BBC-ГИЙН МЭДЭЭ БА ХҮРЭЛСҮХИЙН СОНИН ЛОГИК

2020-09-18  

01. Өвөрмонголд бичиг үсгийн асуудлаас үүдсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний талаар BBC агентлаг томоохон мэдээ бэлтгэн хүргэжээ. Хятадын ГЯЯ-ын сайд Ван Игийн айлчлалын үеэр УБ хотод иргэд өвөрлөгч ахан дүүсээ өмгөөлөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг уг мэдээнд дурдсан байна.

02. Англи хэлтэй хүмүүс олон байгаа болохоор энэ мэдээг сонирхон үзээрэй. Мэдээний дундуур Монгол улсын дөрөвдөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зоримог эрс шулуун мэдэгдлээс эшлэн харуулахын зэрэгцээ яг залгуулаад Хүрэлсүх Ван Итэй уулзах үеэрээ "Монгол улс урд өмнө болон одоо Хятад улсын дотоод хэрэгт оролцож байгаагүй. Цаашид ч оролцохгүй байх болно" гэж хэлсэн ганц өгүүлбэрийг дурьдаад орхисон нь олон үзэгчдэд ихээхэн эргэлзээтэй сонин мэдрэмж төрүүлсэн байх аа.

03. Миний хувьд нүд бүлтийн гайхаж урам маань маш их хугарав. Хятад улсын нутаг дэвсгэр дээр Монголын эрх ашгийг хөндсөн, хохироосон ямарваа нэгэн асуудал гарахад манай тал нүдэн балай чихэн дүлий оргиод сууж байх ёстой болж байна уу? Ер нь тийм зүйл маш олон арваараа гарсаар байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголын түүхийг илт гуйвуулсан, Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн үг яриа, өгүүлэл бичлэг хэдэн арван мянгаар тоологдохоор хэвлэгдэн нийтлэгдсээр байгаа. Тэр бүхэнтэй эвлэрэн суусаар байх ёстой гэж үү? Өмнөд Солонгосын тал тиймэрхүү зүйл гарах тоолонд ГЯЯ-ныхаа шугамаар эсэргүүцлийн ноот бичиг явуулсаар Хятадын талаас дахин Корёо улсын түүхийг гуйвуулдаг асуудал үгүй болсон. Саяхан "Казахстан улс Хятадад эргэн нийлэх асуудал хүчтэй яригдаж эхлэлээ." гэдэг нэг бичлэг Хятадын сайтуудаар өргөн тархахад тус улсын ГЯЯ-ны сайд Хятадын элчин сайдыг нь дуудан ирүүлээд эсэргүүцлийн ноот илгээснээр уг асуудал намжсан. Хүрэлсүхийн логикоор бол ийм асуудал гарахад Хятадын дотоодод гарсан асуудал маньд падгүй гээд оролцохгүй дуугүй байх нь л дээ.

04. Ер нь олон улсын жишигээр бол сая манай төрийн томцуул Ван Итэй уулзахдаа "Өвөрмонголд болж байгаа үйл явдлыг хөрш зэргэлдээ улсад амьдран суугаа үндэс угсаа нэгтэнгүүд гэдэг утгаар Монгол улс анхааралтай ажиглаж байна. Асуудал тайван замаар нааштай шийдэгдэх буй за." гээд л хэлчихэж яагаад болоогүй юм бол? Гэтэл цаашид юу ч болсон бидэнд хамаагүй шүү гэж ойлгогдохоор үгийг хэлээд сууж байдаг. Тийм ч учраас дэлхийн том хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хүрэлсүхийн сонин утгатай ганц өгүүлбэрийг онцлосон буй за.

05. Олон улсын практикт хоёр орны төрийн тэргүүний төвшингийн уулзалт дээр "Тайвань бол Хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Бид нэг Хятадын бодлогыг тууштай баримтлана." хэмээн хэлж ярьдаг жишиг шахуу зүйл байдаг л даа. Гэтэл сүүлийн үед манай ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Хятадад айлчлах болгондоо "Төвд, Шинжаан бол Хятадын салшгүй бүрэлдхүүн хэсэг мөн." хэмээн амны уншлага мэт ярьдаг болоод удаж байна. Энэ бол олон улсын практикт ер нь л байдаггүй зүйл санагдах юм. Ер нь Эби, Сайханбилигээс урьд өмнийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хэлж ярьж байсан үгэнд тийм санаа хавчуулагдаж байсныг би л хувьдаа санахгүй байна. Тийнхүү ам нь халсаар сүүлдээ Өвөрмонгол бол Хятадын салшгүй бүрэлдхүүн хэсэг гээд хэлчихсэн бололтой. Ерөөсөө олон улсын практикт байдаггүй зүйлийг бид өөрсдөө санаачлагаараа тийнхүү амны уншлага шиг давтаж байх хэрэг юу байдаг юм бол? Биднийг хэн ч тэгж хэл гэж албадаагүй байлтай.

06. "Дэлхий дахины их байдал салаад удваас эрхгүй нийлмүй. Нийлээд удваас эрхгүй салмуй." гэдэг гүн ухааныг Хятадууд биднээр хэлүүлэлтгүй сайтар мэдэж байгаа. 1936 онд өнөөгийн Хятад улсыг үндэслэгч Мао Зэдун хүртэл "Бид Өвөрмонголын тусгаар тогтнолыг дэмжих болно." гээд биччихсэн нь өнөө хэр цагаан дээр хараар дурайгаад байж л байгаа. Би ард иргэддээ бодит үнэн мэдээлэл өгөх үүднээс сүүлийн үед энэ мэт зүйлсийг түлхүү бичээд байгаа юм шүү. Жирийн ард иргэд байтугай бодлого боловсруулах төвшинд ч олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тун ч дулимаг мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь сүүлийн үед өрнөж байгаа ойлгомжгүй байдлаас бараг л ойлгогдохоор байгааг яалтай.

Эх сурвалж: https://www.facebook.com/boldbaatar.dorjsuren.75

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?