“НИЙТИЙН ӨМЧИЙН ЭМГЭНЭЛ” БУЮУ МОНГОЛ НУТГИЙГ НӨМӨРСӨН БЭЛЧЭЭРИЙН ТАЛХАГДАЛ

2017-09-20  

Төрж өссөн нутагтаа очно гэдэг уг нь хүн бүрийн сэтгэл догдлон хүлээх мөч байдаг биз. Гэвч миний хувьд сүүлийн үед төрсөн нутаг руугаа зүглэх бүрийд сэтгэл түгшдэг болсон...Холын газраас бөмбийн харагдах элсэн толгодын дундуур мяралзан урсах Нарийны гол, хээлэн эмжих зүлэг ногоон ширэг, цэнхэр цэцэгс алаглан ургадаг цахилдагт нутагтаа ээжийнхээ хормойноос зүүгдэн үнээ тугал хариулангаа аргал хомоол түүдэг байсан минь тун саяхан мэт тодхон санагдана. Нутгийн айлуудаар бууж, амар мэндийг нь эрэх зуур өвөө аав, эмээ ээж, аав, ээжийн минь тухай элгэмсүү сайхан дурсамжууд дэлгэхэд өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзэнэ. “Өвөө аав чинь саахалт айлаар бууж мордохдоо морио гэрийн ойролцоох дэрсэнд цулбуураар нь уячихдаг, явахдаа дэрсний толгойг алгаараа зөөлхөн гэгч илбэж байгаа харагддаг сан. Тийм л зөөлөн сэтгэлтэй хүн байж дээ. Нүүх болгондоо бууриа цэмцийтэл цэвэрлэнэ, өнчин гадас ч үлдээхгүй шүү. “Гадас гэдэг чинь газар дэлхийд хатгаж үлдээсэн өргөс шүү дээ” гэдэг байсан. Малдаа мөн ч их хайртай хүн байсан даа. Малаа л гэнэ. Зуны халуун цагаар мал гаргана гэж ер байхгүй. “Хөөрхийс минь хахир хатуу улирлыг зовж давсан юм, нуруу нь тэнийг дээ” гэдэгсэн гээд л ээж минь дурсан ярьдаг сан. Байгаль дэлхийгээ тэгж ихээр хайрлан хамгаалж, өөриймсгөөр ханддаг, тийм л өр зөөлөн хүмүүс байсан болохоор нутаг минь өчнөөн зууны туршид унаган төрхөө алдалгүй хадгалагдан үлдэж, өнөө бидний үе хүрчдээ гэж бодогдоно. Гэтэл өнөө бидний үед байдал их өөрчлөгджээ. Төрсөн нутаг минь одоо танигдахын аргагүй болсон. Зүлэг ногоо нь юу юугүй халцарч тагжраад, суларч хөндийрсөн хөрс нь салхины аясаар нүүдэллэн хунгарлаж, энд тэндгүй элсэн довцогууд үүсч, ургамал ногооны төрөл зүйл ньжил ирэх тусам цөөрч, голын ус нь шимэгдэн нэг л өнгө сүргүй,эргэж тойрох эзэнгүй болсон мэт байхыг нь хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, зүрх сэтгэл шимшрээд байдаг юм. Чөлөөт зах зээл гэж бидний нэрийдэх энэ шинэ нийгэмд авахыг урьтаж, өгөхийг умартсан сэтгэлээр хандах олны хөлд талхагдан доройтсон бэлчээр нутгаа Төрийн бодлогоор хамгаалж хямгадах цаг нь нэгэнт болжээ.2015 онд Монгол орны нийт нутаг бэлчээрийн хэмжээнд хийсэн төлөв байдлын үнэлгээгээр бүх нутгийн 65 хувийнх нь ургамлан нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч, доройтож байгаа гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Эх сурвалж:http://pasture.tsag-agaar.gov.mn/

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын судалгааны үр дүнгээр бэлтгэсэн цэгэн зураглал

