Ч.ЭНХЭЭ: САНААНДГҮЙ ГҮЙЖ ЯВААД ГАВЬЯАТ БОЛЧИХЛОО

2021-06-16  

Сайхан байна. Авах мөчдөө тэнгэрт байгаа аав маань харж байгаа даа гэж бодохоор нулимс гарчих шахаад, дэргэд байгаа ээжийгээ баярлуулахаар ордны хаалгаар шууд чавхдав. Хөөрхий, ээжийн минь баярлаж байгааг яав аа. Найз та нартаа ч их баярлалаа.

Эргэцүүлэхэд, муулаад байдаг социалист нийгэмд гавьяа байгуулсан нь гавьяат, баатарлаж чадсан нь баатар болдог байсан шиг санагдаад байгаа юм. Харин Ардчилсан хувьсгалын дараагаас төр нь "Та нарт эрх чөлөөг чинь өгчихлөө, одоо цаашихыг нь өөрсдөө мэд" гээд иргэдээ хаячихсан ч юм болов уу гэмээр харагдана. Гялайх, гялтайх юм хийгээгүй нэгэн өөрийнхөө хийснийг хэдэн мянга дахин өсгөж залахад, түүнийг нь залруулах хүн бараг л гарахгүй болж. Нэрийг нь хэлээд яах вэ, хоёрхон жилийн өмнө өмгөөлөгчийн эрх авсныг нь би сайн мэдэх нэгэн өөрийнхөө тухайд "2000 гаруй хэргийг амжилттай өмгөөлсөн" гээд аваад хаясныг хараад инээд хүрч л суулаа. Жилд 365 хоног гэж тооцвол мань хүн өдөрт, бүр хагас, бүтэн сайныг алгасалгүйгээр шүү, хэдэн шүүх хуралд ороод яваад байсан байх вэ?

Үүн шиг, мань нь Хятадад хэдэн жил амьдрахдаа 500 үзэсгэлэн гаргаж, Си даргад 50.000 доллараар зургаа зарж байлаа гээд бүлтэрчихэд худлаа гэх хүн хэр олон байх бол?

Хаа нэгтээ, Эрээн, Хөх хот, Бээжин-Тяньжин зэрэг, манай элчин, консулынхан хол явахааргүй газарт үзэсгэлэнгээ гаргахдаа тэдэнд байнга урилга хүргүүлдэг байсан боловч тоож ирж байсан нь нэгээхэн ч үгүй. Худлаа ярихдаа улайдаггүй хүнд бол энүүн шиг завшаан хаана байх билээ?

Энэ зуур аавтай минь холбоотой нэгэн түүх санаанд орлоо. "Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо" киноны дууг хийж бичүүлэхээр аав маань Москвад, хөгжмийн зохиолчтойгоо хамт явж байж. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийн нэг оюутнаар дуугаа дуулуулахаар болсон юм биз дээ. Нөгөөх нь баяр баясгалантай мишээж байгаад, нуугисан аргил хоолойгоор "Дорны тэнгэрт утаа манараад..." гээд, баяр баясгалантай агаад ёслол төгөлдөр аваад хаяж. Хавийн хүмүүс ч ихэд баясч, "Ямар сайхан хоолойтой залуу вэ, яаж олоо вэ?" гээд л сүйд болсон юм байх.

Бичлэгээ хийлгээд гарч явахдаа хөгжмийн зохиолч, ааваас -"За, ямар санагдав?" гэсэнд, - "Их муу байна. Өөр дуучин олохгүй бол болохгүй нь. Энэ чинь дайчдын аяны дуу шүү дээ. Нэг сайхан монгол залуу тал нутгаараа морио унан тааваараа давхиж өссөн. Гэтэл гэнэт дайн болоод цэрэгт татагдаж, Халх гол руу, халуун наранд олон хоног явган алхаж, ядарч, цангаж, эхнэр хүүхдээ санаж явахдаа энэ дууг дуулж байгаа хэрэг. Муусайн самуурайг дарчихаад, гэртээ түргэн харихаас өөр ямар ч хүсэл түүнд байхгүй. Энд юуных нь нэг их баяр баясгалан, аргил цээл хоолой байх вэ дээ" гэсэн гэх.

Хөгжмийн зохиолч нь уурлаж: -"Тэгвэл тэр хүнээ Та өөрөө олоорой" гэсэн юм биз ээ.

Аав "Мосфильм" үйлдвэр дээр Дамчаа гуайтай халз тулангуутаа барьж аваад "Миний дууг дуулах хүн энд явж байна" гэсэнд: 

"Дамчаа гуай" -"Та юу ярина? Ийм чухал киноны дууг би дуулна гэж юу байсан юм бэ, цаана чинь мэргэжлийн дуучид өчнөөн байхад.

Чадахгүй, тэгж улсынхаа нэрийг хөөдөхгүй" гэсэнд аав уурлах дүр үзүүлж:

-"Би Соёлын яамны хэлтсийн дарга хүн, чамд заавал дуул гэж тушааж байна" гэж цамнасан гэх.

Дамчаа гуайн арга барагдаж:

-"За хэрэв үүндээ тулж, уран бүтээлийг тушаалаар хийдэг болсон юм бол би оролдъё, хариуцлагыг нь Та хүлээнэ шүү" гээд дуулсан нь өнөөдөр өргөн олноо түгэн дэлгэрсэн хэрэг. Эндээс нэг юм харагдаад байдаг юм. Дамчаа гуай залуудаа уран сайханд хэсэгхэн дуулж байгаад сүүлдээ жүжигчин болж дахин дуулаагүй өчнөөн жил болсон, бараг дуулдаг байснаа өөрөө ч мартах шахсан явсан гэдэг. Гэтэл түүнийг нь төрийн албан хаагч, миний аав мартаагүй явсан нь аавын сайных гэхээс илүү төрийн ой санамж ямар байх ёстойг л харуулсан хэрэг байх.

Монголд бусдаас илүү гарахыг бодохгүй, хүсэхгүй, итгэж хариуцуулсан ажлаа чин шударгаар хийчихээд, гавьяа шагнал нэхэлгүй, гавьяа байгуулснаа ч мэдэхгүй яваа өчнөөн жирийн "гавьяатууд" байгаа. Тэдний нэг ч Дамчаа гуай байсан. Түүнд бүр хожуу гавьяа шагналыг нь өгсөн. Бодоход, төр, засгийн хараанд өртөхгүй яваадаа хэзээ ч санаагаар унахгүй, шагнагдагсдад атаархахгүй, шагнуулаагүйдээ гомдохгүй, зөвхөн хийж байгаа ажлаасаа баяр баясгалангаа олж, түүндээ сэтгэл ханаж яваа улсууд, тиймдээ ч шагналын гадуур үлддэг тийм сайхан хүмүүс олон аж.

No description available.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?