COP23: МОНГОЛ УЛС ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ОНЦ АЖЛЫН БҮЛГҮҮД БОЛОН ТАЛУУДЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

2017-11-23  

ХБНГУ-ын Бонн хотноо 11 сарын 6-17-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 23 дугаар ээлжит бага хурал, Киотогийн протоколын талуудын 13 дугаар бага хурал, Парисын хэлэлцээрийн талуудын анхдугаар хурлын 2-р хэсэг болж өнгөрлөө. Мөн туслах байгууллагууд болох Шинжлэх ухаан, технологийн зөвлөх туслах байгууллагын 47 дугаар хурал, Хэрэгжүүлэгч туслах байгууллагын 47-р хурал болон Парисын хэлэлцээрийн онц ажлын бүлгийн 1-4 хурлууд тус тус болсон юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, бүрэн эрхийн хүрээнд Уур амьсгалын асуудал хариуцсан Тусгай элч З.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ц.Ананд нар оролцлоо. Түүнчлэн  НҮБ-ын REDD / Үндэсний ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах/ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат, БОАЖЯ-ны Ойн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Тунгалаг, ХБНГУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар, UN REDD хөтөлбөрийн менежер Б.Хишигжаргал оролцсон бол Тогтвортой хөгжлийн төлөөх Орон нутгийн засаглалууд олон улсын байгууллагын арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, ахлах мэргэжилтэн Э.Золзаяа, бусад төлөөлөгчөөр С.Оюун нар тус тус оролцсон юм.

Ийн оролцохдоо үндсэн хурлуудаас гадна Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагуудын зохион байгуулсан 15 гаруй арга хэмжээ, форум, уулзалтад Монгол Улсад авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, цаашдын боломж бололцооны талаар танилцуулж, үг хэлэн, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцож, санал солилцов.

Энэ удаагийн талуудын бага хурлуудын үндсэн зорилго нь 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд бүтэц, зохион байгуулалт, санхүү, чадавхижуулах, оролцоог хангах, мөн өмнө нь байгуулсан механизмууд хоорондын уялдаа, хэрэгжилтийг хангах талаар хэлэлцэж шийдвэрлэхэд оршиж байсан юм.

194 орны 21968 төлөөлөл оролцсон уг арга хэмжээ нь дан ганц уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал гэхээс илүүтэй нийт хүн төрөлхтний хөгжлийн чигийг бүрэн өөрчилсөн даян дэлхийн хамтын хүчин чармайлт болж байгаагаараа онцлог боллоо. Мөн НҮБ-ын зүгээс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн 2030-2050 он гэхэд хүрэхээр зорьж буй ялгарлыг бууруулах зорилтоо ахиулахыг уриалав.

Хурлын үеэр талууд Парисын хэлэлцээрт заасан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, гарз хохирлыг барагдуулах арга хэмжээнүүдийн хөтөлбөр, хэлбэр, бүртгэх, тайлагнах арга барил, 2020 оноос өмнөх Дохагийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, хэрэгжүүлж эхлэх болон санхүүгийн урт хугацааны, тогтвортой эх сурвалж, механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн 2018 онд талуудын оруулах хувь нэмрийн хүрээнд Таланоа яриа хэлцлийг зохион байгуулах зарчмыг тодорхойлох асуудлуудыг мөн хэлэлцсэн. Үүнээс үндсэн гол асуудлуудыг онцолж дурьдвал:

2020 оноос өмнө авч хэрэгжүүлэх арга хэмжээ

 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн гол бэлтгэл ажил, үндэс суурь болох өмнө нь авах арга хэмжээнүүд нь анхаарал хандуулах маш чухал асуудлуудын нэг бөгөөд хөгжиж буй орнууд энэ хугацаанд үндэсний зорилтуудыг биелүүлэхэд шаардагдах 100 тэрбум ам.долларын хөрөнгийг бүрдүүлсэн байх шаардлагатай байгаа. Энэхүү уур амьсгалын санхүүгийн асуудлаар дээд хэмжээний сайд нарын түвшний яриа хэлцлийг хоёр жил тутамд буюу 2018, 2020 онд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Санхүүгийн байнгын хороо 2018, 2020 онуудад 2 жил тутмын санхүүгийн нийт урсгалд үнэлгээ хийж танилцуулах үүрэг хүлээв. Талуудын бага хурлын ерөнхийлөгч болон НҮБУАӨСК-ийн нарийн бичгийн дарга нарын зүгээс Киотогийн протоколын талуудад Дохагийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, амласан санхүүгийн дэмжлэгээ шилжүүлэх асуудлыг яаравчилж, хэрэгжүүлэх хүсэлтийг тавьж, хэрэгжилтэнд хяналт тавьж, 2018 оны 5 дугаар сарын 1 гэхэд талуудаас явцын тайланг ирүүлэхийг уриалав.

