АРДЧИЛСАН НАМЫН 6-Р ИХ ХУРАЛД НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ

2016-12-07  

АН-ын 6-р Их Хурлын зочид, төлөөлөгч,
эрхэм хүндэт журмын нөхөд өө,

Юуны өмнө та бүхэндээ ардчиллын төлөө намууд нэгдэж Ардчилсан нам шинээр байгуулагдсан баярын өдрийн мэнд дэвшүүлье. Арван зургаан жилийн өмнө Эзэн Чингис хаан ширээнд сууж, Их Монгол улсаа тунхагласан 1206 оныг бэлэгдэж 2000 оны 12 сарын 6-ны энэ өдөр Монгол Улсад ардчилсан төрт ёс, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлсээ болгосон ардчилсан үзэл баримтлалтай, ардчилсан хувьсгалыг манлайлан удирдсан намууд нэгдэж  Ардчилсан Намыг байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд манай нам Монгол Улсын хүчирхэг улс төрийн хүчин байж, улсынхаа хөгжил дэвшилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсаар ирлээ.  Энэ бүхэнд Ардчилсан намын гишүүн, дэмжигч бүрийн үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэл шингэсэн гэдгийг онцлон тэмдэглэж, та бүхэндээ дахин баяр хүргэе.

Энэ жил 2016 оны УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа бий болсон улс төрийн шинэ нөхцөл байдалд Ардчилсан намын энэ удаагийн  Их хурал хуралдаж байна.

Манай өнөөдрийн Их хурал сонгуулийн ялагдлын шалтгааныг тодорхойлж, Ардчилсан нам цаашид бодлого үйл ажиллагаандаа ямар шинэтгэл хийх вэ гэдгээ хэлэлцэж тодорхойлох гэж байна.

Ардчилсан Нам Монгол Улсын язгуур эрх ашиг, монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хуулийн засаглалыг эрхэмлэсэн, Монгол Улсын улс төрийн тулгуур багана мөн гэдгийг бид энэ Их хурлаараа ард түмэндээ дахин нотлон харуулах ёстой. Өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа хаалттай хаалганы цаана биш, илэн далангүй нээлттэй ярилцаж, нийт гишүүдийн оролцоог ханган хэлэлцэн, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зүй ёсны шаардлага ч тулгарч  байна. Тийм ч учраас миний бие та бүхэнд улс төр, эдийн засгийн бодит байдал, Ардчилсан намын хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн, намын шинэтгэлийн талаар саналаа нэгтгэн Та бүхэнд илтгэх гэж байна.

  1. 2012 оны сонгуулийн өмнө болон дараах үеийн эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл

2008-2012 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж, өндөр хурдтай өсөж байлаа. Монгол улс тэрхүү мөчлөгийг даган, алт, зэс, нүүрс тэргүүтнээ ямагт өндөр үнээр зараад байх мэтээр төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж байсан.

Гэвч 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай саарч, энэ нь Ардчилсан намын Засгийн газар эрх барих хугацаанд буюу сүүлийн 4 жил үргэлжиллээ.

Манай улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг уул уурхайн гаралтай боловсруулаагүй түүхий эд болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан нь эдийн засагт хүчтэй цохилт болж, энэ нь бусад салбарын хөрөнгө оруулалтыг ч үгүй болгов.  Нүүрсний үнэ гэхэд бараг 5 дахин, зэс, алтны үнэ 40 хувиар, газрын тос 50 хувиар уналаа. Энэхүү үнийн уналтыг дагаад уул уурхайн салбарын орлого төдийгүй тус салбарт орж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт  ч огцом буурсан. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд монголчууд буруугүй ч, эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгож орхисон нь үе үеийн Засгийн газрын алдаа  байсан юм.

Монголтой адилхан эдийн засаг нь газрын баялгаас хэт хамааралтай улс орнууд ч адил төстэй бэрхшээлтэй тулгарч байсныг энд дурдах нь зүйтэй. Жишээлбэл, ОХУ, Казахстан, Замби зэрэг улсын мөнгөн тэмдэгтийн ханш 2-3 дахин унаж, экспортын орлого нь буурснаар эдийн засаг нь огцом агшсан. Манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүйгээр удааширсан байна.

2006-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах 2 тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт 5 тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал монголын засгийн газар  2012 оныг хүртэл 4 их наяд төгрөгийг халамжийн хэлбэрээр зүгээр тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая долларыг урьдчилан авсан  байдаг. Энэ 4 их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй ээ.

Ийм хүнд нөхцөлийг хүлээж авчихаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншигонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон.

  1. Бид юу бүтээж чадав?

2012 оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр эрдэс, түүхий эдийн үнэ унаж эхлэх үед  бид  түүхий эдийн үнийг дагаад, эдийн засгаа хүчтэй агшаагаад, дахин үнэ өсөхийг хүлээгээд суух уу, эсвэл түүхий эдийн үнийн уналтыг сөрж, аж үйлдвэр, дэд бүтэц, их барилга, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, бүтээн байгуулах замаар ажлын байраа хадгалж  эдийн засгийн өсөлт рүү тэмүүлэх үү гэсэн салаа замын уулзвар дээр байсан. Бид бүтээн байгуулалтыг сонгосон.

Өөрөөр хэлбэл Их төлөөсөөр уул уурхайн орлого ол. Тэр орлогоо импортын хэрэглээнд үрж дуусга. Хэрэглээнд мөнгө нь хүрэхгүй бол гаднаас зээл ав. Ингэхдээ ирээдүйн экспортын орлогоо барьцаал. Орлогогүй болохоороо нийт эдийн засгаараа, санхүүгийн системээрээ хямарцгааж болно гэх МАН-ын алдаатай бодлогыг манай нам хүлээж авахаас татгалзсан. Харин Дотоод үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа дэмжиж хуримтлалаа нэмэгдүүлье. Эдийн засгийн хөгжлийн болон aрд түмний сайн сайхан амьдралын дэд бүтцийг бүтээе. Эдийн засгийн бүтцээ олон тулгууртай болгоё. Экспортын өрсөлдөх чадвараа  сайжруулъя. Нам инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалаа нэмэгдүүлье. Түүндээ тулгуурлан тогтвортой хөгжие гэсэн бодлогыг Ардчилсан нам сонгож  хэрэгжүүлсэн.

Хэдийгээр гадаад,  дотоод эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч АН, түүний Засгийн газар төвөгтөй асуудлаас зугаталгүй, асуудлыг зоригтой барьж авч шийдэж байсан. Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн зорилт, амласан амлалтаа хэрэгжүүлэхээр хөрөнгө мөнгө, хүн хүч, засаглалын чадавхийг дайчлан ажилласан. Бахархам үр дүн ч гарсан. Эдийн засагт бүтцийн болон чанарын өөрчлөлт гарч, үйлдвэржилтийн үндэс суурь тавигдаж, зам, тээврийн дэд бүтцийн хувьд сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг улс орон даяар өрнүүлсэн.

Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Ардчилсан Нам нийгмийн эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг бүхнээс эрхэмд үзэж 2012 оноос “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-тэй, ИЗННамтай, 2014 оноос хойш УИХ-д суудалтай бүх намуудтай, түүний дотор МАН-тай хамтарч Засгийн газраа хамтарч байгуулан ажилласан. 

Бүхэлд нь авч үзвэл Ардчилсан нам өнгөрсөн 4 жилд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чанарын өөрчлөлт гарах суурь үндсийг баттай тавьж, их бүтээн байгуулалтын эхлэлийг бүрдүүлж өгсөн гэдгийг итгэлтэй хэлж чадна. Энэ бол бидний бахархал.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах эрх зүйн орчинг шинэчлэхэд онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах, экспортыг урамшуулах механизмыг хуульчилсан нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор зарим шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгож, бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлдэг болсон.

Бид их бүтээн байгуулалтынхаа гол ажлыг  Засгийн газрын Чингис, Самурай бондоор санхүүжүүлэн босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадсан. Сүүлийн 4 жил хүрэхгүй хугацаанд 3042 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтанд оруулсан нь 1921-2012 он хүртэлх 90 жилд тавьсан нийт замын урттай дүйж очно. Ипотекийн зээлийн тогтолцоог эрс шинэчилснээр 2013-2015 онд 80 мянган өрх шинэ байранд орсон. Ипотекийн зээл олгосноор иргэдийн хуримтлал нэмэгдэж, 100 мянган ажлын байр бүхий барилгын салбараар зогсохгүй бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжихэд амин чухал үүрэг гүйцэтгэсэн. Эрчим хүч үйлдвэрлэл 25% өсөж, уг салбар анх удаа ашигтай ажилласан байгаа.

Засгийн газрын бонд гаргаж эдийн засгаа өсгөх, банкны зээлийн хүүг огцом буулгах, тэр бүү хэл хасах хүүгийн бодлого явуулах зэргээр хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтээ дэмжих нь өнөөгийн дэлхий ертөнц дээр түгээмэл үзэгдэл болоод байна. Бид энэ л жишгийг дагаж ажилласан.

Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгож эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид эрх барьж байхдаа  улс орноо хөгжүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, ямар ч  улс төржилтгүйгээр  эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг нам, улс төрийн аль хүчний хэнийх байхаас үл шалтгаалсан бодлогыг баримталж ажилласан. Өнөөдөр Хөгжлийн банкаар дамжуулж бондын санхүүжилтийг авсан нийт компаниудын 60 хувь нь МАН-ын УИХ-ын гишүүдтэй хамааралтай байна. Ард түмэн энэ асуудалд нэр холбогдож  буй улс төрчдийг сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, компаниа ажиллуулж өрөө төл гэж шаардаж байна. Би хувьдаа энэ санал санаачлагыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд  манай бүх улс төрчид ёс зүйн ухамсар гарган улс төрөөс татгалзан улсын нэр дээр авсан зээлээ хугацаанд нь төлөх нь зүй ёсны шаардлага гэж үзэж байгаа юм.

Ардчилсан намын Засгийн газар  2012 оноос хойш манай эдийн засагт бий болсон тэрхүү эгзэгтэй цаг үед дэлхийн зах зээл дээрх үнийн хямралыг сөрөн бонд гаргаж, эдийн засгийн уналтыг тогтоон барьж, үндэсний үйлдвэрлэл, иргэдийн амьдралд чухал ач холбогдол бүхий хэд хэдэн төрлийн зээлийн хүүг огцом буулгах бодлогыг авч хэрэгжүүлсэн. Чингис бондыг МАН-ынхан их шүүмжилдэг. Үнэндээ  МАН–ын дарга нарын баяр баясгалантайгаар тууз хайчлан нээж байгаа үйлдвэр,  аж ахуйн барилга байгууламж, авто зам бол  Чингис бондын хөрөнгийн зээлээр хийж байгаа  бүтээн байгуулалтын үр дүн. Цаашид ч МАН бондын хөрөнгөөр босох олон арван үйлдвэрийн туузыг хайчлах болно.

Хэрвээ бид Чингис, Самурай бондыг гарган, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадалгүй, ипотекийн зээлээ зогсоож, олон төрлийн зээлийн хүүг буулгаагүй байсан бол ямар үр дүн гарах байсан бол? Олон зуун мянган хүн ажлын байргүй болж, айл өрхүүдийн орлого багасч, эцэстээ эдийн засгийн өсөлт хасах руу орох байсан ч байж магадгүй.

3. Дөрвөн жил ажилласны эцэст бид ямар  үр дүнд хүрэв?

  • Монголын хөгжлийн гол дайсан, чөдөр тушаа болж байсан инфляцийг сүүлийн 10 жилд анх удаа 14.0 хувиас 2.0 хувийн нам, тогтвортой түвшинд хүргэж бууруулж чадсан.
  • 2010-2012 онд инфляци байнга хоёр оронтой тоонд (11-14 хувь) байсан нь иргэдийн бодит орлогыг идэж дуусган, өрх гэрийн худалдан авах чадварыг бууруулж, нийгмийн дундаж давхаргыг ядууруулж байсан. Тэгвэл одоо инфляци 2 хувь болж буурснаар бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлого тогтвортой болох, нийгмийн дундаж давхаргыг тэлэх, өрхийн худалдан авах чадварыг сайжруулах, зээлийн хүү буурах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлүүдийг бүрдүүллээ.
  • Сүүлийн 3 жилд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлж, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжин, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл-нийлүүлэлтийг сайжруулснаар ирээдүйд инфляци бага байх урьдач нөхцөлийг хангалаа.
  • 2006-2012 оны хоорондох 6 жилд өрхийн бодит орлого (инфляциар засварласан) 389.6 мянган төгрөгөөр өссөн бол 2013-2015 онд буюу сүүлийн 3 жилийн дотор өрхийн бодит орлого 511.1 мянган төгрөгөөр өссөн. Өөрөөр хэлбэл МАН төр барьж байсан үед өрхийн бодит орлого жилд дунджаар 64.9 мянган төгрөгөөр л нэмэгддэг байсан бол Ардчилсан нам  засаг тэргүүлсэн үед 170.4 мянган төгрөг болж 2.6 дахин өсчээ. Энэ нь инфляцийг бууруулж, нам түвшинд хүргэсний өгөөж юм.
  • 2006-2012 онд жилд дунджаар 8 мянган орон сууц шинээр ашиглалтад өгч байсан бол 2013-2015 онд энэ тоо 22 мянга болж бараг 3 дахин өсчээ. Зөвхөн 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралт, барилгын үйлдвэрлэл хийгдэв.
  • Орон сууцны ипотекийн зээлийн цоо шинэ, тогтвортой, зөв хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 3 жилийн дотор шинээр 50,073 өрх, нийт 200,000 гаруй иргэн өөрийн гэсэн орон байртай болж амьдрал ахуй нь дээшиллээ. Монгол улсад 82,320 өрх жил бүр 350 тэрбум төгрөгийн бодит хуримтлал хийдэг болоод байна.
  • Иргэд тогтвортой ажил эрхлэх хандлагатай болж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, амьдралын зөв хэв маягт шилжих, зорилготой, тэмүүлэлтэй, зөв амьдрах дадалтай болов. Хөдөлмөрийн зах зээл илүү тунгалаг болж, нийгмийн даатгалын төлбөр бодитой болон, бүртгэлгүй орлогыг бүртгэлтэй болгож, далд эдийн засгийг хумих сайн нөлөө гарч эхлэв. Монгол Улсын эдийн засаг суурь өвчнөөсөө салж, өрхийн зардлын бүтэц зөв гольдролдоо орон, дундаж давхаргын хуримтлалд суурилсан тогтвортой өсөлттэй болж эрүүлжив.
  • Уул уурхайн салбарыг дагасан валютын урсгалууд огцом буурахад ажилгүйчүүдийн эгнээ 1 жилийн дотор 200 гаруй мянгаар нэмэгдэх, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлээс сэргийлж чадсан. Улмаар 2012-2015 оны хоорондох 3 жилд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын тоог 17.0 мянгаар нэмэгдүүлж 334.9 мянгад, барилгын салбарт ажиллагсдын тоог 15.5 мянгаар өсгөж 77.1 мянгад, нийт ажиллагсдын тоог 49.4 мянгаар нэмэгдүүлж 1,067.6 мянгад тус тус хүргэв.
  • Барилгын материалын жилийн импортын хэмжээ өсөөгүй хэвэндээ байхад шинээр ашиглалтанд орсон орон сууцны нийлүүлэлт 2.4 дахин нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл эрс сайжирсан.
  • 1921-2012 оны хооронд 2900 километр хатуу хучилттай зам тавьсан бол 2012-2015 онд 3042 километр хатуу хучилттай зам барьж ашиглалтад оруулсан.
  • 2006-2012 оны хооронд Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 2,411 сая ам.доллараар муудаж байсан бол 2013-2015 онд эсрэгээрээ 3,227 сая ам.доллараар сайжрав.
  • 2006-2012 оны хооронд Монгол улсын нийт импорт 5305 сая ам.доллараар нэмэгдсэн бол 2013-2015 онд импорт 2952 сая ам.доллараар буурав.
  • 2006-2012 оны хооронд Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ердөө 6 сая ам.доллараар өссөн бол 2013-2015 онд 101 сая ам.доллараар өсөв.
  1. Бид цаашид юу хийхээр төлөвлөж байв?

Бид 2012 онд амжилттай эхлүүлсэн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, шинэ шатанд гаргах Хөтөлбөртэй байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа бол өнгөрсөн 4 жилд тавьсан аж үйлдвэржилтийн суурийг улам бэхжүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр эрчимтэй экспортлон, нийт ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах явдал юм.

Бид үйлдвэржилтийг эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД гэсэн уриан дор монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү бодлогоороо хөдөлмөрийн зах зээлийг хүчтэй тэлж хөгжүүлэн, дунд хугацаанд нийт ажил эрхлэгчдийн ОРЛОГЫГ ХОЁР ДАХИН өсгөх зорилтыг дэвшүүлсэн. “Сайн хашаа”, “Сайн оюутан, “Сайн малчин” “Сайн хувьцаа”, “Сайн бизнес” гэсэн сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн:

  • “Сайн хашаа” хөтөлбөрөөр гэр хорооллын бүх айл байшингаа дулаалж, төвлөрсөн бус усан хангамж, бохирын системтэй болж, 4 жилийн хугацаанд агаарын болон хөрсний бохирдлоос салахаар төлөвлөсөн байсан.
  • “Сайн оюутан” хөтөлбөрөөр оюутнууд эцэг эх, эмээ өвөөдөө санхүүгийн дарамт учруулахгүйгээр жилийн 5 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай сургалтын зээл авч, сургуулиа төгсөөд ажил хийж байхдаа төлж барагдуулахаар зохицуулсан байлаа.
  • “Сайн малчин” хөтөлбөрөөр малчин хүн 10 хувийн хүүтэй зээл авч байсан бол өнөөдөр МАН-ын Засгийн газар 30 хувь болгожээ.
  •  “Сайн хувьцаа” хөтөлбөрийн эхний үе шат амжилттай хэрэгжсэн. Үр дүнд нь хувьцаагаар дамжуулан иргэд өөрсдөө байгалийн баялгийн эзэн болж хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бодит болсон.
  • Бизнесийн зориулалттай барилгыг санхүүжүүлэх ипотекийн зээлийн “Сайн бизнес” хөтөлбөр хэрэгжих байсныг МАН-ын Засгийн газар зогсоолоо.
  1. 2016 оны УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль хэрхэн явагдав

Эрхэм нөхөд өө,

 “Сонгуулийн үр дүн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ, энэ сонгуулиар бүтээн байгуулалт хийснээс илүү түүнийг харлуулсан улс төрийн хүчнийг сонгогчдын олонхи дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа” гэж Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэлжээ.

Үнэхээр, өнгөрсөн сонгууль манай намын хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд үед, магадгүй 26 жилийн туршид тохиосон хамгийн хүнд нөхцөлд болж өнгөрлөө. Энэ сонгуульд манай нам ялж чадаагүйн цаана олон хүчин зүйл, шалтгаан бий. Биднээс шалтгаалсан, үл шалтгаалсан хүчин зүйлүүд ч байсан.

Ардчилсан Нам цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Яагаад гэвэл манай нам сонгуульд ялж засгийн эрх барих болгонд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдож ирсэн. 1997-1998 онуудын Азийн хямрал, Оросын хямрал биднийг засаг барьж байх цаг үед таарсан бол 2012 оноос хойш дэлхийн зах зээл дээрх эрдэс баялаг, түүхий эдийн үнэ огцом унасан мөчлөгтэй бас л тулгарлаа. Үүнээс улбаалан Монголын экспортын гол зах зээл болох хоёр хөршийн эдийн засгийн өсөлт саарснаар манай эдийн засагт хүндхэн цохилт ирсэн юм.

