Я. ПҮРВЭЭ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙРЫН ИРЭЭДҮЙД ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ

2017-10-04  

Монголын эдийн засгийг сүүлийн 40 жил нуруундаа үүрч ирсэн Эрдэнэт Үйлдвэр ирэх 15 жилийн хөгжлийн концепцоо боловсруулжээ. Концепцийн шигтгээ нь Эрдэнэт үйлдвэр ойрын ирээдүйд зэс үйлдвэрлэдэг болно гэж мэргэжилтнүүд онцолж байна. Жилдээ 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан Эрдэнэт үйлдвэр хүчин чадлаа нэмж өнөөдөр 31 сая тонн хүдэр боловсруулдаг. "Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн гол чиглэл нь хүдэр дэх агуулга буурахтай холбогдуулан үйлдвэрлэн гаргаж байгаа металлын хэмжээг тогтоон барих, үүний тулд боловсруулах хүчин чадлаа өсгөх, үйлдвэрээ өргөтгөх үйл ажиллагаанд төвлөрч байсан. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаа нэмэгдүүлэх ажилд түлхүү анхаарч, зардлын асуудлыг орхигдуулсан тал ажиглагддаг" гэж ерөнхий захирал Бадамсүрэнгийн ажлын албаны зөвлөх Я.Пүрвээ онцолж байна.

Эрдэнэт Үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дэлхийд өрсөлдөхийг ч зорилгоо болгосон байна. Зах зээлээ тэлж өргөжүүлэхийн тулд өрсөлдөх чадвараа ч дээшлүүлэх ажлыг эхлүүлжээ. Тиймээс, дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулбал Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний зардал нэлээд өндөр буюу 12 ам.доллар байсныг 7 ам.доллар болгож бууруулах ажлыг Бадамсүрэн захиралтай удирдлагын шинэ баг хэрэгжүүлж амжсан нь богино хугацаанд хийж гүйцэтгэсэн ололт амжилт юм. Дэлхийд өрсөлдөхийн тулд бүтээгдэхүүний өөрийн өртгийг 6 доллараас ч буулгах зорилго тавьсан байна. Энэ зорилгын хүрээнд, Эрдэнэт Үйлдвэрийн Бадамсүрэн захиралтай удирдлагын шинэ багийн хувьд үйлдвэрийн хүчин чадлыг өсгөхийн зэрэгцээ, хамгийн гол нь өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан байна. Онолын хувьд жилд боловсруулах хүдрийн хэмжээг 50 – 100 сая тоннд хүргэж болно. Гэхдээ 34-35 сая тонн зэсийн хүдэр боловсруулах нь хамгийн оновчтой хувилбар гэдэг судалгаа тооцоог гаргасан байна .

Судалгаан дээр үндэслэн Эрдэнэт үйлдвэрийг цаашид эрчимтэй хөгжүүлэх 15 жилийн удаан хугацааны тогтвортой хөгжлийн концепцийг боловсруулсан байна. Үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг хангах, хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалын тээврийн систем нэвтрүүлэх, баяжуулах фабрикт хүдэр бэлтгэлийн өндөр хүчин чадалтай шугамыг ашиглалтанд оруулах, хөвүүлэн баяжуулах хэсэгт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, зөвхөн үйлдвэрийн шаардлагатай сэлбэг хэрэгсэлээр зогсохгүй Монгол улсад импортоор оруулж ирдэг эд анги, сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлэх зорилгоор засвар механикийн заводын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх ач холбогдол бүхий олон төслийг тусгасан байна. Үүнээс гадна уусган баяжуулах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх, зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төслүүд ч тусгагдсан болно. Ирэх он жилүүдэд хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлсний нэг нь уусган баяжуулах үйлдвэр барьж байгуулах төсөл юм. Яг энэ асуудлаар Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн ерөнхий захирал Бадамсүрэнгийн Ажлын албаны зөвлөх, монгол улсын зөвлөх инженер Я.Пүрвээтэй уулзаж, тодруулга авснаа хүргэе.

