ТӨРӨЛДӨӨ АДЛАГДСАН БУРИАДУУД

2022-10-03  
Тэд хар үстэй төрөх боловч ухаан орсон цагаасаа эхлэн үсээ шараар будуулж өөрсдийгөө Монгол бус харин Орос гэж зарладаг. Тэд Монголчуудыг ядуу буурай, хүч султай гэж дорд үздэг. Тэд бидэнтэй ямар ч хамааралгүй мэтээр жүжиж, үнэн алдартны шашиндаа сүсэглмэр аядаж, бөө мөргөл болон буддист шүтлэгтэй мань мэтийгээ харцаараа үе үе хялам хийж ад үзсэн авир гаргадаг. Нэг ёсондоо буриадууд өөрсдийгөө биднээс дээгүүр, тусдаа төрөлтөн мэт үздэг. Үнэхээр тэд Славчуудын буянд олон зуун жил биднийгээ ад үзэн жаргаж амьдарчихаад гэнэтийн зовлон тохиоход төрсөн ахтай гэдгээ гэнэт санаад уйлан дуулан бидний ард нуугдах гээд ирж байна. Ийм хоёр нүүртэй "өөдгүй" дүүгээ бид хүлээж авахгүй ээ. Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад баруун фронтод байрлах нядалгааны цэг дээр очиж хайртай Орос орныхоо төлөө байлд. Үхэх сэхэхийг чинь харин Есүс Христ чинь мэдэг хэмээн зарим Монголчууд хэлнэ.
Харин зарим хэсэг нь Орос бол та нарын эх орон. Муусайн урвагчид эх орныхоо төлөө Украйнд очиж байлд. Дайнаас зугтсан хулчгар амьтад манай улсад ирээд ямар ч нэмэргүй хэмээн ад үзэх нь туйлын харамсалтай, төрсөн ах эгч, эцэг эхээсээ ийм үг сонсож байна гээд өөрийгөө төсөөлөөд үзэхээр сэтгэл эмзэглэж нулимс урсмаар харуусалтай...
Тэртээх 1990 онд буюу цагаан морин жил МУИС-ын коммунизмын онолын багш, ардчилсан хувьсгалын партизан, философич С.Зориг "Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" хэмээх алдарт үгээ хэлж байв. Тэр үеэс хойш өдгөө 30 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр С.Зориг өөрөө алга, Монгол хүмүүст тэр саруул ухаан нь ч алга. Зориг магадгүй Монголчуудын саруул ухааныг өөртэйгээ хамт авсандаа аваад одсон уу эсвэл Зориг зүгээр л Монгол түмнийг хэзээ нэгэн цагт бүх нийтээрээ биш юм аа гэхэд дийлэнх олонхи нь саруул ухаантай болцгооно доо гэсэн асар их итгэл тээж энэ үгээ хэлсэн үү? мэдэхгүй л юм даа.
Тэгвэл аливаа зүйлд бас шалтгаан гэж бий. Юманд учир суманд зангилаа гэж Монголчууд бид эртнээс ярьсаар ирсэн. Та хэчнээн буриудуудад дургүй байлаа ч, Оросуудад хэчнээн хайртай байсан ч Монгол хүний саруул ухаанаар энэ асуудлыг тухлаж байгаад тунгаах гээд үзнэ үү.
Хэн хэзээ хэлсэнийг нь мэдэхгүй ч хэн нэгэн мэргэн хүн аль нэгэн цаг үед "түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил" хэмээн хэлжээ. Өнөөдөр халхын дийлэнх, ойрадын хэсэг нутгийг нийлүүлээд энэ газар дээр Чингис хаанаас улбаатай Монгол хэмээх эрх чөлөөт, ардчилсан улс оршин тогтнож байна. Элэгдэж цоорсон түүхийн шаргал хуудсанд бид мандаж бас мөхөж, үхэж бас төрсөөр эцсийн эцэст гуравхан саяуулаа боловч Чингисийн голомтыг унтраачихалгүй асаасан хэвээр аж төрсөөр байна. Бид Чингис хааныг мэддэг, бид хүннү гүрний үр сад гэдгээ мэддэг, бид бүгд халх ойрад гэлтгүйгээр үндэс угсаа нэгтэй олон ястнаас бүрддэг боловч тэр бүх ястангууд эцэстээ Монгол гэх ганц нэрээр дэлхийд овоглогддогийг мэднэ. Бид яагаад Монгол ялж бас доройтсоныг мэднэ, бид яагаад дотроо халх ойрад хэмээн хуваагдаж, эцэст нь бүгд хэрхэн харь Манжийн өлмийд сөхрөн унасныг мэднэ. Учир нь энэ бүх түүхийг эрт цаг үед амьдарч байсан эрдэмтэн мэргэд түүхэн судруудад бичиж тэмдэглэсэн төдийгүй хүн ард нь хүртэл үр хүүхэддээ ам дамжин ярьж сургасаар иржээ. Чи бол Монгол хүн, чи бол ЕвроАзийн тэгш өндөрлөгт эзэн суусан их Чингис хааны үр сад... Чи өөрийгөө хэн гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Чиний цусанд Орос эсвэл Хятад цус холилдсон байлаа ч чи Монгол хүн.
