Б.БАТГЭРЭЛ : ГУРВАН САЯ ИРГЭНИЙ ОРЛОГО ИРЭЭДҮЙН АСУУДАЛ БОЛОХООР МОНГОЛ ХҮН БҮРТ ХАМААТАЙ ЮМ...

2017-11-14  

Ц.Х : Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр үндэстэний брэндийн талаар тогтмол мэдээ, мэдээлэл гарах боллоо. Энэ байгууллага яагаад байгуулагдах болов? Та энэ талаараа уншигчдад маань ярьж өгнө үү хэмээн эхнийхээ асуултыг тавимаар санагдлаа. 

Б.Батгэрэл : Баярлалаа, танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай үндэсний брэндийн зөвлөл нь хэдийгээр 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч энэ байгууллагыг байгуулахаас өмнө миний бие БНСУ-д худалдааны төлөөлөгчөөр 2004 онд томилогдон ажиллаж байх үеэсээ улс үндэстэн яаж хөгждөг, тэдний хөгжлийн нууцыг олохыг хичээдэг байсан. Тэр нь яван явсаар улс орнууд үндэстэний брэндээ тодруулж өөрсдийн бусдаас ялгарах онцлогийг судалгааны үндсэн дээр тогтоосноор хөгждөг болохыг орон орны судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллахдаа ойлгосон. Тиймдээ ч энэ сэдвээр илүү нухацтай судлан суралцаж эх орондоо эргэн ирсэнээс хойш 4-5 жилийн турш сэтгэл зүрхээ зориулан Монголдоо нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг юм.

Ц.Х : Танай Монголын үндэсний брэндийн зөвлөл буюу англиар Nation brand, National brand, Mongolian national branding council гэх мэтчилэн ойлголтууд ихээр явж байна. Энэхүү ойлголтуудын ялгааг гаргаж тайлбарлаж өгнө үү.

Б.Батгэрэл : Манай байгууллагын нэр бол Монголын үндэсний брэндийн зөвлөл. Англи хэл дээр Mongolian national branding council. “Nation Branding” гэдэг ойлголтыг 1900-ээд оны сүүлчээс Английн PR судлаач Саймон Анхолт (Simon Anholt) судалгаандаа тусгаснаар бий болсон. Анхолтын номонд “Nation болон National Branding” гэдэг хэллэгийг аль алинийг нь хэрэглэдэг юм. Ялангуяа англи хэлээр ярьдаг үндэстнүүдэд дээрх үгсийн хувьд агуулгын ялгаа байхгүй. Хэл шинжлэлийн үг хэллэг гэхээс илүүтэй монголчууд бид агуулгандаа анхаарах хэрэгтэй. Манай байгууллагыг өөрөөр “Сouncil on Mongolia nation branding” гэж ч хөрвүүлж болох. Тэглээ гээд зарчмын ямар ч ялгаагүй. Бидний гол зорилго хийж байгаа ажилдаа анхаарч урагш харан явах нь л чухал. Бидэнд үр дүн л хэрэгтэй.

Ц.Х : Таны ярилцлаганаас үзэхэд үндэстэний брэндээ тодруулахад Монгол Улсын язгуур чанар бүхий түлхүүр үгийг хайж байгаа гэсэн. Гэхдээ миний бодлоор зүгээр л цээжнийхээ пангаар “морьтон”, “нүүдэлчин” гээд хэлчихэж болдоггүй юм уу? Угаасаа л бидний язгуур чанар энэ юм биш үү?

Б.Батгэрэл : Мэдээж хөнгөхөнөөр сэтгэвэл бид морьтон, нүүдэлчин мөн. Гэхдээ энэ бол зөвхөн бидний л бодол. Монгол Улсыг нэг өрх айл гэж бодвол манайд багадаа жилд 1 сая жуулчин ирж байж улс орны эдийн засаг идэвхижиж сайжирна. Тэгвэл бидний зорилго “Би ийм. Бид ийм” гээд л гараа хумхиад өөрсдийнхөө бодлыг зөв гээд суугаад л байвал 30 жил, 50 жил, 100 жилийн дараа ч бахь байдгаараа л байна. Хүн гэртээ зочин урихдаа эхнэр нь хоолоо бэлдэж, хүүхдүүд нь гэрээ цэвэрлэж бэлддэгтэй яг адил улс орон олон жуулчин, хөрөнгө оруулагчдыг татахдаа бидний мэддэг миний улс гэхээсээ илүү гаднаас ирэх зочдын сэтгэгдэл, бодлыг судлаж байж сул талаа давуу тал болгох нь хамгийн эхний ажил байдаг. Гэтэл дэлхийн 200 гаруй улс орны хэдэн хувь нь биднийг мэддэг юм бол? Та юу гэж бодож байна.