Аль ч нутгийн захын малчин, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцахад малын тоо хэт олширч, бэлчээрийн даац хэтэрсэн, үүнээс үүдэн бэлчээр талхагдаж, бүтээмж нь буурч байгаа тухай ярьдаг. Гэвчиг зохицуулах арга хэмжээ авах шаардлага, арга замууд гээд ярих гэхээр нэг үгийн зөрөөгүй тэгсгээд дүйвүүлээд өнгөрөөхийг илүүд үзэх нь үнэхээр урамгүй. Үүний хажуугаар үнэгүй зүйлд нугасгүй хүмүүс бас ашиг хонжоо харах нь энүүхэнд. Бэлчээр үнэгүй, дээр нь харж хандах тусгайлсан байгууллага энэ тэр байдаггүй болохоор эзгүйчлэх хандлагаар өөрсдөө хот суурин газар амьдрах мөртөө хөдөөний хамаатан садандаа ч юмуу эсвэл бүр тусдаа малчин хөлслөн ажиллуулж, хэдэн зуугаар нь мал хадгалах, зарим нэг нь хурдны морь тэжээж тансаглахыг нь хараад ер ойлгохгүй юм.

Өнөө үед бэлчээрийг зохистой ашиглах тухай асуудлыг дэвшүүлэхэд “нүүдэл суудал хязгаарлалаа, болохгүй бүтэхгүй” гэж таамгаар эсэргүүцэгчид их олон. Нөгөө хэсэг хүмүүс нь бэлчээрийн газрын хувьчилбал энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж  туйлширна. Үүний хор уршиг, үр дагавар юу болсныг манай урьд хөршид бий болсонасуудлууд тодорхой харуулж байна шүү дээ. Бэлчээрийн ачаалал, даацыг зохицуулахын тулд мэдээж тухайн бэлчээрт идээшлүүлэх малын тоо толгой, улирал, хоногийг зохицуулах шаардлагатай болно. Үүнийг хэрэгжүүлж чадах гол хүн хүч нь  малчид өөрсдөө л юм.  Урьд нь гурван мал идэж байсан бэлчээрт одоо 15 мал идээшлэж байгааг захын малчид ч,орон нутгийн удирдлагууд ч мэднэ.

Монгол улсын бэлчээрийн талхагдлын шалтгааныг өмч эзэнгүйдэхийн сонгодог жишээ гэж гадаад, дотоодын эрдэмтэд сануулан хэлсээр олон жил өнгөрлөө.  Эдийн засагчид  үүнийг “нийтийн өмчийн эмгэнэл”гэж нэрийдэх бөгөөд онолын үндэслэлийг нь анх 1833 онд Английн эрдэмтэн Вильяам Фостер Ллойд боловсруулж, дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, нийтийн буюу дундын ашиглалтанд байгаа өмчийг ашиглагч бүр зөвхөн өөрийн хувийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сэдлээр хайр найргүй ашиглавал эцсийн дүнд уг дундын өмч нь устаж үгүй болж, бүх ашиглагчид нэгэн адил хохироход хүрнэ гэсэн дүгнэлтийг хийжээ. Вильяам Фостер Ллойд энэхүү онолооо тухайн үеийн Английн тосгодод малчид дундаа ашигладаг бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглах нь зайлшгүй чухал болохыг эсбөгөөс хор уршгийг нь бүгд хүртэхтухай жишээн дээр үндэслэн боловсруулжээ. Тосгоны захиргаа болон малчидхамтран хэлэлцэжтогтоосон журмандаа малчин нэг бүрийн дундын бэлчээрт оруулах малын тоо толгойг тогтоож өгдөг байжээ. Хэрвээ хэн нэг малчин нь өөрт зөвшөөрөгдсөн тооноос илүү тооны малыг дундын бэлчээрт идээшлүүлбэл хамтдаа ашиглаж байгаа бусад малчдынхаа ашиг орлогоос завшсан хэрэг болно. Хэрвээ малчин тус бүр үүнийг ухамсарлахгүйгээр өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор илүү тооны мал бэлчээвэл дундын бэлчээрийн даац хэтэрч, талхагдан,тосгонын бүх малчид бүгдээрээ хохирно гэжээ. Энэ жишгээр бол  манай Монгол орны бэлчээрийн талхагдал доройтлын  гол шалтгаан, үр дагавар нь маш тодорхой байна. Энэхүү зүй тогтлыг гэтэл Англи улсад бараг 200 гаруй жилийн өмнө ажиглаж мэдээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх юм.

