ТУУЛЫГ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ

2017-06-27  

-ТУУЛ ГОЛ САВ ГАЗАРТ АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 331, ХАЙГУУЛЫН 130 НЭГЖ ТАЛБАР БАЙНА-

Элгээр нь хэвтүүлсэн Туул голыг сэргээх оролдлогыг төр, засгаас хийх гээд үзэж л байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэн нь алга. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хотын дарга нарын Туул голын сав газар дахь уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, дахин лиценз олгохыг хориглосон. Өнөөдөр ч Туул голын сав газраас хайрга, дайрга олборлосон хулгайн тээвэр үргэлжилж байгаа.

Туул гол улаанбаатарчуудад, нийт монголчуудад ямар үнэ цэнэтэйг та улиг болтлоо сонсоо биз. Дахиад сануулъя, Улаанбаатар хотын нэг сая гаруй хүн амын ундны усны цорын ганц эх үүсвэр нь Туул гол. Гэтэл бид энэ гол руу цэвэрлэх байгууламжийн бохирыг цутгана. Эрэг дээр нь барилга байшин барьчихна, барилгын хогоо асгана. Хүний үйлдэж болох хамгийн муу нөлөөллийг энэ гол руу цутгаж байгаа. Үүнээс хамгийн их хор хохиролтой нь уул уурхайн ашиглалт. Туул гол дагуу ашигт малтмалын зөвшөөрлийг шийдвэр гаргагчид өгч, хариуд нь аж ахуйн нэгжүүд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр олон жилийн турш нөхөн сэргээлт хийлгүй ирснээр голын гольдрол, эрэг орчмын экологийн доройтолд оруулах үндсэн шалтгаан болсныг Туул голын сав газрын захиргааныхан халаглаж байна. Байгаль орчны мэргэжилтнүүд ч ингэж дүгнэдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд байгаа мэдээллээр Туул гол сав газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 331 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 130 нэгж талбар байна. Түүнээс ашиглалтын 44, хайгуулын зургаан талбай нь Туул гол болон түүний цутгал голуудын хамгаалалтын бүсэд байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан ажлын хэсэг Туул голын бохирдлыг судалж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Ямартаа ч голын бохирдолтой хэсгүүдээр явж, ард иргэдийн санал, бодлыг сонсч байгаа дуулдана. Дүгнэлт, шийдвэрээ ч боловсруулж байгаа сурагтай. Ийм үед эрхэм гишүүний багийнханд захих нэг зүйл байна. Туул голыг хамгаалах тусгай хуулийг санаачлаач. Хуультай байх үндэслэл хангалттай олон байна. Монголын хүн амын тал хувийг ундны усаар хангадаг нь хамгийн том үндэслэл юм шүү. Нэгэнт олон жил бугшсан, шийдвэрлэж чадахгүй асуудлыг хуулиар зохицуулах нь хамгийн оновчтой. Үүнийг ганцхан манай улс ч биш дэлхийн хөгжилтэй улс орнууд усны менежментийн хамгийн зөв бодлого нь хууль эрх зүйн акт болохыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлдэг юм байна. Тухайлбал, БНХАУ-д Усны тухай нэгдсэн хуультай бөгөөд тус хуулийг дагалдуулж “Шар мөрний усны зохицуулалт”-ын журмыг 2006 оноос хэрэгжүүлж иржээ. Тэгвэл хойд хөршийнхөн ч усны хатуу бодлоготой. ОХУ Усны тухай нэгдсэн хуультай, тус хуулийг дагалдан гарсан 20 сав газар тус бүрт тусгайлсан журмыг мөрдөн ажилладаг. Япон улсад голуудыг хэмжээгээр нь гурван бүлэгт хувааж бүлэг тус бүрээр хуулийн зохицуулалт хийсэн байдаг юм байна. Харин БНСУ-д сав газар тус бүрээр тусгайлсан хуультай. Бас гол тус бүрээр тусгайлсан эрх зүйн актуудтай. Нидерландын вант улс гэхэд бас л сав газар тус бүрээр тусгайлсан хууль, тэгээд зогсохгүй Гадаргын болон Газрын доорх усны, Гадаргын ус бохирдуулсны, Үерийн хамгаалалтын зэрэг дэд актуудыг хэрэгжүүлдэг гэнэ.

АНУ-д муж тус бүр тусгай хуулийн зохицуулалттай. Зарим онцлог голууд дээр тусгайлсан эрх зүйн актыг тус, тус мөрдөж ажилладаг ажээ. Манай улсын хувьд ч ялгаагүй. Ялангуяа хамгийн их нөлөөлөлд өртсөн, хамгийн олон хүнийг нэг дор тэжээдэг Туул голын хувьд хууль журам яалт ч үгүй хэрэгтэй. Туул гол болон түүний цутгал голуудыг хамгаалах тусгай журам боловруулж мөрдөх саналыг Туул голын сав газрын захиргаанаас гаргаж байжээ.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Манмин Батжаргал :Байгаль орчныг хамга**** нь хүн бүрийн үүрэг ба эрүүл амьдрах нөхцөл 2017-07-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?