Х.Түмэндэлгэр: ...Баянзаг дээр өөрөө очиж үзээгүй, төөрч будилж очоод, жуулчид: "- Хөөе нөгөө динозаврын яс чинь хаана байнаа" гэхээр нь: "- Эндрюс гуай аваад явсан" гээд л зогсож байлаа даа...

2018-01-09  

Монголын аялал жуулчлалын холбоо 2018 оны турш "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – 10 АСУУЛТ" цуврал ярилцлагыг 14 хоног тутамд нэг зочны ярилцлагыг хүргэж байхаар болсон байна. Ингээд цуврал ярилцлагын анхны зочноор Өмнөговь аймгийн “Гайхамшигт Говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, МАЖХ-ны Алтан Луужин одонт, “Түм-экотур” компаний захирал Х.Түмэндэлгэр уригджээ.  

Энэхүү цуврал ярилцлагуудыг унишигч та бүхэн Control.mn сайтаас хүлээн авч аялал жуулчлалын салбарын "акул"-уудын амттай яриагаар алжаалаа тайлаарай!  

            Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Таныг "Гайхамшигт Говь" АЖХ  тэр дундаа говийнх гэдгээр тань аялал жуулчлалын салбарынхан андахгүй. Тиймээс эхний асуултаа таны залуу нас тэр үеийн орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг өнөөгийнхтэй харьцуулж харахад хэр байдаг талаар тань сонирхъё?

Монгол оронд аялал жуулчлал 1954 оноос, Өмнөговьд 1963 оноос эхэлсэн гэдэг ч орон нутгийн иргэдэд ашиг тусаа өгсөн, жинхэнэ утгаараа хөгжиж эхэлснийг 1990 оны эхэн гэж үзэж болно.  Учир нь урьд нь зөвхөн Улаанбаатараас бүх ажилчид нь ирж бүх хүнс хоолоо Улаанбаатараас татдаг, гадаадын хөрөнгөтнүүд ирдэг гэдэг ойлголтоор хатуу хяналт харуул хамгаалалттай байсан.  Монголын хөдөөгийн анхны жуулчны баазын нэг, өнөөгийн “Жуулчин говь” ХК-д, 1993 оноос Өмнөговийн 50 иргэн, 1991 оноос хувийн хэвшлийн анхны жуулчны баазууд “Дуут манхан”, “Түвшин тур”, “Ханбогд- Жуулчин” баазууд баригдаж эхэлж орон нутгийн иргэд ажиллаж эхэлсэн нь манай говийн аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжих анхны алхам болсон байх.

Бид 1993 оны хавар 5 сарын 1-нд анхны 50 япон жуулчныг хүлээж авч байхдаа жуулчин гэдгийг хараагүй, яг ийм үйлчилгээг ингэж хийдэг, аялалын хөтөлбөрийг ингэж зохиодог гэдгийг мэддэггүй, ёстой л бор зүрх, хар тоймоор л ажиллаж байлаа.

1994 онд бид Улаанбаатар зочид буудалд ватман цаасан дээр, өөрсдөө зохиож гараар зурсан хөтөлбөр, тэр үеийн хамгийн сайн, орос камер “Зенит”-ээр авсан гэрэл зураг угааж наагаад говийн аялалын шинэ хөтөлбөр Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Толь хад, Төгрөгийн ширээ, Дүнгэнээг танилцуулж байжээ. Гэхдээ энэ бол тэр үед шинэ зорих газруудыг гаргаж байсан орон нутгийн анхны оролдлогууд байжээ.

Бидэнд газ, газын плитка, хээрийн майхан байсангүй. Харин түмпэн сав, тогоо шанагаа, мод түлээгээ "УАЗ-469"-ийн ард эсвэл чиргүүл дээр ачаад, өнөөдөр өдөртөө очоод ирдэг Хонгорын элс рүү өдөржингөө явж очдог байж. Хонгорын элс их хол байсан шүү.

Баянзаг дээр өөрөө очиж үзээгүй, төөрч будилж очоод жуулчид: "- Хөөе нөгөө динозаврын яс чинь хаана байнаа" гэхээр нь:  "-Эндрюс гуай аваад явсан" гээд л зогсож байлаа даа.