Урьдчилан тооцоолох боломжгүй, гадаад орчноос хамааралтай энэ хүндрэл бэрхшээл Ардчилсан Намын Засгийн газрыг хэцүүхэн сорилтуудтай учруулсан. Сонгуулийн дараа маш олон журмын нөхөд маань надад нэг л асуултыг  олон дахин тавьж байсан юм.   “Яагаад сонгуулийн сурталчилгааны эцсийн өдөр, санал хураалтаас ганцхан өдрийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ худалдан авсан тухай мэдэгдлийг олон нийтэд зарлав аа? Сонгууль дуустал хүлээж болоогүй юм уу?” гэсэн асуулт байлаа.

 Дээрх үйлдэл нь тухайн үед баримт нь дэлгэгдээд байсан “МАН-ын албан тушаал наймаалцах 60 тэрбум төгрөгийн төслийн” тухай асуудлаас сонгогчдын анхаарлыг холдуулах гэсэн МАН-ын башир арга байсан юм. “Эрдэнэт үйлдвэрийг Ардчилсан намынхан  сонгуулийн өмнө яаран хувьчилж авлаа” гэдэг гүтгэлэг нь сонголтоо шийдээгүй сонгогчдыг МАН руу түлхсэн үйл явдал болсон гэдэг нь судалгаанаас болон манай намын нэр дэвшигчдийн ажиглалтаас илт харагдаж байгаа.

Үүний зэрэгцээ сонгуулийн сурталчилгааны хугацаанд манай намын нэр дэвшигчид, ухуулагчид, дэмжигчдийг хууль, хүчний байгууллагаар дарамталж, Ардчилсан Намыг харлуулах оролдлого цөөнгүй гарч байлаа. МАН-ынхан сонгуулийн хууль зөрчиж чөлөөтэй мөнгө тарааж байхад хуулийн байгууллагууд нүдээ аньж өнгөрөөсөн. Харин Ардчилсан Нам мөнгөний сонгуулийг цаг ямагт эсэргүүцэж ирсэн, цаашид ч эсэргүүцэх болно.

Сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн өөр нэгэн ноцтой үзэгдлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол “царцааны нүүдэл” гэх нэр томьёотой, тухайлсан тойрогт сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор сонгуулийн үеэр олноор нь нүүлгэн шилжүүлэх үзэгдэл юм. “Царцааны нүүдлээс” болж Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгуудад Ардчилсан Намын нэр дэвшигчдийг унагаахад нөлөөлсөн нь  бодит баримтаар нотлогдож буй.

Сонгуулийг маргаан будилаангүй, шуурхай болгохын тулд санал тоолох автоматжуулсан төхөөрөмж хэрэглэсэн. Гэтэл, УИХ-ын сонгуулиар муу хэлээд байдаг хар машинд будлиан гараагүй нь хяналтын тооллогоор нотлогдсон.  Харин бүртгэлийн асуудал дээр анхаарал татсан, тухайлбал нэг хүнийг олон дахин санал өгүүлсэн ноцтой тохиолдол хэд хэд гарсан. Ер нь сонгогчдын бүртгэлтэй холбоотой эргэлзээг тайлж, нэг мөр болгох хэрэгтэй. Энэ талаар шинээр байгуулагдсан УИХ ажлын хэсэг гаргаж цаашид тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.

Магадгүй, манай нам түүхэндээ анх удаа ийм увайгүй, шударга бус нөхцөл байдлын дунд сонгуульд оролцсон байж мэднэ. Цаашдаа ийм байдлыг давтахгүйн тулд тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүний эрх, ардчиллын бэлгэ тэмдэг болсон Ардчилсан Нам тууштай ажиллах нь нийгмийн захиалга болж байна.

МАН-тай 2014 онд эвсэл байгуулсны гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил байсан боловч харамсалтай нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгаран Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадаагүй.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан бол бид байнга үүсэж байдаг улс төрийн хямрал, засаглалын зөрчилдөөнийг арилгах боломжтой байх байлаа.

Сонгууль болохоос сар гаруйхны өмнө бүхэл бүтэн сонгуулийн систем нь Үндсэн Хуулийн цэцийн шийдвэрээр өөрчлөгдөж, шинээр үүссэн нөхцөлийг цаг хугацааны хувьд шийдвэрлэх боломжгүйгээр сонгуульд орсон. Ямар ч байсан сонгуулийн хууль намын нэрсийн жагсаалтгүй болсон нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Цаашид сонгуулийн энэ тогтолцоог сайжруулахын төлөө бид санаачилгатай ажиллах болно.

2012 оны сонгуулиар өрсөлдөгч МАН нь МАХН, МАН гэж хоёр хуваагдсан байсан нь сонгуульд шийдвэрлэх  нөлөө үзүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. МАХН санал хувааж 2012 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчдийг ялахад шууд нөлөө үзүүлсэн.

 

Зураг 1. 1992-2016 онуудад явагдсан УИХ-ын сонгуулийн үр дүн. (Тухайн үеийн сонгуулийн хуулийн дагуу нэг сонгогч нэгээс илүү санал өгсөн бол саналын тоо тооноос олон байна.)

2016 онд МАХН-ын өмнөх сонгуульд нийт сонгогчдоос авч байсан 18 хувийн дэмжлэг 8 хувь болж буурч, зөрүү 10 хувь нь МАН-д шилжсэн байна. Энэ нь МАН-ын ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүүлжээ. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн санал авч УИХ-д олонх болж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л  нийт сонгогчдын 33 хувийн саналыг авчээ. Бидэнд итгэж санал өгдөг сонгогчдын суурь саналын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 1000 хүртэлх саналын зөрүүгээр ялагдсан манай намын нэр дэвшигчийн тоо 14 байна. Хэрвээ санал хуваагч нам байсан бол эдгээр тойргууд дээр ялалт авах магадлал өндөр байсан гэсэн үг. 

Цаашид ямар нэг санал хуваагч улс төрийн хүчний орон зай хумигдаж байгаа учраас  бид зөвхөн өөрсдийн хүчин чармайлт, бололцоогоо бүрэн ашиглаж сонгуулийн стратеги тактикаа боловсруулах цаг ирснийг ойлгох хэрэгтэй болж байна. Ардчиллаар замнасан 26 жилийн туршид манай оронд явуулсан бүх ардчилсан сонгуулийн дүнг эргэн харахад нэг нам хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан тохиолдол нэг ч байхгүй байна. Улс орны эдийн засгийн байдал, сонгуулийн хуулийн өөрчлөлт, тойргийн мандатын тоо, намын нэрийн жагсаалт, бүтээн байгуулалт хэрхэн хийснээс үл хамааран сүүлийн 7 сонгуулиар сонгогчид 4 жил тутам эрх баригч намыг сольж ирсэн байна.

