Б.БАТГЭРЭЛ : ДЭЛХИЙ ДАХИНЫГ МОНГОЛ УЛС РУУ ТАТАХ ТҮЛХҮҮР ҮГИЙГ СОНГОСОН

2017-12-25  

Монголын Үндэсний Брэндийн Зөвлөлийн захирал Б.Батгэрэлтэй ярилцлаа. 

С.Ш : - Монголын үндэсний брэндийн зөвлөл гэх шинэ байгууллага бий болсон нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт нэг шинэ өнгө төрх нэмсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Та энэ байгууллагыг санаачилж, удирдлаа. Хийсэн, бүтээсэн ажил, түүнийхээ үр дүнгийн талаар манай сонины уншигчидтай хуваалцахгүй юу?

Б.Б : - Монголын үндэсний брэндийн зөвлөл байгуулагдаад ердөө наймхан сар болж байгаа ч суурь буюу хамгийн чухал судалгааны ажлын ард гарлаа. Дэлхийн 30 улс, мөн зорилтот 6 улс, Монгол Улсдаа тоон болон чанарын судалгааг бүрэн хийж гүйцэтгэлээ. Гадаад, дотоодын нийлсэн хорин мянга орчим иргэдээс DRF (язгуур чанар, төлөөлөх бүтээгдэхүүн үйлчилгээ, алсын хараа) аргачлалаар шат дараалалтай нарийвчилсан судалгааг авч дуусгасан. Судалгааны үр дүнд дэлхийд Монгол Улсыг хэр их мэддэг, хэрхэн дүгнэдэг, Монгол хүн өөрсдийнхөө үнэ цэнтэй зүйлийг юугаар төлөөлүүлэн илэрхийлдэг болохыг гарган авч чадсан. Энэ бол хамгийн гол үр дүн. Тиймээс 2017 онд төлөвлөсөн ажлынхаа ард амжилттай гарлаа гэж дүгнэж болно.

С.Ш : Олон хүмүүст хүлээлтийг бий болгосон Монгол Улсыг дэлхий нийтэд илэрхийлэх түлхүүр үг маань гарсан уу? Гарсан бол хэзээ, хэрхэн зарлах вэ?

Б.Б : - Үнэн, тэр их хүлээлтийг бид мэдэрч байна. Тэр үг маань гарсаан. Монголчууд бидний хүсэн хүлээж байсан, дэлхий дахины анхаарлыг Монгол Улс руу татах, ганцхан Монголд минь л байх тэр язгуур мөн чанарыг илэрхийлж чадах түлхүүр үгийг сонгосон. Үүний тулд нөр их судалгааны ажил хийлээ. Маш их харьцуулалт, шинжилгээг ч мэргэжилтнүүд маань хийж гүйцэтгэсэн. Бид энэхүү түлхүүр үгээ 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны Даваа гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх болон бодлогын зөвлөлийн бүх гишүүддээ эхлээд танилцуулна. Түүний дараа язгуур дүр төрх (Visual Identity) бүхий зурган дүрслэлийг бүтээх ажилдаа орно. Эцсийн шатны үйл ажиллагаа дууссаны дараа л үүнийг цогцоор нь ард түмэндээ танилцуулах учиртайг зөвлөх компани маань зөвлөсөн.

С.Ш : - Яагаад энэ түлхүүр үгээ заавал цогцоор нь танилцуулах гэж. Нэгэнт сонгосон түлхүүр үгийг шууд зарлачихад юу нь боломжгүй байдаг бол?

Б.Б : - Ямар ч улс орон өөрийн үнэ цэнтэй зүйл, язгуур мөн чанараа тодорхойлохдоо бусдаас ялгарсан, дахин давтагдашгүй дүрслэл, утга агуулгыг онцолдог. Улс үндэстний хооронд "Брэндийн чимээгүй дайн гэдэг ойлголт" байдаг. Тиймээс нууцлах зүйл бас байдаг. Улс орон өөрийн хөгжлийн шалгуураа хэр их хүн амтай, хөгжингүй гэдгээрээ бус өөрсдийн язгуур мөн чанар, бүтээгдэхүүн, үйлчилгээ, алсын хараагаараа ялгарч чадсанаараа хэмждэг болоод байна. Тэгэхээр энэхүү зурган дүрслэл бүхий үг маань Монгол Улсын хөдөлшгүй өмч болсон цагт л зарлах учиртай.

