Д.НЯМАА: ИЖИЛ НЭРТЭЙ НОМ БИЧНЭ ГЭЖ АМЛАЖ БИЛЭЭ (Дурсамж)

2021-01-09  

  Өнөөдөр Монголын Зохиолчдын байгууллага үүссэн өдөр. Мөн зохиолч Доржзовдын Энхболд найзын минь төрсөн өдөр. Эдүгээгээс гучин нэгэн жилийн тэртээ мөрөөдөн тэмүүлэгч хоёр бие биендээ ижил нэртэй ном бичнэ гэж амлан дэвэрч явжээ. Тэр номын нэр “Цэцэгнээс цэнхэр” гэдэг нэртэйсэн. Д. Энхболд ийм нэртэй тууж бичих, би ийм нэртэй хайрын шүлгийн ном гаргана гэж догдолж билээ. Д. Энхболд ийм нэртэй тууж бичсэн, би ч бас дан хайрын шүлгүүдээр “Амрагийн өргөл”,(1998) “Үзэсгэлэнт дурсамж”,(2002) “Зүрхэн тольтын цаглабар буюу ХАЙРЫН ШҮЛГҮҮД” (2013) ном гаргажээ. Одоо бодохноо нь: “Амрагийн өргөл” номоо ийм нэртэй гаргах гэж байснаа больсон санагдана.

Тэгэхэд би, гаргаж буй номуудаа нэр нь нэрээсээ ургаж байхаар бодоод “ Амрагийн өргөл”, “Өргөл аялгуу”, “Аялгуут моддын уй”, “Уй гэрэлтсэн үүлс” гээд арваад нэр жагсааж байсан юм. Уран бүтээл гэдэг хэзээ ч төлөвлөснөөр болдоггүй учир нэр нь нэрнээсээ ургасан цуврал минь үргэлжилсэнгүй, гэхдээ “Аялгууд моддын уй”, “Уй гэрэлтсэн үүлс” нэртэй хоёр ном гарах нь гарна шүү. “Уй гэрэлтсэн үүлс” дуртгал дурсамжийн ном бэлэн болжээ. Д.Энхболдын минь “Цэцэгнээс цэнхэр” нэртэй мөрөөдөн тэмүүлэгч залуу геологчийн тухай тууж одоохон уншигч таны гар дээр дэлгэгдэхээр дуншиж байна.Тэр цагийн гэрэлт мөрөөдлийн гэрч болж “Амрагийн өргөл” номын 57-р хуудаснаа ийм нэгэн шүлэг үлджээ. Анд минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе, урт удаан амьдарч, уянгын бүтээлүүдээ туурвин, уншигч түмэнтэйгээ үргэлжид уулзаж явахын тэгш дүүрэн ерөөлийг өргөе.

ЦЭЦЭГНЭЭС ЦЭНХЭР ШУВУУД

Доржзовдын ЭНХБОЛД-д

 

Яагаад ч юм мэдэхгүй…

Явуу төгс саран усны мандалд хөвөх мэт

Ялигүй сэмхэн гуниг сэтгэлд үүсэх юм

 

Өр зүрхнээс минь цэцэгнээс цэнхэр шувууд

Үүрээн орхиод ниснэм үү?

Үе, үехэн л санаа алдмаар болох юм

 

Үерхэж явсан охиндоо гомдонхон уйлж

Үгий нь чагнанхан уужрахсан

Үүрд мөнхийн арван долоотой байж

Үүл шиг л тэнгэрийн мандлаар одохсон оо!

 

Яагаад заримдаа сэм, сэм уйтгар

Янаг зүрхэнд минь суга, суга ургаж

Анхилам үнэрт нь мансуурмаар болдгийг

Алив, надад хэлж өгөөч, анд минь.

                                                                                                                                                     1990.YII

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?