ЗАВХАН АЙМАГТ ТАРВАГАН ТАХАЛ ГАРСАН БҮСЭД ХӨЛ ХОРИО ТОГТООЛГҮЙ, АРИУТГАЛ ХИЙЖЭЭ

2023-07-28  

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж олон тооны тарвага үхсэн гэх мэдээлэл гарсан. Энэ өдрүүдэд Завхан аймгийн түүхт жилийн ой тохиож олны хөлд дарагдаад буй. Тэгвэл тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нутагт ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ЗӨСҮТ-ийн НЭМТШУ-ны албаны дарга, тархвар судлаач эмч Л.Роломжаваас тодрууллаа.


-Завхан аймагт тарван тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний шинжилгээний хариу гарсан уу?

-Тийм ээ. Ийм тохиолдол бүртгэгдсэн. Зоонозын өвчин судлалын төвийн ажлын хэсэг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Мөсөн багт хайгуул хийж, Мөсөнгийн давааны баруун салаа гэх газарт үхсэн тарваганы үхдэлээс нян судлалын шинжилгээгээр тарваганы үхдэл болон түүний гадны шимэгч болох бүүрэгнээс тарваган тахлын өндөр хоруу чанартай эмгэг төрөгч нян илэрсэн.

-Тухайн газарт хөл хорио тогтоосон уу?

-Тухайн газарт ариутгалыг бүрэн хийж ажилласан. Тухайн тарваганы дээжийг ЗӨСҮТ-д илүү нарийвчилж хийж байна” гэх мэдээллийг өглөө. Тарвага үхсэн тухайн бүс нутагт орон нутгийн баг ариутгал хийж ажилласан бөгөөд сорьцыг ЗӨСҮТ-д илүү нарийвчилж шинжилж байгаа гэнэ. Шинжилгээний гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. ЗӨСҮТ-өөс мэдээлж байгаагаар тарвага олноор үхсэн гэх мэдээлэл нь ташаа гэнэ.

Э.Цогбадрах: ОРОН НУТАГТ АЯЛАХДАА ТАХЛЫН ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

Тархвар судлаач Э.Цогбадрахтай тарваган тахлын талаар ярилцлаа.

-Тарваган тахал гэх өвчний талаар ойлголт өгөхгүй юу?

-Тарваган тахал өвчин нь эмнэл зүйн хэлбэрээр тохиолддог. Хамгийн эрсдэлтэй нь уушигны хэлбэр байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг. ДЭМБ-д мэдээлэгддэг өвчин. Уг өвчнийг үүсгэгч нь зууван хэлбэртэй савханцар байдаг. Манай орны хувьд 17 аймаг, 130 сум тарваган тахлын байгалийн голомттой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт газар нутгийн 28,5 нь тарваган тахлын байгалийн голомттой байх нь.

-Манайханд зөвхөн тарваганы мах идвэл л тахал тусна гэх түгээмэл ойлголт бий.

-Тарваган тахал халдах олон зам байдаг. Эдгээрээс шууд хавьтлын зам нь түгээмэл бий. Энэ нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, мөн өвчтэй хүнийг асрах үед, халдвартай эд зүйлстэй харьцах үед халддаг. Мөн дам халдварын замаар амьтдад хазуулах тохиолдолд халдаж болно. Мөн уушигны төрлөөр нь халдварласан хүнээс агаар дуслын замаар халдана. Өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн залгих, дутуу шүүрхий мах идсэнээс болж халдвар дамждаг. Өвчний нууц хугацаа 2-3 хоног байдаг. Урьтал үегүйгээр цочмог илэрдэг өвчин учраас дагжиж чичрэх, богино хугацаанд 39-40 хэм хүрч халуурч, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүд илэрдэг.

-Хамгийн эрсдэлтэй үе нь жилийн аль хэсэг вэ?

-Улирлын хувьд найм болон есдүгээр сар байсан л даа. Сүүлийн жилүүдэд бол өвлийн улиралд ч тахлын сэжигтэй тохиодол гарах болсон. Саяхны жишээг дурдахад л өнгөрсөн оны нэгдүгээр сард Зоонозын өвчин судлалын үндэсний төвд Завхан аймгаас сэжигтэй тохиолдлын дуудлага ирсэн юм. Үүний мөрөөр судлаад үзэхэд хөлдөөгчид хадгалсан тарвагаа өвчиж байхдаа хуруугаа зүссэн байгаа юм. Улмаар хүндэрч эмнэлгийн үйлчилгээ авсан байдаг.

-Манайх бол тарваган тахлын эрсдэлтэй бүс нутаг. Урьдчилан сэргийлэх энгийн арга нь юу вэ?

-Урьдчилан сэргийлэх ганц арга нь хориотой ан амьтныг агнахгүй байх, өвчилсөн болон сэг зэм таарвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Тарваган тахлын вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар долдугаар сарын гурав дахь долоо хоногт арав хоногийн хугацаанд хийдэг. Харин 2019 онд сайдын Тарваган тахалтай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай албан даалгавар гарсантай холбоотойгоор долдугаар сарын нэгнээс эхлэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсан. Улмаар улсын баяр наадмаар олон хоног амарсантай холбоотойгоор хугацааг дахин 10 хоногоор сунгаад дархлаажуулалтыг хийх болсон. Тэгэхээр орон нутаг, ялангуяа тарваган тахлын голомтот нутагт зорчиж буй хүмүүс, амьдарч байгаа эрсдэлтэй хүмүүс тарваган тахлын дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай. Үүнд хайнга хандаж хэрхэвч болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?