ЗЭЭРИЙН СҮРЭГ ХИЛ ДАВАН НҮҮДЭЛЛЭЖ БАЙГАА НЬ ТЭДНИЙ АМЬДРАХ НУТАГ ӨӨРЧЛӨГДӨЖ, ХУМИГДАЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ

2017-12-23  

4000-5000 зээр ОХУ руу хил давжээ. Энэ бол тэдний амьдрах нутаг өөрчлөгдөж, хумигдаж байгаатай холбоотой гэж зээрийн гэгддэг доктор Б.Лхагвасүрэн гуай онцолж байна. Зээр ховордоно гэдэг байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахаас эхлээд маш олон сөрөг талтай. 1990 хэдэн оны эхээр 5-6 саяар тоологддог байсан зээрийн сүрэг хамгийн сүүлд 2009 онд 2 сая гэж тоологдсон байдаг. Одоо хэд болж багассаныг хэн ч мэдэхгүй байна...” энэ тухай ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Лхагвасүрэнтэй ярилцсанаа толилуулж байна.

Саяхан Дорнодын зүүн хязгаарт байх зээр Увсын баруун хязгаар руу нүүдэллэжээ гэж дуулдаж байсан бол өнөөдөр ОХУ руу хил давлаа гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү. Ер нь зээрийн сүрэг ингэж нүүдэллэхэд ямар учир байна?

Энэ үнэн. Гэхдээ баруун хязгаараар хойшоо ОХУ руу ороогүй. Зүүн хязгаараар хил давж байна. Ер нь цагаан зээрийн түүхэн тархац нь хойшоо ОХУ баруун тийшээ Баян-Өлгийгөөс цааш Казахстан хүртэл, урагшаа БНХАУ-ын нутаг дэвсгэр гээд 4 улсын хил дамжин нүүдэллэн амьдарадаг байсан юм. Харамсалтай нь төмөр зам баригдсанаар энэ нүүдэл нь таслагдаж хол нүүдэллэж чадахаа больсон. Үүний зэрэгцээ үхэж үрэгдсээр үндсэндээ Монгол болон дэлхийн цагаан зээрийн гол популиаци нь зүүн аймагт тэр дундаа Дорнод, Сүхбаатар аймагт байна. Би яагаад дэлхийн гэж хэлж байна вэ гэхээр, цагаан зээр зөвхөн монголд л байна. Хятадууд цагаан зээрийг зөвхөн Монголоос л хаяа орж ирж байгааг хүлээн зөвшөөрдөг болсон. Орост байгаа цөөн хэдэн зээр ч ялгаагүй монголоос очиж байгаа. Тиймээс манай улс цагаан зээрийг хамгаалах томоохон үүрэг хариуцлагыг дэлхий нийтийн өмнө хүлээж байгаа юм.

Одоо өвөл болох тусам ОХУ руу нэлээн их цагаан зээр орно. Хоёр талаар орж байна.

Нэг хэсэг нь Эрээн цаваар буюу ОХУ-ын талын Дагуурын дархан газраар. Тэнд өвөл ороод хавар буцдаг, зарим нь үржээд тэндээд үлддэг.  

Нөгөө хэсэг нь Онон, Балжийн БЦГ-ын хойшоо буюу ОХУ-ын Сахомдын Дархан цаазат газар руу ордог.

Янз янзын шалтгаан байна. Яг ийм байна гэсэн албан ёсны дүгнэлтэд арай хүрээгүй байна. Хүзүүвч зүүгээд, нүүдлийн судалгаа хийж байгаа. Чухам хүзүүвчтэй зээрнүүд хил давж уу, үгүй гэдэг нь ч бас тодорхойгүй байна.

Гэхдээ би зээрийн энэхүү нүүдлийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.

Яагаад гэвэл, цагаан зээр бол тал хээрийн амьтан. Заримдаг хээр, заримдаг цөл, говь хээр хосолсон газар болох Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад хаяа байдаг. Мөн уулархаг хээрт бий. Тухайлбал, Хустайн нуруунд байдаг. Ер нь хээрийн ургамалжилтыг шүтэж амьдардаг амьтан.

Гэтэл яагаад хойшоо ой руу ороод байна вэ? гээд үзэхээр манай тал хээр цөлжилтөд маш их өртөж байна. Сүүлийн жилүүдэд маш их гал түймэр гарч байгаа нь асар их хуурайшилт явуулж, маш их сөрөг нөлөө үзүүлж байна.  Ялангуяа манайх шиг эмзэг уур амьсгалтай, эмзэг экосистемтэй газарт намар гарсан түймэр ихэнх ургамлыг шатаагаад намар, өвөл, хаваржингаа бороо, хургүй болохоор хөрс нь  ил гараад ирдэг. Тэр хөрс нь дараа жил бороо ортол сэрүүн салхинд маш их хэмжээгээр хийсэж алга болно. Ингээд доороос нь элс гарч ирээд цөлөрхөг, цөлийн бутлаг ургамлууд гарч ирнэ гэсэн үг. Ингэснээр цагаан зээрийн иддэг тэжээл нь өөрчлөгдөөд, хомстоод ирж байгаа юм.  Тиймээс тэжээл байхгүй газраас зээр нүүхээс өөр аргагүйд хүрнэ.

Мөн дээр нь сүүлийн 3-4 жил дараалан ажиглагдаж байгаа нэг асуудал бол цагаан зээр өнтэй өвөл болох газар руу л нүүдэг. Үүнийг нутгийн ард ч хэлдэг бидний судалгаагаар ч тогтоогддог. Одоо байгаа газар нь цас их орох юм байна, зуд болох юм байна гэдгийг урьдчилан мэдээд өнтэй өвөл болох газар руу нүүдэг. Түүний нэг нь ОХУ болж байна.

