МАНАЙ УЛСАД "ЛИТИ" ХЭМЭЭХ БАЙГАЛЫН НЭН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН АСАХ ТОМ ОРД ОЛДЖЭЭ

2022-10-03  
Нуугаад яахав, сүүлийн сар гаруйн хугацаанд хүний нутагт өдрийн 10 цагаар биеийн хүчний ажил хийгээд толгойгоо бараг ажлуулсангүй. Толгой илүү зүйл бодох боломж ч гардаггүй юм байна.
Тэгээд өнөөдөр нэгэн чухал сэдвийн талаар хэд хэдэн жишээ татаж өөрийн ухаанаа сийрүүлэх гээд хичээгээд үзэхээр шийдлээ. Зөв бурууг та бүхэн шүүхтун.
Манай улсад “лити” хэмээх байгалын нэн ховор элементийн асар том орд олджээ. Бүр тодруулбал Дорноговь аймгийн баавхай уул орчмоос олдсон байна. Харин тэр ордыг нь 2021 онд манай “баялагтаа эзэн” дарга нар сурсан зангаараа 19,000 га газартай нь шууд л “Ion energy” гэх лити олборлодог олон улсын үндэстэн дамнасан корпорацид зарчихаж л дээ.
За тэгвэл лити гэх элемент нь яг юу юм бэ гэх асуултанд хариулт олох гээд хичээе. Сүүлийн жилүүдэд техник технолони хурдацтай хөгжихийн хэрээр түүнийгээ дагаад бид бүхний өдөр тутмын хэрэглээ асар хурдтай өөрчлөгдөж байгаагийн дотор дотоод шаталтын хөдөлгүүрээс хүн төрөлхтөн салахаар зүтгэж, дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид бүгд электрон машин уруу хошуурцгааж эхлэв. Бүр 2050 он гэхэд дэлхий даяарх нийт автомашинуудын 75 хувь нь электрон хөдөлгүүртэй болж өөрчлөгдөх юм гэнэ. Тэгвэл лити гэдэг нь электрон машины цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ордог хамгийн гол түүхий эд буюу хүн төрөлхтний ирээдүйг бүрдүүлэгч олон чухал элементүүдийн нэг аж. Угаас автомашины салбарын хөгжил электрон машин уруу чиглэж байгаа учир литийг “ирээдүй” гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Энэ ч утгаараа дэлхий даяар буй автомашин үйлдвэрлэгчид электрон хөдөлгүүр уруу эрчимтэй шилжиж эхэлсэн тул мэдээж эрэлтээ дагаад литийн үнэ огцом өсөж байгаа бөгөөд энэ өсөлт цаашид ч хадгалагдах нь тодорхой. Гэтэл нэг асуудал! үргэлж давтагддаг, өнгөрснөөсөө сургамж авдаггүй нэг асуудал дахиад л манай ард түмний хүзүүг ороох нь тэр. Тэр асуудал нь өнөөх л манай хэдэн дарга нар. Аж үйлдвэр, нөү хау, инновац гэхээр толгой нь ажилдаггүй, харин газар доор байгаа баялагаа хурдхан ухаад хэдэн төгрөг болгоод талыг нь халаасалчих гэсэн бодолтой өнөөх л тархи толгой нь 12 мянган жилийн өмнөх хөдөө аж ахуйн хувьсгалын үедээ гацчихсан, шавхаад шавхаад юу ч гадаггүй, бусдын төлөө гэх өчүүхэн ч сэтгэлгүй манай дарга нар дүрмийн дагуу та бидэнд, Монгол эх орондоо дахиад л гай болох нь.
