Ч.ГАНЗОРИГ: ОХИНЫГ ЭСЭН МЭНД ОЛНО ГЭЖ БҮРЭН ИТГЭЖ БАЙСАН

2023-11-03  

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 6-нд гарсан.

Охиныг эрэн сурвалжлах явцад орон нутагт камерын нэгдсэн хяналт, хүүхэд хамгаалал зэрэг олон чиглэлийн үйлчилгээ хангалтгүй байгааг нийтээрээ харцгаасан. Тэгвэл өнөөдөр энэ чиглэлд тус аймаг ажиллаж байгаа эсэх талаар аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзоригтой ярилцлаа.


– Бага насны хүүхэд сураггүй алга болж, гурав хоногийн дараа амиа алдсан байдалтай олдсон хэрэг олон нийтийг цочроосон. Орон нутагт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хэрхэн хийгдэж байна вэ?

– Аймгийн ИТХ-аар Хүүхэд хамгааллын хөтөлбөр шинэчлэн батлагдаад байна.

Энэ хүрээнд “Намайг хамгаал-хамтдаа хамгаалъя” нөлөөллийн том аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Бүх салбарт, бүх чиглэлд хөдөлж байна.

Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, Анагаах ухааны коллежид нөлөөллийн сургалт мэдээллүүд хийгдэж эхэлсэн. Хүүхдийг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай цагдаагийн байгууллагаас идэвхийлэн оролцож байгаа.

– Хяналтын камерын асуудал юу болсон бэ?

– Хяналтын камерыг иж бүрэн шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ ажил 2.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Саяхан болсон аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар төсөв санхүү нь бүрэн шийдэгдээд өнөөдөр /өчигдөр/ тендерээ зарлах гэж байна. Ажлын хэсэгт манай байгууллагаас төлөөлөл орон ажиллаж байгаа.

– Энэ төсвөөр камержуулалт аймгийн хэмжээнд бүрэн хийгдэж чадах уу?

– Бидний зүгээс эхний байдлаар хангалттай гэж үзэж байгаа. Гол нь цаашдын ашиглалт, шинэчлэлийг хаяж болохгүй. Үүн дээр жил бүр урсгал зардлыг аймгаас шийдвэрлээд явахаар болж байна. Энэ бол сайн тал шүү дээ.

– Цагдаагийн алба хаагчид бол бодит амьдрал дунд ажиллаж байгаа. Хүүхэд хамгаалалд хамгийн тулгамддаг асуудал таныхаар юу байх юм?

– Ерөөсөө ганц тулгамддаг асуудал бол эцэг эхийн хараа хяналт шүү дээ. Үүн дээр л толгой гашилж явдаг. Магадгүй саяын хэрэгт хараа хяналт сайн байсан бол гэх бодол төрж л байлаа. Нөгөө талаар хүүхэд хамгааллын асуудалд аюулгүй орчин, нөхцөл чухал.

– Багш, сургуулийн орчин хүүхэд хамгаалалд том хувь нэмэртэй гэдгийг харлаа. Талийгаач охины багш хоёр цагийн дотор ар гэрийнхэнд мэдэгдсэнээр эрэн хайх ажил эхэлж байсан. Та бүхэн энэ чиглэлд анхаарч байна уу?

– Тэгэлгүй яах вэ. Сургуулийн орчинд “Өсвөрийн сэргийлэгч” үйл ажиллагааг идэвхжүүлж байна.

Тухайн сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас хамгаалах зорилгоор өсвөрийн сэргийлэгчид үр дүнтэй. Нэг ёсондоо хүүхдүүдийн дундах цагдаа гэсэн үг.

Багш, сургуулийн ажилтнууд хүүхэд хамгааллыг хэрхэн анхаарах вэ, яаж ажиллах талаар сургалт хэлэлцүүлгүүд явагдаж байгаа. Манай аймагт идэвхтэн багш н.Мөнх-Эрдэнэ гээд залуу бий. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ багштай болон бусад сургуулийн багш нартай хамтран ажиллаж байна.

Мэдээж эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авч байгаа. Эцэг эхчүүд маань өглөө ажилдаа яваад орой ядарсан хүмүүс ирээд л амарцгаадаг. Хүүхдүүдээ сонсдоггүй. Гэвч өнөөдрийн бидний амьдрал, нөхцөл байдал ямар ч үед хүүхдүүдээ сонсохыг, анхаарал тавихыг шаардаж байна. Хүүхдүүдтэйгээ түлхүү ярилцах хэрэгтэй болж байна. Энэ чиглэлд сургалт мэдээллийг эцэг эхчүүд, зөвлөлүүдэд өгч байна.

– Такси үйлчилгээг хяналттай болгож чадсан уу?

– Аймгийн Авто тээврийн төв, UBcab-тай хамтраад такси үйлчилгээг бүртгэлжүүлэх ажил эхэлсэн. Одоогоор такси үйлчилгээнд явдаг 200 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулаад байна. Орон нутаг дотор таксинд явдаг жолооч нарыг UBcab-д нэгтгэсэн. Ингэснээр найдвартай баталгаатай таксинд суух, суусан тохиолдолд хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд ирдэг байдлаар зохицуулж байна. Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглож байна.

Үүнээс гадна бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулсан. Хүүхдүүд фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд орох боломжгүй. Зөвхөн тэндээс мэдээлэл авах, ар гэрийнх нь эцэг эх нь хүүхдээ хаана яваа байршлыг хянах боломжтой. Энэ ажил нэлээд үр дүнтэй байгаа.

– Талийгаач охиныг эрэн сурвалжилсан гурав хоног ар гэрийнхний хувьд ч, нийгэмд хүнд цаг хугацаа байсан. Газар дээр нь ажиллаж байсан цагдаагийн алба хаагчдад ч хүнд туссан байх. Эрлийн ажиллагааг зогсоож байгаа таны мэдэгдлээс л харагдаж байсан. Нийгэмд юуг анхааруулмаар байв?

– Сэтгэл маш их эмзэглэсэн. Би өөрөө гурван охинтой хүн. Талийгаач охиныг амьд олно гэсэн бүрэн итгэлтэй байсан. Мэдээж тодорхой хэмжээний хохирол амсах нь гарцаагүй. Гэхдээ л амьд олдоно гэж итгэж байсан. Маш харамсалтай явдал болсон.

Хүүхдийг зөвхөн хүүхдийн байгууллага, цагдаа анхаарна гэхээс илүү ард түмэн, нийт хүмүүс хүүхдэдээ анхаарах цаг болсон байна гэдгийг л сайн захимаар байна. Нийгэм өөр болсон. Түүнийг дагаад хүүхдийн сэтгэхүй хүртэл өөр. Тиймээс хүүхдийнхээ үгийг сонс. Тэдэнтэй ярилц. Хаана юу хийж явааг, тэд юу сонирхдогийг, гар утсанд нь ямар мэдээлэл байдаг зэргийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Үүнийг л анхаараач гэж захья даа.

Эх сурвалж Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?