Та бид Ардчилсан намын алдсан алдаа, хариуцлагагүй улс төрийг шүүмжилж явсан нь ердөө жилийн өмнө билээ. Засгийн газар сэтгэл гарган, гар нийлэн ажиллавал улсын эдийн засгийг сайжруулахад нэг жил ч багаддаггүй юм байна гэдгийг хамтдаа харлаа. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар боломжоосоо илүү ажиллаж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдлөө. Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр огцруулах гэсэн оролдлого хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийг эзлэв. Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч зарчмын байр сууриа илэрхийлэх нь УИХ-ын гишүүний үүрэг гэж үзэж байгаа учраас хэвлэлийн хуудсаар дамжуулан олон нийт, нам, журмын нөхдөдөө хандаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДҮНД ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛДАГГҮЙ
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Засгийг газрыг байгуулдаггүй, харин ч эсрэгээрээ огцруулж, огцруулахад нь нөлөөлж ирсэн гашуун түүх бий. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялалт байгуулснаар улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, тухайн үед 50 гишүүнтэй, эрх барьж байсан Ардчилсан Холбоо Эвслийн Засгийн газар гурван удаа огцорч байсан. Үр дүнд нь, шалдаа хүртэл унасан эдийн засгийг Та бид 2000 онд хүлээн авснаа санахад илүүдэхгүй. 1996-2000 онд сайдын тамга атгаж үзсэн эвслийнхний тоо тооцоо алдандсан. Гурван сар болоод л огцордог, нэг жил болоод л огцордог, үүрэг гүйцэтгэгч нэртэй бүлэглэл засаг төрийг, улс орны эдийн засгийг бүхэлд нь самарсан. Үүнийг сануулахын учир нь , МАН-ын нэр бүхий улс төрчид өнөөгийн Засгийн газрыг огцруулбал тэр алдааг давтана гэдгийг л урьдчилан харж байна. УИХ-д олонхи болохдоо улс төр, нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах амлалт, үүрэг авснаа Та бид мартах учиргүй.
2009 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Н.ЭНХБАЯР ДАХИН НЭР ДЭВШСЭНИЙ ДАРАА ЯГ Л ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН
2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын дахин нэр дэвшсэн сонгуулийн дараа яг өнөөдрийнх шиг нөхцөл байдал бүрдсэнийг хэн хүнгүй санаж байгаа. Тухайн үеийн улс төрийн зөрчил, нөхцөл байдал даамжирсаар, Монголын улс төр дэх тулхтай, бүтэц зохион байгуулалтын хувьд Монгол улсын төрийн албыг хүний нөөцөөр бүрэн хангах боломжтой цорын ганц улс төрийн хүчин болсон МАН-аас МАХН гэх улс төрийн нам салан тусгаарласан. Үр дүнд нь нам хоёр хуваагдаж, эв нэгдэл, шударга ёс эрх чөлөөг эрхэмлэдэг намынхаа гишүүдийг хагалан бутаргасан. Монгол улсын төрийн албыг сүүлийн 90 жил голлон бүрдүүлж ирсэн туршлага, түүхтэй эрх баригч улс төрийн хүчин дахин хагарч бутарснаар нь улс нийгмийн амьдралд ашиг тусаа өгөх билүү? гэдгийг тунгаацгаая, гишүүд ээ.
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ ЭРХ АВСНААС БИШ, МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ ЭРХИЙГ ӨГӨӨГҮЙ
Бид олон түмний итгэлийг хүлээж, Монгол улсын Засгийн газрыг байгуулах эрхийг авсан болохоос биш Монгол Ардын Намын Засгийн газрыг байгуулаагүй. Бид ганхах ёсгүй. Хариуцлага тооцох ёстой бол дотроо тооцъё. Намынхаа асуудлыг нам дотроо л ярилцая.
