Монгол түмэн минь бүх нийтээрээ хөргөгч нь дүүрэн, дансандаа хэдэн цаастай, жилдээ гэр бүлээ дагуулаад ганц удаа гадагшаа аялчихдаг, өөрөөр хэлбэл хүний анхдагч хэрэгцээнүүдээ л бүрэн хангачихдаг тийм л амьжиргааны түвшинд хүрэхийг мөрөөдөхөөс биш учиргүй тэрбумтан болоод баруун солгойгүй мөнгө цацаж явахыг мөрөөддөг хүн ховорхон биз. Үнэхээр ч нэгэн ухаантай хүний хэлснээр анхдагч хэрэгцээ нь мөрөөдөл болон хувирбал жинхэнэ мөрөөдөл нь үгүй болдог гэж үнэн бололтой. Дэлхийд 17рт ордог том газар нутагтай, асар их байгалын баялагтай, ердөө гуравхан сая хүн амтай манай улсын иргэн бүр хангалуун амьдрах бүрэн боломжтой мэт харагддаг ч харамсалтай нь 32 жил бүх нийтээрээ амаараа шороо үмхчихлөө. Энэ бүх хугацаанд анхдагч хэрэгцээндээ дарлагдаж, хэрэглээнийхээ боол болж амьдарсан ч удалгүй улс орон минь баян чинээлэг болно доо гэж итгэж найдаж хүлээсээр хэдэн зуун мянган хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол гэж бодохоос яс хавталзах ших болдог.
Өнгөрсөн 32 жилийн хугацаанд нийгмийн бүхэл бүтэн 3 үеийн төлөөлөл өсөж өндийж, хүн ам 3 сая болсон ч амьдрал огт өөрчлөгдөхгүй хэвээр л байна. Яахав нэг хүн ядуу байвал тэр бол тухайн хүний арчаагүй, залхуу байгаатай нь холбоотой байж болох. Гэвч нийтээрээ ядуу байгаа нь төрийн бодлого буруу байгаагийн илрэл. Өөр ямар ч шалтаг байхгүй. Зарим их мэдэгчид нь залуусыг ажил хийхгүй байна гэж гоочлох ч хэрэггүй, ийм аймшгийн ифляцтай, дампуу улсад ажил хийгээд ямар ч нэмэргүйн дээр ямар ч урам байхгүй, ажиллах тусам улам л итгэл найдвараа алдаж байна.
Уг нь улс орны төр засаг өөрийн улсыг хөгжүүлэхийн төлөө хөгжлийн бодлого дэвшүүлэн хэрэгжүүлдэг. Тухайлбал Эстони улс өөрийн улс орныг тун амжилттайгаар дэлхийн хамгийн анхны дижитал улс болгох зорилт тавиад амжилттай ажиллаж байна. Байгалын баялаггүй БНСУ улс know how шингэсэн ухаалаг электрон хэрэгслүүд болон урлаг соёлын салбартаа төрөөс асар их дэмжлэг үзүүлснээр өнөөдөр kpop урлаг, samsung хоёр дэлхийд цойлж байна. Адгийн Хойд Солонгос хүртэл оршин тогтнолынхоо төлөө цөмийн зэвсэг хөгжүүлээд, өөрсдийнх нь улсын ирээдүй, аюулгүй оршин тогтнолын баталгаа нь цөмийн хөтөлбөр гэж тодорхойлчихоод сууж байна. Тэгвэл бүр даамжраад түүх сөхөөд үзвэл манай урд хөрш БНХАУ хүртэл 1949 онд байгуулагдсаныхаа дараа улсынхаа хөгжлийн бодлогийг тодорхойлж асар их ажиллах хүчний нөөцөө ашиглан “ган үйлдвэрлэлийн” салбарт дэлхийд тэргүүлнэ гэж амбицлаад будаа болж байсан ч удаатай. Яахав дээ, алдаж байж онодог ёсыг бид андах биш. Тухайн үед Хятадууд асар том алдаа гаргаж, олон сая хүний хохирол амссан ч тэр улс өөрсдийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагаа тодорхойлохын төлөө золиос гарган тэмцэж байсан байна шүү дээ. Ядаж л хөгжих гэж зүтгэсэн, хөгжил буюу оршин тогтнолынхоо баталгааг эрэлхийлсэн байна.
Гэтэл өнөөгийн Монгол??? Бидний ирээдүйн хөгжлийн чиг хандлага яг юу юм бэ? Мэдэж байгаа хүн байна уу? Монголчууд бид 500 сая жуулчин авчирч улсаа хөгжүүлэх юм уу? магадгүй махаа экспортлох юм уу? аль эсвэл цахим үндэстэн болж баахан IT инженерүүдийг бэлтгэж баруун солгойгүй доллар олох юм уу? эсвэл зүгээр л сурсан зангаараа уул уурхайн салбарт бүх бооцоогоо тавиад дарга нарийнхаа гүзээг хөгжөөх юм уу? Энэ талаар ер нь мэдэж байгаа хүн эсвэл төрийн түшээ байна уу? Монгол Улсад удаан хугацааны хөгжлийн суурь чиглэл гэж ер нь байна уу? Төрийн ордонд сууж байгаа хүмүүс энэ талаар ер нь бодох юм уу? Бодохоор л гомдоод байх юм, гэхдээ одоохондоо гомдохоос өөр юу ч хийж чадахгүй болохоор бүр зэвүү хүрэх юм. Гэхдээ ирээдүйдээ итгэж өглөө бүр О.Дашбалбар агсны “тэнгэрлэг эх орон” шүлгийг сонсох юм. Заримдаа бас хэзээ нэгэн цагт эх орон минь баян чинээлэг улс болно доо хэмээн итгэсээр үхсэн олон зуун мянган талийгаачдын үргэлжлэл нь болж төгсөх вий гэхээс эмээх шиг…
эх сурвалж: bayar tsolmonbaatar
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна