ХУУЛЬЧ БАТ-ЭРДЭНЭ: ЦАГААН ХУУДАС ӨГӨӨРЭЙ ГЭЖ ОЛНЫГ УРИАЛАХ НЬ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БУЙ ҮЙЛДЭЛ

2017-07-04  

Саналаа өг. Гэхдээ цагаан хуудас. Тэгээд сонгуулийн дүнг хүчингүй болгоцгооё гэх уриалга зарим мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа фэйсбүүкээр маш хүчтэй давалгаалах болов. Энэ асуудлаар CONTROL.mn сайт Сонгуулийн Ерөнхий Хорооны хуульч Бат-Эрдэнээс тодруулга авснаа толилуулж байна.

- Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Сонгогч нэг л эрхтэй. Тэр эрх нь сонгох эрх. Тэр сонголтоо хэнээр ч хамааралгүй, хэний ч нөлөөнд авталгүй хийх учиртайг хуульчилсан. Тэгэхээр сонгогчийн халдашгүй эрхэнд хөндлөнгөөс нөлөөлөх, түүнийг сонго, түүнийг битгий сонго гэж ятгах, уриалах нь хууль зөрчсөн гэмт үйлдэл. 

 Ийм тохиолдол анх удаа манайд дэлгэрч байх шиг байна. Өмнө нь сонгуульд идэвхтэй оролцохыг л зөвхөн уриалдаг байсан санагдана. Танай байгууллагын зүгээс энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч байна. 

- Бүх шатны сонгуулийн хороонд иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцуулах талаар чиглэл зааварчилга өгсөн. Саналаа өгөх, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан. Нөгөө талаас саналын цагаан хуудас өгөх асуудлын тухайд олон тооны гомдол манай байгууллагад ирсэн. Бид ч бас судалгаатай байгаа. Сонгуулийн хууль зөрчсөн дээрх асуудлаар манай байгууллагын зүгээс хууль, хяналтын байгууллагад хандсан. Тодорхой арга хэмжээ авах байх гэж найдаж байна.

Эргээд цагаан хуудасны тухай лавлаж тодруулья. Сонгуулийн дүнд цагаан хуудас нөлөөлөх үү?

- Цагаан хуудас өгөхийг сонгуулийн ирцэд бүртгэнэ. Үүнийг хуульчилсан. Ингэж зөвшөөрсөн улс орон нэлээдгүй бий. Түүний нэг нь Монгол улс. Цагаан хуудас олноор өгсөн тохиолдолд сонгууль хүчингүй болох магадлал өндөрсөнө. Гэхдээ тодруулж хэлэхэд, ганцхан тохиолдолд сонгууль хүчингүй болно. Энэ бол аль нэг нэр дэвшигч 51 хувиас дээш санал авч чадахгүй тохиолдол гэдгийг тодотгох нь зүйтэй.

Ирц 51 % хүрэхгүй бол сонгууль хүчингүй болно гэх яриа олны дунд их байна.

- Ирц 51% -д хүрэхгүй бол сонгууль хүчин төгөлдөр хэвээр. Ирцээ 51 %-д хүргэнэ. Тэгэхийн тулд сонгуулийн хуулийн дагуу нэмэлт санал хураалт явагдана. Тиймээс ирц дутсанаас сонгууль хүчингүй болно гэх ойлголт байхгүй.

Нэгэнт цагаан хуудас өгөх давалгаа нэлээд газар авсан. Хэрвээ энэ цагаан хуудас өгөх сонгогчдын тоо хувь өндөр байвал ямар нөлөө үзүүлэх вэ?

- Цагаан хуудсыг ирцэнд тооцно. Харин цагаан хуудсыг олноор өгүүлэх үйлдлийг СЕХ дэмжихгүй. Нэгэнт асуусан тул дахин хариулья. Цагаан хуудасны хувь хэмжээ их байх тусам сонгуулийг хүчингүй болгох магадлал өндөрсөнө гэж би өмнө хэлсэн. Тухайлбал цагаан хуудас 10 хувьд хүрлээ гэж бодоход цаана нь 90 % үлдэнэ. Түүнийгээ хоёр нэр дэвшигч эн тэнцүү ч юм уу, ойролцоо хуваалцвал сонгууль хүчингүй болоход нөлөөлөх магадлал бийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол онолын асуудал.

Тэр тохиолдолд юу болох вэ?

- Тэгж гэмээнэ, дахин сонгуулийг зарлах болно. Бүх зүйл гараанаасаа эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, намууд нэр дэвшигчээ тодруулахаас л эхэлнэ гэж ойлгож болно.

Тодруулга өгсөнд талархлаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?