Ц.Х : Би лав сайн мэддэггүй байх гэж бодож байна. Ер нь ийм судалгааг хийж байгаагүй учраас ерөнхий тойм маягаар, ёстой л таны хэлдгээр миний л бодлоор гэж хариулах хүмүүс их байх.

Б.Батгэрэл : Зорилтот 6 улсад хийсэн судалгаагаар Монголын талаар мэддэг үү гэсэн асуултанд 20% нь мэддэг, 80% нь мэдэхгүй гэж хариулсан. Бүр 20% дотроо Ар Монгол, Өвөр Монголоо ч ялгахгүй байгаа нь манай улсын өнөөгийн бодит дүр төрх. Бусдад танигдаагүй байгаа шалтгаан нь үндэстэнийхээ брэндээ өдий болтол тодруулаагүй, зохицуулах нэгдмэл системгүй, зорилтот зах зээл дээрээ тогтмол сурталчлан таниулдаггүй, төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоогүй ажилладагтай шууд холбоотой. Монголыг  мэдэхгүй, танихгүй байна гэдэг нь манай эдийн засгийн сэргэлтэнд том саад болж байгаа юм.

Ц.Х : Нээрээ бодсон чинь гадаадын улс орнуудаас өөрийн орны талаар судалгаа хийх нь нүсэр ажил юм шиг санагдлаа. Танайх 30 улсад судалгаа хийсэн гэсэн. Миний бодлоор зорилтот зах зээл дээрээ тоглоход л болох биш үү?

Б.Батгэрэл : Бидний ажлыг дэлхийн гүрэн дамнасан компани хамтран гүйцэтгэж байгаа. Энэхүү байгууллага нь 1952 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй олон улсад брэндинг хийж байсан арвин туршлагатай, мэргэжлийн баг хамт олон юм. Дашрамд дурьдахад БНСУ-ын И Мён Пак ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан Үндэсний брэндийн хороонд зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс бидэнтэй хамт ажиллаж байгаа. Ер нь судалгаанаас харахад ерөнхийлөгчийн засаглалтай улс орон ерөнхийлөгчийнхөө дэргэд, парламентийн засаглалтай улс оронд ерөнхий сайдынхаа дэргэд ихэвчлэн байгуулагдан ажилласан байдаг.

Бидний хувьд эхлээд 30 улс оронд имиж, дүр төрхийн судалгаа явуулж дараа нь ОХУ, БНХАУ, АНУ, ИБУИНВУ, БНСУ, Япон зэрэг зорилтот улсууддаа Монгол Улсын талаарх суурь судалгаа, Монгол Улсын 9 дүүргийн ард иргэд, 21 аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, байгаль орчин, аялал жуулчлал болон соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс ярилцлага (FGI), манай ажлын албаны дэргэдэх эрдэмтэн мэргэд, судлаач, гадаад дахь Монголчуудын төлөөлөл, Монголч эрдэмтэд мөн соёл урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн зөвлөхүүдийн хэлэлцүүлэг, зөвлөх компанийн 30 улс дахь 67 салбарын 6000 брэндийн мэргэжилтнүүдээс шат дараалсан судалгааг байнга явуулж байна.  Энэхүү нүсэр ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа маань 65 жилийн түүхтэй гүрэн дамнасан компани, түүний мэргэжлийн багтай хийсэн ажлын үр дүн юм. Бас л миний бодлоор гээд хийж байгаа ажлын дундаас өм цөм ойлголт аваад байх юм бол ямар ч ажлын үр дүнг үзэлгүй зогсоох том саад болдог. Үндэстэний брэндийг гаргана гэдэг маань өөрөө шинжлэх ухаан байдаг. Судалгааны үйл явц, дэс дараа гэж байх ёстой. Хэрэв бид өөрсдийн үзсэн харсанаа зөв гэж бодоод муйхраар бусдыг шүүмжилж дор дорноо ямар ч замбараагүй бодсоноо хийж болдог байсан бол ер нь заавал сурч судлахгүйгээр бүх зүйлийг бүтээж болох байсан байх л даа.(инээв)