ХУУЛИЙН АСУУДАЛ ТУСДАА, УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ТУСДАА БАЙГААСАЙ
Хуулийн асуудал тусдаа, улс төрийн асуудал тусдаа байгаасай. Сөрөг хүчнээс нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний сонгуулийн компанит ажлын хар пиарын материалыг хууль хяналтынхны шийдвэрээс урьтаад намынхаа эсрэг сум болгож харваж болохгүй, журмын нөхөд өө. Хуулийн байгууллагын ажлыг улс төрийн нам булаацалдах учиргүй. Энэ үзэгдлээс бол нам маань хоёр хуваагдахдаа туллаа. Засгийн газрыг огцруулах талд нэгд гэнэ нэг хэсэг нь. Нэгдээгүй л бол 60 тэрбумынх гэж тулгана, нөгөө хэсэг нь. Энэ чинь эрүүл үзэгдэл юмуу гэж асууя, нөхдөөсөө. Сонгуулийн үеийн халуурал одоо хүртэл буугаагүй хэвээр. Гишүүд ээ, бид яагаад АН-ын өмнөх алдаанаас суралцаж, сургамж авч болохгүй гэж. Яагаад заавал өөрсдөө алдааг нь давтаж байж ухаарах ёстой гэж. Хуулийн асуудал тусдаа, улс төрийн асуудал тусдаа байгаасай. Намын асуудал тусдаа, улс орны асуудал тусдаа байгаасай. Үнэхээр хууль зөрчсөн бол хууль хяналтын байгууллага нь хариуцлагаа тооцдог, түүнд нь улс төрчид нөлөөлж, удирддаггүй байвал сайнсан.
ЭРХ БАРЬЖ БАЙГАА БАРЬСАН ШИГ БАРИАД, ҮР ДҮНГ НЬ ИРЭХ СОНГУУЛИАР АРД ТҮМНЭЭРЭЭ ДҮГНҮҮЛЬЕ
Засгийн газарт хариуцлага тооцох эрх УИХ-д бий, харин УИХ-ын олонхи цөөнхийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудад хариуцлага тооцох эрх олон нийт, сонгогчдод л бий. 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Ерөнхий сайд П.Жасрай болон Ерөнхий сайд Н.Энхбаяр нарын тэргүүлсэн, ердөө хоёрхон Засгийн газар л бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллаж бусад нам, эвслүүдийн дангаараа болон хамтарсан Засгийн газрууд бүгд хугацаанаасаа өмнө огцорч байсан гашуун түүхийг бид туулсан. Тогтвортой ажилласан хоёр Засгийн газар нь манай намыг эрх барьж байх үед тохиосонд намаараа бахархдаг. Гэтэл УИХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН-ын гишүүд өөрсдийн бүрдүүлсэн Засгийн газраа унагахаар улайрч байна. Ташуур болж явах үүрэгтэй УИХ-ын 65 гишүүнтэй бүлэг маань чөдөр битгий болоосой гэж хүсэх байна. Тогтвортой улс төрийн хүчин гарч ирлээ гэж гадаад орчин хүлээж авсан. Эерэг, таатай уур амьсгал ч бүрдсэн. Улс орноо тогтвортой хөгжүүл гэж МАН-ыг дэмжиж УИХ-д үнэмлэхүй олонхи болгож 65 суудалтай болгож өгсөн. Сонгогч түмэн олон ингэж л итгэж, найдсан. Хариуг нь бид хэрхэн хариулах вэ гэдгээ хамтдаа бодоцгооё. Эдийн засгийн, гадаадын хөрөнгө оруулалтын эерэг үзүүлэлтүүд хаачих вэ? гэдгийг тунгаая, намын гишүүд ээ. Уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Зэсийн үнэ л гэхэд сүүлийн 3 жилийн өсөлтийнхөө дээд хэмжээнд хүрээд байна. Энэ таатай боломжийг улс орны эдийн засагтаа ашигтайгаар ашиглахын төлөө, талцаж муудалгүй, албан тушаал, сандал ширээ ярилгүй, эв эеийг сахиж ажиллахыг Та бүхэндээ уриалж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг ардын сайхан үгээ санацгаая. Сайхан Монгол орноо хамтдаа мандуулцгаая.
Ц.БАТТУЯА