Та бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр дэлхий ертөнц аж үйлдвэрийн хувьсгалыг даваад “Автоматжуулалтын хувьсгал” бүр “кибер физикийн хувьсгалын” эрин үед явж байна. Орчин цагийн дэлхий ертөнцөд байгалын баялаг байгаад, тэр баялагаа ухаж зарсан нь бус харин газар доороос гарч ирсэн баялагт өөрсдийн эрдэм мэдлэг, ололт амжилт, алдаа оноо, инновац, нөү хаув-г шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгон түүнийгээ өндөр үнээр худалдаж чадаж байгаа улс үндэстэн л хөлжиж бас хүчирхэгжиж байна.
Тухайлбал Iphone-оос эхлээд дэлхий даяарх бараг дийлэнх технологийн патентуудыг АНУ-ын Калифорнид байрлах цахиурын хөндийд хаягтай хэдэн зуун компаниуд хамаг оюуны өмчүүдийг хуваан эзэмшиж байна. Тэдний дундаас бидний хамгийн сайн мэдэх нь Apple компани. Apple компанийн хувьд тэд 1 ширхэг Iphone гар утас үйлдвэрлэхийн тулд зэсээ Конгогоос, гангаа Нигерээс, шилээ өмнөд Америкаас худалдан авч байгаа. Apple компани мэдээж жил бүр хэдэн зуун сая гар утас үйлдвэрлэдэг тул дэлхийн өнцөг булан бүрээс асар их байгалын баялаг, түүхий эдийг бусад улс орнуудаас худалдан авдаг. Тэглээ гээд 1 ширхэг Iphone гар утасанд ордог түүхий эдүүдийн үнэлгээ нийлээд ердөө 180 доллар л болдог. Харин Apple-ын хувьд тэд өөрсдийн мэдлэг ухааныг тэр 180 доллараар авсан төрөл бүрийн элементүүдэд нэмэж шингээгээд, эцсийн бүтээгдэхүүн болгож 1800 доллараар зардаг. Тэгэхээр эндээс хэн хожиж байна. Баялагаа зарж байгаа улс үндэстэн хожиж байна уу? мэдлэг туршлагатай, инновацлаг ард түмэн хожиж байна уу? АНУ-ын бүхий л технологийн магнатууд цугларсан цахиурын хөндийг ухаад үзвэл тэндээс ямар ч цахиур гарч ирэхгүй. Харин хэдэн сая доллараар үнэлэгдэх жинхэнэ цахиур нь тэнд ажиллаж буй олон мянган хүний тархин дотор оршдогт асуудлын гол зангилаа нь буй.
За тэгэхээр олон зүйл нуршаад яахав. Би ямар санаатай байна гэхээр тэр литийн ордыг улс үндэстэндээ ямар ч ашиггүй байдлаар худалдаж байхаар tesla, benz эсвэл өөр ямар нэгэн автомашин үйлдвэрлэгч компанитай хамтраад Монгол улсад электрон цэнэг хураагуурын үйлдвэр барьвал яасан юм бэ гэж бодож байна. Монголчууд өөрсдөө дэлхийн том компанитай хамтарсан үйлдвэр барьчихвал ядаж л манай электроны инженерүүд электрон цэнэг хураагуур хэрхэн үйлдвэрлэдгийг сурч авна, ядаж л хэдэн зуу магадгүй аз таарвал хэдэн мянган хүн ажлын байртай болно, ядаж л үйлдвэр дагасан суурьшлын бүс хөдөө орон нутагт бий болно, ядаж л тухайн компаны хэрхэн ажилладаг арга барил соёлыг суралцана, эцэст нь ядаж л ганц болтугай дэлхийн жишигт нийцсэн томоохон үйлдвэртэй болж, хүний өөдөөс далдьчилгүй эгцэлж харж чаддаг болох юм уу даа. Тэгээд хамгийн сүүлд гэж хэлэхэд хэдийгээр би ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонгоогүй боловч тэр хүний уриа нь “баялагтаа эзэн Монгол” гэж байсан санагдаж байна. Тэгээд эзэн бай л даа одоо!
Эх сурвалж: Subutai pictures
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?