Ц.Х : Таны ихэнхи ярилцлагад Монгол гэх үндэстэний брэндийг бий болгох үүнийхээ нөлөөн дор экспортоо өсгөж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж жуулчдыг нэмэгдүүлэх гэсэн агуулга их байдаг. Түрүүн ч бас та Монгол Улс  танигдаагүй байгаа шалтгаан манай эдийн засгийн сэргэлтэнд том саад болж байгаа гэсэн. Тэгвэл өдийг хүртэл бүтээлч үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэгчидийн маань нөр их хөдөлмөр яагаад Монголыг үсрэнгүй хөгжилд хөтлөж чадахгүй байна вэ?

Б.Батгэрэл : Мэдээж өнөөдрийг хүртэл хувийн хэвшлийнхэн маань нуруундаа маш их ачаалал үүрч ирсэн нь үнэн. Ямарваа нэгэн улсын үндэстэний брэндийн үнэ цэнэ доогуур байх тусам ДНБ нь доогуур байдаг байна. Дэлхий дээр үндэстэний брэндийн индексээрээ хүн ам, газарзүйн байршилаасаа үл хамааран өөрийн бусдаас ялгарах онцлогоо тодорхойлж бусдад хэр танигдсанаараа улс орны хөгжлийн түвшинг тодорхойлж болдог болжээ. Энэ нь Монгол Улсыг хэр их олон улс орон эерэгээр мэдэж таниж байна, тэр хэрээр Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр олон хүнд хүрнэ гэсэн үг. Дэлхий дээр ДНБ-ээрээ нэгдүгээрт ордог улс бол АНУ. Яагаад гэвэл АНУ-ыг мэддэггүй хүн гэж байхгүй шүү дээ.  

Мөн “Creaive” буюу бүтээж л байвал болно гэсэн ойлголт тун буруу юм. Яагаад гэвэл Монгол Улсыг төлөөлөх бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахаасаа өмнө эхлээд дотооддоо олон талын стандарт, шаардлага хангасан, чанартайг нь шалгаруулж тодруулах нь зөв юм. Хэрэв чанаргүй, шаардлага хангаагүй зүйлийг сурталчилбал сөрөг үр дүнг авчирах нь зайлшгүй.

Ц.Х : Тэгвэл уриа үг, логогоор орлого олох уу гэж зарим нэг хүмүүс бодож байна?

Б.Батгэрэл : Монгол Улс хөгжих шаардлагатай юу, эдийн засаг минь дахин сэргэх хэрэгтэй юу гэвэл, мэдээж тийм. Үүн дээр санал нийлж байгаа юм бол дэлхийн бусад улс орнуудын амжилттай жишээг судлаж зөвхөн Монголын нөхцөлд хэрэгжиж болохуйц хөгжлийн арга замыг хайх нь дамжиггүй юм. Бусад нь хөгжиж дэвжээд байхад яагаад бид хийж чадахгүй гэж өөрийн эрхгүй бодогдох ёстой. Та 200 гаран улс орны хүмүүсийн анхаарлыг яаж татах вэ? Тийм олон зүйл ярих боломж бидэнд хомс. Учир нь хөгжингүй улс орны нэг хүнд өдөрт 2000-5000 реклам сурталчилгаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.Түүнийгээ 200 гаруй улсын хүн амдаа үржүүлбэл ямар их тоо гарах бол. 200 гаруй ном дундаас нэг л номыг та нэг дүрслэлийг харж, нэг үгэнд л татагдаж сонгодогтой адил юм. Уриа үг, логогоор мөнгө олдоггүй юм гэж бодож байгаа бол  энэхүү шинжлэх ухааны талаар ойлголт хомс байна гэж хэлмээр байна. Бас зарим нэг хүний ярьж байгаагаар сонирхолтой концепци, сэтгэл гижигдэм стори тэллинг буюу яриагаар бусдыг татах нь зөв хэдий ч энэ нь түлхүүр үг, язгуур дүр төрх, уриа үгийг боловсруулах үйл явцын дараах сурталчлан таниулах төлөвлөгөөнд тусгагддаг нэг жижиг хэсэг юм.