-Зовлонгийн далайд живсээр буй миний муу буриад
Анх 17-р зууны дунд үед халх-ойрадууд хоорондоо муудалцаж, хэн нь бүх Монголыг захирах уу хэмээн алалцаж байх хооронд Оросын цагаан хаан хэдэн хэрцгий козак тэнүүлчдэд дарьтай буу өгөөд өргөн уудам Сибирийг эзлэн авахыг даалгаж. Өнөөх цагаан хааны цэргүүд замд таарсан жижиг үндэстнүүдийг эзлэн эрхшээж явсаар гүн цэнхэр тусгалтай хосгүй цэнгэг устай байгаль нууранд тулаад ирчихэв. Байгаль нуураар нутагладаг буриадууд нь халх-ойрад Монголчуудаас шууд хамааралтай гэдгийг Орос цэргүүд мэдэж байсан ч Халх-ойрадууд хоорондоо дайтаж, Манжууд ч мөн Монголыг бүхэлд нь залгих гээд үзэж тарж буй тэр цагийн сиймхийг ашиглаад Оросууд шууд л дээрэнгүй зан гаргаж буриадад цагаан хааны цэргийг оруулчихав. Чаавас ах дүү Монголчууд нь дотроо үзэж тараад юун буриадыг хамгаалахтайгаа байж л дээ.
Ингээд нэгэнт буриад маш амархан Оросын нутаг болчихлоо гээд цагаан хаан баярлах гэтэл яг ч түүний санаснаар бас болсонгүй. Буриадууд цөс ихтэйн дээр үүх түүхээ дэндүү сайн мэддэг байж л дээ. Тэд өөрсдийгөө Чингисийн удмын хүмүүс гээд Оросуудад огт нүүр өгөх шинжгүй байв. Буриад нутагт тариа тарих гэж ирсэн Орос тариачдыг хөөж туухаас авахуулаад цэрэг цагдаа нарийг зодох, хөнөөх, нутгаасаа хөөх үзэгдэл хаа сайгүй гарсаар байв. Ингээд эцэст нь Оросын цагаан хаан буриадуудыг Монгол биш болгох хэрэгтэй хэмээн эргэлт буцалтгүй шийдсэнээр буриад ахан дүүсийн минь зовлонгийн их далай эхэлсэн түүхтэй.
1-рт буриадын нутагт томилогдсон хамба лам Серафиныгийн удирдлага дор буриадуудыг буддизм болон бөө мөргөлөөс холдуулж, бүх нийтээр нь үнэн алдартны шашинтан болгох хэрэгтэй гэж үзэв. Үүний тулд хааны сангаас төсөв гаргаж библийн судрыг Оросоос буриад уруу орчуулга хийлгэж, улмаар 100 мянга гаруй хувь хэвлэж айл өрх бүрт хүчээр библийн судар тараав.
2-рт шашны сургуулиудыг газар сайгүй байгуулж, буриад хүүхдүүдийг ухаан орох цагаас нь эхлээд үнэн алдартны шашны сургааль, хүмүүжүүлэн өсгөх.
3-рт үнэн алдартны шашинт буриадуудыг татвараас чөлөөлөх.
4-рт буриадуудыг мал аж ахуйгаас хөндийрүүлж, газар тариалан эрхлүүлэх замаар аж амьдралын хэв маягийг нь Оросчлох.
5-рт буриадын хошуу, сумын засаг ноёд үнэн алдартны шашинд орвол улсаас цол хэргэм олгож, үнэт эдлэлээр шагнахаас гадна хүүхдүүдийг нь цэргийн дарга болгох.
6-рт үнэн алдартны шашинд орсон хүүхэд бүрт 20 зоос, том хүнд 1-5 рубль, бүсгүчүүдэд гоёлын алчуур, олон хүүхэдтэй айлд 30 рублын тэтгэлэг олгох.
7-рт үнэн алдартны сүм хийдүүд хүмүүст үнэгүй хоол тараах гэх мэтийн буяны үйлчилгээ үзүүлдэг болов.
Энэ бүхэн тэртээх 370 гаран жилийн өмнө болсон үйл явдал бөгөөд буриадуудыг Оросчлох ажиллагаа хэчнээх эрт цагаас эхлэлтэй болохыг та бүхэн сая ойлгосон байх. Буриадуудыг бодлогоор мориноос нь буулгаж, ташуурыг нь анжисаар орлуулж, аугаа их суу билигт Чингисийн удам гэдгийг нь мартуулах гэж тэд 370 гаруй жилийн өмнөөс зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Гэвч буриадууд бүрэн Оросжсонгүй.
