Б.БЯМБАДОРЖ: БИД ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭС ГАДНА МЕНЕЖМЕНТЭЭС НЬ ДАВХАР СУРАЛЦАЖ БАЙНА

2017-07-06  

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын Олон улсын хуралд Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо ерөнхий  зохион байгуулагчаар оролцож байна. Тус холбооны нарийн бичгийн дарга, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцаж зохион байгуулалтын талаар тодрууллаа.

Хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.

-Энэ удаагийн хоёрдугаар хурлын бэлтгэл ажил харьцангуй сайн хангагдаад явж байна. Зохион байгуулах хорооны даргаар УНТЭ-ийн Эмнэл зүй эмийн судлалын лабораторийн эмнэл зүй хариуцсан эрхлэгч Ж.Саранцэцэг, санхүүгийн асуудлыг миний бие хариуцан ажиллаж байна.

Ер нь бидэнд иймэрхүү томоохон хэмжээний хурал зохион байгуулах туршлага дутмаг байж. Энэ удаагийн хурлыг зохион байгуулснаар нэлээд туршлагатай болж байна. Олон улсын хэмжээний хурал зохион байгуулахад санхүүжилт бол хамгийн чухал байдаг. Тийм ч учраас бид энэ тал дээр яамдууд, аж ахуй нэгж байгууллагуудад захидал хүргүүлэн, хурлын ач холбогдолыг тайлбарласны үр дүнд богино хугацаанд төсвийг бүрдүүлсэн. Учир нь энэ арга хэмжээ маань өөрөө манай улсын эрүүл мэндийн салбарт чухал хөрөнгө оруулалт болох, олон улсад зүй ёсны хүлээн зөвшөөрөгдөх, дэмжлэг авахад чухал нөлөөтэй учраас байгууллага, аж ахуй нэгжүүд ойлгож, дэмжиж хүлээж авсанд талархалтай байна.

Туршлагаас харахад энэ удаагийн хурлыг зохион байгуулж дууссаны дараа шууд дараагийн 2019 оны хурлын бэлтгэл ажил руугаа орох төлөвлөгөөтэй байна.

Анхны хурлыг хэдэн онд зохион байгуулж байсан бэ?

-Анх 2015 онд анхны хурлаа УНТЭ-ийн 90 жилийн ойтой нэгтгэж зохион байгуулсан учраас УНТЭ-ийн зүгээс томоохон дэмжлэг үзүүлж байсан. Харин энэ удаагийн хоёрдугаар хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо хариуцан ажиллаж байгаа боловч УНТЭ-ийн зүгээс дэмжин ажиллаж байна.Учир нь манай холбооны гишүүдийн 99% хувь нь УНТЭ-ийн эмч, мэргэжилтэнүүд байдаг.

Энэ удаагийн хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа гэсэн?

-Зохион байгуулагчдын зүгээс ярилцсаны үр дүнд энэ удаагийн хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болсон. Цаашид Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулснаар эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд төрөөс байнгын дэмжлэг авах ийм боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Тиймээстөрийн дэмжлэг бодитоор, дэс дараатайгаар байх зайлшгүй шаардлагатай байна. Жишээ нь, эрхтэн шилжүүлэн суулгах бөөрний төслийг хэрэгжүүлэхэд лабораторийн асуудлаас бусдыг нь төрөөс дэмжлэг аваагүй.Элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдаж, 2012 онд 2,6 сая төгрөгийн санхүүжилтээр багаж, тоног төхөөрөмжөө авсан. Харин ясны чөмөг, үүдэл эс суулгах баг 2012 онд гурван тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Үүнээс хойш төрөөс дэмжлэг аваагүй байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа эмчлүүлэгчийн ар гэрээс бүх зардал гарч байгаа нь санхүүгийн маш том бэрхшээл болдог. Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдаж байгаа хувь хүн болон албан байгууллагуудаас орж байгаамөнгө нь маш бага байдаг. Мөн манай улсын ДНБ-ний 4-5 хувь нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байна. Гэтэл бусад орнууд ДНБ-ний 10-15 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг байх жишээтэй. Тиймээс төрөөс энэ тал дээр тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Зохион байгуулагчдын зүгээс гадаадын зочид, төлөөлөгчдөд тусгайлан зориулсан өөр арга хэмжээ байгаа юу?

-Энэ удаагийн хурлыг улсынхаа үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хуралд оролцох БНСУ, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улсын 25 зочид, төлөөлөгчиддөө улсынхаа хөгжил, цэцэглэлт, ёс заншилыг танилцуулах зорилгоор 7 дугаар сарын 11-ий өдөр наадмын нээлтийн үйл ажиллагаанаас эхлээд бүхий л урлаг соёлын хөтөлбөрүүдийг үзүүлж, танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Та эрхтэн шилжүүлэн суулгах элэгний багийн дэд ахлагч. Таны бодлоор өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжлийнхөө аль шатанд явж байна ?

