ЕВРЕЙ ХҮМҮҮЖЛИЙН НУУЦ НЬ...

2020-05-13  

Image may contain: 2 people

1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу байна", "чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ хэлдэггүй, харин "Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ", Тун ч тусгүй хэрэг болжээ" гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа. Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно. Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.

2. Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч "Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа. Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү. Миний хүү яг л аав юм даа" гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин "Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ" гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна.

Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг. Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ. Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.

3. Еврей ээжүүд хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа эсрэг, тэсрэг хоёр зарчимыг нэгэн дор хэрэгжүүлдэг аж. Тэр нь хүүхдэдээ дээд зэргийн эрх чөлөө олгоод, мөн дээд зэргээр шаардлага тавьдаг аж. Хүүхэд сургууль гэртээ хийх ёстой бүхнээ хариуцлагатай хийж үүргээ гүйцэтгэж байж бусад эрх чөлөөгөө эдэлнэ гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийг орон зайгаар баримжаалбал хатуу чанд хана туурга, цоож бүхий асар том орон зайтай өрөөгөөр төсөөлж болох юм. Хүүхдэд олон зүйлийг чөлөөтэй хийх эрх чөлөө олгоно, ялих шалихгүй зүйл дээр хүүхдийг загнаж шүүмжлэхгүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүднээс янз бүрийн туршилт хийх, уран бүтээл хийхэд саад тотгор болохгүй. Жишээ нь, чанга хөгжим тоглох, ханын цаасан дээр зураг зурах, байгаа зүйлүүд дээр шинжлэх ухааны туршилт хийх, хольж хутган өнгө, үнэр амт оруулах, шинж чанарыг хувьсган өөрчлөх. Энэ их эрх чөлөөний хажуугаар бас хийхийг хориглосон, эсвэл заавал дагаж мөрдөх зүйлүүд байна. Тухайлбал, ахмад настныг хүндлэх, мэндлэх, хичээл сургууль, багш нартаа хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах, эрүүл мэндээ анхаарах, ариун цэврийг сахих, бусдад садаа болохгүй байх, үнэнч шударга байх. Эдгээрийг заавал дагаж мөрдөж хэвшсэн байна.

4. Хүүхдийг зөв цагт нь, зөв зүйлд нь харамгүй магтаж байх зарчим. Жижиг ч гэсэн амжилтыг нь урамшуулан магтаж улмаар дараагийн амжилтанд хүргэх шат болгох. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадалдаа итгэх итгэлтэй болгон хүмүүжүүлдэг хамгийн үр дүнтэй арга юм. Би энийг чадсан юм чинь дараагийнхыг яав ч хийж чадна гэсэн итгэлтэй болгодог. Зөвхөн өөрийг нь өөрт нь магтах төдийгүй найз нөхөд, танил нөхөд, ах дүүгийнхээ дэргэд хүүхдийнхээ хийсэн сайн зүйл, хүрсэн амжилтыг магтан ярих хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд болон өөрт нь сонсогдохоор орчинд хүүхдийг бахархан ярих нь хүүхдэд илүү их хичээх, амжилтанд хүрэх их урам зориг өгдөг.

5. Өөрийнхөө гаргасан сайн муу аль ч зан хандлагад нь бүрэн хариуцлага хүлээлгэх зарчим Еврей гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд том байр суурь эзэлдэг. Хүүхдэд нэг зүйлийг олон дахин давтан хэлэх хэрэггүй, харин биеэр үлгэрлэх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн ганц л буруу үзүүлсэн жишээ, буруу биеэ авч яваа байдал эсвэл ганц буруу үг, үйл хөдлөл хүүхэддээ хэлсэн мянган сайхан зөвлөгөөний чинь үр дүнг хормын дотор л алга болгох чадалтай байдаг. Таны хийж буй зүйлийг хараад хүүхэд шууд тусгаж авдаг. Иймд та хүүхдээ байхгүйд ч үлгэр жишээ байж сурсанаар гэнэ алдаж баригдах зүйлгүй санаа амар байж болно.

6. Хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлийн хүмүүжлээр тавигдана. Хичнээн бат бэх, сайн суурь тавина гарах үр дүн төчнөөн сайн байна. Эцэг эхийн үзүүлсэн үлгэр дууриал, олгосон хүмүүжил үр хүүхдийн тань ирээдүйд цогцлоох гэр бүлд тэр чигээрээ очиж, үе дамжин уламжлагдах болно. Үр хүүхдээ аз жаргалтай гэр бүлтэй, сайхан амьдраасай гэж хүсч байгаа бол та өөрөө аз жаргалтай амьдрах ёстой. Хайр, харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр гэр бүл тогтдог. Хүүхэд эцэг эхээ эхлээд бие биедээ хайртай, аз жаргалтай хос, дараа нь үр хүүхэддээ хайртай эцэг эх гэж харж байх нь чухал.

Еврей гэр бүл үр хүүхдээ өлгийтэйгөөс нь эхлэн ирээдүйд сайн эцэг эх болгон хүмүүжүүлэхэд анхаардаг. Энэ хүмүүжлийн арга нь хүүхдийн тоглоом, наадамд шингэсэн байна. Гэр бүлээ авч явах, эцэг эхээ ачлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэдгийг хүнд хэцүү ачаа, үүрэг хариуцлага, зовлон гэж ойлгуулахаас илүү хүний амьдралын гол утга учир, аз жаргалын түлхүүр гэдгээр яс маханд нь шингэтэл ойлгуулж өсгөдөг. Хүүхдүүд өсөж том болоод гэр бүл зохиох болоход гэр бүлийн харилцааны нарийн ширийн асуудалд яаж хандаж, шийдэхийг хүртэл зааж зөвлөдөг байна. "Эхнэр", "нөхөр", "ээж", "аав" байна гэдэг нь олж авсан мэргэжлээс урьтаж эзэмших ёстой үндсэн "мэргэжил" гэдгийг бүгд мэддэг. Эцэг эх болоход бэлтгэх хичээл сургалтууд синагогчууд болон еврейчүүдийн боловсролын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээлээр орсон байдаг.

7. Хичээл сургуульд хүүхэд маш их цаг зарцуулна. Учир нь сурах ёстой хэл, уран зохиол, тоо, хими физик, газарзүй гээд үндсэн хичээлүүдээс гадна бие бялдар болоод гоо зүйн хичээлүүд болох биеийн тамир, спорт, гадаад хэл болон хөгжмийн олон төрлүүдээр хүүхэд заавал хичээллэж, төгс сайн эзэмших хэрэгтэй болдог. Эрдэм мэдлэг бол амьдралын ололт амжилтын үндэс, гол түлхүүр гэж үздэг. Еврей хүүхдүүдэд амралт чөлөөт цаг байхгүй мэт харагдах боловч хийж буй зүйлээсээ ачаалал бага авч, зүгээр л амьдралын хэвшил болгож, түүнээсээ таашаал, баяр баясгалан авч чаддаг нь суурь хүмүүжлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Үүндээ маш багаас суралцсан байдаг тул тэдний хувьд энэ бүхэн зүгээр л өдөр тутмын зүйл болж бие организм, сэтгэл санаа нь үүнд бэлтгэгдсэн байдаг тул ердөө ч түүртдэггүй, харин ч баяр баясгалантай, аз жаргалтай амьдралын эх үүсвэр болж, мөрөөдлөө биелүүлэх, хүссэнээрээ амьдрахад нь түлхэц болж өгдөг.

Нэгэн хижээл насны эрэгтэй "Миний ээж үргэлж хамт байж, тусалж дэмждэг. Одоо тэрээр тэнгэрийн оронд байгаа ч зовлон жаргал бүхэнд ээж маань надтай хамт байхыг би мэдэрдэг. Энэ нь надад хичнээн хэцүү байлаа ч зовлонг маань нимгэлж, бэрхшээлийг даван туулах, зоригжих хүч чадал өгдөг. Ээж хамт байгааг мэдрэх хамгийн сайхан" гэсэн байдаг. Тэгэхээр тэдний хүмүүжлийн эх ундарга нь үр хүүхэддээ бүхнээ зориулсан эх хүн байх нь.