Ц.Х :  Таныг нэг сайт дээр БНСУ-д 15 жил амьдарч Монгол бүсгүйчүүдийг Солонгос хүнтэй гэр бүл болгох ажилд идэвхийлэн зүтгэж байсан “Монгол гэргий” клуб, “Далайн салхи” нийгэмлэгийн тэргүүн, БНСУ дахь Монгол оюутны холбооны дарга зэрэг албыг хашиж байсан гэсэн. Та БНСУ-д байхдаа үнэхээр Монгол эмэгтэйчүүдийг Солонгос хүмүүст зуучилж байсан юм уу?

Б.Батгэрэл : (Инээв) Би Монгол Улсын маш олон төрийн болон хувийн хэвшлүүдийн төлөөлөгчийг хийж ирсэн. Миний бие 1994 онд анх удаа БНСУ-д хөл тавьж байсан. Оюутан байх цагаасаа эхлэн Солонгост хараар болон гэрээгээр ажилладаг байсан олон хүнд хэлтэй устай хүнийхээ хувиар туслаж ирсэн. Олон зовж, зүдэрсэн хүмүүст орчуулга хийж явахдаа Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгийг тухайн үед Солонгост ажиллах хүч гаргадаг байсан “Монгол ньюс” компанийн Солонгос дахь төлөөлөгч Зоригоо ахтай хамтран анх 2004 онд байгуулж байсан юм. Бид Солонгост албан ёсоор томилогдсон байгууллагуудын төлөөлөл болох цөөхөн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Түүнээс хойш бидний ажил өргөжин Монгол Солонгоын харилцаанд хувь нэмрээ оруулсан томоохон арга хэмжээнүүдийг хоёр улсын төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсаар ирсэн. Бидний хамгийн том хийсэн ажлуудаас цухас дурьдвал,                  2010-2012 оны хооронд “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд жил бүр                                  БНСУ-ын 7 хотоор тойрон тухайн үед 35000 байсан Монголчуудаа эх орондоо эргэн ирэхэд нь зориулж “Ажлын байр-орон сууц” хөтөлбөрийг Монголын төрийн байгууллага, банк, ажил олгогч нарын бүрэлдэхүүнтэй үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан. Үр дүнд нь 2015 оны байдлаар БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монголчуудын тоо 25000 болтлоо буурсан. Тэднийгээ түүчээлэн би өөрөө 2012 онд эх орондоо бүр мөсөн ирсэн юм.

2004 онд Монгол эмэгтэйчүүд Солонгос хүнтэй гэр бүл болох асуудалд Солонгосын төрийн зүгээс ямарваа нэгэн хараа хяналт тавьдаггүй байсан нь үнэн. Гэхдээ одоо бол төрийн бодлогод нь бүрэн суусан байдаг. Тухайн үед бидний зүгээс хийж чадах зүйл бол Азийн сангийн БНСУ дахь салбартай хамтран судалгааны үндсэн дээр Солонгос хүнтэй гэр бүл болсон Монгол эмэгтэйчүүдийг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлэх байсан юм. Бид Монгол эмэгтэйчүүдийг Солонгосчуудад зуучлах ажлыг таслан зогсоохын тулд ажиллаж байсан. Жишээлбэл, нээлттэй утас ажиллуулах, сэтгэлзүйн дарамтанд орсон эмэгтэйчүүдтэй уулзаж дэмжлэг үзүүлэх, Монголруу буцаах гэх мэт ажлыг гардан зохион байгуулж байсан. Хэрэв миний талаар бичих гэж байгаа бол сайн судал гэж хэлмээр байна. БНСУ-ын төр засаг, цагаачлалын алба, хүчний байгууллагууд, Монголын элчин сайдын яамтай хамгийн түрүүнд уулзаж Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь “Далайн салхи” байсан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Энэ бүх ажлыг сайн дураараа, өөрийнхөө зардлаар зөвхөн эх орон, элэг нэгтнээ гэх сэтгэлээр л хийдэг байлаа.

Миний гадаадад сурч, ажиллаж байсныг шүүмжилж муулах нь гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголын мянга мянган залуучуудыг доромжилж байгаагаас ялгаагүй. Энэ бүхэн хэн нэгний хувийн ашиг сонирхол, ахархан бодол гэж харж байна. Ялангуяа ямар ч үндэслэлгүй хүний нэр хүндэд халдаж гутаан доромжлох нь хуулийн заалттай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ер нь хөдөлмөрлөж байгаа хүний хөлс дусаж байхад шүүмжилж байгаа хүний шүлс үсчиж байдаг. Яг ийм төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн туршлага, мэдлэггүй хүн дураараа шүүмжлэх эрхгүй гэж бодож байна. Бид дэлхийн түвшинд ажиллаж байна.

