Б.ЦОГТГЭРЭЛ: ТӨР НЬ ТӨР ШИГ БИШ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬ МААНЬ МОТОРГҮЙ МАШИН, ЦУЛБУУРГҮЙ АДУУ Л ГЭСЭН ҮГ

2017-09-28  

Өнөөгийн эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэлийг редакцдаа урьж ярилцлаа.

-Таны энэ өдрийн мэндийг эрье. Энэ сард манай нийгэм, улс төрийн амьдрал нэлээд халуухан байна аа даа. Та яаж харж байна ?,

Ардын намд үе солигдож байх шиг байна. Уг нь ахмадууд нь залуусдаа бага багаар байраа тавьж өгдөг байсан бол энэ удаад залуучуудын байгууллагаа байгуулж, удирдаж ирсэн хүн багаараа орж ирэх нөхцөл үүсч байгаагаараа онцлог юм. Мөн засаг огцроод л булагнаж, бүлэглэж байгаад л нэг нь Ерөнхий сайд болдог байсан бол энэ удаад амлаж, гарч ирж байгаа нь үзэгдэл юм. Ингэснээрээ шадар сайд У. Хүрэлсүх нийгмийн асар их итгэлийг дагуулж, дэмжсэн намын нөхдүүддээ томоохон эрсдэл дагуулж, өөртөө асар том хариуцлага үүрч гарч ирлээ л гэж харж байна. Нийгмийн бухимдал, эдийн засгийн байдал, Ерөнхийлөгчийн сонгуулийн нөлөөлөл ч бас түрлэг болсон байх. Би үүнийг их эерэгээр харж байгаа. Яагаад гэхээр өнгөрсөн 20 гаруй жилд өөрчилж чадаагүйг өөрчлөх гэж оролдох эрч хүч, санаачилга, зүтгэл гарах байх гэж найдаж байна. Нийгмийн захиалга гэж хэлж болно.

- Таны хэлснээр их л том амлаж, зориглож, шуударч гарч ирэх шиг боллоо. Томоохон өөрчлөлт, дэвшил гарах болов уу та юу гэж бодож байна ?.

Амаргүй гэдгийг шууд хэлье. Манай нийгэм чинь зэрлэгшиж, анархижсан. Ийм орчинд хэн нэгэн дадал, хэвшлийг нь өөрчлөх гэвэл олон нийт эсэргүүцнэ, хүмүүс дургүй шиг байвал улс төрчид, сөрөг хүчин нь улс төрийн коко авах гээд уралдчихна, хэвлэл мэдээллийнхэн нь сенсацлана, сошиалынхан зүсэн зүйлээр элдэвлэнэ. Дараагийн сонгуулиа бодоод бүр намынхан нь хүртэл эсэргүүцнэ. Дэмжлэг их байвал гуравдугаар ээлжийнхний сэрэл хөдөлж эхэлнэ дээ. Нөгөө приус импортлогчид яалаа. Одоо Хархорин захынхан өлсгөлөн зарлаад байх шиг.

- Таныхаар бол энэ засаг удахгүй дэнжигнэнэ гэх гээд байна аа даа.

Үгүй дээ. Би бол яаж тогтвортой байлгах вэ, яавал хугацаагаа дуустал ажиллах даатгалтай засгийн газар болох юм бол гэдэг талаас нь л бодож байна. Энэ өнцгөөс харвал одоо байгуулахдаа л тогтвортой байлгах механизмаа бий болгож, тохирох хэрэгтэй. Засгийн газрын хуулиар баталгаажуулж, дархлаа суулгаж болох талтай. Томоохон өөрчлөлтөд хүний нийгэм консерватив ханддаг. Улс төрөө даахгүй эргэж буцсан болохоос биш Эрдэнэбатын Засгийн газар 7 татвар нэмэх, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох гээд шийдэмгий зөв арга хэмжээ авах гэж оролдсон юм ш дээ уг нь. Даанч цагаа олоогүй дээрээ мордохын хазгай гэгчээр Мэргэжлийн бус Засаг байгуулсан болохоор үг, үйлдлүүд нь үнэ цэнэгүй цохигдоод байсан юм. Одоо багш, эмч нарын цалин нэмэх, Чингис, Дим Сам бонд гээд том асуудлууд шил шилээ дараад л хүлээж байна. Хармаа хоосон байдаг, хийх ажил, хүсэл, нийгмийн хүлээц, шаардлага хязгааргүй байна.

