БУРХАНЫ ХИШИГ БУЮУ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН "НОХОЙ САНАА" БАЙГААСАЙ

2020-08-01  

01. Дэлхийн байдал ийм нарийн төвөгтэй хувираагүй бол би хэзээ ч хэр баргийн хүн ойлгомгүй ийм сонин гарчигтай нийтлэл тэрлэхгүй байсан ч байж мэдэх юм. Нэгэн хэсэг өндөр хурдтай хөгжлөөрөө үдийн нар шиг гялалзаж байсан өмнөд хөрш маань сүүлийн үед тун базаахгүй байдалтай болсонд хэл соёлыг нь сурсан хүний хувьд сэтгэл чамгүй эмзэглэж л сууна. Одоогийн байдлаар Хятад улсын нутаг дэвсгэрийн зургааны нэг хувь үерийн гамшигт өртөөд байгаа бөгөөд Аньхуй муж гэхэд нутаг дэвсгэрийн 90 хувь усанд автаад байна л даа. Харин Хятадын нөлөө буурахыг дагалдаад түүний эзлэж байсан хий хоосон орон зайнд эзэн суух гэсэн өрсөлдөөн илт ширүүсэн эхлэлээ.

02. Тэрхүү өрсөлдөөний тэргүүнд Япон улс аргагүй цолгорон гарч ирж байгаа нь угаас том нөөцтэй улсын хувьд аргагүй юм л даа. Америкчууд цагтаа Хятадтай нийлж ЗХУ гэдэг хэт их гүрнийг унагаж чадсан. Бас Хятадын нөлөөг ашиглан өөрийн том өрсөлдөгч болон өсөн өндийсөн Японыг ч гэсэн могдорлоод авсан гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй буй за. Одоо Сэм авга маань, Япон, Англи, Энэтхэг, Австрали зэрэг том гүрнүүдтэй хавсайдан Хятадыгаа унагах ангуучлалд идэвхитэй явж оров бололтой. Ингэж том хөдлөхдөө Оростой тодорхой тохиролцоо хийгээгүй гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй нь ойлгомжтой. 1969 онд тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Бзежинский Хятадад нууцаар айлчлан ЗХУ-ын эсрэг тохиролцоо хийсэн шиг Америк Орос хоёрын хооронд нарийн дипломатын үгсэл явагдсан нь тун удахгүй ил болох буй за.

03. Би энэ бичлэгийн эхэнд Япон улсыг дурдсан нь санамсаргүй хэрэг биш. Японы зөөлөн хүч, тэр дундаа шинжлэх ухааны нөөц агуу шүү дээ. Манай цөөнгүй хүмүүс Самсунг Сониг мөргөөд байр суурийг нь эзлэчихсэн шахуу юм бодоод байдаг. Гэхдээ уг чанартаа тийм биш ажээ. Сониг өнгөт зурагт төдийхнөөр ойлговол дэндүү өрөөсгөл хэрэг болно. Сонигийн "Плэй стэйшн" тоглоомын нарийн бүтэц сансрын пуужингийн хөдөлгөөнийг залж жолоодох лугаа тэнцүү хэт нарийн өндөр технологийн боломжийг агуулж байдаг болохоор 2000-2004 оны хооронд уг тоглоомыг Хятадад экспортлож болохгүй гэж Америкчууд хориглож байсныг та бүхэн мэдэх үү? Тэгсээр 2004 оноос экспортын эрх олгожээ. Уг тоглоомын 4 дэхь боловсронгуй хувилбар гарахад Америкчууд 1700-г худалдан аваад хооронд нь угсран эвлүүлээд супер компьютер босгосон нь дэлхийд хүчин чадлаараа 34-т жагсаж байсан гэдэг шүү. Бурхан минь.

04. Хятадын нэр хүнд нөлөөлөл буурсныг дагалдаад Япон улс бүх хүчээрээ өндийн сэргэх боломж бүрдлээ. Урд нь зөвхөн англи хэлт Америк, Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд тэргүүтэй таван улс багтдаг байсан "Таван нүдний холбоо" гэдэг сонин нэртэй холбоонд Япон элсэхээр болсон нь түүний нэг баталгаа юм. Японоос гадна Хятадын уналтын эсрэг маш их хожил авч байгаа хоёр улс гэвэл Энэтхэг, Вьетнам хоёр байгаа тухай би түрүүчийн бичлэгээрээ илэрхийлсэн. Өнгөц харахад их эмзэг сөрөг нөлөөлөлд автаж болохоор улсууд гэвэл эхний ээлжинд Өмнөд Солонгос, Монгол хоёр байж мэдэх л юм.