Энэ нь цагаан зээр хуучин тархац нутаг руугаа орж байгаа нь нэг талдаа сайн. Тэндээ өвөлжчихөөд ихэнх нь буцаад нүүгээд ороод ирдэг. Нөгөө талдаа, байгаль цаг уурын өөрчлөлт цагаан зээрийн амьдрах орчныг асар их хумьж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хойшоо шахагдаад ой руу явж байна. Амьдрах нутаг нь шахагдаж байгаагийн нэг тод жишээ бол зээр хаа, хамаагүй нүүдэллэж бүр хот руу хүртэл орж ирэх болсон. Энэ бол үндсэн амьдрах нутаг болсон тал хээр өөрчлөгдөж байгаагийн л дохио. Тиймээс манай байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд энэ асуудлыг соргогоор мэдэрч анхааралдаа авах шаардлагатай. Үгүй бол нутаг сэлгэж, амьдрах аятай, тухтай газар хайж яваа амьтныг тоо толгой нь ихэссэн мэтээр буруу ойлгож олноор нь агнах тохиолдол ч гарч байна.

Өмнө нь бас таны ярианаас сонсож байсан. Цагаан зээр давжаарсан талаар. Шалтгаан нь юу байна?

Анзаараад байхад, том биетэй оонууд агнуурын нөлөөнд асар их өртөж байна. Би үүнээс болж байгаа болов уу гэж боддог. 30 жилийн өмнө судалгаанд явж байхад цагаан зээр одоогийнхоос том биетэй байсан. Жишээлбэл, биеийнх нь урт 1метр орчим байсан бол одоо 85-90 см болсон байна. Одоо суурин газруудаар явж байгаад хараад байхад оонотой/эрэгчин/ зээр бараг байхгүй. Бүгд ан, агнуурын нөлөөнд автсан. Уг нь том биетэй, хүчирхэг, амьдрах чадвар сайтай амьтнаас эрүүл саруул үр төл гарна шүү дээ. Гэтэл тэднийг нь түүж устгангуут дөнгөж эвэр нь ургаж байгаа/цэнхэр ооно гэж нэрлэдэг/ жижиг эрэгчингүүд үржилд орж, тэднээс гарч байгаа төл нь давжаарч байна гэж би үзээд байгаа юм. Гэхдээ үүнийг албан ёсоор судалж тогтоогоогүй. Цаашид судлах шаардлагатай нэг судлагдахуун болоод байна.  

Та сая оонуудыг агнаад дуусч байгаа талаар дурдлаа. Манай улсад жилд яг хэдэн зээр агнаж байгаа талаарх тоон судалгааг танайхаас гаргаж байв уу?

Тийм судалгаа алга. Ийм судалгаа гаргах маш хэцүү. Хамгийн сүүлд 1990-ээд оны үед Байгаль, зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан “Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах төсөл” хэрэгжүүлж  Дорнод аймагт зээрийн агнуурын судалгааг хийж байсан юм. Тэр үеийн дүнг харж байхад, зөвхөн Чойбалсан хотод нэгхэн жилийн дотор 2000 зээр агнаж байна гэсэн тоо гарсан байдаг. Үүн дээр нэмээд, улсын бэлтгэл зэргийг оруулж тооцохоор монгол улс жилдээ 200 мянга орчим цагаан зээрээ устгаж байсан гэсэн тооцоо байдаг. Энэ бол маш том тоо. Тухайн амьтны өсөлт хөгжил, эко системийн тэнцвэрт байдалд ч асар сөрөг нөлөөтэй.

Зээрийг бэлчээр ихээр талхалдаг гэж зарим иргэд ад үздэг шүү дээ. Ер нь зээр үнэхээр бэлчээр талхлахаас өөр ид шидгүй амьтан уу ер нь ямар ач холбогдолтой амьтан юм бэ?

1990 он хүртэл хуланг яг ингэж ад үздэг байлаа. Анх Өмнөговь аймагт амьдардаг байсан хулан 1980-аад оны үед нүүгээд Дорноговь руу ороод ирсэн. Энэ үед малчид маш ихээр дургүйлхэж, хөөж туух асуудал гаргаж эхэлсэн түүхтэй. “Өвсний үндсийг ухаад, туурайгаараа цавчиж идэж байна” гэсэн цуу гарсан. Бид тухайн үед судалгаа хийгээд тийм биш юм байна гэдгийг тогтоогоод судалгаа авахад ихэнх хүмүүс хулан хэрэгтэй, хулан байх ёстой гэж үзэж байсан юм.

Яг ийм тохиолдол цагаан зээр дээр давтагдаж байгаа юм.  Яагаад гэвэл малын тоо толгой өсөөд ирэхээр өмнө нь анзаарагддаггүй байсан амьтан өрсөлдөгч болж харагдаж байна. Дээр нь уул уурхай асар их газар авч бэлчээр хумигдаад ирэнгүүт зээр нь ч бэлчээрлэх газаргүй болж малтай нийлээд э хүмүүст ад үзэгдэж байгаа хэрэг л дээ.

Түүнээс биш цагаан зээр харин ч бэлчээрт сайн нөлөө үзүүлдэг амьтан. Мал шиг нэг газраа байж байгаад шороог нь гартал идэхгүй. Зөвхөн өвсний соргогийг идээд явна. Мөн дээр нь туруугаараа ургамлын үрийг тарааж зөөвөрлөн, бордогчийн үүрэг гүйцэтгэдэг амьтан даа.

Танд баярлалаа.

 

ЯРИЛЦСАН .С ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?