УГААР, ТҮГЖРЭЛЭЭС БОЛЖ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД МЯНГА МЯНГААРАА ХОРДОЖ БАЙГААГАА АНЗААРАХГҮЙ БАЙНА

2023-12-12  

Өвөл болгон нийслэлчүүд угаарт цохиулж, хорддог, зарим нь амь насаа алддаг. Хамгийн их хорддог нь бага насны хүүхэд болон  гэр хорооллынхон. Улаанбаатарын агаарын хортой нөхцөл өндөр түвшинд хүрч хотын төв, тансаг зэрэглэлийн Зайсан хорооллынхон ч угаараас мултрахгүй болсон. Хүйтний эрч чангарах тусам гэр хорооллынхон нүүрсээ улам ихээр түлдэг. Тэр хэмжээгээр Улаанбаатарын утаа, угаар нэмэгддэг.  

Нүүрсийг  буруу хэрэглэвэл  аминд хүрэх аюултай.  Судлаачдын томьёолсноор, нүүрстөрөгчийн дутуу исэл  болох СО нь бидний хэлж ярьж заншсанаар угаарын хий юм.   Маш аюултай, ямар ч өнгөгүй,  бас үнэргүй хорт хий.  Уурхайн гүнд мянга  мянгаараа амиа алдагсдын үхлийн шалтгаан  нь ердөө л энэ хийнээс үүдэлтэй гэдэг. С0 бол  нүүрснээс гадна  бензин, дизель, нефть зэрэг шатамхай бүх бодис,  тэр тусмаа шахмал түлшний дутуу шаталтаас  ч үүснэ. Шахмал түлшийг буруу хэрэглэсэн эхний жилд хоногт л Улаанбаатар хотод  хоёроос гурван хүн хорвоог орхиж 20-30 хүн эмнэлэгт хүргэгдэж байсныг санахад хангалттай.    Шалтгаан нь  ердөө  л CO буюу үхлийн хий байсан. 

Энэ хий хүний цусанд нэвтрэх хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж,  дархлааг унагаж, өөрийгөө хамгаалах рефлексийг сулруулж,  унтаа байдалд оруулан, улмаар  тархины цусан хангамжид нөлөөлөн шууд үхэлд хүргэдэг аюултайг эрдэмтэд тогтоосон. Үхлийн шалтгаан нь   түүхий нүүрс болон, шахмал  түлшийг буруу  хэрэглэсэнд оршиж байсан.   Үнэндээ, угаар  бол үй олноор нь хордуулах осолтой. Ийм явдал 1952 онд  Лондонд тохиолдож байсан. Угаарт хордсоноос , нэг  долоо хоногийн дотор 10 мянган хүн хорвоог орхисон гашуун түүхийг  Лондонгийн тэр түүх өгүүлдэг. Саяхны шинэ жишээг ч дурдаж болно. Сүүлийн 12 жилийн хугацаанд ОХУ-д аюулгүй байдал, халаалтын төхөөрөмж, хийн зуухтай холбоотой асуудлаас болж 3,664 хүн нас барсан байна. Түүний тэн хагасаас  илүү  нь нѳгѳѳх л  нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогоос үүдсэн нь тогтоогджээ. Мөн хийн тоног төхөөрөмж өргөн хэрэглэдэг ѳндѳр хѳгжилтэй улс оронд ч   энэ үзүүлэлт  ойролцоо байна. АНУ-д жил бүр 400 орчим хүн нас барж , 20 мянган  хордлогын дуудлага хийгддэг статистик бий. Тэгэхээр халаалт, хэрэглээнээс үүдэл бүхий  энэхүү тулгамдсан  асуудал нь дэлхийн хэмжээнд түгээмэл чанартай болсон тул үүнээс хэрхэн сэргийлэх,  хордлогын шинж чанар, анхны тусламж үзүүлэх талаархи мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх шаардлага үүссэн байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллын 100 орчим мянган өрх   шахмал түлш түлдэг. Тэрхүү шахмал түлшний  хүхэрлэг хийн агууламж маш өндөр. Тэр хэмжээгээрээ амь насанд аюултай гэсэн үг.   Дээр нь 400  орчим мянган автомашин Улаанбаатарын гудамжинд хэдэн цагаар түгжирч, утаа уугиулж, хорт хий ялгаруулж байна.  Нүүрс, бензин, дизелийн утаанд агуулагддаг хамгийн хортой өмхий хийгээр нийслэлчүүд өвлийн улиралд  цаг тутамд  амьсгалж байна.   Улаанбаатарт үйлчилгээнд гарч байгаа нийтийн нэг  автобус өдөртөө дор хаяж  100 литр түлш хэрэглэдэг гэж тооцьё. 1 литр дизель түлшнээс 20 литр ийм хортой утаа савсана. Хотод өдөрт 1000 орчим  том оврын нийтийн автобус зорчиж,  жолооч нар нь автобусаа  өдөржин асаастай орхидог.  Энэ тоог гаргавал хичнээн  хэмжээний хороор бид амьсгалж буй гэдгээ мэдэх болно.  

Дээр нь,  сургуулийн гэх тодотголтой , сурагчид  зөөдөг автобусны жолооч нар ч   сургуулийн орчимд автобусаа унтраалгүй зогсдог. Тэрхүү автобусны яндангаас ялгарч байгаа хар утаанд хавдар үүсгэдэг хор агуулагддаг.  Солонгос,  Япон зэрэг оронд  дизель хөдөлгүүртэй тэргээ асаалттай  орхисон тохиолдолд   өндөр торгууль ногдуулдагийн гол шалтгааан нь ердөө л  тэр.  Машины утаан  дотор  азотын исэл байдаг. (Химийн томьёо NO2)  Энэ ислийн хүчээр утаа униарыг бид  хардаг. Шахмал түлшнээс энэ хийг  шүүгээд авчихсан учир утаа суунаглаж харагдахаа больсон. Өвлийн Агаар харьцангуй тунгалаг болсон нь ийм учиртай.  Гэхдээ  дутуу  исэлдсэн тохиолдолд угаарын хор  нь арилдаггүй.  Өвлийн улиралд хүүхдийн амьсгалын замын өвчин ихээр  дэгддэг. Өнөөдөр ч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна.  Гол шалтгаан  нь энэ утаа угаар юм. Хар тугалга, мөнгөн ус, хүнцэл гээд олон олон хор энэ утаанд агуулагддаг тухай эрдэмтэд өгүүлдэг.  Шахмал түлшний хэрэглээг олон нийтэд  зөв таниулсны үр дүнд өдөрт хоёроос доошгүй хүн амь насаа алдаж байсныг зогсоосон. Тэгвэл хотын түгжрэлийг бууруулж, ялангуяа, дизель тэргийг өдөржин асаалттай орхидгийг журамлаж байж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална гэдгийг нийслэлийн шинээр томилогдсон удирдлагуудад  сануулахад илүүдэхгүй болов уу. Тэр болтол ард иргэдээ тусгай зориулалтын маск зүүж, өвчнөөс сэргийлэхийг уриалъя.

 

Ц.ЭНХБАТ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?