Үүний нотолгоо нь 20-р зуун дөнгөж гармагц буюу 1909 онд хаант Оросын сайд нарын зөвлөлийн дарга Столпен гэгч этгээд "буриадуудыг славжуулах ажиллагаа маш удаан явагдаж байна" хэмээн буруутгасан бичвэрийг буриадын үнэн алдартны шашны тэргүүн хамбад явуулсан баримт бий. Буриадыг Оросжуулах ажил дэндүү удаан байсан тул Хаант Оросын ЗГ-аас буриадуудыг зөвхөн оюун санааны хувьд бус бие махбодын хувьд эрлийзжүүлэх шаардлагатай хэмээн үзээд Сибирт цөлөгдсөн хоригдлуудын ялын хугацаа дуусмагц тэднийг буриад уруу нутаг заан амьдруулах, Оросын бусад бага ястангуудтай эрлийзжүүлэх гэх мэтийн ажлуудыг төрийн шууд дэмжлэгээр хийж эхэлсэн байдаг.
Ийнхүү буриадууд 1650-1910 оныг хүртэл 260 гаруй жилийн турш Оросын шашин соёлыг нь устгаж эрлийзжүүлэн уусгах бодлогод өчнөөн үеэрээ нэрвэгдэн шаналж байж байтал өнөөх гайтай Орос оронд хувьсгал гарч дахиад л цаг төр үймэж эхлэв. Дэлхийн 1-р дайн, Японы эзлэн түрэмгийлэл гэх мэт асар богинохон хугацаанд маш их зүйлийг үзэж туулсаны эцэст 1922 онд буриадын нутаг ЗХУ-тай нэгдэж "Зөвлөлт социалист бүгд найрамдах Буриад Монгол Улс" хэмээх нэртэйгээр байгуулагдав.
Тухайн үетаы зэрэгцээд бидний амьдарч буй Монгол улсад ардын хувьсгал ялж, Монголчуудын үндэсний эрх чөлөөний үзэл сэргэхтэй зэрэгцээд буриад Монголчууд ч мөн элэг нэгт Монгол ахан дүүстэйгээ нэгдэх гэж зэвсэгт тэмцэл хийсэн боловч Зөвлөлтийн цэргийн хүч буриадад нэвтрэн ирж, босогчдыг бүгдийг нь устгаад зогсолгүй буриадын сэхээтэн, язгууртан давхрагын болон эрх чөлөөний үзэлтэй, боловсрол сайтай 40 мянга гаруй хүнийг 1929 онд хэлмэгдүүлэн хөнөөв. Буриадын нутагт хэлмэгдүүлэлт эхэлсэний дараа олон мянган буриадууд ах дүү Монголын нутагт дүрвэн зугтаж ирсэн боловч Сталины гар Ар Монголын нутагт сунаж, Оросоос зугтаж орж ирсэн буриад айл бүрийг Орос Монгол цэргүүд хамтран элдэн хөөж, гуравны нэгийг нь устгасан түүхтэй. Үүгээр тогтохгүй буриадын нэгдмэл байдлыг арилгахын тулд газар нутгийг нь хоёр хувааж нэг хэсгийг нь Чит, нөгөө хэсгийг нь Эрхүү мужид салган хуваасан байдаг.
За ингээд бодохоор буриадууд өөрсдийн толгойгоороо нэг их биднийг ад үзээд байдаггүй нь ойлгомжтой харагдаж байна. 370 жилийн турш тархи угаалтан дотор амьдарсан ард түмэнд ямар ч буруу байхгүй. Эсэргээрээ хоорондоо хагаралдаж, буриадаа өчүүхэн ч хамгаалалгүйгээр Оросын эзэнт гүрэнд тавиад туучихсан бид өөрсдөө их түүхийн өмнө гэм буруутай мэт санагдана. Харин ч ийм их хугацаанд оюун санаа болон бие махбодын хүчирхийлэлд амьдарсан гэхэд өдий зэрэгтэй байна гэдэг гайхамшигтай хэрэг. Ингээд харахаар Украйны дайн бол буриад ахан дүүсийн минь тулалдах дайн яав ч биш. Тэд өөрсдийг нь дарлагч, доромжлогч, колончлогчдыг өмөөрч тулалдах ёстой боолууд нь бүр ч биш.
Эцэст нь хэлэхэд ер нь хүнд гэнэтийн зовлон тохиоход өөрийн төрлөө түшихгүй өөр хэнийг түших билээ? Яахав дээ, тэд бидэнд дургүй л байг, тэд биднийг дорд үздэг л байг, үсээ шараар будуулж өөрсдийгөө Орос хүн гэж боддог л байг хамаагүй дээ. Бид хариуд нь боломжоороо буриад ахан дүүсдээ сайхан сэтгэлээ дэвсэж өгвөл тэдний хандлага, үзэл бодол, ойлголт нь хүртэл аяндаа өөрчлөгдөж наашаагаа зөөлрөх л болно. Эцсийн амь тулсан мөчид биднээс өөр хандах хүнгүй, биднээс өөр ивээлээ сунгах хэн ч байхгүй гэдгийг буриадууд бүгд мэддэг гэдгийг бид бүхэн яг одоо болж буй үйл явдлаас харж байна шүү дээ. Ухаан зарж зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм уу даа. Уужуу сайхан саруул ухаан, тархи болоод сэтгэлийнх нь хаа нэгтээ байгаа даа уг нь манай Монголчуудын...
эх сурвалж @bayar tsolmonbaatar
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?