ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭ СТАНДАРТААС 2.6 ДАХИН ИХ БАЙНА

2022-04-22  

Амттай “хор”-ын хэрэглээ хэтэрч дэлхийн хүн амын өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг олон орны эрүүл мэндийн байгууллага, судлаачид анхааруулсаар байна. Энэ тухай “Зууны мэдээ” сонин "Нийгэм-Асуудал" буландаа “Чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа” /№60/, “Хүүхдийн хүнсэнд хүүхэлдэйн киноны баатруудыг зөв ашиглая” /№76/ гарчигтайгаар амттай “хор” болсон чихрийн хэрэглээг багасгах шаардлагатай байгааг хөндөж ирсэн. Тэгвэл энэ удаа дэлхийн орнууд чихрийн хэрэглээг багасгах, чихрийн хэт хэрэглээнээс үүдэлтэй хүн амын өвчлөлийг бууруулах зорилготойгоор авч хэрэгжүүлдэг зохицуулалт, олон улсын туршлагаас хуваалцаж байна.

МЭДЛЭГГҮЙГЭЭСЭЭ ХОРДОЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА

Чихрийн хэрэглээ хэтрэх нь олон өвчний суурь болж байгааг баталсан судалгааны ажлууд хангалттай бий. Тухайлбал, Монгол Улсад 2017 онд хийсэн “Хоол тэжээлийн үндэсний V” судалгаагаар нийт хүн амын дунд эрүүл бус хоол, хүнсний хэрэглээ түгээмэл болж илүүдэл жин, таргалалт 2010 оноос эрс нэмэгдсэн дүн гарчээ. Үүнийг насны ангиллаар тодруулбал, хоол тэжээлийн IV судалгаагаар 15-49 насны эрэгтэйчүүдийн 27.6 хувь нь илүүдэл жинтэй, 5.9 хувь нь таргалалттай байсан бол V  судалгааны дүнгээр тухайн насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь илүүдэл жинтэй гарсан байна. Харин эмэгтэйчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин, таргалалттай. Мөн сургуулийн дөрвөн сурагчийн нэг, тав хүртэлх насны найман хүүхдийн нэг нь илүүдэл жинтэй байгаа нь онцгойлон анхаарах ёстой асуудал болоод байгаа юм. Судалгаанаас харахад бага наснаасаа буюу ердөө таван наснаас эхлэн таргалалттай байгаа нь ирээдүйн монгол иргэн олон суурь өвчтэй, эрүүл мэндийн хөгжил тааруу болох эрсдэлтэй байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна. Манай улсад таргалалт, илүүдэл жингээс үүдэлтэй өвчлөл 1990 оноос эрчимтэй нэмэгдсэн гэж үзэж болохоор юм билээ. Учир нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эх орондоо үйлдвэрлэж байсан органик хүнсний бүтээгдэхүүний тоо, төрөл, хэмжээ багасч, гадаадаас бэлнээр нийлүүлэх импортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдсэн. Үүнд тавих хяналт байхгүй шахуу. Ингээд дэлгүүр, хүнсний зах, нийтийн хоолны газарт стандарт хэмжээнээс давсан чихэр, давс, өөх тос ихтэй хоол хүнс ихээр зарж борлуулах болсон нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ талын ойлголт, мэдлэггүйн улмаас хэтрүүлэн хэрэглэж биедээ хоол биш хор худалдаж авдаг гэсэн үг. Өнөө цагт хүмүүс энгийн, зөв амьдралын хэв маягийн талаар ойлголттой болж эрүүл хооллолтод анхаарах болсон ч нийтийг хамарч чадахгүй байна. Хүүхдүүдээ ч буруу эрхлүүлж "хор"-оор хооллож байгаа нь судалгааны дүнгээс тод харагдана. Тухайлбал, сургуулийн сурагчдын 99 хувь нь аль нэг төрлийн эрүүл бус хүнс, 97.8 хувь нь чихэрлэг хүнс, 80.9 хувь нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг нь эрүүл бус хүнсний хэрэглээ түгээмэл байгааг илтгэж байгаа юм. Бидний хэрэглэж буй ихэнх төрлийн хүнсэнд чихэр агуулагддаг. Үүнээс хамгийн ноцтой нь чихэрлэг ундаа.  Жишээлбэл 500 мл савалгаатай хийжүүлсэн ундаанд ойролцоогоор 12 цайны халбага элсэн чихэр агуулагддаг. Улаанбаатар хотын 2-18 настай гурван хүүхэд тутмын нэг нь өдөр бүр чихэрлэг ундаа хоёр хүүхэд тутмын нэг нь төрөл бүрийн чихэртэй цай, ундаа өдөр бүр судалгаа бий. Бага насны хүүхдүүд өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уух нь таргалах эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг.

ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХАД ТАТВАРТАЙ "ЯРИХ" НЬ ҮР ДҮНТЭЙ

Уг нь насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 36 гр, эмэгтэйчүүд 20гр, хүүхэд 12 гр чихэр хэрэглэвэл зохистой гэж зөвлөсөн байдаг. Гэтэл дэлхийн дундаж сахарын хэрэглээ 95 гр байгаа нь нэгийг бодуулж хоёрыг тунгаах хэрэгтэйг анхааруулсан тоо юм. Энэ тоог холбогдох байгууллагууд анхаарч ажил “хийх”-ээр төлөвлөж байсан уу гэвэл тийм. Тухайлбал, 2016-2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг баталж байв. Энэ хөтөлбөр үр дүнд хүрэх битгий хэл хугацаагаа ч дуусгалгүй зогссон. Үүний дараа “Эрүүл хүн-Эрүүл Монгол хүнс” үндэсний хөтөлбөр батлахдаа үнэлэх боломжгүй гээд заачхаад хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь манайхан олон үндэсний хөтөлбөр зарлахаас илүү эрүүл бус хүнсэнд ногдуулах татвараа нэмэх, бусад холбогдох зохицуулалтыг нарийвчилбал илүү үр дүнтэй байгаа юм. Учир нь ингэж ажилласан улс орнуудад тодорхой үр дүн гараад эхэлсэн. Үүнийг ДЭМБ-аас ч зөвлөж татварын системдээ эрүүл бус хүнс, нэн ялангуяа чихэрлэг ундаанд ногдуулах татварыг нэмэх зохицуулалтыг хэрэгжүүлэхийг уриалсаар байгаа юм.

Энэ талаар ч УИХ-ын эмэгтэй гишүүд дуугарч Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ үеэрээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог. Өнгөрсөн оны байдлаар Австрали, Камбож, Дани, Финланд, Их Британи, Чили, Мексик, АНУ зарим муж зэрэг дэлхийн 50 гаруй орнууд хэт чихэрлэг ундааны татварын төрөл бүрийн механизмыг ашиглан үр дүнд хүрч байна. Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм” гэж тайлбарлаж байв. Хууль хэрэгжсэнээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгож эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулах аж. Ингэж олон орны туршлагаар чихэрлэг ундааны хэрэглээг системтэй бууруулснаар 5-10 жилийн дараа эдгээр өвчнөөс шалтгаалсан эрүүл мэндийн салбарын зардлын дарамт буурна гэсэн төсөөлөлтэй байгааг ч мэдээлсэн юм.

ТАТВАР НОГДУУЛСНААР УРТ ХУГАЦААНДАА ҮР ДҮН ГАРНА

Манайд одоо яригдаж байгаа хуулийн төслийг анх 1920 онд Норвеги улс баталсан түүхтэй. Мода монголоор дуусдаг гэдэг шиг манай улс одоо л хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулахаар дуугарч эхлээд байгаа. Уг нь 100 жилийн өмнө чихрийн хэрэглээг бууруулахын тулд татвараар зохицуулах нь үр дүнтэйг дэлхийн орнууд ойлгочихсон байж. Үүний дараа Финланд улс 1940 онд онцгой албан татвар ногдуулж араас нь Литва 2000 онд татварын системдээ суулгаж өгсөн байна. Түүнчлэн Мексикийн Засгийн газар 2014 оноос чихэрлэг ундаанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаж байжээ. Учир нь таргалалт, чихрийн шижингийн тархалтаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг улс юм. Тиймээс энэхүү татварын бодлогын үр дүнгээ 10 жилийн дараа гарахаар тооцоолж хэрэгжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, 10 жилийн дараа буюу 2024 онд илчлэгийн хэрэглээг нэг хүнд хоногт 8.38 ккал-аар бууруулж, илүүдэл жингийн тархалтыг 0.51 хувиар, таргалалтын тархалтыг 2.54 хувиар, чихрийн шижингийн шинэ тохиолдлыг 1.7-6.8 хувиар бууруулах боломжтойг тооцоолжээ.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар буюу 2022 онд ДЭМБ-ын Европын улс орнуудад хийсэн судалгаагаар Бельги, Франц, Унгар, Ирланд, Латви, Моназо, Норвеги, Португаль, Их Британи чихэрлэг ундааны хэрэглээг багасгах зорилгоор татвар ногдуулдаг зохицуулалттай болжээ. Энэ зохицуулалтад бүх төрлийн чихэр агуулсан хийжүүлсэн ундаа, чихэрлэг сүү, жүүс, уух зүйлс багтана. Чихрийн агууламжийн хэмжээнээс хамаарч татварын хэмжээг тогтоодог аж. Тодруулбал, Ирланд улс алкохолын агууламжгүй чихэрлэг ундаанд агуулагдах сахарын хэмжээ 100 мл тутамд 5-8 гр бол 16.26 еврогийн онцгой албан татвар ногдуулдаг байна. Хамгийн сүүлд гэхэд ДЭМБ-ийн зөвлөмжид нэгдэн орсон Литва улс гэхэд л 100 мл-т агуулагдах сахарын хэмжээ 8 граммаас бага бол 7.4 евро, их бол 14 еврогийн татвар ногдуулдаг аж.

Нэг талдаа хүнсний хэрэглээ бол иргэдийн сонголт. Чихэр амттай гашуун "хор" болдгийг ойлгож зөв сонголт хийх хэрэгтэй. Харин нөгөө талд хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал учраас үүнд төр, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарынхан оролцож зохицуулалт хийх нь зайлшгүй. Тиймээс импортын бараанд хатуу хяналт, өндөр татвар ногдуулж чив чимээгүй идсээр байгаа "хор"-ны хэрэглээг багасгах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?