-Манай улсад анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд профессор Л.Жамбалжав, Д.Гоош, Н.Одсүрэн, Г.Нямхүү, Б.Бямбадаш, н.Нарантуяа зэрэг эмч нарын бүрэлдэхүүнтэй хийж байсан. Тус мэс засал санасан хэмжээнд хүрээгүй. Ингээд арван жилийн дараа буюу 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал маш амжилттай хийгдсэн. Харин элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдаж, 2011 оноос хойш нийт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 36 хүнд хийгээд байна. Харин ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 4 хүнд хийгээд байна.

Манай улс эдийн засгийн хувьд хязгаарлагдмал бололцоотой, хөгжиж буй орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эрүүл мэндийнхээ салбарт хөгжүүлсэн нь хамгийн том ололт юм. Манай улс дэлхийн элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 46 дахь, ясны чөмөг шилжүүлэн суулгасан эхний 20 орны тоонд багтаж байна.

 

Дээр таны ярьсан эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг Монголд турших, нутагшуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт ямар нэгэн санхүүгийн дэмжлэг туслалцаа авдаг донор байгууллагууд бий юү?

-Бидний дараагийн том дэвшил бол сайн түншээ олж ажилласан явдал юм. УНТЭ-т гадаадын ямар нэгэн төсөл, төрөөс тусгайлан зориулсан прожект бас байхгүй. Бид хамтын ажиллагааны найрсаг харилцааны үр дүнд 3 том түншийг олж чадсан. Үүнд Английн профессор Маурис Слапак, Олон улсын DHL компаний захирал Ален Дэвид гэсэн хоёр хүнтэй танилцсаны үр дүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 100 хувь тэдний менежмент, зөвлөгөө, хандив тусламжаар Монгол улсад эхлүүлсэн.

Мөн ариутгалын евро, герман стандартаар манай ариутгалын тасагтоноглогдсон. Түүнчлэн АСАН анагаах ухааны төвийн Элэг шилжүүлэн суулгах төвийн захирал профессор Ли-тэй холбогдож Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийгээд явж байна. Таван жилийн гэрээтэй байсан. Энэ жил гэрээний хугацаа дууссан ч таван жилийн туршидтэдний сангаас нэг сая долларын цуврал хамтарсан хагалгаа хийсэн байна. Мөн манай эмч нар багаараа очиж ажиллах, сургалтад хамрагдах зэрэг нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд танай эмнэлэг 100 хувь өөрсдийн санаачилгаар хийсэн гэж байсан?

-Тэр үнэн. Манай эмнэлэг санаачилан чөмөг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлд Католикийн “Гэгээн Мария” эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Энэ нь өөрөө маш том харь технологи учраас төслийг хэрэгжүүлэхдээ яг тэр анагаах ухааны төвд хэрэглэж байгаа технологи, тоног төхөөрөмжийг өөрийн эмнэлэгт суурилуулсан.

Ингэснээр тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах техникч, эмч нар энд ирээд өөр брэндийн тоног төхөөрөмжийг тохируулах, дахин сургалт авахгүйгээр ажиллах давуу талтай.

Мөн энэ байгууллагын удирдлагын хувьд сургалтанд явсан эмч, мэргэжилтнээсээ шинэ мэдээ, мэдээлэл сонсч, тэдэнтэй нэг ойлголттой болохоос гадна олон улсын хуралд оролцож зөвлөгөө аван санаа авч, хэрэгжүүлж болохуйц зүйлсийг судлан тархиа цэнэглэж байна. Ингэснээр зөв цагт нь зөв шийдвэр гаргах, зөв менежмент хийхэд хэрэг болдог юм. Аливаа юмыг санаачлаад орхих гэхээсээ илүү эмнэлэгийн зүгээс төлөвлөгөө болгож, эмнэлэгийн менежментийн баг ажил болгоод явдаг системээр бид ажиллаж байна.

Ингэснээр манай эмнэлэг зөвхөн элэг, бөөр, ясны чөмөг суулгах технологийг нэвтрүүлээд зогсохгүй өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн дотоод зохион байгуулалт, халдвар хамгаалалт, удирдлага зэргээс суралцаж, сургалтын эмнэлгийн сонгодог загварыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээллийн эрин зуунд та удирдлага хүний зүгээс хийж буй ажлаа олон нийтэд хүргэх талаас нь ямар ажлууд хийж байна вэ?

