– Танд энэ өдрийн мэнд хүргэе, бидэнд амны хөндийн буюу шүдний өвчлөлийн талаар эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болсонд баярлалаа.
– За та бүхэнд болон уншигчид даа энэ өдрийн мэндийг хүргэе.
– Сүүлийн жилүүдэд манай орны хувьд амны хөндийн буюу шүдний эрүүл мэндийн өвчлөлийн тархалт хэр байна, мөн түүний хүрээнд хийж буй арга хэмжээнүүдийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
– Ам хөндийн ба шүдний өвчлөл монгол орны хувьд тархалт маш өндөр хэмжээнд байгаа гэж хэлж болно. Цаашилбал мэдээж бага насны хүүхдүүд буюу 0-12 насны хүүхдүүдийн хувьд дийлэнх өвчлөл явагдаж байна. Энэ нь холимог шүдлэлтийн үед буюу байнгын шүд шүдлэлт явагдах, сүүн шүдний солигдолын үеүдэд түлхүү байгаа.
Учир шалтгааны хувьд хамгийн урьтаж сургуулийн өмнөх боловсрол хийгээд ерөнхий боловсролын сургалтын хүрээнд шүдээ зөв арчлах арга зүй, тэр талын мэдээ мэдээлэл эрүүл мэндийн сургалтууд зэрэг нь үр дүн бага байгаатай холбон үзэхээр байгаа. Энэ талын сургалт мэдээ мэдээлэл нь эрүүл мэндийн чиглэлийн хичээл сургалтын 25 хувь байх хэрэгтэй гэсэн олон улсын жишиг ч мөн байдаг юм. Нэг үгээр шүдээ эрүүл зөв арчлах арга зүй нь бага наснаас эхлэн амьдралын дадал суулгахтай зайлшгүй холбоотой юм.
– Тэгвэл энэ чиглэлийн эрүүл мэндийн боловсролын хүрээнд шинээр хийгдэх ажил болон холбогдох газруудын авч буй арга хэмжээ зэргийн талаар мэдээ мэдээлэл хүргэвэл?
– Энэ чиглэлээр 2018 оны намрын хичээлийн жилээс Нийслэлийн боловсролын газраас Ерөнхий боловсролын сургуулиудад энэ чиглэлийн идэвхжүүлсэн сургалтын хөтөлбөр явагдаж эхлэх юм. Идэвхжүүлсэн хэлбэр нь сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, цаашлаад багш нарт энэ чиглэлийн боловсрол мэдээллийг түлхүү олгосноор цаашид тохиох шүд цоорох өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх аргачлалуудыг бий болгох ач холбогдолтой юм. Дан ганц шүдний эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагууд олон байснаараа энэхүү өвчлөлөөс ангижрах боломжгүй юм, хамгийн гол зүйл нь бол урьдчилан сэргийлэх арга.
– Энэ чиглэлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг монгол улсад хэд орчим байгаа вэ? Үр нөлөөг нь дүгнэвэл?
– Монгол орны хэмжээнд хувийн хэвшлийн нийт 500 орчим шүдний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх газрууд байгаа. Гэсэн ч өвчлөлийнх нь хэмжээ нь 90 гаруй хувьтай байна. 2017 оны нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаагаар л гэхэд 1200 орчим хүүхдийн мөн л 90 гаруй хувь нь шүдний цооролттой байгаа юм.
– Шүдний өвчлөлөөс үүдэлтэй өөр эмгэг, гажиг зэрэг маш олон үүсч байгаа гэдэг. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
– Мэдээж маш олон өвчлөлийн үүдэл нь шүдний өвчлөлтэй шууд холбоотой. Амны хөндийн олон гажгууд сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүнд сүүн шүдний гажиг, эрүү нүүрний гажиг гэх мэт ч багтаж байгаа юм.
– Учир шалтгаанаас нь дурдвал?
– Нэн тэргүүнд буруу хооллолт, хэт зөөлөн хоол унд идэх, зажилж идэх хоол хүнсийг бага байхаасаа бараг уух хэлбэрээр идэх зэрэг нь шүдийг зажлуургүй хүчгүй болгож, шүдний зөв өсөлтийг бууруулдаг байх нь. Энэ нь үрүүл мэндэд хортой буруу дадлыг хүүхэд байхаас нь суулгадаг байна. Үүнээс улбаалсан сүүн шүдний гажиг нь 10 хүүхэд тутмын 3-т байна. Нийт хүүхэд багачуудын 34 орчим хувь юм. Нэг үгээр маш аюултай тоон үзүүлэлт.