Ард түмэн маш богино хугацаанд үр дүн хүсч байдгийг эндээс харж болно. Өнөөдөр ч гэсэн МАН-ын сонгуулиар амласан эдийн засгийн 17 хувийн өсөлт, долларын төгрөгийн ханш 1400, 21 мянган төгрөгийн халамж энэ бүгд буцаж ирнэ гэдэг хүлээлттэйгээр хөвөгч сонгогчид сонголтоо хийсэн. Харамсалтай нь, эдгээр нь эдийн засгийн ийм нөхцөлтэй үед хэрэгжих ямар ч  боломжгүй гэдгийг өнгөрсөн 5 сарын үйл ажиллагаанаас бид харлаа. Тиймээс өнгөрсөн 7 сонгуулийн үр дүн дээр үндэслэн 8 дахь сонгуулийг ч таамаглаж болно. Хэрвээ бид сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж чадах юм бол, хэрвээ бид одоо төлөвлөж байгаа АН-ын дүрмийн шинэтгэл, бусад ажлаа сайн хэрэгжүүлж чадах юм бол, хэрвээ эв нэгдэлтэй байж чадах юм бол 2020 онд сонгогчдын олонхийн санал Ардчилсан намд  ирэх боломжтой гэж таамаглаж болно.

Энэ жилийн сонгуулиар Ардчилсан нам УИХ-д бүлэгтэй, Нийслэлийн 9 дүүргээс 3 дүүрэгт, 21 аймгаас 2 аймагт, 330 сумаас 109 суманд ялалт байгуулсан байна. Бид улс төрийн тавцанд гол тоглогчийн нэг хэвээр байна гэсэн үг.

  1. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш юу болов?

МАН олон сайхан зүйл амлаж байж, 2016 оны УИХ-ын сонгуульд ялсан. Гэтэл, тэд сонгуульд ялж 65 суудал авчихаад өнгөрсөн хугацаанд сонгуулийн өмнөх амлалтуудаасаа ухарч, урьд өмнө хийсэн дэвшилттэй бүхнийг үгүйсгэх бодлого явуулж байгаа нь харамсалтай.

          МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эргэн санацгаая:

  • Амлалт: Мэргэжлийн Засгийн газар байгуулна.
  • Биелэлт: Ямар Засгийн газар байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.
  • Амлалт: Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно.
  • Биелэлт: Ургийн модны зургийг бүгдээрээ мэднэ дээ.
  • Амлалт: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана.
  • Биелэлт: МАН-ын Засгийн газрын 8 гишүүн “давхар дээл” өмсөж, “Давхар дээлээ тайлахгүй бол Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж хашгирч байсан этгээдүүд өөрсдөө “давхар дээл”-тэйгээр өнөөгийн Засгийн газарт ажиллаж байна
  • Амлалт: Эдийн засгийг аврах, иргэдийн амьдралыг сайжруулах бэлэн хөтөлбөртэй.
  • Биелэлт: Нийгмийн эмзэг давхаргын амьдралын баталгаа алдагдсан, ам.долларын ханш өдрийн 100 төгрөгөөр өсч 2500 боллоо.
  • Амлалт: Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албан хаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна.
  • Биелэлт: 12,000 мянган төрийн албан хаагчыг ажлаас нь халсан.
  • Амлалт: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.
  • Биелэлт: Заримд нь олгож байгаа
  • Амлалт: Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөнө.
  • Биелэлт: 0
  • Амлалт: Хүүхэд залуучуудаа дэмжиж дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болгоно.
  • Биелэлт: Гадаадад оюутан суралцах зардал байхгүй.
  • Амлалт: Хуулийн шинэчлэлийг боловсронгуй болгоно.
  • Биелэлт: Хүчингүй болгосон, хойшлуулсан хууль тоогоо алдсан.
  • Амлалт: Шинэ төрлийн татвар бий болгохгүй.
  • Биелэлт: Улсын төсөвтэй хамт хэд хэдэн шинэ татвар гаргахаар хуулийн төсөл оруулж ирсэн.
  • Амлалт: Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийн тулд зээл ашиглахаас татгалзана.
  • Биелэлт: Сүүлийн 26 жил авсан 4 тэрбум ам.долларын зээлийг зөвхөн энэ жил авахаар төлөвлөж байгаа. Гэтэл, өнөөгийн засгийн газар 4 тэрбум долларын зээл авахаар хөөцөлдөж байна.

Бодит байдал ямар байна вэ? МАН дээрх амлалтуудаа яг эсрэг утгаар нь “хэрэгжүүлж” байгааг өнөөдөр та бид бэлхнээ харж байна. Өнгөрсөн 26 жилд Монгол улс хичнээн хэмжээний зээл авсан тухай маш тодорхой мэдээлэл бий.

Худал амлахаас гадна “Монгол улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй” гэх ор үндэсгүй гүтгэлэг тарааж ялсан. Манай улсын сүүлийн 26 жил авсан 22 тэрбум ам.долларын зээлийг бүгдийг нь улсын хувийн гэж ялгалгүй бүгдийг нь нийт иргэдээрээ төлүүлнэ гэсэн. Ямар ч зээлийг авсан хүн нь компани нь барагдуулдаг хуультай.

Нийт өрийн тухай мэдээллийг зураг дээр харъя. 22 тэрбум ам.долларын зээлийн 10 тэрбум 850 сая ам.доллар нь зөвхөн Оюу Толгойн зээл. Хоёр тэрбум 709 сая ам.долларын зээл нь компаниудын зээл. Хоёр тэрбум 61 сая нь банкуудын авсан зээл. Хөгжлийн банк 859 сая, Засгийн газар 4 тэрбум 36 сая ам.долларын зээлтэй байгаа. Зөвхөн сүүлийн хоёр зээлийг Засгийн газар хариуцаж барагдуулна. Энэ зээлийн хэмжээг нэг хүнд оногдуулан тооцоход хэрхэвч 15 сая төгрөг болохгүй. Засгийн газар нь авсан зээлээ ард түмэндээ хуваан төлүүлдэг нэг ч улс орон дэлхий дээр байхгүй.

 

Зураг 2. 1990 оноос хойших Засгийн газар, хувийн сектор, банкуудын авсан зээл.

МАН-ын төрийн албаны УРГИЙН мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж, төрийн албыг ах дүү, хамаатан садан, эхнэр хүүхэд, худ ургийн хэлхээ холбоогоор удирдаж байна. Үүний үр дүнд төрийн жинхэнэ албан хаагчид ажлаасаа халагдаж, гудамжинд гарч байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 20 мянган төрийн албан хаагчийг халах төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 12 мянга орчимд хүрээд байна. Ийм хэмжээний балмад улс төржилт Монгол улсын түүхэнд тохиож байсан удаагүй.