Монголд ч гэсэн хамтын эзэмшлийн бэлчээр нутгийгнүүдлийн аж ахуйд зүй зохистой ашиглаж байсан бичигдээгүй олон дүрэм журам, уламжлал мөрдөгдөж ирсэн байдаг. Нэлээн сүүл үед буюу 1940, 1970-аад оны үеийн хамтын эзэмшлийн бэлчээрийн ашиглалт, нүүдэл суудлыг зохион байгуулж байсан аргачлал, хэрэгжүүлсэн туршлагууд олноороо байна. Жишээ нь, С. Магсаржавын бичиж, Бямбын Ренчин гуайн хянан тохиолдуулсан “Бэлчээрийн эдэлбэр газар”, Ц. Намсрайжав гуайн “Бэлчээр ашиглалт, зохион байгуулалт”, Ж. Самбуу гуайн "Ардын нүүд­лийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх", "Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, сургааль" зэрэг номуудад тодорхой өгүүлсэн байдаг. Хожим нь, эдгээр бүтээлүүд дээр суурилан доктор С.Жигжидсүрэн гуай “Бэлчээр ашиглах алтан дүрэм” номыг гаргаж олны хүртээл болгосон байдаг.

Мөн манайхтай ижил төстэй нөхцөлд нийтийн өмчийн бэлчээрийг малчдад хуваан өмчлүүлэхгүйгээр, хэрхэн зохистой ашиглаж болох онолыг дэвшүүлсэн АНУ-ын эрдэмтэн Элеонор Остромын бүтээлийг дэлхий нийт өндрөөр үнэлж, түүнд2005 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал олгосон байна.Түүний онолын үндэслэл зөв зүйтэй болохыг Швейцарьт Альпийн нурууны малчид 500 гаруй жилийн туршдундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зөв зохион байгуулалттай, зүй зохистой ашиглаж ирсэн түүхэн туршлага нотлоно. Элеонор Остром хэд хэдэн орны нийтийн буюу дундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглаж ирсэн туршлагыг харьцуулан судлаад, “нийтийн өмчийн эмгэнэл”-ээс  зайлсхийхэд баримталж хэрэгжүүлбэл зохих нийтлэг долоон зарчмыг олж тогтоожээ. Үүнд:

1. Нийтийн эзэмшлийн газар нутгийн хил хязгаар тодорхой байх

2. Тухайн орон нутгийн хэрэгцээ, нөхцөлд байдалд зохицсон нийтийн эзэмшлийн газар ашиглахдүрэм, журмыг  боловсруулах

3. Эдгээр дүрэм, журмыг боловсруулах, мөрдөх, өөрчлөхөд уг нийтийн эзэмшлийн газрыг ашиглагчид болон бусад бүхий л хамааралтай талуудын оролцоог бүрэн хангах

4. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын гаргасан дүрэм, журмыг төр болон бусад талууд хүлээн зөвшөөрсөн байх

5. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын бүрэн оролцоонд тулгуурласан хяналтын механизмыг бүрдүүлэх, мөрдөх

6. Маргааныг шийдвэрлэх энгийн, өртөг зардал багатай механизм бүрдүүлэх

7. Нийтийн эзэмшлийн газар нутгийг ашиглах хариуцлагын механизмын хэлбэр анхан шатны ашиглагчдад суурилсан, харин бусад оролцогч талууд үүнийг дэмжсэн үйлажиллагаа, зохион байгуулалт хийх