Таланоа яриа хэлцэл  

 Талуудын 22 болон 23 дугаар бага хурлуудын ерөнхийлөгчид 2017 оны турш 2018 онд зохион байгуулах Таланоа яриа хэлцлийн бэлтгэл ажлыг зохион байгуулсан ба 12 сарын турш үргэлжлэх уг арга хэмжээнд 190 гаруй улсын төлөөллүүд оролцохоо мэдэгдэв. Уг яриа хэлцлийн гол зорилго нь Парисын хэлэлцээрт улс орнуудын оруулах хувь нэмэр болон урт хугацаанд хүрэх зорилтыг тодорхойлох үүднээс талуудын дунд нээлттэй, харилцан ойлголцол дээр түшиглэсэн, оролцоог хангасан хэлцэл явуулах боломжийг бүрдүүлэхэд оршино.

Таланоа хэлцэл үндсэн дараах гурван асуудлын хүрээнд явагдана. Үүнд:

  • Бид хаана байна
  • Хаана хүрэхийг зорьж байна
  • Хэрхэн зорилгодоо хүрэх вэ

Хэлцэл үндсэн 2 үе шаттай буюу Бэлтгэлийн үе шат ба Улс төрийн үе шаттай явагдана. Талуудын 23, 24 дүгээр бага хурлын ерөнхийлөгчдийн хамтран удирдах уг хэлцлийн бэлтгэл үе шат Талуудын 23 дугаар бага хурлын үеэр буюу албан ёсоор 2018 оны 1 сараас эхэлж Талуудын 24 дүгээр бага хурлын үеэр эцэслэнэ. Бэлтгэл үе шатны үеэр талууд болон бусад мэргэжлийн, судалгаа, үнэлгээ, тайлан боловсруулагч оролцогчдоос баримт дээр үндэслэсэн мэдээллийг цуглуулж, нэгтгэн боловсруулна. Үүнд мөн Уур амьсгалын өөрчлөлт судлах Засгийн газар хоорондын комисс (IPCC)-ын Талуудын бага хурлын захиалгаар боловсруулсан 1.5 градусын дэлхийн дулаарлын талаарх тусгай тайланг хэлцлийн үеэр танилцуулна.

Монгол Улсын мэдэгдэл

 Монгол Улс нь хөгжиж буй улсуудын G77 буюу Хятад бүлгийн гишүүн бөгөөд саналаа бүлгийнхээ хүрээнд дэвшүүлэн, зөвшилцөж НҮБУАӨСК-ийн хүрээнд байр сууриа илэрхийлэн, хамтран хэрэгжүүлдэг зарчимтай юм. Энэ удаагийн хурлаар тавьсан мэдэгдэлдээ Монгол Улсын төлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, давтамж өндөрссөн байгалийн гамшиг, гарз хохирлын талаар баримт дурьдаад, үүнтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Монголын Засгийн газар NDC Partnership (Парисын хэлэлцээрт оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл) байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний оруулах хувь нэмрийг тодорхойлж, албан ёсны баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж, үүнд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах давхар үр ашигтай үйл ажиллагаануудыг түлхүү анхаарахын зэрэгцээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилгоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд Монгол Улс Уур амьсгалын ногоон сан, Хамтарсан кредит олгох механизм, Цэвэр хөгжлийн механизм, Дасан зохицох сан, Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар мөн онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан анхдагч орнуудын нэг бөгөөд цаашид зорьсон зорилгодоо хүрэхэд шинэ зарчим, арга зам дээр түшиглэсэн оролцоог хангасан, чадавхи бэхжүүлсэн, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, санхүүгийн механизмыг цогцлоож чадсан бодит дэмжлэг нэн чухал байгааг мөн энэ үеэр дурьдлаа.