Эцэст нь хэлэхэд, та бүхэн еврей эцэг эх хамгийн хүнд хэцүү үед ч үр хүүхдээ ямар баяр баясгалантай, аз жаргалтай болгож, өөрөө ямархан үлгэр дууриал үзүүлж, хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэж, юу хийдгийг "Амьдрах сайхан" хэмээх гайхамшигтай киноноос харсан биз ээ.

Тэртээ 1940 онд нэгэн цагт хамтран зүтгэж асан И.Сталины захиалгаар амь насанд нь халдсаны улмаас Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий алс холын Мексик улсын Мехико хотын даруухан эмнэлэгт нас баржээ. Түүний бичсэн гэрээслэлийн “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бусармаг явдал, дарлал, хүчирхийллээс цэвэрлэж, амьдралаа баяр жаргал, хайр энхрийллээр дүүргэж явах болтугай” гэсэн хамгийн сүүлийн мөр нь уг киноны гол утга санаа болж, Италийн жүжигчин, найруулагч Роберто Бенини 1997 онд өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон киногоо “Амьдрах сайхан” хэмээн нэрлэсэн байдаг.

Нацистууд еврейчүүдийг хомроглон баривчилж, хорих лагерьт хорьж, хөгшид хүүхдийг хийн зууханд шатааж байлаа. Хүүтэйгээ хамт насанд хүрэгчдийн хорих лагерьт хоригдсон Гвидо үхлээс, хийн зуухнаас, айдсаас Жошуа хүүгээ аврахын тулд эргэн тойронд нь өрнөж байгаа энэ бүхэн бол тоглоом гэж ойлгуулаад үгэнд нь сайн орж, тоглоомын дүрмээс гажихгүй байвал танк хожно гэж итгүүлдэг. Шагналыг авахын тулд заавал 1000 оноо цуглуулна. Гэхдээ оноо авах гол дүрэм нь герман цэргүүдийн нүдэнд харагдахгүй байх, уйлж болохгүй, цэргүүдээс юу ч гуйж болохгүй. Эргэн тойрны цус, нулимс, үхэл зовлонг мэдэхгүй, ойлгохгүй балчир хүү нь аавдаа бат итгэж, энэ бол зөвхөн тоглоом гэж бодно.

Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа, амьдралд нь юу ч тохиолдсон хүүгийнхээ өмнө тэр дандаа л инээмсэглэж, цоглог байдаг. Тиймдээ ч бяцхан хүү Жошуа нь хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсөдтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхаж асууна. Удалгүй чөлөөлөх армийнхан ирж, дайснууд ялагдан ухарахад хорих лагерьт хүүтэйгээ амьд үлдэж чадсан Гвидо эхнэрээ олохоор үлдэх хэрэг гарлаа. Харин бяцхан Жошуагаа яахав. Тэр мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол тоглоомын сүүлийн шат болох нуугдаж тоглох тоглоом гэж ойлгуулаад цахилгааны шийтэнд нууж орхино.

Харамсалтай нь дайснуудад баригдан буудан хороогдохоор туугдаж явахдаа ч хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул хөгжилтэй инээмсэглэн алхсаар үхэл рүү одно. Түүний нүүрэнд нөгөө л гайхамшигт инээмсэглэл тодорч хүүгийнхээ сэтгэлд тэр янзаараа үлдэнэ.

Эцгийн хайр, ханийн хайр гэж чухам юу болохыг, хайрынхаа төлөө хүн юу хийж чаддагийг харуулсан инээдэмтэй мөртлөө гүнзгий эмгэнэлтэй, нулимсан дундуур инээлгэж чаддаг, хүн үр хүүхэд, гэр бүлээ хайрлахын утга учрыг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн энгийн мөртлөө тийм л нэг агуу кино. Гайхамшигт инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсдөг. Энд л еврей хүмүүжлийн гол нууц оршино. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?