“Амьтанд ээлтэй хүн-2017” шагналын эзэн, доктор Г.Батсүхтэй цөөн хором ярилцсанаа эрхэм уншигч та бүхэнд толилуулъя. Тэрээр
"Бид амьд ертөнцийг эс хайрлавал, эс хамгаалбал, эс яривал энэ ертөнц нэг л өдөр явчихна. Тэгвэл бид дагаад явна. Тиймээс бид өөрийгөө хайрлая гэвэл ан амьтнаа хайрла, жигүүртэн шувуудаа хайрла, байгаль орчноо хайрла!” хэмээн зөвлөж байна.
Та 2017 онд амьтан хамгаалах чиглэлээр яг ямар ямар ажлууд хийсэн талаараа танилцуулаач?
Гэрэл зураг бол миний хувийн сонирхол. Түүнээс гадна би өөртэйгээ ижил үзэл бодолтой хүмүүстэй хамтарч “Мазаалай сан” дээр ажилладаг. Энэ чиглэлээр бид Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2016 онд батлуулсан. Энэ бол Монгол Улсын Мазаалайтай холбоотой, мазаалайг өсгөх, хамгаалах ойрын таван жилийн төлөвлөгөө л дөө. Үүнтэй холбоотойгоор манай “Мазаалай сан”-гийнхан өнгөрч байгаа 2017 онуудад нэлээн тодорхой ажлуудыг хийсэн. Үүний нэг жишээ бол бид МИАТ компанитай хамтран гадаадад нислэг хийдэг том онгоцнуудын толгойн дээр “Мазаалай сан"-ийн “Мазаалайг аваръя” гэсэн уриатай лого бүхий дүрсийг байршуулсан. Энэ бол “Мазаалай аврах хөдөлгөөн”-ийг Монголдоо төдийгүй олон улсад өрнүүлж байгаа хэрэг юм.
Хоёрдугаарт, аргаль, угалз зэрэг ховордож байгаа амьтан, үүнийг төр засгаас цөөн тоо толгойгоор гадаадын анчдад агнуулж байгаатай холбогдсон тэнцвэртэй бодлогыг төр засаг хэрхэн явуулах вэ гэдэг дээр нэлээд идэвхи, зүтгэл гарган ажиллаж ирлээ. Үүнтэй холбоотойгоор Байгалийн түүхийн музейн өмнө “Алтайн хан угалзыг алдаршуулах” хүрэл хөшөөг Канадын элчин сайдын яамтай хамтарч босголоо.
Энэ бол Канад улсын нэрт барималч, дэлхийд танигдсан уран бүтээлч Ириг Тэйлерийн бүтээл. Үүнийг хотын төвд тэр дундаа Байгалийн түүхийн музейн өмнө байрлуулснаараа залуу хойч үедээ аргаль, угалз гэдэг амьтныг таниулах, энэ амьтныг яагаад бид хамгаалах ёстой юм, яагаад хамаагүй агнаад байж болохгүй вэ гэдгийг ойлгуулах зорилготой юм.
Би хувьдаа 2016 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Харин 2017 онд фото сурвалжлага, фото нийтлэл дээр нэлээд ажиллалаа. Ер нь 2017 оны эхээс өнөөдрийг хүртэл дан амьтантай холбоотой 10 гаруй фото сурвалжлага гаргасан.
Та амьтны ертөнцийг “Эс хайрлахын аргагүй ертөнц” гэж тодорхойлсон байна л даа. Яагаад ингэж тодорхойлов. Ер нь яагаад сүүлийн 10-20 жилийг амьтны ертөнцтэй холбож өнгөрүүлэв?
Бурхан багш хүнийг бүтээсэн мөн амьд байгаль, амьд ертөнцийг бүтээсэн. Бид бурхан багшийн бүтээсэн зүйлсийн нэг хэсэг болж амьдарч байна аа даа.
Хэрэв хөхөө шувуу донгодохгүй бол ямар уйтгартай вэ, Хэрэв Алтайн өндөр нуруунд зэрлэг ан амьтад, говийн элсэн цөлд гүрвэл, хар сүүлт харагдахгүй, Дорнын их талд цагаан зээр үзэгдэхгүй бол ямар уйтгартай вэ? Тэд амьдарч чадахгүй сөнөхдөө тулвал бидний аьмдралд ч нөлөөлнө. Бид ч сөнөх тийшээ хандана.
“Хэнтийн өндөр ууланд” гэж симфони бол байгалийг магтан дуулсан хүний бүтээсэн урлагийн бүтээл. Харин ан амьтадын дуу, шувуудын жиргээ, чонын улиан бол байгаль дээрх симфони. Хэрэв бурхны бүтээсэн байгалийн энэ бүтээл, симфони алга болвол бид яаж амьдрах вэ?
Тийм учраас л “Эс хайрлахын аргагүй ертөнц” юм. Бид хэрэв эс хайрлавал, эс хамгаалбал, эс яривал энэ ертөнц нэг л өдөр явчихна. Тэгвэл бид дагаад явна. Бид өөрийгөө хайрлая гэвэл ан амьтнаа хайрла, жигүүртэн шувуудаа хайрла, байгаль орчноо хайрла!
Тэгвэл бид өнөөдөр таны хэлээд байгаа ”Эс хайрлахын аргагүй ертөнц”-ийг хайрлаж чадаж байна уу?
Хайрлаж хамгаалахгүй байна уу гэвэл бас тийм биш юм. Бага, дунд, их дээд сургуулиудад энэ талаар мэдлэг, мэдээлэл олгож байна. Бусад чиглэлээр ч хайрлаж хамгаалах ажлууд хийгдэж байна. Гэхдээ энэ бүхэн хангалттай биш. Төр засаг ч, олон нийт ч хангалттай ажил хийхгүй байна. Залуусын мэдлэг мэдээлэл ч хангалттай бус байна. Энэ бол бидний буруу, манай нийгмийн буруу, манай төр засаг энэ тал дээр хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаагийн шинж.
Хэрэв хангалттай байсан бол өнгөрсөн хавар Говь-Алтайд 1000 гаруй бөхөн хорогдохгүй байсан.
Хэрэв хангалттай байсан бол тэр бөхөнд туссан цэцэг, мялзан өвчин тэнд байгаа аргаль, угалз, янгир ямаанд халдахгүй байсан.
Хэрэв хангалттай байсан бол Дорнодын цагаан зээр Увсын баруун хязгаар луу нүүхгүй байсан. Энэ бол нэг зүйлийг л хэлээд байна. Тиймээс бид анхаарахаас өөр аргагүй. Эс хайрлахаас өөр аргагүй.
Тийм ч учраас олон нийтийг, хүүхэд залуусыг гэгээрүүлэхээс өөр аргагүй юм.
Орчин үеийн техник технологийн хөгжил, дэвшил, амжилтыг бүх нийтээрээ мэддэг, ойлгодог. Мэдээж энэ бүхэн маш сайн. Энэ бүхний үндэс бол эх дэлхий, эх байгаль, эх ан амьтан. Үүнийг хүн бүхэн ойлгож чадаж байна уу, үгүй юу гэдэг нь өөрөө асуудал.
Хэрэв бид амьтны ертөнцөө, байгаль дэлхийгээ энэ дайтай ойлгож чадахгүй бол тэд маань нэг л өдөр сөнөнө. Тэгвэл гайхамшигт морин хуурь, гайхамшигт симфони, алдарт сүмо бөхчүүд төрөх үү? Ертөнц байхгүй бол ийм л байна.
ЯРИЛЦСАН С.ШҮРЭНЧИМЭГ