Эдгээр зарчмуудын ихэнх нь Монгол орны дөрвөн цагийн улиралд нутаг бэлчээрээ сэлгэж амраан нүүдэллэн ашиглаж ирсэн,ус, хужир мараа, хадлан тэжээлийн талбай, нөөц бэлчээрээ дундаа зохион байгуулалттайгаар, харилцан найртайзүй зохистойгоор ашиглаж ирсэн малчдынолон зууны уламжлал байгаа учраас манай оронд хэрэгжих бүрэн боломжтой юм.Мэргэжлийн байгууллагуудын хувьд одоо мөрдөж байгаа дүрэм, журмуудаа улам боловсронгуй болгож, ажлаа уялдуулах нэн ялангуяа хэрэгжүүлэх тал дээр хүч хаян ажиллах хэрэгтэй. Эдгээр зарчмуудыг төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулан, хяналт тавихын сацуу хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжвэл бэлчээр нутгийн доройтол, талхагдлын асуудлыг малчдын өөрсдийх нь язгуур эрх ашигт нийцүүлэн, тэдний хүчин чармайлтад түшиглэн иж бүрнээр шийдвэрлэх боломжтой.

Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутаг нь зөвхөн малын бэлчээр болоод зогсохгүй эх газрын хуурай, хуурайвтар хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадварыг хэдэн зуун сая жилийн байгалийн шалгарлын явцад бий болгосон өөрийн өвөрцөц ургамал, хөрс, амьтны бүтэц бүхий, тэр тусмаа дэлхий дээр онгон зэрлэг байдлаа өнөөг хүртэл хэвээр хадгалж чадсан онцлог экосистем учраас энэ байдлаар нь хадгалахын чухлыг гаднысудлаач эрдэмтэд чухалчлан захихыг би олонтоо сонссон. Нөгөөтэйгүүр,Умард Азийн өндөрлөг эх газарт, байгалийн хур тунадас багатай, гадаргын усан хангамж арвин биш, эмзэг хөрстэй манай орны бэлчээр нутгийг урт хугацааны туршид  тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн аж ахуйн маягаар өөрөөр хэлбэл ачааллыг нь тааруулан сэлгэж амрааж ашиглах явдал мөн гэдгийг дэлхийн олон орны эртэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Саяхан АНУ-д хэсэг эрдэмтэд, уул уурхай ид хөгжиж байсан 1960-аад оны үед сүйтгэгдэж ул мөргүй алга болсон хуурай, хуурайвтар тал хээр нутгийн унаган зүйл ургамал, хөрсний төлөв байдлыг манай Монголоос олж харж, ямар өөрчлөлт явагдсаныг суурь түвшинтэй нь харьцуулан судлах боломж гарсан тухай мэдээлсэн. Энэ судалгаан дээр үндэслэн сүйтгэгдэж алга болсон ургамал, хөрсний тогтоц, амьтны аймгийг дахин бий болгоход хэр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдахыг тооцож болох юм байна лээ.