- Одоо тэгээд яавал дээр гэж үзэж байна? Ямар ажлыг барьж аваасай гэж хүсч байна ?

За тэгээд Ард түмэн минь та бүхэн надад итгэж байвал хоёрхон жил тэсчих гэж гуйхаас л эхлэх байхдаа. Мэдээж хэрэг энэ хооронд юу юуг яаж өөрчлөөд ямар үр дүнд хүрэхээ амлаж таарах байх. Сонгогдсон Ерөнхийлөгч, сонгогдох гэж байгаа Ерөнхий Сайд хоёрт маань юу л байна, эрч хүч байна. Бодлого л зөв байвал түрээд л, зүтгүүлээд л байж дээ.

Төрийн стандардтай болж, хариуцлага сахилга батыг өндөржүүлэх, баялгийн сан байгуулах, монгол ялгарал гээд У.Хүрэлсүхийн гурван тулгуурт бодлого явж таараа.

Харин намын харъяалал хамаарахгүйгээр үндэсний чадварлаг боловсон хүчнээ нэг цөм гэж ойлгож, ашиглах, дайчлах цаг болсон байх, энэ бол улс төрийн шинэ хандлага болох юм.

Мөн хийрхсэн улс төржил, намчирхал талцлаас ангижирч, ахуй амьдралдаа анхаарахад чиглэсэн үзэл суртлын ажил өргөн зохион байгуулах замаар хүмүүсийн хандлагыг өөрчилж, хэрэглээний зардлын эдийн засгаа, орлогын эдийн засаг руу шилжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тансаг хэрэглээгээ хэдэн жил тэвчиж, баялаг бүтээх, үйлдвэрлэх, ажил эрхлэх, орлого олох, хуримтлалтай болоход дээр доргүй анхаардаг болох хэв маягийг хэвшүүлэх юм. Бид чинь ахуй, ухамсар хоёрын аль нь анхдагч вэ гэж үздэг, маргадаг байсан бол ахуй гэж байдаггүй мэт улс төржицгөөж ирлээшдээ.

Хийх ажлын тухайд бол экспорт, импорт хоёроо төр шууд хяналтандаа авч нэг цонхны бодлого явуулах хэрэгтэй, Төр, төртэйгээ зарчим, тоо хэмжээгээ тохир, үнэ, гүйцэтгэлээ хувийнхан хийг. Төр, Тавантолгойнхон, Энержи, МАК бусад томоохон оролцогчид бүгдээс нь оролцуулсан нэг л баг БНХАУ-тай нүүрс экспортлох гэрээгээ хий. Төмөр, зэс, жонш мөн адил. Төр ОХУ-аас импортлох шатахуун, тос тосолгооны материалын үндсэн нөхцлүүдээ тохир, НИК, Шунхлай, Содмонгол, МТ бүрэлдэхүүнд ороод яв. Буудайн импортлох багийг мөн л төр, Алтан тариа, УБ гурил, Милл хаусаа оролцуул. Хамгийн гол нь өрсөлдөж импортын барааны үнийг өсгөдөг, уралдаж экспортын үнээ унагадагийг зогсоох хэрэгтэй.  

Мал ахуйтан орны хувьд ХАА–гаа бүтэн циклээр нь харж бодлогоо боловсруулж, доноруудтай цогцоор хөгжүүлэх хөтөлбөр боловсруулмаар байна. Үхэр сүргээ бүрэн ээмэгжүүлэх замаар халдварт өвчний гарал үүсэл, мөшгөн тогтоох асуудлаа хяналтандаа авах замаар мах экспортлох суурь нөхцлийг бүрдүүлэх нь чухал.

