Ц.НЯМДОРЖ: БИ АРД ТҮМЭН ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ

2022-04-27  

     Манай сайтад хэд хэдэн сонирхолтой ярилцлага, аян замын цуврал тэмдэглэлүүдээ нийтлүүлж байсан, бидэнтэй ойр дотно хамтарч ажилладаг МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш өмнө гаргасан “Аян зам бодол эргэцүүлэл” номынхоо үргэлжлэл болох дараагийнхаа номыг хэвлэлд бэлтгэж буй юм байна. Мөн сүүлийн үед хийсэн ярилцлагаараа бас нэг ном гаргах гэнэ. Эл хоёр номд орж буй аян замын нэг тэмдэглэл, нэг сонирхолтой ярилцлагыг нь сайтдаа тавих зөвшөөрөл түүнээс авав. Уншигч үзэгчдийн байнгын анхааралд байдаг, үйл хөдлөл, үг хэлээрээ нийгэмд дуулиан шуугиан тарьж, бас тэр хэрээрээ өөр дээрээ байнга “гал” татаж байдаг нэртэй улс төрч Ц.Нямдоржтой УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга байхад нь эл ярилцлагыг хийгээд тухайн үед аль ч сонин хэвлэлд гараагүй “хав дарагдаад” хэдэн жил болчихсон юм байна. Ярилцлагынхаа номд оруулчихья гээд л хадгалчихаж. Түүнээс нь хойш Ц.Нямдорж эрхэм өмнөх Засгийн газарт Хууль зүйн сайд, одоогийн Засгийн газарт Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын дарга хэмээх чухал албыг хашиж байна. Тэрээр одоо ч хийж буй ажил алба, хэлсэн ярьсан бүхнээрээ бас л олон нийтийн анхаарлын төвд хэвээр буй. Хэдэн жилийн өмнө өгсөн энэхүү ярилцлага нь одоо ч олон нийтийн анхаарал сонирхол татахаар юм. Энэ талаар бид хоёрын хооронд дараахь яриа болов...

-Тухайн үед энэ ярилцлага чухам яагаад сонин хэвлэлд нийтлэгдээгүй юм бэ?

-Энэ ярилцлагыг би өөр бусад хэдэн ярилцлагатай хамт өмнө гаргасан номдоо нэг бүлэг болгоод оруулчих санаатай байсан юм. Нямдорж эрхэмтэй би эртний танил, бас нутаг усны хувьд зүг нэгтэй баяд хүмүүс л дээ. Ярилцлага хийх гэж бас нилээд ятгаж байж зөвшөөрүүлж байлаа. Түүнтэй ярилцах, бас түүний тухай бичих хүсэлтэй сэтгүүлч, сурвалжлагчид бишгүй дээ л нэг бий. УИХ-ын Дэд дарга гэх том алба түүнд тэр болгон хүссэн сэтгүүлч сурвалжлагчдад ярилцлага өгөх зав зай өгөөд байх нь ховор талдаа байх. Сонин хэвлэлд гучаад жил ажилласан ахмад сэтгүүлч хүсэлт тавьж байна гэж байгаад л би түүнийг зөвшөөрүүлчихсэн юм. Намайг албан өрөөндөө хоёр цаг гаруй хүлээн авч ярилцсан юм даг. Хэлэх ярих юмаа илэн далангүй шулуухан ярьчихдаг урамтай ярилцагч шүү дээ тэр.

-Тэгээд яагаад та тэр ярилцлагыг нь номдоо оруулаагүй юм бэ?