Швейцарийн Цюрих хотын Технологийн дээд сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцах элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөний дараа сургуулийн удирдлага “Байгаль орчны шийдвэрийн судалгааны хүрээлэн”-д харьяалагдан судалгааны ажлаа хийх санал тавихад нэлээн их эргэлзэж билээ. Тэгээд эдийн засгийн ухааны чиглэлээр судалгааны төслөө боловсруулснаа багшдаа сануулан хэлэхэд хариуд нь “Харин ч би чиний төслийг хараад энэ сургуульд орвол ирээдүйтэй юм болов уу гэж бодсон. Учир нь эдийн засгийн үр ашгийн тухай асуудал ямагт байгаль орчинд үзүүлж байгаа эерэг болон сөрөг нөлөөллийг тооцдог болж байгаа. Энэ нь ялангуяа танай Монгол орны хувьд бүр ч чухал асуудал. Монгол орон бол онгон зэрлэг байгалиа харьцангуй сайн хадгалж үлдсэн цөөн орны нэг учраас байгалийн унаган өгөгдлийг баталгаажуулах хамгийн боломжтой газар. Байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж буйг энэ цэгээс судалж тогтооход илүү дөхөмтэй. Гэтэл дэлхийн ихэнх оронд хүний буруутай үйл ажиллагаа болон аж үйлдвэржилтийн нөлөөгөөр байгаль орчин нь маш их өөрчлөгдсөн учраас суурь үнэлгээ тогтоох бараг боломжгүй, яг юутай харьцуулж өөрчлөлтийг хэмжих нь ихэд төвөгтэй асуудал болоод байна. Харин ч эдийн засаг, зах зээлийн үр ашиг талаас нь харвал Монгол орон байгалийн цэвэр жинхэнэ органик үйлдвэрлэл эрхэлж эдийн засгаа хөгжүүлэх боломж бусад орнуудтай харьцуулбал илүү гэж би боддог юм” гэж манай багш хэлсэнсэн.Энэ сургуульд суралцах хугацаандаа Швейцарийн эрдэмтдийн санал болгосончилон, Монголын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутгийн төлөв байдлын өөрчлөлтийг байгалийн унаган өгөгдөлтэйнь харьцуулан үнэлэх, талхагдаж доройтсон бэлчээрийг байгалийн аясаар нөхөн сэргээх боломжийг судлах ажлынонцгой ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож билээ. Ногоон Алт Төслийн хүрээнд бараг найман жил үргэлжилсэн судалгааны үр дүн дээр үндэслэн Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загваруудыг гаргаж, Ус цаг уур байгаль орчны хяналтын албан дээр мэдээллийн баазыг бий болгосон. Үүнийг би Монгол орны бэлчээрийн тооллого гэж нэрлэх дуртай. Бид чинь малаа, хүнээ тоолно. Энэ хоёрыг тэжээж байгаа бэлчээр нутагаа үл тоомсорлон олон жил явлаа шүү дээ. Энэ судалгаагаар доройтож өөрчлөгдсөн бэлчээрийн ихэнх буюу 90 гаруй хувьд ачааллыг нь  бууруулбал байгалийнхаа аясаар сэргэх боломж байгааг олж тогтоосон. Үүнийг Монголын бүхий л байгалийн бүс бүслүүрт хийсэн олон жишээ туршлага нотолж чадна. Жишээ нь, Ховд аймгийн Чандмань суманд малчдад харуулах зорилгоор талхагдаж нэлээн доройтсон хэсэг газрыг хоёр жилгаруйнхугацаанд малын хөлөөс чөлөөлөхөд ургамлын нөмрөг, хөрс ийм ил тодоор сэргэж байгаа юм.

Ховд аймгийн Чандмана сум

Монголын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийхэд бидэнд тусалсан Америк, Швейцарь зэрэг олон орны эртэмтэн судлаачид дэлхийд нэн ховордсон зарим нэг байгалийн хөрс, ургамлын унаган төлөв байдлыг Монголоос олж харж болохыг тогтоосонд би л лав хувьдаа их баярласан.  Харин хэрвээ ашиглалтаа зохицуулж, хяналт тавих арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол жил ирэх тусам олон зүйл бэлчээрийн ургамал үүрд мөнх устаж, элэгдэл хөрсөндөө орж салхи, усны элэгдэлд автаж гүнзгий жалганууд бий болон жинхэнэ утгаараа цөлжинө.

Гэхдээ сүүлийн жилүүдэд яг малчны хотонд нь очиж ажиллан, уйгагүй тайлбарласны үр дүн гарч олон сумын малчид бэлчээр нутгийхаа эрүүл байдлыг хадгалахын төлөө нэгдэж, нутгийн удирдлагатайгаа бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан хичээн ажиллаж байгааг хараад тэд маань нэгэн цагт төрсөн нутгийнхаа унаган төрхийг дахин сэргээж чадна гэх итгэл улам ихээр төрсөөр байгаа. Миний хувьд ч мөн ялгаагүй сэтгэл өвдөхгүйгээр төрсөн нутагтаа өнжин хонон саатаж, унаган төрхөө олж өнгө засахын харан баясаж, өвөө аав, эмээ ээж, аав, ээжийнхээ тухай бүлээн сайхан дурсамжаар сэтгэлээ хөглөн суух сайхан мөчүүд ирнэ гэдэгт итгэсээр л байна.

 

 

 

СУДЛААЧ Ц. ЭНХ-АМГАЛАН 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
sarnai:belcheereee sain hairlah heregtei 2017-10-23
ZOCHIN:HUDUU CHULUU TUUGEED BAIGAA HUMUUSIIG SHALGAH HEREGTEI 2017-10-23
Zolboo:газар нутгааа сайн хайрлаачуу хүмүүсээ энэ хүг дэндлээ 2017-10-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?