Төв банкны бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зуучлалын хүүг багасгах замаар бизнес эрхлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлага маш их байгаа. Орон сууцны ипотекийн зээл, автомашины лизинг өрхийн ахуй амьдрал, цаашилбал улсын гадаад худалдааны тэнцэлд сөргөөр үл нөлөөлөх санхүү, худалдан авалтын схем бий болгох, дэд бүтцийн ВОТ төслүүдийг шууд эхлүүлэх, шинэ нисэх буудлын орчимд ХАБ смарт хот байгуулах, геологи хайгуулын хяналтыг сайжруулж, улсын хэмжээнд чөлөөтэй бүрэн хийх бололцоог бүрдүүлж, харин олборлолтыг улс, бүс нутгийн төлөвлөлтөд оруулах, нэг бассейн нэг төсөл зарчмаар Засгийн газраас ашиглах эрх олгодог болох, үйлдвэр төрүүлэгч эх үйлдвэрүүдийг дэмжих, уул уурхайн ханган нийлүүлэлтийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд чухал ажлуудыг цаг алдалгүй хийгээсэй л гэж хүсч байна. Мэдээж хэрэг таван толгойн төмөр зам, цахилгаан станц төслүүдийг гацаанаас гаргах хэрэгтэй гээд яриад байвал наян юм хэлж болно.  Зураг Экспорт импорт 1, Уламжлалт үйлдвэрлэлийн цикл 365, банк,

- Та эх үйлдвэрүүд, уул уурхайн ханган нийлүүлэлтийн үйлдвэрүүд гэж ярилаа, үүнийгээ тодруулахгүй юу.

Эх үйлдвэр гэж тухайлбал манайд лаазны үйлдвэр баригдчихвал түүнийг хэрэглэн махан консерв, ногоо, жимсний нөөшүүд, тос, тосолгооны материал, будаг, химийн бүтээгдэхүүнүүд савладаг үйлдвэрүүд гэх мэтээр шинэ бүтээгдэхүүн гаргах, зуу, зуун үйлдвэр бий болох юм.  

Ингэж байж нөгөө бренд, экспорт энэ тэр чинь хөгжинө шүү дээ. Манайхан газар ухсан зооринд ач холбогдол өгөөд байдаг гэтэл савлагаа бол хамгийн найдвартай, зоорь, удаан хадгалах арга, бас хэрэглэгчид хүрэх, экспортод гарах дөт зам гэдгийг ойлгохгүй, хийхгүй байгаа. Шилний үйлдвэр, лаазны үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр, төмрийн үйлдвэр, нефтийн үйлдвэр бүгд ээж үйлдвэрүүд, олон зуун жижиг, дунд үйлдвэр, олон зуун мянган ажлын байр бий болгох ээжүүд юм. Уул уурхайн ханган нийлүүлэлтийн үйлдвэр гэж та асууж байна. Юм үйлдвэрлэхийг газар сайгүй шийдчихсэн гэж ойлгож болно. Ялангуяа манай урд хөрш ямар ч юмны загварыг л олоод авчих, харчих юм бол сарын дотор үйлдвэрлэчихдэг боллоо. Тэгэхээр нэг номерийн асуудал хэнд борлуулах, ямар зах зээлд гаргах вэ гэдэг нь хамгийн чухал.

Оюу Толгой, Эрдэнэт, зэрэг том уул уурхайн үйлдвэрүүд бол хамгийн найдвартай худалдан авагчид мөн. Цаашид ийм үйлдвэрүүд Монголд улам олон болно. Бүгд л ойролцоо төрөл зүйлийн, стандардын бүтээгдэхүүн худалдан авдаг, үүнийг дотоодоос ханган нийлүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулах нь хүнд, хөнгөн үйлдвэрийн салбар хариуцах хүний шууд барьж авах зорилт мөн. Төрийн бодлого, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд үүнийг л тохирох хэрэгтэй. Тэр шаар, ширмэн бүтээгдэхүүнүүд, шохой, төмөр хийцүүд, барилгын материал гээд хэдэн зуун нэр төрлийн бүтээгдэхүүн байна.  Лааз кластер

- Та саяхан VTV гээр орохдоо Статистик боловсролоос Амьжиргааны боловсрол руу шилжих хэрэгтэй гэсэн зүйл ярьсан, энэ чинь олны анхаарал их татаад байгаа. Үүнийгээ тодруулж өгөх үү ?

Манай улсад төр нь тоо, үзүүлэлтэд ач холбогдол өгөөд, боловсролын байгууллагууд нь оршин тогтнох, хөрөнгө мөнгө, орлоготоо анхаардаг, суралцагсад нь диплом, гэрчилгээ л олж авахыг л гол болгодог болоод удаж байна.

Монгол хүний идэвхтэй амьдралын хугацаа европ хүнийхээс бараг хоёр дахин бага, манай залуусын сургууль төгсөх, ажилд орох, гэр бүл болох хугацаа 24-26 нас орчимд давхцаж байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр оюутны зээлээсээ гарч чадалгүй ахуйн цалингийн зээл рүү шилжиж, хүүхэдтэй, зээлтэй хүүхдүүд болж хувирч байгаа юм. Ингэснээр тэтгэврийн зээлд золгох магадлал 90 хувь болно.

