ӨВС НОГООНЫ ҮНЭР ГАЗАРТАА ҮЛДДЭГ ШИГ ӨНӨ МӨНХ ..

2020-09-08  

Дурсамж

  Данзангийн Лхасүрэн найрагчтай хоёулхнаа Булганы Азаргын нуруунд хүргүүлж нэрс түүж явсан минь санаанаас гардаггүйсэн. 1984 оны намар шиг санагдана. Дундаа ганц 40-ийн бидонтой. Бид хоёр машинаар хүргүүлж хоёул тэр битүү модтой аглаг их ууланд хоёр хонож билээ. Дөчийн саваа дундаа барьж нэрс түүнгээ нүүр ам руу шавах хар ялааг “аальгүй муусайн яатуунууд” хэмээн үргээж инээлдэж, амаа цууртал “завхай” яриагаар өөрсдийгөө хөгжөөсөн бид хоёр, эр хүний жаргал эзгүй хээр гэдгийг ёстой л эдэлж билээ.

  Өмсөж зүүх, хэлж ярих хязгаарлагдмал тэр үед би Эрдэнэтийн 1-р сургуулийн захирал, Лхасүрэн Эрдэнэт хотын захиргааны ерөнхий нягтлан атлаа хоёулаа орос бахиалын түрийг эргүүлэн өмсөж хэрдээ л задгайрч явж дээ. Хүмүүс жимсэнд намар орой болц гүйцэхээр нь явдаг байсан үе. Бид хоёр ганцхан өдөрт 40-ийн саваа нэрсээр дүүргэчхээд буцах унаагаа хүлээж байхад л Булган, Эрдэнэтийнхэн жимс түүхээр ирж байсан юм даг. Хариад иртэл нэрс маань нэлээд доош сууж ёроолдоо бөөн хүрэн шүүс болсныг аяга аягаар залгилаад л, амт ч гэж янзтай. Хоёул нэрсээ хуваан авч ах дүүстээ тараагаад л дуусгасан даа. Хөлдөөгч байсан биш, хөргөгчид юу орж шалих билээ. Лхасүрэн шүлгээ тун чамбай сайн бичнэ. Албан газруудын сонин уншлага, лекц ярианы цагаар манай утга зохиолын салбарынхан шүлгээ уншиж уулзалт их хийнэ. Махлаг цагаан царайд нь тас хар сахал үс, хар костюм, цагаан цамц, улаан зангиагаа нь дэгжин зохино. Халимагаа илж нүдээ аньсхийн дээгүүр алсыг ширтэсхийн бодлогоширч шүлгээ гоё ч уншина. Лхасүрэнг шүлгээ уншихад хүмүүс алга нижигнүүлж дахиулаад л... Манай утга зохиолын салбарынхан Лхасүрэнг ирснээр уран бүтээлийн хувьд овоо ч ахисан даа. Агуу Нямбуугийн Нямдоржийн дотнын шавь гээд бид хоёр аминчхан, бичсэн шүлгээ нэг нэгэндээ уншиж зад шүүмжилж бут ниргэцгээгээд л, бие биеэ үдэж байна гэж хоёр гэрийнхээ хооронд хэд хэд явдаг сан. Лхасүрэн тун ажигч л даа. Нэг удаа “Чи тэр урд дугуй дэлгүүрийн кассчин бүсгүйн нүдийг нэг хараарай.

  Түүний харц нэг л өөр шүү” гэж билээ. Тийш очиж юм авах далимаар ажвал нээрээ л дүрэлгэр гоё тас хар нүднээс нь хар оч цацраад байх мэт сонин харцтай царайлаг сайхан бүсгүй байв. Өмнө нь би зөндөө л талх боов мэтийг тэндээс авч байхдаа яагаад анзаардаггүй байв аа гэж гайхаж, яруу найрагчийн нүд гэдэг өөр юм даа гэж бодож билээ. Лхасүрэн найрагчийн нүд ч мөн нэг тиймэрхүү хар гал гэмээр сэн. Энэ мэт яриа бидний дунд алийг хэлж барах вэ. Лхасүрэнг Улаанбаатар шилжсэний дараа нэг л хэсэг сэтгэл тун их эзгүйрч, ганцаарддаг байж билээ. Мань эр ч хотод очоод бас хэсэгтээ л намайгаа үгүйлсэн бололтой байдаг. Тэгээд ч тэр үү надад зориулж “Нөхрөө үгүйлэхүй” Яруу найрагч Дашдондовт гэсэн шүлэг бичиж илгээсэн байж билээ.