05. Хуучнаар "Төлгүүд" гэж хочлогддог байсан Вьетнамчууд дэлхийн газрын ховор элементийн ердөө 1,3 хувийн нөөцтэй атлаа Японтой хамтраад маш том боловсруулах үйлдвэр байгуулуулаад авчихсан байгаа юм даа. Зарим хүмүүсийн хувьд анзаарагдамгүй байж мэдэх энэ жижиг мэдээнээс уг нийтлэлийг бичих санаа хөвөрснийг гярхай уншигч ойлгосон буй за. Стратегийн туйлын ховор түүхий эд болох "Газрын ховор" элементийг Бурхан тэнгэр Монгол улсад маань маш харамгүй, дэндүү тэнцвэргүй хуваарилж орхижээ. Энэ утгаар "Бурхан Монголд хайртай" гэж хэлэхэд ч багадахаар тодорхойлолт байж мэдэх юм.

06. Олон хүмүүс Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн санаачлагаар Таван Толгойгоос Зүүн Баян руу төмөр зам тавиад эхлэхэд харааж зүхэж буруушааж байсан шүү дээ. Бөхчүүд улс төрд орохыг дотроо таашаадаггүй, талтай биш гэдгээ ил тод хэлчихдэг миний хувьд харин тэдний эгнээнд байгаагүйг зарим уншигчид санаж байна уу? Бизнесийн өрсөлдөгч MCS-ийг давж дарахаар Зүүн-Баян руу төмөр зам татаж эхлэсэн гэвэл бага залуугаас нь мэдэх юм. Манай хүн арай ч тийм тэнэг хүн биш шүү. "Оросуудын заавраар Монголын хөгжлийг ухраах санаатай хорон явуулга" гэж хардагсад байдаг. Гэхдээ бүтээн байгуулалт хийж хорлох нь бас л сонин хорлолт байж таараа.

07. Үүний тайлал нь мань нөхрийн Америкт хийсэн айлчлалаар бараг ил тод болсон л доо. Гэхдээ манай сэтгүүлчид асуудлын тайллыг ингэж ухачлан бодож сэтгэхгүй өнгө заслын төдийхөн мэдээлээд өнгөрдөгийг яалтай билээ. "Трамптай уулзах үнэт цагаасаа хумслан: Одоо Оросын Сибирь шатаж байна. Та энэ талаар мэдсэн үү?" гэж гэнэндүү тэнэг асуулт тавихад Трамп уулгамч эмгэн шиг Путин руу залгаад ярьсан тухай нэг явган яриа явагдаад өнгөрсөн.

Үнэндээ түүний Трамптай хийсэн хэлцлийн гол агуулга энэ бичлэгт голчлон дурьдагдаад байгаа "ГАЗРЫН ХОВОР" элемент байсан юм аа. Учир нь Хятад улс дэлхийн газрын ховор элемэнтийн нөөцийн 26 хувийг эзэгнэдэг. Түүнийг боловсруулах технологи боломж өндөр. Энэ давуу талаа ашиглаж дэлхий дахинд эзлэх давуу байр сууриа бэхжүүлэх санаатай. Ялангуяа Америк Хятадын дайнд хятадын сөргүүлэн тавьж байсан гол хөзөр нь тэр байсан болохоор Трамп дэлхий дээр нөөцөөрөө хоёрдугаарт ордог жижигхэн Монголын ерөнхийлөгчийг тэгтэл өндөр дээд төвшинд хүлээн авсан хэрэг л дээ.

Тэр жил Германы канцлер Меркелийн Вьетнамаас шууд Монголыг зорин ирж айлчилсаны гол учиг нь ч бас л үүнтэй холбоотой болохыг тун цөөн уншигч гадарлах байх аа.

08. Таван толгой Зүүн Баянгийн төмөр ашиглалтанд орж Бичигтийн боомттой холбогдоод Монголын нүүрсийг үнэд оруулна гэвэл дэндүү гэнэхэн атлаа үрэлгэн хөрөнгө оруулалт байж таарна. Дэлхий дээр нугардаг том наймаа гэвэл "Цөмийн хаягдлын булш" гэхэд хол зөрөхгүй болов уу? Түүнээс өөр нэг маш ашигтай наймаа бол "Газрын ховор" элемент бөлгөө. Зүүн Баян Таван Толгойн төмөр зам ашиглалтанд орсноор Монголын эдийн засаг 3-5 дахин тэлэх боломжтой гэж манай эрх баригчдын ам алдаад байсны учрыг уншигч та одоо ойлгож ухаарч байна уу? Мэдээжийн хэрэг Таван Толгойн нүүрсийг 289 км шууд урагш гаргаж болох байтал дэлхий тойруулж тээвэрлээд том ашиг унагана гэж байхгүй. Оюу-Толгойн зэсийн хүдрийг тээгээд ч 3-5 дахин байтугай 2 дахин нугарах нь юу л бол? Тэгэхээр газрын ховор элементийн нөөц бүхий говийн тэр их баялгийг зөөх манай эрх баригчдын "Нохой санаа" уг чанартаа туйлын зөв юм аа.