Хамаг ажил баазын дарга дээр овоорч байдаг байлаа. Үнэхээр олон зүйл шинэ, бүгдээрээ л тулгамдаж байлаа.  Манай гэрүүд хариуцсан нэг менежер тавьж өгсөн нормын гутлаа хугацаанаас нь өмнө урчихсаныг хараад хурал дээр зэмлэтэл:

- "Захирлаа би бол бусдаас их алхдаг, тэгээд л энэ хятад ботинк чинь амархан дуусчихлаа ш дээ" гэтэл нэг ажилтан маань:

- "Тэгэлгүй дээ, яахаа мэдэхгүй, цааш наашаа дахин дахин яваад байгаа юм чинь" гэж хэлж бөөн инээдэм болж байлаа.

 Манай салбарын өнөөгийн лидерүүд "Nature tour"- ийн Э. Туул, MAT компаний захирал асан Ж. Батжаргал хоёр намайг дундаа зогсоогоод зэмлэж: "- Хуушуурын чинь зах нь зузаан байна. " Нойлд хүн ороод гарангуут зөрж ороод бохир цаасыг авсан байх ёстой" гээд л зааж сургаж байсан нь тэмдэглэлийн дэвтэрт маань үлджээ.

Tsolmon travel, Nature toure, MAT, Shuren, Juulchin, Altai travel, Tulga, Khokh tenger, Nukht tour гээд хэдхэн тур операторууд, тэдний захирал менежерүүд, жолооч нар бидэндээ багш, дарга нар байсан ч бид бүгдээрээ л нэг баг болж жуулчдаа элдэв гомдолгүй явуулахын төлөө зүтгэж байжээ.

Би нэг удаа хот орж Улаанбаатар зочид буудлын рестораны менежер н.Оюунчимэг эгчээс 2 хайрцаг алаг салат олж аваад бөөн баяр хөөртэй ирж байлаа. Харин өнөөдөр алаг салатыг хоолонд хийвэл манайхан амсах ч үгүй байхаа.

“Нүхт тоур” компаний дэд захирал н.Хандсүрэн эгч маань хотод аваачаад Нүхтийн гал тогоог үзүүлээд бэлэг болгож өгсөн. Тэр үед хөдөө нутагт анх очиж тогооч нарын маань нүдийг бүлтийлгэж сэтгэлийг хөдөлгөсөн мах, ногоо хэрчдэг Япон комбайн гайхалтай гоё эд байлаа.

Өнөөдөр залуучуудын өмнө зөв зам, чиглэлийг заах туршлага, чадвартай, жинхэнэ мэргэжлийн болоод мэргэшсэн хүчин бий болсон байна. Бидний үед орчуулагч байсан, тэр үед мэргэжлийн сургуулийг нь дөнгөж төгсөөд ирж байсан залуучууд маань өнөөдөр бараг ахмад үе болчихож.  Салбарт маань шинэ залуу үе хүчтэй орж ирж байна. Харин тэд шинийг хийхдээ бидний үеийн, өөрсдийн өмнөх үеийнхээ алдааг давтахгүйгээр илүү сайжруулж хөгжүүлэх нь зөв болно.

Аялал жуулчлалын салбар бол мэргэжлийн салбар. Үүнийг мэргэжлийн түвшинд төлөвлөж, мэргэжлийн түвшинд удирдаж байж амжилтанд хүрдэг. Тийм болохоор мөнгөтэй л бол хийчихэж болно гэдэг биш, салбар маань өөрөө дэлхий нийтэд шинжлэх ухаанд тулгуурлаж байгаа өнөөгийн цаг үед бид ч шинжлэх ухаанд түшиглэж, гадны загварыг монголдоо зөв нутагшуулж байж, Тогтвортой аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх болно гэж бодож байна.

            Өмнөговь аймаг аялал жуулчлалын салбараар түлхүү хөгжиж яваа аймгуудын нэг. Орон нутагт аялал жуулчлал хөгжсөнөөр давуу болон сул талууд юу байх вэ?

            Мэдээж энэ талаар олон зүйлийг ярьж болно. Маш товчхондоо Тогтвортой аялал жуулчлалын үндсэн зарчим нь Аялал жуулчлалаар дамжуулан орон нутаг, иргэдийг нь хөгжүүлэх, аялал жуулчлалын хамгийн гол татах хүч байгаль орчин, орон нутгийн соёл, уламжлалыг хамгаалах.

Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гол тулгуур нь Тогтвортой байгаль орчин, уламжлалт нүүдэлчин соёл. Угаасаа Тогтвортой хөгжлийн үндсэн гол тулгуур нь Тогтвортой байгаль орчин. Үүнийг бид салшгүй холбоотой гэдгийг их хатуу санаж ойлгох ёстой. Үүнийг орон нутгийн иргэдгүйгээр, тэдэнд тулгуурлахгүйгээр хийх боломжгүй.

Хэдхэн жилийн өмнө бид Шинэ Зеландийн туршлагаар НИТАЖ-ийг хамгийн зөв загвар гэж гаргаж ирсэн. Энэ бол дэлхийн олон хөгжилтэй орны олон жилийн амьдралын туршид сонгогдсон хамгийн шилдэгт тооцогдсон загвар.Унаж өссөн төрөлх нутгаас нь Индианчуудыг хөөсөн Америк, Австраличуудыг хөөсөн Англичууд бол хүний амьдрал, аялал жуулчлалын салбарт болж өнгөрсөн гашуун жишээ.

            Зөвхөн Өмнөговь аймгаар жишээ авахад бараг 3 сая га газрыг хамарсан Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газарт үсрээд 20 гаруй байгаль хамгаалагч байгаа. Уулын ам бүрийг, ийм уудам тэнэгэр газар нутгийг тэд маань хичнээн чармайгаад, ажиллаад бүрэн хянаж хамгаалж чадахгүй. Харин тэр хамгаалж хүрэхгүй газар нутагт нь манай аялагчдын хүсээд байгаа, дэлхийд ийм унаган зэрлэгээрээ газар нутаг, амьтан ургамал, шувууд ганцхан манайд л байдаг юмаа.  Үүнийг хэвээр нь удаан хадгалахын тулд уулын ам, тал хээрт байгаа малчин айлууд, орон нутгийн иргэдийг түшиглэж, тэднийг нэгтгэж, сүлжээнд хамруулж байж, тэдэнд аялал жуулчлалаас үр ашгийг нь хүртээж байж, тэднийг аялал жуулчлалд сургаж хөгжүүлж байж Тогтвортой аялал жуулчлалыг бий болгодог юм.

            Үүний тулд Өмнөговь аймаг олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Аялал жуулчлал- Өрхийн орлого” хөтөлбөр юм.  Энэ хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн иргэд хот хөдөөгүй аялал жуулчлалаас орлого олох, аялал жуулчлалд оролцох, аялал жуулчлалын боловсролыг эзэмших, өөрсдөө аялж сурах, төрөлх хотоо, сумаа аялал жуулчлалаар дамжуулан хөгжүүлэх юм. Аялал жуулчлал өрхийг төдийгүй хотыг, хүнийг өөрийг нь хөгжүүлдэг салбар.

            Энэ бол манай аймгийн аялал жуулчлалын салбарын нийгэмдээ үзүүлж байгаа хамгийн сайн жишээ гэж үзэж болно. Тодорхой цаг үеийн дараа, манай аймгийн тэтгэврийн ахмадууд хааяа нэгнийдээ цуглаад ганц хоёр шил юм дундаа тавиад утаа суунаглуулан өдөржин даалуудаж суухаа болиод, хоббигоороо нэгдээд хаана сонин содон үйл явдал, чухал үзэгдэл, ховор содон шувууд, амьтад байна түүнийг үзэх гээд зургийг нь авах гээд том том дуран камер үүрээд явж байдаг болно гэж би боддог, мөрөөддөг.Нийгэмд амьдралын зөв хэвшил, дадал, эрүүл амьдралыг авчрагч аялалыг хөгжүүлж байгаа нь манай салбарын үр дүн болно гэж би бодож байна.

            Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн нэг хэсэг бол төрөл бүрийн арга хэмжээнүүд байдаг. Таны санаачлагаар өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй “Түмэн тэмээ” арга хэмжээний тухай мэдээлэл өгнө үү?