– Тэгвэл хүүхдүүдэд түлхүү тохиолдож буй энэ төрлийн өвчин эмгэгүүдэд багтах өвчлөлийн талаар дэлгэрэнгүй дурдвал ?
– Энэ нь мөн л энэ чиглэлийн эрүүл мэндийн боловсрол дутмаг насанд хүрсэн хүмүүсийн буруу дадал, зуршлаас үүдэлтэй өвчлөлүүдээс дурдагдах нь. Жишээ нь нярай хүүхэд 3-4 орчим сартайгаасаа зарим төрлийн халдваруудыг авч байна. Шалтгаан нь гэр бүлийнхэн нь нярай хүүхдийн амны орчимд үнэсдэг, хүүхэд өөрийн гар хүрэх газар буюу тухайн үнэсүүлсэн нүүр хацартаа гараараа хүрдэг, тэгээд тэр гараа амандаа хийдэг, энэ л халдвар үүсэх эхний шалтгаануудад багтаж, 3-4 сартайгаасаа л хүүхэд цоорлын халдварыг авдаг байх нь.
Бүх шүдний өвчлөлийн эхлэл нь энэхүү халдвараас үүдэлтэй байдаг. Харин шүдний өвчлөл буюу шүд цоорох өвчлөл нь өөрөө зүрх судасны, цаашлаад үе мөчний хүртэл өвчлөлийн суурь шалтгаанууд болж өгдөг. Хүн бүр өдөр тутмын зөв хооллолтын, болон шүдний эрүүл ахуйн наад захын дадлуудыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй байгаа юм.
Тиймээс манай Нүүр ам судлалын сургууль нь энэ чиглэлийн олон нийтийг хамарсан томоохон эрүүл мэндийн боловсрол олгох ажлуудыг холбогдох газруудтай хамтран хийж байгаа юм. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НИТХ, нийгмийн хөгжлийн хороо гэх мэт холбогдох, харьяаны газруудтай эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр бие биенээ дэмжин хамтран ажиллаж байна.
– Танд баярлалаа, ярилцлагаа шүдний өвчлөл болон бусад нарийн мэдээллээр баяжуулан ярилцъя. Шүдний өвчлөлийн хамгийн элбэг, хамгийн их байгаа онцлох өвчлөлүүд нь яг ямар өвчлөлүүд байна вэ?
– За хамгийн эхлээд бол шүд гүйдэл нэн тэргүүнд байна. Яг эд хөдөлмөрийн насны хүмүүст дийлэнх тохиолдлууд байна. Тулгуур эдийн эмгэг мөн их байна. Энэ нь энгийнээр тайлбарлавал шүдний тулгуур болон буйл хэсгийн өвчлөлийг хэлж байгаа юм.
Мөн 2000-аад оноос хойш хүүхэд багачуудын дунд хэлний болон уруулын хөвч багатай төрөлтийн тохиолдлууд ч ихсэж байна.
– Тэгвэл дээрх өвчлөлүүдийн онцлох шинж тэмдэг, хүндрэлээс дурдвал?
– Уруул, хэлний хөвч багатай хүүхдүүд маань хэл ярианы болон эрүү нүүрний гажигтай болж байна. Бөөрөнхий хэлтэй болох, эрүү нүүрний эрхтэн системийн согогууд үүсч байна. Нэг үгээр хүүхэд өсөх тусам л шүдний болон амны хөндийн өвчлөлийн хүндрэл нь улам ихэсч дээрх согогууд бий болдог байх нь. Мэдээж өвчлөл хийгээд гажиг согог гэх мэт бүхий л өвчлөлийн хэлбэрүүд нь үүсч буй шалтгаанууд янз янз. Гэхдээ хамгийн чухал нь мэдээж эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай л холбоотой юм. Жишээ нь жирэмсний 4-6 долоо хоногтойгоос эхлэн амны хөндийн эх үүсвэр тавигддаг тул сар гарантайгаас л эрүүл мэндийн зөвлөгөөнүүдээ холбогдох газруудаас авч, хүүхдээ амны хөндийн болон шүдний элдэв өвчлөлгүй байх бүхий л мэдлэгийг амьдралдаа дадал болгон, цаашлаад үзлэг, эмчилгээнд тогтмол хамрагдан урьдчилан сэргийлэх нь чухал юм.
– Энэ төрлийн өвчлөлүүдэд хэрхэн ямар арга хэмжээг авч мөн урьдчилан сэргийлэх вэ?