Сонгуулиас хойших хэдхэн сарын дотор МАН-ын засгийн газар төрөөс зайлшгүй харж үзэх ёстой нийгмийн зарим чухал бүлгүүдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргалаа:

  • Хамтын тэтгэврийн хуулийг буцааж, ахмад настнуудын эрх ашгийг үл тоов.
  • АН-ын үед бүрэн олгож байсан хүүхдийн мөнгийг алдаг оног олгодог боллоо.
  • Улс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэмжиж олгож ирсэн 70 мянган төгрөгийг зогсоохыг завдлаа.
  • Төрийн үйлчилгээний албан хаагчид болох эмч, багш нарт хуулиар олгож байсан тэтгэмжийг засгийн газрын мэдэлд шилжүүлж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг дордууллаа.

Эдгээр хүмүүсийг ямар ч үед төрөөс харж үзэж байх ёстой бөгөөд Ардчилсан нам хэзээ ч энэ мөнгийг танаж байгаагүй ээ.  

Ардчилсан намын үед Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал хэвийн үргэлжилж байсан, дэвшилт гарч байсан. Хоёр хөрштэй үүсгэсэн Гурван талт хэлэлцээр хэвийн үргэлжилж, Талын зам, Эдийн засгийн коридор, Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа гэх мэт томоохон төсөл, санаачилгууд амжилттай эхлээд, Монгол улсын нутаг дэвсгэрийг хамруулахаар яригдаад явж байсан. Гэтэл, өнөөдөр МАН сонгуульд ялж засгийн эрхэнд гарснаар энэ бүхэн зогсонги байдалд орж, зарим томоохон төслүүд өөрөөр шийдэгдэж эхэллээ. Манай нутгийг тойруулан хоёр хөрш маань хурдны төмөр зам тавьж эхэллээ.

Олон улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан манай гол экспортын барааны түүхий эдийн үнэ 30-300 хувь унасан. Ийм нөхцөлд төгрөг сулрах нь тодорхой. Үүнийг бид  хяналттайгаар удирдаж ханшны уналтыг жилд 100 төгрөгөөс хэтрүүлэхгүй барьж чадаж байсан. Гэтэл Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш сард 100 төгрөгөөр нэмэгдэх болжээ. Цаашид төгрөгийн ханш үргэлжлэн сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан иргэд рүү хандсан сайн бүхнийг зогсоогоод үндсэндээ дуусч байна.

Эрх баригч хүчин хилийн цэргийг хилийн цагдаа болгож, хамгаалалтын бүсийг 100 км-ээс багасгаж 15 км болгох, улмаар хилийн хамгаалалтын төвшинг бууруулахаар санаачлага гаргаж, хууль тогтоох төвшинд илэн далангүй илэрхийлж байгаа нь болгоомжлол, эргэлзээ төрүүлж байна. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой хэзээ ч өөрчилж болохгүй дархан эрх ашиг мөн.

Дэлхийн Буддын шашны тэргүүн Далай ламын Монгол улсад хийсэн шашны айлчлалын талаар урд хөршийн улс төрийн байр суурийг бид харлаа. Энх тайваны Нобелийн шагналт, нийт монголчуудын үе дамжин шүтэж ирсэн бурханы шашны дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн Далай ламыг авчрах сүсэгтэн монголчуудыг бид хүндэтгэж байна. Бурханы шашны тэргүүн Далай лам бурхан номынхоо ажлаар манай улсад ирж л байсан, явж л байсан. Олон тохиолдол бий. Монголын төр засаг энэ асуудлыг урд хөрштэйгээ дипломат аргаар зохицуулж чаддаг байсан. МАН төрийн эрх авчихаад энэ ажлаа ч хийж чадахгүй, харилцан айлчлалынхаа хөтөлбөрийг цуцлуулчихаад, хил дээр хураамж нэмүүлчихээд буруутан хайгаад сууцгааж байна. Ийм дорой байж болохгүй. МАН-ынхан ажлаа хийцгээ.

  1. Гадаад орчин хурдтай өөрчлөгдөж байна.

Энэ оны 7 дугаар сараас хойш өрнөсөн Их Британийн Европын холбооноос гарахаар шийдвэрлэсэн Brexit референдум,  АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийн Номхон далайг дамнасан түншлэлийн (TPP) гэрээг байгуулахаас татгалзах тухай мэдэгдэл, Италийн Үндсэн хуулийн референдумын үр дүн, Европийн холбооны бусад улсад өрнөж буй улс төрийн уур амьсгалыг дүгнэж олон улсын улс төр, эдийн засгийн шинжээчид дахин “хүйтэн дайн”, “неонационализм”-ийн үе эргэн ирж байна гэж бичих боллоо. Газрын баялгаа үндэстэн дамнасан компаниудад найр тавин өгч, зөвхөн роялти авах төдийгөөр, төрийн ямар ч оролцоо байх хэрэггүй гэж номлодог неолиберализмийн “амны уншлага” өнөөдөр түүх болжээ. Дэлхий ертөнцийн байдал жилээр биш, сараар өөрчлөгдөж байна. Энэ бүхнээс үзэхэд МАН-ын УИХ, ЗГ гадаад бодлогын асуудалд анхаарал хандуулж, дэлхийн гадаад харилцааны шинэ хандлагатай хөл нийлүүлж алхах цаг болж. Энд ямар нэг алдаа гарвал монголын ард түмэн  хохирно гэдгийг бид анхааруулж байна.

Сүүлийн үед орчин үеийн нийгэмд баян хоосны ялгаа хэт их болж байгаа тухай асуудал дэлхийн олон нийтийн анхаарлыг татсаар байна. Глобаль капитализмын хөгжил энэ ялгааг улам ихэсгэхэд гол үүрэг гүйцэтгэж байна гэж зарим судлаачид, улс төрчид үзэж байна.

Цөөнгүй тооны улс төрчид офшоор данстай байгаа тухай олон сар яригдаж байна. Офшоор компани, офшоор данс гэх энэхүү үеэ өнгөрөөсөн бизнесийн загвар аль эртний Хүйтэн дайны үеэс өнөө цагт үлдсэн өв бөгөөд эдүгээ АНУ тэргүүтэй дэлхийн олон орон энэ загвараас бүрэн татгалзахаар харилцан зөвшилцөлд хүрч, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлээд байна. Энэхүү шинээр бүрэлдэж буй болсон олон улсын эрх зүйн орчинд үндэстэн дамнасан корпорациуд, мөн хувь хүмүүс татвараас зайлсхийх зорилгоор офшоор компанийг ашиглах боломжгүй болсон байна. Тиймээс, эдүгээ гагцхүү манай УИХ, ЗГ-т офшоор данстнуудтай эвлэрэхгүй байх хүсэл эрмэлзэл байх юм бол тэдний мэдээлэл, мөнгөний хэмжээ, гүйлгээний түүх гэх зэргийг албан ёсоор тодруулан илчлэх бүрэн боломжтой болсон. Офшоор данстнуудын асуудлыг цэгцэлж, зугтаалгасан их хэмжээний мөнгийг авчирч эдийн засгаа босгоход хувь нэмэр болгох ажлыг зохион байгуулахыг МАН-ын удирдлагад уриалж байна.