С.Ш : -Уучлаарай, би танд нэг өдсөн асуулт тавья. Та ажил яриад байдаг. Таны санаачилсан Үндэсний Брэндийн Зөвлөл нь өмнөх засгийн газрын үед ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл дэмжлэг сайн авч байсан гэж ойлгогддог. Тэгвэл шинэ бүрэлдсэн засгийн газар танай зөвлөлийн ажлыг хэр дэмжих юм бол? Хэрвээ дэмжихгүйдээ юм уу, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулах гэх мэт алхам хийвэл ямар үр дагавар гарна гэж Та хувьдаа харж байна?

Б.Б : - Сонин л сонсогдож байна. Таныг яагаад ийм асуулт асуух болсныг тааж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, өмнөх эсвэл одоогийн Засгийн газар гэж ялгахыг би хүсэхгүй байна. Яагаад гэвэл бидний хийж эхлүүлсэн ажил маань Монгол Улс богино хугацаанд хөгжлийн гарцаа тодорхойлж хөдлөх, цаашлаад зөвхөн Монгол Улсын ирээдүйн төлөө хийгдэж байгаа амин чухал зүйл юм. Монгол хүн л юм бол эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр, хэн хийж байгаад бус юуг хийж, зорьж бүтээх гэж байгааг анхаарч дэмжиж ажиллана гэдэгт би бүрэн итгэж байна. Гэхдээ энэ засгийн газар маань энэ ажлын чухлыг ойлгож байгаа учраас өнөөдрийг хүртэл дэмжин ажиллаж байна гэж ойлгож байгаа. Хэрэв таны асуусан шиг асуудал буруу тийшээ эргэвэл үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг сөрөг үр дагавар гарах нь зайлшгүй. Жишээлбэл, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрээс шууд хамаарах учир саад тотгор үүсэх магадлал бий. Засгийн газар бүрэн дүүрэн дэмжихгүй тохиолдолд хамгийн гол ажил болох түлхүүр үгийн зурган дүрслэлийг танилцуулах үйл явц хойшлох, тэр ч байтугай энэ ажил дээр хамтран ажиллаж байгаа зөвлөх компанийн итгэлийг алдвал үүнээс болж дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүнд унах зэргээр сөрөг нөлөөллүүд бий болох магадлал маш өндөр. Гэхдээ ийм зүйл болохгүй гэдэгт би итгэл дүүрэн байна.

С.Ш : - Энэ ажлыг та анх санаачлан эхлүүлсэн. Тэгэхээр эхлүүлсэн ажлаа Та л заавал үргэлжлүүлэн дуусгах ёстой юу?

Б.Б : -(Инээв) Энэ ажлыг санаачлан Монголд оруулж ирсэн минь үнэн. Би үндэсний брэндийн чиглэлээр сүүлийн 7 жилийн турш сонирхон, судалж, Монголын анхны үндэсний брэндийн эксперт болсон. Үндэсний брэнд гэдэг бол манай улсын хувьд шинэ ойлголт. Аль ч салбар мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Улс үндэстний амин чухал асуудал, хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлыг зүгээр л сонирхогчид хийх гэж үү. Би үгүй гэж бодож байна. Аливаа зүйлд мэргэшсэн, мэргэжлийн гэдэг ойлголт илүү өндөр үр дүнг авчирдаг. Гэхдээ үүнийг зөвхөн би ганцаараа биш мэргэжсэн, туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн баг, хамт олон хийх ёстой. Энэ цаг үед төрсөн Монголчууд бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, хөгжин дэвшихийг амжиж харах эрхтэй гэж би боддог. Үүний төлөө бид цаг хугацаа алдалгүй, сэтгэл зүрхээрээ нэгдэх ёстой. Бидэнд үр дүн л чухал.

С.Ш : Үнэн, тантай санал нэг байна. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, үр шимийг нь нийт Монголчуудтайгаа хамт хүртэх тэр өдрийг аль болох хурдан авчрахыг Танд хүсье. Танд шинэ оны мэнд хүргэе.

 

Ярилцсан С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Нэг л хуурамч менге хуулегч зальтангуут шиг л ойлгогдоод бндаа. Сайхан хоолны нэр хэлбаа гэдэг шиг л юм бна. Луйварчидаа гэж!! 2017-12-29
zochin:yostoi hudlaa sanagdlaa. yariad bgaa zuilee ooroo ch sain oilgoogui bna. zugeer l hooson panaaltai yaria 2017-12-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?