            1990-ээд оны эхээр Монголчууд малаа хувьчилсан. Хувьчлалын үр дүнд тэмээ маллаж үзээгүй хүнд ч тэмээ хуваарилагдаж тэд маань тэмээгээ шууд л Улаанбаатарын зах, хүнсний дэлгүүрүүдэд махлан зарж эхэлсэн дээ. Тэр үед  Өмнөговь аймагт хил, худалдааны хоёр боомт нээгдэж  Хятадууд тэмээний нэг таахайг (хөлийн таваг) 10.000 төгрөгөөр авч байлаа. Тэмээн сүрэг маш хурдацтай хорогдож Монгол орон 1954 онд 895,3 мянган тэмээ тоолуулж байсан бол 1995 он гэхэд монголын тэмээн сүргийн тоо толгой 3 дахин буурсан байлаа.  Тоо толгой нь эрс хорогдсон тэмээн сүргийг хамгаалах, аялал жуулчлалд орон нутгийн иргэдийг оролцуулах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс 1995 оны намар МАТ компанитай хамтран "7 хоногийн тэмээн аялал" зохион байгуулсан маань анхны аялал болж говьчууд аялал жуулчлалаас тэмээгээрээ илүү ашиг олж болохыг мэдэрсэн билээ.

Дараа жил нь Германы Техникийн Хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажилтан П.Сувдаа хүсэлтийг маань хүлээн авч “Газарчин” дээд сургуулийн багш гэх Д.Гантөмөр/АЖХ-ны ерөнхийлөгч/ гэж залууг Сэврэй суманд авчирч аялал жуулчлалын тухай сургалтыг манай малчдад анх зохион байгуулсан билээ. Ингээд дараа жилээс нь 4-7 хоног, зарим үед 10-20 хоногийн алсын аялал хийх болж олон малчин иргэд оролцож өнөөдөр тэмээн аялал говийн малчин өрхийн орлогын томоохон эх үүсвэр болсон юм.  1997 онд Сэврэй сумын иргэдэд тулгуурлан “Тэмээний баяр”-ыг зохион байгуулсан маань манай салбарын анхны арга хэмжээ болж цас зуд, байгаль цаг уур, санхүүгийн ямар ч хүндрэлтэй үед тасралтгүйгээр зохион байгуулсаар 2016 онд 1108 тэмээ уралдуулан Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлсэн юм. Одоо тэмээнд хайртай малчид, иргэдийн маань нэгдсэн “Тэмээн соёл-Уралдааны холбоо” илүү өргөн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.  Бид салбартаа анхлан хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” Аялал жуулчлалын холбоог байгуулж аймгийнхаа БОАЖГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Аялал жуулчлалын хугацааг уртасгах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас малчид иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Түмэн Тэмээний баяр”- аас гадна жил бүрийн 5 сарын 2-р долоо хоногийн Бямба гарагт Ёлын аманд “Сайханы сарлагийн баяр”, 8 сарын 15-нд “Хонгорын элс”-нд “Хонгорын хурд” наадмыг зохион байгуулж 2017 оноос эхлэн шинээр Хонгорын элсэнд жил бүрийн 9 сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт “Элсэн манхны баяр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээ гэдэг бол тухайн орон нутгийн иргэдэд тулгуурласан, тогтмол цаг хугацаанд, байнгын зохион байгуулагчтай, тогтсон нэг газарт зохион байгуулагддаг, бүс нутгийн эсвэл тухайн үндэстний ёс заншил, байгалийн тогтоц, чухал содон зүйлд түшиглэсэн, өөрийн гэсэн өвөрмөц хөтөлбөртэй, нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа гэж үзэж болно. Бид эвентүүдээр дамжуулан орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалахад татан оролцуулах, аялал жуулчлалын боловсролыг  олгох, сурагчдын байгаль хамгаалах клубуудыг идэвхжүүлэх, санхүүжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Эвентийг чухал биш олон хөтөлбөртэй болгохоосоо илүүтэй бүх үзүүлбэр хөтөлбөрийг цагт нь эхлүүлж цагт нь дуусгадаг, хаана юу болох талаар мэдээлэл сайтай байлгах нь зочдын сэтгэлд илүү хүрдгийг тооцох хэрэгтэй.  Сүүлийн жилүүдэд манай салбарын залуучууд төрөл бүрийн эвент арга хэмжээг бий болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай ч тэдэнд Төрийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд төдийлэн дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь харамсалтай.   Эвентийг Төрөөс тодорхой хэмжээгээр дэмжиж болно. Харин үйл ажиллагаа, зохион байгуулалтыг нь орон нутгийн иргэдийг оролцуулсан Төрийн бус байгууллагын хэлбэрээр, ямар нэгэн байдлаар улс төрөөс хараат бус явуулах нь илүү тохиромжтой. Манай салбар дахь зарим нэг эвентийг харж байхад тогтоосон цагтаа эхэлдэггүй, хэн нэгэн дарга, УИХ-ын гишүүнээр дэмжүүлсэнээс тэднийгээ ирэхийг хүлээдэг, ирсэн хойноо тэд нь бүгдээрээ үг хэлж мэндчилгээ дэвшүүлэх гэж цаг үрдэг, цагтаа эхэлдэггүй нь эвентийн нэр хүндийг бууруулах тал ажиглагдаж байгааг бид өөрчлөх ёстой билээ.   

