МЭЛХИЙН ИХ НАЙРАЛ-АМАР АМГАЛАНГИЙН АЯЗ

2020-04-14  

Мэргэн далч Л.Түдэв багшид зориулвай.

Image may contain: 2 people, people sitting, table, drink and indoor

Хэрлэнгээ би хэмжээгүй их санана. Санан санасаар Хэрлэндээ очиход ижий шиг минь дөлгөөхнөөр угтана. Санасан сэтгэл минь тун удаан гарна. Хэдэн сар жилээр оюун сэтгэлгээг хир буртаг мэт хордуулсан элдэв зүйлсийг минь Хэрлэн ариутган угааж дуусгах ахуйд сая санасан санаа минь гарч, Хэрлэнгийнхээ үдшээр түмэн мэлхийн вааглах их найрлын нэн тааламжтай аялгууг сонордон суухаас илүү амьдын жаргал нэгээхэн үгүй. Наран шингэж, Хэрлэнгийн ус алтан мяндсаар сацран дөлгөөхөн мэлтрээд цагаан гэгээ тасрах үест анхны гоцлооч мэлхий вааг вааг вааглахад сая л дуу дуугаа авалцан энд ч тэнд ч эргэн тойрон шаагиж эхэлнэ. Мэлхийн найрлыг сонсоход хүмүүн болоод адгуус ертөнцийн амар амгаланд бүрэн автана. Бүхнийг мартана. Хүн гэгч амьтан тийм л амар жимрийг мөнхөд хүсэмжлэвч шуугиан нүргээнт их суурин амьдралаасаа үл уйдан тийш ялаа шиг шавцгаана.
Би мэлхийн их найрал дууныг хэчнээн их санав аа. Магадгүй олон хоолойн яруу хоршлоор ая дан зохирон найрссан мэргэжлийн найрал дуулаачдын дуунаас илүүд үзмээр увидас шидийг мэлхийн найрлаас хүртэнэ үү гэмээр.

Өөрийнхөөрөө л дуулж байвал мэлхий шиг ваагласан ч яамай
Өргөн энэ орчлонд дууны аялгуу л хэрэгтэй 
гэж Сергей Есенин дуулжээ.

Тэр намгийн мэлхийн вааглааныг хэлсэн аж. Харин яст мэлхий яаж дуулдаг юм бол. Ажаагийн ах лам Багаагийн бурхны гүнгэрваад хадгалаастай байдаг хатаамал яст мэлхийн учир начрыг асууж явсангүй. Хожим сүүлд яагаад ч юм тэр яст мэлхий надад ирчихсэн юм. Мэлхий суудал явдал бөхтэй, урт удаан настай амьтан гэдгээрээ л бэлгэдэлтэй байдаг биз. Гээд энэ хясаан хуягтай мэлхий Ìонгол нуагт минь байх ч биш дээ. Тэгээд ч Хэрлэнгийн минь мэлхийнүүд шиг яруу дуунаар хоршин вааглаж чаддаг болов уу гэсэн шүү хайхрамж муухан бодол тээсээр өнөөг хүрчээ. Хожим гадаад орноос авчирсан том, жижиг яст мэлхийнүүд айлд байхыг бишгүй л харж. Зарим хайхрамжгүй эзэд нь удаан хөдөлгөөнт эрхэм яст мэлхийгээ гишгэж орхиод хуяг дуулгыг нь гэмтээчих нь ч бий. Хуяг дуулгандаа цавуутай туузан бэхэлгээтэй шүтээн яст мэлхий байцааны хальс мэрэн байх нь тийм ч таатай биш. Байгалийн амьтан байгальдаа л үнэтэй. Түүнд орвол мөнөөх Багаагийн бурханд залаатай байх аль хэдэн зууны өмнө ч юм ертөнцийг орхисон яст мэлхийн хатаамал илүү эрхэм ч юм шиг. Эс бөгөөс Хархорины чулуун яст мэлхийнүүд домог түүхийн яруу хуудсыг сөхөн сэтгэлд нэн таатай нь сонихон.

Хэрлэнгийн минь дууч мэлхийнүүд хэн хүний нүдэнд олноор үл үзэгдэх, хэрэг болгон эрлээ ч эс олдох аж. Нэгэн жилийн өмнө Ажаагийнхаа төрсөн газар хүлэг морины гэрэлт хөшөө босгохоор зориг шулуудаад уран бүтээлч нөхдийн хамт нутгаа зорин очив. Багийн төв хэмээн нэрийдэгдсэн хуучин Идэрмэгийн төв минь эл хульд эзлүүлэн анир чимээгүй, яг хувьсгалын өмнөх шиг энд тэнд бөртийх яйжгий бор гэрээс аргалын утаа савсана. Энэ суурин уг нь хуучин Сүжигт бэйсийн хошууны төв гурван зуун жар гаруй жилийн түүхтэй ариун дагшин газар сан. Хийдийн суурингийн хэдэн засмал чулууг хөшөөний сууринд байрлуулах зөвшөөрлийг багийн даргаас авав. Хэдүүл чулууг авахаар сөхвөл хоёр хөөрхөн ногоон мэлхий өөдөөс үсрэн гарч ирвэй. Бид бүгдээр хоёр мэлхийг буцааж нүхэнд нь оруулаад хийдийн суурь чулууг эгүүлэн тавьж билээ.

Хийдийн суурин минь, сумын төвийн балгас минь лусын эзэнтэйгээ л байгаа юм байна. Тэртээ хүүхэд ахуй цагт Ажаагийн минь ярьдаг лусын охин мэлхийн тухай үлгэр ч санагдаад ирнэ.

Хэрлэн минь олон олон дууч охид хөвгүүдтэй сэн. Монголын орчин цагийн айзам их урт дууг үндэслэгч нь Лувсангомпил буюу ×авганц багш сан. Халхын их аварга, дууч Майдарын Мөрренчин, Жунай заан, дууч Даажийн Дэлгэржав нар бүгд Хэрлэнгийн усаар угаагдан мэлхийн их найралд сонсголонгоо нээсэн сэн. Энүүхэн бидний үед гарч ирсэн дэлхий сонсож байгаа дуучин бүсгүй Ганбаатарын Хонгорзул ч Хэрлэнгийн охин аж.
Эгшиг аялгууны ид шидийн ав анхны багш нь мэлхийн их найрал, амар амгалангийн аялгуу болой. Дууч, хөгч, бүхний багш нь Хэрлэнгийн дууч мэлхий лусын охид гэж сэтгэрүүн.

 

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Доктор, Профессор, Зохиолч, Зураач Жүмпэрэлийн Саруулбуян /2005.04.05/

Image may contain: 1 person, smiling, closeup

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?