Гэтэл хөгжингүй орны залуус, амьжиргаандаа анхаарч 15-16 наснаас орлогтойгоо золгож, 30 дөхсөн насандаа хуримтлалтайгаар гэр бүл болж, 70-75 нас хүртлээ идэвхтэй хөдөлмөрлөж байна. Тэгэхээр амьжиргааны боловсролын ач холбогдлыг ойлговол 25 настай залуус 1-р ангиасаа ажилд ортлоо 100 сая төгрөг үрээд зээлтэй золгохын оронд, өдий насандаа орлогын эх үүсвэртэй болчихсон амьдралаа аваад явах хуримтлалтай байх бололцоотой юм.  Нөгөөтэйгүүр бүх хүүхэд 12 дугаар анги төгсөх шаардлагагүй, өөр өөрийн замаар амжилтын оргилд хүрч болно. Дээд зэргээр мэргэшиж бас болно гэдгийг л ойлгуулах санаатай юм. Хоёр ч сургуулийн багш, суралцагсадтай, нэлээд олон залууст яриа хийж санал солилцсон одоогоор бүгд л дэмжээд байгаа.

- Танай намаас хэдэн жилийн өмнө 5-р Үндсэн хуулийн төсөл гээд хэлэлцүүлэг хийж байсан. Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хуваарьтай. Та сошиалаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулах мэдээлэл гээд фэйсбүүкээр цуврал хичээл маягийн контент явуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт нийгмийн өмнө тулгамдсан гол асуудал уу?, Ер нь өөрчлөлт явах уу?

Яах аргагүй хойшлуулашгүй асуудал. Та бид бүгд мэдэж байгаа, өнгөрсөн 25 жил ярьсан цахилгаан станцууд, төмөр зам, нефтийн үйлдвэр, зэс хайлуулах, төв цэвэрлэх байгууламж, төмрийн үйлдвэр, чөлөөт бүс, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт болсон юм байна уу ? Алга байгаа биз дээ. Спорт цогцолбор, музей, театр бол бүр баяртай. Уралдаж хусахаа л бодохоос, улс нийтийн эрх ашгийг бодох завгүй болгож байна. Энэ бүгд чинь улсын ахуйг удирдах, эдээр засаглах төрийн байгуулагдаж байгаа хэлбэр, бодлого, үйл ажиллагаатай шууд хамаатай.

Төрийн удирдлагын онолд  Хөгжүүлэгч Төр Developmental state, Дээрэмчин Төр Predatory state  гэсэн ойлголт байдаг. Манай төр бол нураагч, дээрэмчин Төр болсон. Stewen Fish гэдэг эрдэмтэн 2001 онд Inner Asian Anomaly судалгаандаа Монгол бол төрөө шатаах тоглоомоор тоглосон улс гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Төр бол Үндсэн хуулийг амилуулагч нь юм. Төр шиг төргүй бол Үндсэн хууль моторгүй машин, цулбуургүй адуу л гэсэн үг. Үндсэн хууль бол тусгаар тогтнолын нийгмийн гэрээ төдийгүй, тухайн ард түмний хөгжил дэвшлийн үзэл баримтлал, хөтөлбөрийн тунхаг юм. Хөтөч нь Төр. Одоо бид хөтөчгүй, Морь унасан толгойгүй хүн шиг л давхицгаана. Тийм учраас 

Хөгжүүлэгч хүчирхэг Төртэй

Хөгжсөн, хариуцлагатай Ардчилалтай

Чирдэг мэргэжсэн Түмэнтэй

Чинээлэг буман Өрхтэй болохын төлөө Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсоон.

 

- Бидний урилгыг хүлээн авч, цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэхийг ерөөе. 

 

 

 

Ярилцсан Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоригоо:Сайн ярилц**** болжээ 2017-09-28
Мэдрээ:Маш конструктивный зүйл ярьжээ 2017-09-28
Занаа:Гаргалгаа юм биш үү 2017-09-28
Цэцэгээ:Хүрэлсүхэд өгөх шипи ч юм шиг 2017-09-28
Гангаа:Санал нэг байна 2017-09-28
zochin:DEMJIJ BNA 2017-09-29
zochin :SANAL NEG BAINA 2017-09-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?