БАГШ МААНЬ ЦЭЭЛИЙН НУУРАН ДЭЭР ИРЖ "ТҮМЭН БОДИС"-ЫН ХИЧЭЭЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ЗААЖ БАГВААХАЙ ЦЭЦГИЙН ДЭЛБЭЭ, ДОХИУР, ИШ НАВЧ, ҮНДСИЙГ НЬ ҮЗҮҮЛЖ, ХАВРЫН АНХНЫ АНГИРЫГ ИРЭХИЙГ ХАРУУЛДАГ БАЙЛАА.  ЭНЭ НЬ МИНИЙ БАГААСАА ШУВУУГ СОНИРХОХ, ЭДҮГЭЭ АЖИЛ БОЛСОН “ХОББИ”-Г   МААНЬ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС БОЛСОН БАЙХ

Таны нэг ажил гэх үү, хобби гэх үү, шувуу судлах сонирхол тань  хэзээнээс эхэлсэн бэ? Монгол орны гэхээсээ илүү говь нутгийн шувууны чихмэл, фото зургийг цуглуулганыхаа тухай мэдээлэл өгөөч? Өөр ямар чиглэлээр судалгаа шинжилгээ хийж хоббигоо өргөжүүлж байна вэ?

            Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд, өөрөөр хэлбэл хаа холын Өвөрхангайн Уянга сумын Өлтийн амнаас эх авч 400 гаруй км урсан  Говийн таван нуурын нэг, Онгийн улаан нуурыг тэтгэж дүүргэж байдаг Онгийн голын дэргэд төрсөн хүн. Манай сумын өмнөхөн Цээл, хойхно нь Сухайн мухар нэртэй хөөрхөн жижигхэн нуурууд байлаа. Биднийг 3-р ангид байхад ангийн багш Жамбаа маань дагуулан Цээлийн нууран дээр ирж "Түмэн бодис"-ын хичээлийг газар дээр нь зааж Багваахай цэцгийн дэлбээ, дохиур, иш навч, үндсийг нь үзүүлж, хаврын анхны ангирыг ирэхийг харуулдаг байлаа.  Энэ нь миний багаасаа шувууг сонирхох, эдүгээ ажил болсон “хобби”-г   маань хөгжүүлэх үндэс болсон байх. Намайг бага ангид байхад “Монгол орны зарим шувууд” нэртэй, гар зурагтай жижигхэн ном гардаг байсан нь миний байн байн үзэх дуртай номнуудын нэг байлаа. Хожим нь “Жуулчин говь” компанид ажиллаж байгаад Монголын нэрт судлаач эрдэмтэн А.Болд багштай учирч говьд ирэхэд нь 2-3 удаа хамт явж жинхэнэ "шувуу судлаач" эрдэмтний яриаг сонсч байлаа.

“Жуулчин говь” жуулчны баазын таримал модод манай орноор дамжин өнгөрдөг, өндөглөж зусдаг олон зүйл ховор шувуудын амардаг маш чухал цэг байлаа. Эндээс олон зүйл шинэ, ховор шувуудыг бүртгэсэн байдаг.  Ихэнх хүмүүс, манай салбарынхан ч бас үүнийг анзаардаггүй байх. Хангайнхан шалбааг гээд тоодоггүй, жижиг задгай ус цөөрөм, баян бүрдүүд бол говийн шувууд, зэрлэг амьтдын шүтэж амьдардаг, тэр орчны экосистемийг бүрдүүлэгч, амьдралын эх булаг нь байгаа юм. Тийм болохоор өчүүхэн ч гэсэн тэр бүхнийг хамгаалахын төлөө, хүүхэд залууст мэдүүлэхийн төлөө манай салбарынхан ажиллах ёстой гэж би боддог.