– Мэдээж хэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь иргэдэд хүрч үйлчилнэ гэдэг хамгийн чухал. Харин иргэд өөрсдөө өвчилсөн хойноо эмчилгээний араас явахаас урьтаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүн нэг бүр өөрт болон гэрт бүлдээ суулгах нь чухал юм. Хүүхэд багачууд нь эхлээд “байнгын шүд”-ний эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, цаашлаад эрүүл мэндийн даатгалд нь хамруулж чадвал үр дүн нь илүү сайн байх юм.
Эрүүл мэндийн боловсрол мэдээллийн түгээмэл байдлыг сайжруулж өгөхөд хувь хүн нэг бүр өөрсдөө урьдчилан сэргийлэх алхмуудыг амьдралдаа хэвшүүлж чадах болно.
– Хувь хүн нэг бүр гэсэн дээр тодруулаад уншигчдад хамгийн энгийн амьдралдаа хэвшүүлэх боломжтой зөвлөгөөг дурдаг хэлээч?
– За тэгэлгүй яахав. Мэдээж нэгдүгээрт
– Баярлалаа. Шүдний өвчлөл хийгээд амны хөндийн эрүүл мэндийн хүрээнд холбогдох газар нэгжүүдийн зүгээс хийх ёстой ажлуудаас та дурдвал?
– Эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд нь иргэдийг тогтмол хяналтын үзлэг, эмчилгээнд өөрсдөө урин дуудан хамруулах ажлыг удирдан хийх ёстой юм. Үргэлж мэдээллээр ханган, үзлэг, эмчилгээнд тогтмол хамрагддаг болох шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ талдаа манай эм, эмнэлгийн байгууллага газрууд учир дутагдалтай тул үүнийг заавал идээшүүлэн хэрэгжүүлж, иргэдтэйгээ нэг үгээр хамтран ажиллах хэрэгтэй гэсэн үг юм.
– Амны хөндийн болон шүдний эрүүл мэндэд эерэгээр болон сөргөөр нөлөөлдөг зүйлсээс та дурдвал?
– Нэгэн үед хатуу зажлууртай зүйлс нь шүдэнд эерэг нөлөөтэй гэж үздэг байлаа. Одоо бидний бие ихэд хэврэг болсон тул хатуу хийгээд зажлууртай зүйлсийг ихээр идэхээс зайлсхийх хэрэгтэй. Нэг үгээр зүй зохистой хооллолтыг хэвшүүлэх хэрэгтэй. Зөв хооллолт, хооллолтын дараах зөв цэвэрлэгээ нь шүдний эрүүл мэндэд эерэг нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл.
Харин эсрэгээрээ буруу хооллолт мөн хооллолтын буруу хэв маяг нь сөргөөр нөлөөлдөг. Энгийнээр дурдан хэлбэл хамгийн эхлээд та ногоог идэж, дараа нь махаа идэж, хамгийн сүүлд будаа зэргээ идэж, бүх хоолоо идэж дууссаны дараагаар шингэн зүйлс уух нь зөв хооллолтын үндэс болно. Энэ нь шүд болон амны хөндийд ч эерэгээр нөлөөлдөг байна.
– Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд?
– Шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шүдний эмч, эмнэлгүүд Монголд маш олон байгаа. Хүүхдийн, хиймэл шүдний, гажиг заслын, мэс заслын, тулгуур эдийн эмч гэх мэт төрөлжсөн эмч нар олон байгаа. Тиймээс иргэд та бүхэн эмнэлэг, эмнэлгийн байгууллагад хандахдаа өөрийн зовууриа, өөрийн эрүүл мэндийн асуудлаа сайтар шинжлүүлж, эрүүл зөв эмнэлгийн үйлчилгээг авч байгаарай. Нүүр ам судлалын манай сургууль нь дээрх бүх мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэн гаргадаг тул Их сургуулийн эмнэлгийн давуу тал оршиж байгаа юм. Энэ давуу тал дээрээс тулгуурлан та бүхэнд зөвлөхөд, та хаана ч байсан шүдний эрүүл мэнддээ анхаарч, зовууриа шинжлүүлж, яг өөрт тохирсон зүй зохистой эмчилгээг бүрэн дүүрэн хийлгэж байгаарай. Мөн та бүхэн эрүүл байхыг хүсвэл жилд нэг удаа заавал эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаарай. Гэр бүлээрээ нэгэн зэрэг хамрагдаж, нэгэн зэрэг эмчлүүлж, гэр бүлээрээ эрүүл амьдрах хэв маягийг амьдралдаа заавал хэвшүүлэн хэрэгжүүлээрэй. Баярлалаа.
2018 оны 05 сарын 15 өдөр. Эх сурвалж: HIDOCTOR