Эцэст нь Монгол Улс Талуудын 23 дугаар бага хурал, Киото протоколын талуудын 13 дугаар бага хурал, Парисын хэлэлцээрийн талуудын 1-2 хурал, Парисын хэлэлцээрийн онц ажлын бүлгийн 1-4 хурлууд болон туслах байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдлээ.

Хамтдаа, Ахицтай, Илүү Хурдтай

Дээрх уриан дор зохион байгуулагдсан Талуудын 23 дугаар бага хурал нь даян дэлхийн нэгдмэл хүчин чармайлт, дуу хоолой, хүсэл зорилгын бодит илэрхийлэл болж чадсан арга хэмжээ болсон бөгөөд Фижигийн ерөнхийлөгчийн онцлон санаачилсан бүх талуудын оролцоо, хүчин чармайлтыг нэгтгэх “Агуу Эвсэл”-ийг байгуулах арга хэмжээ нь олны талархлыг хүлээж, төр засаг, төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн гээд бүхий л салбар, чиглэлийн оролцоог хангасан, жинхэнэ хүчийг нэгтгэх боломжийг бүрдүүлсэн, цагаа олсон санаачлага болов.

Төр засгийн төлөөллүүдээс гадна олон улсын хэрэгжүүлэгч байгууллагууд, хувийн хэвшил, дэд бүс, засаг захиргаа, муж, хотуудын төлөөлөл маш хүчтэй эвсэн нэгдэж тив дамнасан нөлөө бүхий санаачлагуудыг зохион байгуулж, Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгааг энд онцолъё. Үүнд жишээ нь, Норвегийн Засгийн газар, Юнилевер улс дамнасан корпораци, бусад түншүүдийн хамт 400 сая ам.долларын санхүүгийн дэмжлэгийг хөдөө аж ахуй, жижиг тариаланчид болон ойн менежментийг дэмжих салбарт зориулах болсноо мэдэгдсэн бол Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) Цэвэр эрчим хүч рүү шилжих хөтөлбөр санаачлагыг эхлүүлэх болсноо мэдэгдсэн. Түүнчлэн, томоохон бизнесийн төлөөллүүд 2030 оны ялгарлыг бууруулах зорилтод өөрсдийн хувь нэмрийг үзүүлэх амлалт өгсөн бөгөөд Англид байрладаг HSBC нь 2025 он гэхэд 100 тэрбум евро бүхий санхүүгийн дэмжлэгийг тогтвортой санхүүжилтэд өгөхөө амлав. Мөн Уур амьсгалын Бүлэг цахилгаан тээвэр (EV100), цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл (EP100) кампанит ажлын хүрээнд сонирхол бүхий бизнесийн төлөөллүүдээс гарын үсгийг цуглуулж, өөрсдийн хувь нэмрийг оруулахаа илэрхийллээ.

Түүнээс гадна Майкл Блуумберг дэлхийн агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж буй бохир шатахууны хэрэглээг багасгахад нэмж 50 сая ам.долларыг зориулах болсноо мэдэгдэв. Тэрээр нүүрсэн дээр тулгуурласан үйлдвэр, станцуудыг хуулиар хорихоор зорьж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаа Европ тивд өргөтгөн, явуулах болсон байна.

Иншурезилиэнс (InsuResilience) санаачлага Даян дэлхийн Түншлэл-ийг шинээр байгуулах болсноо зарласан бол Германы Засгийн газар Дасан зохицох санд 100 сая ам.доллар, 2020 он гэхэд 400-аас дээш ядуу болон эмзэг нөхцөлд амьдарч буй хүмүүст  туслах үйлсэд 125 сая ам.долларыг тус тус өгөхөөр болов.

Хувийн хэвшил, бизнесийн салбарын төлөөллүүд ирэх жилийн Талуудын бага хурлын үеэр зохион байгуулагдах “Таланоа яриа хэлцэл”-д өөрсдийн дуу хоолой, саналыг оруулах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэв. Учир нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол хүч нь дэлхий даяарх хувийн хэвшлүүд мөн. Үүгээрээ түүхэнд анх удаа төрийн бус, нөлөө бүхий бизнесийн төлөөллүүд олон улсын хэлэлцээрт тал болон оролцох боломж бүрдэж байгааг НҮБ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Патрисиа онцлон тэмдэглэв.