АН-ын үед тавьсан энэ их өр зээлийг яах вэ гэдэг улиг болсон МАН-ын “гоншигонолыг” бүтэн 5 сар сонслоо. АН засаг барьсан 4 жилд олон улсын зах зээл дээрх газрын баялгийн үнэ тасралтгүй буурч байсан бол өнөөдөр коксжих нүүрсний үнэ гэхэд 4 жилийн өмнөхөөс 10 дахин өсч тонн нь 300 орчим ам.доллар боллоо. Тэгвэл 40 сая тонныг олборлож ядаж 100 ам.доллараар борлуулбал 4 тэрбум ам.долларын орлого олж, ДНБ-ээ 25 хувиар өсгөх боломж байна гэж гадаадын мэргэжилтнүүд үзжээ. Төрийн өмчит “Эрдэнэс ТТ” компани энэ 40 сая тоннын 20-30 саяыг төвөггүй гаргах боломжтой.  Эндээс харахад 5-10 жилийн дараа төлөх “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларыг 2 нугалах 3 тэрбум ам.долларыг 2017 онд зөвхөн “Эрдэнэс ТТ” компани дангаараа олох боломжтой байна. Ардчилсан намынхан дотроо хагаралдлаа, ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь хэрэлдлээ хэмээн муу хэлүүлэн, хэлүүлэн авч үлдсэн Эрдэнэс Таван толгой маань ийм гүнзгий ач холбогдолтой орд байсан юм.

Эрх баригч МАН-ынхан 4 тэрбум долларын өр тавихын оронд, 40 сая тонн нүүрсийг хурдхан  зарчих. Тэгвэл эдийн засгаа 25 хувиар өсгөх боломж байна. МАН-ынхан ажлаа хиймээр байна. МАН-ын Төрийн ажлын туршлагагүй мэргэжлийн бус сайд, дарга, монгол банкны Ерөнхийлөгч нар монголын эдийн засгийн чадамжийн талаар эдийн засгийн ямарч бодлогогүй бүдүүлэг тайлбар хийснээс монголын нэр хүндийг дэлхийн дэвжээн дээр гутааж, эдийн засгийн доройтлыг бий болгосон гэдгийг эдийн засаг гадарладаг хүн бүхэн ярьж байна. Ийм хариуцлагагүй албан тушаалтнууддаа МАН хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

  1. Ардчилсан Намын шинэтгэлийн талаар

Эрхэм журмын нөхөд өө,

Би Ардчилсан намын даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг аваад 2 жил ажиллалаа. Энэ хугацаанд намдаа шинэтгэл, өөрчлөлтийг хийхийг эрмэлзэж олон ажлыг эхлүүлэх оролдлого хийсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тухайлбал, Ардчилсан намыг  фракцгүй нам болгоно гэж зарлаад  Бодлогын зөвлөлийг  байгуулж ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, АН-ыг бодлогын нам болгох зорилт тавьсан. Ардчилсан намын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн үеийн менежмент, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйл нь сонгуулийн үр дүнд зарим талаар нөлөөлсөн. Эдгээрт алдаа дутагдал байсныг дараа дараагийн сонгуулиас өмнө дүгнэлт хийж давтахгүй байх, зарим асуудлыг намын шинэтгэлийн хүрээнд дүрмээр зохицуулах шаардлага ч гарах байх.  

Ардчилсан намын бүх шатны удирдлага нийт гишүүдийн саналаар сонгогддог байх нь зүйтэй гэж  манай гишүүд санал нийлж байгаа нь намд том шинэтгэл болно. Бид дотроо бодлогоор өрсөлдөж ирсэн. Мэдээж аль ч нам улс төрийн хүчинд бодлогын өрсөлдөөн байдаг. Гэхдээ энэ асуудлаа шийдэхдээ буруу арга хэрэглэх хэмжээнд хяналтгүй болсон нь бидний буруу. Ардчилсан нам өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах нь бодлогын өрсөлдөөнийг шийдвэрлэх арга биш гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм байдал гаргахгүй байх баталгааг дүрмээр зохицуулбал зохино.  Аливаа бодлогын асуудлаар Их хурал хуралдаж шийдвэр гаргаж буруу зөвөө шийдвэрлэх нь оновчтой шийдэл юм.

Мөн үндэстэн дамнасан корпорацийн улс төрд гүйцэтгэх үүрэг ноцтой хэмжээнд хүрсэн болохыг олон улсын хэмжээнд шүүмжлэх боллоо. Шалтгаан нь мөнгө, ашиг юм. Ахиухан ашиг олохоос өөр сонирхолгүй олон улсын үндэстэн дамнасан корпораци болон үндэсний гэх нэртэй олигархи компаниуд төрийг удирдах, өөрт нь ашигтай шийдвэр гаргаж өгөх парламент, Засгийн газартай болохыг санаархах болсон. Тэд их мөнгөтэй учир энэ санаархал нь бодитоор хэрэгждэг болжээ.

Жишээ нь: Ард түмний өмч болох Таван Толгойн ордыг хувьдаа авахаар Кэйманы арлын офшоор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанийн лобби Монголын улс төрд хүчтэй орж ирснээр Монгол улсад улс төрийн, засаглалын хямрал авчирсан. Нам дамнасан олигархуудын бүлэглэл Монгол улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хууль тогтоомжийг уландаа гишгэж их хэмжээний өрөнд орсон компаниа аврахын тулд нийт ард түмний өмч болох дэлхийд хосгүй орд газрыг гаднын компанид бэлэглэх гэж улайрч байсныг бид бүгдээрээ мэднэ. Ардчилсан намын УИХ-д байсан эх оронч олон гишүүд, бусад намын гишүүдтэй хамт энэ том луйврыг нэг удаа зогсоож чадсан ч цаашид энэ нам дамнасан олигархууд ард түмний өмч болох Таван Толгойн нүүрсний орд  руу дахин дайрч болзошгүй хэвээр байна.

Эрхэм их хурлын төлөөлөгчид өө,

Миний бие  АН-ын даргын албыг хүлээн авч хоёр  жил ажиллаад өнөөдөр намын дүрмийн дагуу ажлаа өгөх гэж байгаа энэ цаг мөчид намын шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах их хурлын индрээс эрхэм журмын нөхөддөө хандан дараахь саналуудыг дэвшүүлж байна. Энэ бүхнийг намын дүрэмдээ баталгаажуулах нь намын шинэтгэлийн амин сүнс нь юм.