-Нямдорж дарга ярилцлагаа хэвлүүлэхээс өмнө үзүүлээрэй гэсэн юм, ярилцлагаа бэлэн болгочихоод туслахаар нь дамжуулаад илгээсэн юм. Удсан ч үгүй бага сага зассан ярилцлагыг туслах нь надад ирүүлсэн. Хэвлэлд гарахынх нь өмнө үзмээр байна гэж дарга хэлсэн шүү гэж туслах нь надад хэлж байв. Номын эх бэлэн болох үед Нямдорж даргын энэ ярилцлагыг туслахуудад нь илгээлээ. Хоёр гурав хоноод л утасддаг байлаа. “Дарга завгүй байна... Дарга үзэж амжихгүй байна...” гээд бараг сар болчихлоо. Ерөнхийлөгчийн сонгууль энэ тэр гээд халуухан ч цаг үе байсан. Улс төрд их нөлөөтэй тэр даргад зав зай байнга л хомс байдаг нь ойлгомжтой. Туслах хоёр бүсгүй нь ч миний утас, дуудлагаас сүүлдээ бараг залхсан байх. Тэгээд л цаг хугацаанд хавчигдаад номоо хэвлэлд шилжүүлэхээс аргагүй болсон юм. Тэрхүү номоо хэвлүүлчихээд ордонд ажилладаг ойр дотнын зарим нөхдөд номоо өгөхөөр тэнд явж байгаад Нямдорж эрхэмтэй тааралдлаа. Мэнд усыг нь асуув. Тэр их л хямсгардуу, янз муутай дуугарч байна. “Чиний ярилцлага ч гардаггүй юм шив дээ” гэж байв. “Та л хэвлүүлэхээс өмнө үзэж харна гэж хүлээлгээд ийм боллоо. Таны туслах хоёр бүсгүйд би мөн ч олон хандсан даа...” гэв. Тэгээд л уучлалт хүсэнгээ хэвлэлтээс аваад удаагүй шинэ номноосоо нэгийг гардуулаад “баяртай” болсон юм. Мэдээж тэр эрхэм миний ярилцлагаар огт дутахгүй л дээ. Харин хэдэн жилийн өмнө ярьсан хэлсэн нь одоо ч нийгэмд ач холбогдолтой хэвээр байх шиг. Урьд өмнө хэвлэл мэдээлэлд ярьж хэлж байгаагүй тийм сэдэв, утга агуулга ч түүний энэ ярилцлагад бас буйг та өөрөө ч, танай сайтынхан ч бас анзаарах буй заа. Энэ ач холбогдлоор нь би номдоо оруулж байгаа юм. Нямдорж хэмээх энэ улс төрч он цаг алсарсан ч төдийлэн хуучрахгүй, бас мартагдахгүй, ер нь “Төрд хэрэгтэй зайран” гэдэг шиг тийм л эрхэм юм. За тэгээд л энэ ярилцлагадаа номд орж буй замын нэг тэмдэглэлээ дайж байна аа. Ингээд түүний 2017 оны 9 дүгээр сард хийсэн дараахь ярилцлагыг нийтэлж байна.  

Ц.Энхбат  

   УИХ-ын Дэд Дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би ард түмэн гэдэг ганц л Ерөнхийлөгчтэй хүн дээ

   Энэ эрхэмтэй сонин хэвлэл, телевизийнхэн, ер нь сурвалжлагч сэтгүүлч бүр л уулзаж яриа ярилцлага авчих юмсан гэж хөөцөлдөж мөрөөдөж явдгийг энэ гал тогоонд олон жил ажилласан хүний хувьд би сайн мэднэ. Өөрөө ч би бас тийм хүсэл мөрөөдөлтэй явдаг ч амжуулж чадаагүй өдий хүрчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө монголын улс төр дээд цэгтээ хүртэл “халж”, улс төрчдийн өрсөлдөөн, түүнийг тойрсон хэл ам бас өндрөө авсан байв. Эрдэнэтийн асуудал, 60 тэрбумын дуулиан, Засаг төрийн хандлага...гээд л. Энэ хурц асуудлуудын заримынх нь наад цаад талыг ард түмний сонорт хүргэж өөр дээрээ “гал” дуудсан хүн бол нөгөө л Ц.Нямдорж. Түүнийг бодсон санаснаа хэнээс ч эмээхгүй шулуун шудрагаар хэлчихдэг хүн гэх тодотгол нийгэмд аль олон жилийн өмнөөс бий болчихсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихээсэй гэдэг хүлээлт ч хүмүүст их байсан. Тийм болохоор энэ эрхэмтэй сонгуулийн  халуун өдрүүдийн үеэр уулзаж ярилцах нь сэтгүүлчийн хувьд надад илүү сонирхолтой байв. Түүний зав боломжоос болоод харамсалтай нь тэр үед уулзаж чадаагүй юм. Гэсэн хэдий ч “Наадмын дараа болъё оо” гэсэн амлалтдаа тэр хүрч, бид ийн уулзаж ярилцлаа.