѳр тутмын "Ѳнѳѳдѳр" сонин, Үндэсний Радиогийн "Хурд"агентлагийн шилдэг редактораар ажилласан. Маш хурдтай ажиллах чадвартай гэж нѳхѳд нь түүнийг үнэлдэг

 

Зохиолч Л.Мөнхтөр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?