Дашдондов минь чамайг би Даан ч их санах юм даа

Намар намрын шувуудаас нааш ирнэ гэж дуудах юм даа

Хавар хаврын яргуйнаас Хайж цөхөн сураглах юм даа

Дөрөө харшуулж явсан

Дөтийн замаа саравчлах юм даа

  Гал, шүлэг хоёрт ханьссан Ганц нэгхэн учралаа дурсах юм даа Сайхан бүсгүйн тухай хуучлахдаа Сархдаас их хөлчсөнөө бодох юм даа ... гэх зэргээр шүлэглээд 1990.10.24 гэсэн байв. Тэр маань үгээ хэнээс ч эмээлгүй ил шулуухан хэлчихдэг, ёс жудагтай, шударга зантай сан. Нийслэлийн төр захиргааны “Улаанбаатар” сонинд ажиллаж байхдаа дуучин Сосорбарамыг сүрхий аашилж байсныг би мэдэх юм. Мань дуучин уншигч редакцын уулзалтын эхэнд дуу дуулах цагаасаа нэлээд хоцорч ирээд Лхасүрэнд загнуулахдаа ганц ч үг сөргөөгүй юм даг.

  Д.Норовын үг, Д.Баттөмөрийн ая “Дорнын цагаан саран” дууг бил үү дээ гитардаж дуулчхаад л чимээгүйхэн явчхаж билээ. Сосорбарам дуучинд “Улаанбаатар” сонин оныхоо шагналыг /Хоёр өрөө орон сууц/ өгсөн болохоор ганц нэг ёслолд дуулуулдаг байсан юм билээ. Лхасүрэн маань нэр төр хөөхөд дургүй, ил гарах гэж огт хичээдэггүй уран бүтээлчийн хувьд даруухан, яруухан явсан даа. Уг нь хотод очоод “Улаанбаатар” сонин, Зохиолчдын Хороо зэрэг газар нягтлан хийж, уран бүтээлээ улам чамбайруулж, шүлэг, өгүүллэг, туужийн номоо хэвлүүлчхээд чимээгүйхэн явдаг нэгэн байлаа. Зохиолчдын уулзалт, уралдаан тэмцээн, тэр ч бүү хэл Зохиолчдын их хуралдаа ч ирэх нь бараг л үгүй. Чи хотод ирж суурьшаач гэх. Хоёул сайхан хуучилж манай зусланд хэд хоноё гэх. Тэгж байгаад нэг очно доо гэсээр байтал... Цаг хугацааны хурдан, хүсэл байв ч хяслантай хорвоо юм даа. 2019 онд Эрдэнэтийн зохиолчдын салбарын “Тод анир-2” эмхэтгэлд эрхэм нөхрийнхөө 3 шүлэг болон “Хүлээлт” өгүүллэгийг нь авч оруулсан ч өөрт нь өгч амжилгүй явсаар хоолой зангирч, нулимс мэлмэрэн энэхүү дурсамжийг хэлхэж сууна даа. Эрхэм андын минь ийм нэгэн шүлэг байдаг юм.

  БУЛГАНЫ ХАРЗ Эрэг дээр нь тохой цастай ч Эрх хүүхэд шиг мишилзэн байдаг Булганы харз дөрвөн цагийн нүдтэй Булганы харз дөрвөн цагийн амьтай Хадаг шиг зөөлөн ус минь Халуун хүйтэн хоёрт Нэг нүүртэй харз минь Дэлхийн хүйснээс ундрагатай Уураг сүүн ус минь Олон үеийг ундаалсан Онгон дагшин харз минь Өндөгний минь хээ Өөрийн минь царай чамд үлдлээ. Өвс ногооны үндэс газартаа үлддэг шиг Өнө мөнх би чамдаа оршиноо (2014.11.11) “Халуун хүйтэн хоёрт нэг нүүртэй” Данзангийн Лхасүрэн найрагч анд минь ийм л даацтай сайхан шүлэгтэй найрагч даа . Тийм ээ “Өвс ногооны үндэс газартаа үлддэг шиг өнө мөнх...” шүлэг, зохиол чинь монголын яруу найрагт үлдэнэ анд минь.

Дамбийн Дашдондов 2020.09.06

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?