Улс орнуудын түвшинд нийт 25 улс, муж, дэд бүс “Нүүрсгүй эрчим хүч эвсэл”-д нэгдэж нүүрсний хэрэглээг бүрэн болих явцыг хурдасгах, улмаар олон нийт, нийгмийг шинэ өөрчлөлтөд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан зэрэг чиг хандлагаас харахад дэлхий нийт тулгамдаад байгаа нөхцөл байдлыг ухаарч, маш хурдацтай цэвэр, сэргээгдэх технологи дээр түшиглэсэн, тогтвортой хөгжлийн зүг шилжиж байгааг Бонн хотод болсон уг арга хэмжээ бүрэн батлав.

АНУ

Сири улс Парисын хэлэлцээрт нэгдсэнээр АНУ тус хэлэлцээрийн гадна үлдсэн цорын ганц улс болж үлдэв. АНУ-гийн өнөөгийн төрийн удирдлага Парисын хэлэлцээрээс гарах шийдвэрээ өөрчлөөгүй ч, төрийн бус нэр бүхий төлөөллүүд болох экс дэд ерөнхийлөгч Эл Гор, Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценегр, одоогийн захирагч Жерри Браун, Майкл Блуумберг зэрэг нөлөө бүхий улс төрч, бизнесийн манлайлагчид “Бид нэгдсэн хэвээр” нэртэй кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд нийт АНУ-гийн эдийн засгийн 6.2 их наяд ам.долларыг төлөөлсөн 9 муж, 252 хот, 1780 бизнес байгууллага, хөрөнгө оруулагчид, 339 их дээд сургуулиуд, 213 орон нутаг, нийгмийн бүлгүүд, нийт 130 сая хүн буюу АНУ-гийн хүн амын 40%-ийн төлөөлөл Парисын хэлэлцээрийг дэмжиж, нэгдсэнийг баталж, гарын үсэг цуглуулсан нь онцгой үйл явдал болов. Тэд “АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэргүүлэх байр сууриа хадгалж, манлайлсаар байх болно. Төр засгийн түвшинд биш ч, орон нутаг, бүс, муж, хотын хэмжээнд бид хүчээ нэгтгэн, 2050 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах амлалтаа хэрэгжүүлнэ” гэж мэдэгдэв.

Талуудын 23 дугаар бага хурлыг дүгнэж Фижигийн Ерөнхий сайд, Талуудын 23 дугаар бага хурлын ерөнхийлөгч Фрэнк Байнимарама “Энэ удаагийн Талуудын бага хурал зөрөөтэй санал, хэлэлцүүлэг зэрэг сорилттой байсан ч, нэгдмэл шийдвэрт хүрч амжилттай болж өнгөрсөнд би тун баяртай байна. Бид Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг ахиулах, 2018 онд болох Таланоа яриа хэлцлийн үеэр тавьсан зорилтуудыг  ахиулах үүрэгтэй байсан ба бид үүргээ сайн гүйцэтгэж чадлаа. Арга хэмжээний турш маш эерэг уур амьсгалтай байсныг онцлох хэрэгтэй. Бидний санаачилсан “Агуу Эвсэл” санаачлалыг дэлхий нийтээр сайшаан хүлээж авсанд бид баяртай байна. Энэ хүрээнд бид төр засгийн талуудаас гадна дэлхийн өнцөг булан бүрийн хот, муж, бүсүүд болон хувийн хэвшил, энгийн иргэдийн төлөөллүүдийг нэгтгэж, оролцоог хангаж чадлаа. Боннд хүрсэн бидний амжилтуудаас онцолж дурьдвал, Далайн гарцын түншлэл санаачлага, түүхэнд анх удаа хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл, өөрчлөлт явах шийдвэр гарч, Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Уугууль иргэдийн платформыг байгууллаа. Мөн бид уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлж, дэлхий даяарх уур амьсгалд эмзэг сая сая хүмүүст зориулсан хямд, хүртээмжтэй даатгалын даян дэлхийн түншлэлийг байгуулж эхлүүллээ. Арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хүлээж авсан ХБНГУ-ын Засгийн газар болон НҮБУАӨСК-д би талархал илэрхийлээд өөрсдийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтандаа үнэнч, тууштай байж ирэх жилдээ Хамтдаа, Ахицтай, Илүү Хурдтай бодитоор хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.

 

БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?