Нэгдүгээрт, Намын бүх шатны байгууллага толгойлж сонгуульд орсон намын дарга нар тухайн шатны засаг даргаар шууд томилогдон ажилладаг тогтолцоог намын дүрмэнд тодорхой суулгаж, зөрчсөн тохиолдолд дээд шатны байгууллага нь батламжилдаггүй байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн түүхээ эргэж харахад манай намын бүх шатанд энэ зарчмыг зөрчиж ирснээс албан тушаалын төлөөх өрсөлдөөн мөнхийн асуудал болж, намын дотоод зөрчлийг бий болгох үндэс болж ирсэн байна. Ардчилсан намыг  толгойлж байсан дарга нараас ганцхан Н.Алтанхуяг намын даргын хувьд намын дүрмийн дагуу Ерөнхий сайдаар томилогдсон  байх жишээтэй. Түүнээс бусад тохиолдолд өөр хүн Ерөнхий сайд болж байсан түүхээ эргэн саная. Жишээ нь, 1996 онд Ц.Элбэгдорж намын дарга байхад “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуульд ялалт байгуулж, тэрээр Ерөнхий сайд болох байтал М.Энхсайхан урдуур нь орж Ерөнхий сайд болж байлаа.  Хоёр жилийн дараа намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаа авч байв. 2004 онд эвслийн засгийн газар байгуулах үед М.Энхсайхан Намын дарга байсан боловч  Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр энэ дүрмийн бус “хариугаа авах” гэсэн томилгоо аймаг, сум, дүүрэгт халдварлаж ужгирснаас намын дотоод ардчиллын зарчим алдагджээ. Иймээс энэ гажуудлыг дүрмээр засах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Сонгуульд ялагдсан тохиолдолд бүх шатны намын удирдлага ямар ч маргаангүйгээр өргөдлөө өгч чөлөөлөгдөх бөгөөд дараагийн 4 жилд тухайн шатныхаа намын удирдлагад өрсөлдөхгүй байх ёс зүйн дэг жаягийг хэвшүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, Нам бол төрийн эрх мэдлийн төлөө өрсөлддөг субъектийн хувьд улс үндэстний үндэсний аюулгүй байдлын баталгаа болж өөрөө цэвэр ариун байх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед компаниудын удирдлага, тэдний бүлэглэл намыг өмчлөх, худалдаж авах  сонирхол бодитой болж  байна. Намыг өмчлөх гэсэн компаний ар талд гадаадын хөрөнгө оруулагчид байх магадлал өндөр болж байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулж болзошгүй юм. Тийм болохоор энэ сонирхлыг таслан зогсоох зохицуулалтыг намын дүрэмд тусгаж намын бүх шатны байгууллагын санхүүжилтыг тухайн шатны гишүүдийн хандив татвараар санхүүждэг тогтолцоог бүрдүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

Дөрөвдүгээрт, Нам нээлттэй байхын хамт намын дотоод сахилга, дэг жаяг  хатуу чанд байж, дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт ил тод хариуцлагатай байх зохицуулалтыг намын дүрэмд сайтар тусгавал зохино. Ийм зохицуулалт дутуу дулимаг байгаагаас намын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учирч, дүрмийн бус байгууллагууд дур зоргоороо гарч ирж намын дүрмийн бус үйлдлээр элдэв шантааж хийж  намын нэр хүндийг унагаж байгааг хэлэх хэрэгтэй.

Эрхэм журмын нөхөд өө,

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд Монгол Ардын Нам УИХ-д олонхи болж, Засгийн газрыг дангаараа байгууллаа. Харин бид ирэх жилүүдэд хүчтэй сөрөг хүчин байж тэдний амлалтыг байнга сануулж, амлалтаа ягштал биелүүлэхийг байнга шаардах болно. Бид МАН-ын Засгийн газрын хийж байгаа зөвийг дэмжиж, бурууг залруулах сөрөг хүчин байна. Тэдний улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалсан бодлого,  улс орны эдийн засгийг тогтворжуулах, өсөлтөнд хүргэх дорвитой, оновчтой алхмууд хийхэд нь дэмжээд явна. Харин албан тушаал наймаалцах, иргэдийн болон улс орны язгуур эрх ашгийг сөргөөр хөндсөн аливаа асуудалд ямагт хатуу шүүмжлэлтэй хандан ажиллах болно.

Бидэнд хийх ажил их байна. Дараа дараагийн олон сонгуульд намын эв нэгдлийг илэрхийлсэн, олны хүндэтгэл хүлээсэн, албан тушаал, эдийн шуналаас ангид, нэр цэвэр  гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлж ялалт авчрах нь манай намын гол зорилго байх болно. Энэ шалгуураар нэр дэвшигчээ тодруулж чадвал  Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох ард иргэдийнхээ итгэлийг буцааж олох үндсэн нөхцөл байх  болно.

Манай нам өнгөрсөн 26 жилийн түүхэнд цөөнгүй сорилт бэрхшээлтэй тулгарч, тухай бүр амжилттай даван туулж ирсэн туршлагатай билээ. Бид энэ удаагийнхаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулахаас манай намын, улс орны минь ирээдүй ихээхэн шалтгаалах болно. Тиймээс хариуцлагатай эгзэгтэй үеийнхээ тулгамдсан асуудлуудыг зөвөөр үнэлж дүгнэнэ гэдэгт итгэж байна. Бас ухаалаг, алсыг харсан, эв нэгдлээ хангасан шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэж байна. Юуны өмнө дүрэмдээ өөрчлөлт хийж, Ардчилсан намын шат шатны удирдлагыг тухай шатны нийт гишүүдийн саналаар сонгох нь намын шинэтгэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхам байх болно. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын  шинэтгэлийн хувь заяа хамаарна.

Намайг дэмжиж хамтран ажилласан Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний Зөвлөлдөх хороо, УИХ дахь намын бүлэг, намын дэргэдэх төрийн бус байгууллага, намынхаа нийт гишүүд, дэмжигчиддээ гүн талархал илэрхийлье.

Ардчилсан намын гишүүний хувьд би цаашид намаа хариуцлагатай, сахилга баттай, нэгдмэл, фракцгүй нам болгохын төлөө, дахин эрх баригч нам болж улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно гэдгээ амлаж байна.

Эрхэм төлөөлөгчид өө,

Энэ их хурал намын шинэтгэлд чухал үүрэг гүйцэтгэх хариуцлагатай хурал учраас Та бүхнийг хурлын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцож хорин нэгдүгээр зууны манлай намыг бий болгох шинэтгэлийн  хөтөлбөрийг батална гэдэгт итгэж байна.

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?