-Энэ мэтчилэн олон ажлуудыг хийгээд зогсохгүй тухай бүрт нь олон түмэнд мэдээлэх, хүргэх ажлуудыг зохион байгуулдаг. Дөрвөн жилийн өмнө УНТЭ-ийн “Шинэ технологи инновацийг сурталчилах өдөрлөг”-ийг хагалгааны өрөөнд нээлттэй зохион байгуулж,сэтгүүлчид, удирдлагуудад танилцуулж байсан. Мөн эмнэлгийн 90 жилийн ойн хүрээнд олон улсын хэмжээнд эрдэмтдийг урьж “эрхтэн шилжүүлэн суулгалтын анхдугаар конгресс”-ийг зохион байгуулж, цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Үүний дагуу энэ жил уг олон улсын их хурлыг зохион байгуулах гэж байна. Бид өөрсдөө олон улсын хуралд оролцож, ажлаа танилцуулж зөвлөгөө авдаг хэдий ч учир дутагдалтай байдаг. Харин энэ салбарын гол төлөөлөгчдийг өөрийн оронд урьж, өөрсдийн соёлыг үзүүлэхээс гадна өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр өөрсдөө илтгэл тавиад зөвлөгөө авна гэдэг бол илүү үр дүнтэй, ажлаа сайжруулах бас нэгэн боломж юм. Илтгэлүүд бүгд англи, монгол хэл дээр зэрэг явагдана. Хурлын бэлтгэл ажил нэлээд сайн хангагдсан байгаа.

Эрхтэн шилжүүлэн суулгах талаар хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээллүүдээс манай уншигчидтай хуваалцаач?

-Мөн бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа буюу амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш жил бүр 20 хүнд бөөр шилжүүлэн суулгана гэсэн төлөвлөгөөтэй төсвийн зардалдаа оруулж өгсөн. Харин элэг болон ясны чөмөг суулгах хагалгааг технологи шилжүүлэх төслийн хүрээнд ажиллаж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологийг зөвхөн эмч хагалгааг хийдэг бус технологийг худалдан авах, тоног төхөөрөмжийн засвар, эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, захиалга, гэрээ нийлүүлэлт, цахилгаан сантехникийн найдвартай байдал, ариутгалын найдвартай байдал зэрэг ажлууд бүгд цогц болж байж өдөр тутмын үйл ажиллагаа хэвштэл тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Үүний дараа тусгайлан хүлээн авч Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-нд хүлээлгэн өгч төсөвтөө суулгадаг.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас өөр нэгэн шинэ төсөл буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төслийг эхлүүлсэн. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгалт хоёр дахь шатандаа орж байна гэсэн үг. Уг ажлын хүрээнд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, бусад донор эмнэлгүүд, төр захиргааны байгууллага, олон нийттэй хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт цоо шинэ тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллаж байна. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгалтын байгууллага болон эмнэлэг бол донорын талаар, донортоо хандаж дэмжлэг үзүүлдэг, нийгэмд донорын талаар зөв ойлголт өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор бид эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн дунд спортын тоглолтыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ нь зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс хоорондоо спортын төрлүүдээр өрсөлддөг. Ингэснээр ард түмэн олон нийтэд донорын талаар зөв мэдээлэл өгөхөөс гадна бидний эмчилгээний чанарыг илтгэх нэг хэлбэр болдог.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг жил болгон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нэг өдрийн өдөрлөг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар зургаан тархины үхэлтэй донороос 12 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан байна. Нэг тархины үхэлтэй донороос гурван хүний амийг аврах боломжтой байдаг. Үүнтэй холбогдуулан зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амьтан дээр хийсэн. Цаашлаад эм тарианы хангалт, тоног төхөөрөмжөө бэлтгээд, шаардлагатай стандарт, удирдамжуудаа боловсруулаад явж байна. Ингэснээр зүрх болон нойр булчирхай, уушиг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болох боломж ойрхон байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд УИХ-д өргөн барьсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга чухал ач холбогдолтой бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулдаг тусгай нэгж ЭМЯ-ны харьяанд ажилладаг болно. Өөрөөр хэлбэл олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг байгууллага өөрөө ийм ажлуудыг хийж болдоггүй. Ёс зүйн хувьд ч тэр, эрх зүйн хувьд ч тэр. Үүнийг ЭМЯ-ны шууд харьяаны Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв байгуулагдаж зохицуулалт хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг төрийн өмнө хүлээсэн ажлыг хийх зохицуулалттай болж байна. Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа бол нэг эмнэлгийн ажил бус улсын хэмжээний байгууллагын хамтын ажил болж өргөжиж улмаар олон хүнд амьдрал бэлэглэх шинэ систем нээгдэх юм. Энэ талаар олон улсын хуралдаан дээр түлхүү яригдана.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ARSLAN.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?