Ц.Х : Дэлхийн түвшинд ажиллаж байна гэлээ. Үнэхээр сайхан сонсогдож байна. Үндэстэний брэндийг тодруулахад Монголд энэ салбарын мэдлэгтэй мэргэжилтнүүд шаардагддаг уу? Ер нь та болон танай ажлын албанынхан мэргэжлийн хүмүүс мөн үү?

Б.Батгэрэл : Ярианыхаа эхэнд ч би дурьдсан. Олон жил судлаж суралцаж яваа гэж. Манай зөвлөх компанийн тавьж байгаа шаардлага маш өндөр. Дуртай болгон нь ч хийгээд байдаг ажил биш юм билээ. Дэлхийд батлагдсан аргачлалыг Монголд нэвтрүүлнэ. Мөн нарийн мэргэжилтнүүдийг бэлдэнэ гэсэн нөхцлөөр анх хамтарч ажилласан. Эхлээд үндэстэнийхээ брэндээ судалгаа шинжилгээн дээр тодруулсаны дараа хот, аймгуудын брэндийг тодруулах ажил биднийг хүлээж байна. Байгуулагдсанаасаа хойш манай хамт олон өдрийн 16 цагийн турш ажиллаж ирсэн. Энэ бүхэнд тууштай, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид өнгөрсөн сард шалгалт өгсөн. Миний хувьд Монголын анхны брэндийн экспэрт, мэргэжилтнүүд маань брэндийн шинжээчид болж батламжаа гардан авсан.

Ц.Х : Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн түвшинд л ажиллана. Та болон танай хамт олонд дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн баг хамт олон болсонд баяр хүргэж цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

 

 

Ярилцсан Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:MUNDAG BUSGUI BNA. AMJILT 2017-11-14
НАСАА:зорьж эхлүүлж байгаа ажилд нь амжилт хүсье 2017-11-14
Ганзориг:Зөв ш дээ. 2017-11-14
Батзориг:Энэ дайчин эмэгтэй шүү. 2017-11-14
Санаа:Нэг нэгнээ дэмжиж байж.амжилтанд хүрнэ 2017-11-14
ZOCHIN:HUDULMURCH DAICHIN BUSGUI SHUU. KOREAD SURCH BHIIN L MEDEH UIM BNA. KOREAD AJILLAJ AMIDARCH YADARCH ZUDERCH YAVSAN MONGOLCHUUDAD HARIN CH IH BUYANTAI AJIL UILIIG HIIJ YAVSANAAR NI MEDEH UIM BNA. IIM MUNDAG EH ORONCH AJIL EHLUULEED YAVAAD NI MASH IH TALARHAJ BNA. AJILD NI AMJILT HUSIE. 2017-11-14
Зочин:Би таны илтгэлийг сонсож байсан хүний нэг байна. Танд улам их амжилтыг хүсье. 2017-11-14
amgaa:oor shigee olon nuhuduu negtgeerei iim zaluuchuud olon bgaasai amjilt husii ahiin duu 2017-11-14
shuree:demjleg baival tuslana shuu iim saihan ajild 2017-11-14
Цолмон:Цаг үеэ олсон зөв ажлыг эхлүүлжээ. Харин энэ ажлыг нь олон түмнээрээ дэмжих хэрэгтэй юм шиг байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж үг байдаг даа. Тан шиг олон мянган залуус байгаад итгэлтэй байна. Энэ эрчээ алдалгүй улам цогтой ажиллахыг хүсэе. Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байна даа 2017-11-14
Зочин:Аливаа бүхэн эхлэхдээ ямар нэгэн саад бэрхшээлтэй учрах нь зүйн хэрэг байдаг. Гэсэн ч үүний өмнө шантралгүй эх орноо гэсэн сэтгэлээр бусдын нөлөөнд авталгүй, зорьсон зорилгодоо үнэнч , бусдын төлөө элдвээр ****лсэн ч урагшаа алхан бидний хүсэж буй нийгэм, амьдралыг бүтээх үйлсэд нь амжилт хүсье. 2017-11-14
сарнай:Эмэгтэй хүн яагаад том ажлыг эхлүүлж болохгүй гэж . Харин ч бүхнийг дэнсэлж амжилтанд хүрэх боломжтой юм бишүү. 2017-11-14
김현식:너무 아름답구 멋지십니다 발목은 좀 어떠세요 2017-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?