Намайг “Улаан мөрийтэй тоглоомчин” гэж нэг удаа бичсэн. Сүүлдээ аав, хүү хоёр нийлээд гадаадад тоглодог гэж өдөр тутмын нэр хүндтэй гэгддэг сонинд шүү. Ямар зорилгоор яагаад ингээд бичээд байсныг ерөөсөө ойлгоогүй. Казиногоос бид ёстой хол. Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө казинодно гэж байдаггүй юм. Казино битгий хэл хадгаламжинд ч олсон мөнгөө хийдэггүй. Надад хадгаламжийн данс ч байхгүй. Миний хөрөнгө оруулгын мэдүүлгийг сайт дээрээс хараарай. Бүгдийг нь эргээд бүтээн байгуулалт, үйлдвэр гээд улс орны хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг. Харин би 19-той байхдаа тоглож үзсэн. АНУ-д оюутан бацаан. Сургалтын төлбөрөө төлөх ёстой 7200 ам.доллароо нугалах гэж казино ороод нүд ирмэхийн зуур алдаж, халаасандаа задгай хоёр ам.доллартай үлдээд, өөрийгөө зэмлэж, цээж гашуун оргиод, хоолой зангираад дотроо уйлж байсан. Мэдээж миний мөнгө гэж юу байхав. Эцэг эхийн цалин, хөдөлмөрийн мөнгө. Гэрээсээ хол, хүний газар. Хоёр найзтайгаа Чикаго хотод амьдардаг Монгол айл бараадаж гэрт нь хэд хонолоо. Сүүлдээ адлагдаад эхэллээ. Тэр хүний буруу гэж юу байхав. Бид гурав гэр орныг нь цэвэрлэхээс өөр юу хийхэв. Гэрт нь гурван "хоолны сав" нэмэгдээд, адилхан хүний нутагт амьдрах гэж ядаж байгаа хүн дургүйцэхгүй яахав. Дараа нь өөрийгөө шийтгэж сурахын хажуугаар хоёр найзтайгаа айл нүүлгэх, пицца зөөх зэргээр хар бор халтуурын ажил хийж, өрөө ч төлж, хааяа шоудах, дуртай хувцсаа авах мөнгөтэй болов. Түүнээс хойш дахиж казино хэзээ ч орохгүй гэж өөртөө тангараглаж, өнөөдрийг хүртэл ороогүй, цаашдаа ч орохгүй. 22 жил өнгөрч байна. Одоо ч гадаадад явж байгаад казино харахаар хэцүү үе санагдаад шаналаад байдаг юм. Энийг олон хүн мэднэ дээ...
Э.Лхагва