Эрдэнэт Үйлдвэр ойрын ирээдүйд цэвэр зэс үйлдвэрлэдэг болох нь?

- Эрдэнэт үйлдвэрийг тойроод уусган баяжуулалтын аргаар катодын зэс үйлдвэрлэдэг Эрдмин, Ачит ихт зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эрхэлдэг. Мөн Зэс Эрдэнийн Хувь компани ч ийм технологиор үйлдвэр байгуулахаар яригдаж байна. Дээрх компаниуд бүгд хувийн компаниуд. Тэгэхээр исэлдсэн болон захын агуулгатай, ядуу хүдрээ уусган баяжуулж, ийм үйлдвэрийг " Эрдэнэт үйлдвэр" дэргэдээ яагаад барьж болохгүй гэж. Тооцоо судалгаагаар 2017-2031 онд 0,386 хувийн агуулгатай 212 мянган тонн зэс агуулсан 160 сая тонн исэлдсэн хүдэр олборлоно. Энэ бол Баяжуулах үйлдвэрт боловсруулагдахгүй хүдэр. Үүн дээр ядуу агуулгатай хүдэр нэмэгдэнэ. Орчин үеийн уусган баяжуулах технологийг нэвтрүүлж, катодын зэс үйлдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ийм үндэслэлээр “Уусган баяжуулах технологиор исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх” төслийг хөгжлийн 15 жилийн төлөвлөгөөнд тусгаж өгсөн.

 Уусган баяжуулах технологи бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар гарах үр дүн, түүний өгөөж, давуу талыг тодорхойлно уу? Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Уусган баяжуулах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх төсөл нь хөрөнгө оруулалт ихээр шаардахгүй харьцангуй хямд төсөл юм. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад, яамны техникийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Нуруулдан уусгах технологиор ажиллана гэж төлөвлөж тусгасан. Урьдчилсан байдлаар Уусган баяжуулах үйлдвэр барих талбайгаа сонгосон. Тус технологи нь байгальд орчинд учруулах сөрөг нөлөө багатай, металл авалт өндөртэй, нөөц баялагаа бүрэн дүүрэн ашиглах давуу талтай. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор " Эрдэнэт Үйлдвэр"-ийн ашиг орлого нэмэгдэнэ. Мөн олон тооны байнгын ажлын байр бий болно.

 Төслийн ажил хэзээ эхлэх вэ? Бэлтгэл ажлын явц ямар байна вэ?

- Энэ бол удирдлагын багаас боловсруулсан концепци. Бүх судалгаа, төсөв тооцоог гаргасан.Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана. Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Уусган баяжуулах үйлдвэр" барих төслийг дэмжсэн тохиолдолд энэ төсөл шууд хэрэгжих боломжтой. Шийдвэр гарсан тохиолдолд ажлын зураг хийлгэж, ажилдаа ороход бэлэн. 2017 онд бэлтгэл ажлаа эхлүүлж, 2019 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулах боломжтой. Мөн зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд цаашид хүхрийн хүчлийг яаж ашиглах болон төслийг хэрэгжүүлэх судалгаа ч хийгдэж байна. Сайхан мэдээ дуулгасан танд баярлалаа. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийг ерөөе.

 

 

Ярилцсан Ц.БАЛЖИННЯМ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
олон ардчилал:катодын 99,998 зэс үйлдэрлээд 10 гаруй жил болж байгаа ш дээ... 2017-10-05
баагий : Эрдэнэт үйлдвэр ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭНГИЙН дэргэдэх мэргэшсэн турш****тай инженерүүдээс бүрдсэн зөвлөх багийн гүйцэтгэсэн 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал МОНГОЛ УЛСЫН хөгжилд томоохон хувь оруулах, дэмжмээр ажил юм. Бүтээлч хамт олонд баяр хүргэе. 2017-10-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?