09. Би нөхрийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад «Зоригийг олсон хүн» гэдэг бичлэг оруулж сайн талыг нь тоочиж байсныг санаж байгаа хүмүүс байгаа байх аа. Бас төрийн тулхтай түшээ гэдэг утгаар Ми.Энхболдыг ч ил тод дэмжиж л байсан.

Гэхдээ жижиг улсын төрийн тэргүүн байх амаргүй гэдгийг ойлгоно оо. Хятадыг «даам» байхад ийм төсөл хэрэгжих бүр хэцүү. Хятад Оросын харилцаа сайн байхад хэрэгжүүлэхэд бүр ч хэцүү. Иймэрхүү зүйлийг чөлөөтэй бичиж санаа бодлоо солилцож болохгүй жижиг орны иргэн ч бас хэцүү золиг юм даа. Үдийн нар шиг жаахан сиймхий гарсан тохиолыг ашиглан иймэрхүү зүйлс чөлөөтэй бичиж болж байна. Америкт газрын ховор элемент байхгүй гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Бараг Хятад манай хоёроос ч их байж магадгүй. Гол нь боловсруулахад маш их ус ордог. Байгаль орчинд халтай. Японд боловсруулах технологи байхгүй гэвэл бас л худлаа. Энэ утгаар байгалиаа дээдлэдэг Монголчуудын хувьд хүдэр чигээр нь баяжуулж гаргах нь өлзийтэй. Хэрвээ үнэхээр миний таамаглан бичиж байгаачлан «Нохой санаа» агуулж чадсан бол БӨХ, СҮХ хоёрыгоо нэг удаа Монголчууд нийтээрээ дэмжвэл сайн шүү. Зүүн Баян хүрсэн төмөр зам цаашлаад Чойбалсан хот руу хүрчихвэл тэгээд Монголын газрын ховор элемэнт дэлхийн зах зээл дээр гол тоглогч болчихвол Монголчуудад Катарчууд, Кувейтчууд атаархах өдөр ирж мэдэх л юм. Ийм санаагаа нууж чадсан далд бодлогыг манай монголчууд «нохой санаа» гэж өхөөрдөн нэрлэдэг бол нангиадууд «Тэнгэрээс нууж тэнгисийг гатлах» хэмээдэг л дээ.

10. Өнөөдрийн бичлэгт ихэд олзуурхаад байгаа нэг зүйл гэвэл бидэнд эртнээс элэг сэтгэл нэг байдаг Япончууд маань олон талын хөгжлийн хүлээснээс алдуурсан нь болой. Өөрөөр хэлбэл дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тэдний халуун чихийг атгасаар ирсэн Америкчуудын хязгаарлалт шууд суларчихлаа. Тэдэнд газрын ховор элемент ус агаар шиг хэрэгтэй бөгөөд боловсруулах технологи нь ч гайхалтай л даа. Халтмаагийн Баттулгын дотроо хадгалж байгаа энэхүү «нохой санаа» хэрэгжвэл Монголд маань тустай юм даа. Хөрөнгө хүч нь ч гайгүй сайн олдож байгаа нь цаанаа учиртай буй за. Монголын маань хувьд нууц байж мэдэх энэхүү нууцыг Монголын ард түмэн мэдэхэд юу нь буруутав гэж. Нууцыг нууж чадаагүй бол нууц биш гэдэг үг байдаг байх аа. Тэгээд ч Монголд яригддаггүй зүйлсийн учгийг гадаадын хэвлэл дээрээс уншихад төдийлөн таатай санагддаггүй шүү.

ЭХ СУРВАЛЖ: BOLDBAATAR DORJSUREN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ц:супер циклийг ашиглаагүй орсод.заслон тавьж өгсөнөө өөрөөр.тайлбарлах арга байхгүй үлгэр зохиохоос өөр аргагүы 2020-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?