Манай говийн бүх баазууд заавал орчиндоо мод тарьж, ургамалжуулж тухайн нутгийнхаа дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах клубуудыг дэмжиж байх үүрэгтэй.  Түүнээ ч нэлээд нь их сайн биелүүлдэг. Ялангуяа олон жилийн өмнө биологич залуу Д.Энхбилэгийн анх суурийг нь тавьж бий болгосон сумдууд дахь "сурагчдын байгаль хамгаалах клуб"- уудыг бид нэгтгэж “Байгальд эвсэг- Багачуудын холбоо”-г байгуулсныг манай “Гайхамшигт говь” АЖХолбооны Гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа удирдан ажиллуулж олон газарт говийн хайлаас, жигд, сухай, буйлс зэрэг мод бутыг клубынхээ сурагчидтай хамтран тарьсан нь эдүгээ бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн шахуу болсон байна. Энэ нь тухайн бааз, байгууллага, өрхийн орчинд шувууд цуглах, амьдрах, экосистем бүрдэх үндэс болдог юм.

            Өнөөгийн Tsolmon travel компаний захирал асан, эрхэм найз маань байсан Батдэлгэр байн байн Германы шувуу сонирхогчидтой ирж би говийн зарим нэг шувууг хэдийд хаана байдгийг мэдэхийн хувьд хөтчөөр явдаг байлаа. Ингэж л шувуу сонирхох энгийн сонирхол маань илүү гүнзгийрэх, шинжлэх ухаанд ойртох, өөрийгөө хөгжүүлэх шаардлагыг үүсгэж дээ гэж одоо боддог юм.  Харин  хүүхэд байхаасаа л сонирхож байсан гэрэл зураг сонирхох сонирхол маань Монголын нэртэй гэрэл зурагчдын нэг, хожим нь тэмээн аялалаар мэргэшсэн Р.Гоцбаяртай танилцан нөхөрлөснөөр Оросын Зенит аппаратнаас илүү сайн, “хөрөнгөтөн” Японы “Nicon” хэмээх аппарат байдгийг, мэргэжлийн гэрэл зураг гэж юу байдгийг мэдэж билээ.  Шувууны гэрэл зураг сонирхлыг маань төрүүлж 2006 онд Уран зургийн галерейд анх удаа бие даасан “Монгол орны зарим шувууд” нэртэй 100 гаруй шувууны гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж энэ үеэс Монголын нэртэй судлаач, эрдэмтэд Н.Цэвээнмядаг, С.Гомбобаатар, Б.Нямбаяр нартай танилцаж байлаа.

Манайхан анзаарч ашиглахгүй байх шиг байна. Монголын шувуу судлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж дээрхи эрдэмтэд судлаачдын ач буянаар олон шинэ залуу судлаачид, эрдэмтдийг төрүүлж, газар газрын олон залуучууд байгаль орчин, зэрлэг амьтад, шувууны гэрэл зурагт шимтэн орж монгол орны шувууд 470 орчим гэж байсан бол одоо бараг 503 зүйл шувуудтай болж байх шиг байна.

Японы Шувууны нийгэмлэгийнхэн Шувууны үзэсгэлэнгээ нээхдээ:  - “Шувуу амьдарч чадахгүй газар хүн амьдарч чадахгүй” гэж хэлдэг нь зүгээр нэг хэлсэн үг биш л дээ. Шувууны зургийг авна, түүнийг судална гэдгийг манайхан зүгээр л нэг шувуу хараад зургийг нь аваад явдаг гэж боддог, үздэг бололтой. Тийм биш л дээ. Шувуу өөрөө байгаль орчны индикатор амьтны нэг. Түүний амьдарч байгаа байдал, нүүн шилжиж байгаа нь, ааш зан, төрх байдал нь заавал байгаль орчин, хүний байгальд учруулж байгаа сайн, муу элдэв нөлөөлөлтэй заавал холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл шувууг харж зургийг нь авахын тулд түүний амьдрах орчныг, амьтан ургамлыг судалж мэдэж байж, мэддэг байж, өөрийгөө хөгжүүлж байж л амжилтанд хүрнэ л дээ. Их өргөн хүрээнд ажиллах болно, тэгж байж бага сага зүйл мэдэж авна л даа. Гэхдээ энэ нь аялал жуулчлал хүнийг хөгжүүлдэг гэдгийг л харуулж байгаа юм байна.

Өмнөговь аймаг тэргүүлэх 3 салбарынхаа нэгээр аялал жуулчлалын салбарыг нэрлэсэн байдаг. Орон нутгийн төдийгүй төр засгийн анхаарал энэ салбарт хандаж байгаа тал дээр таны бодол?

            Өмнөговь аймаг төдийгүй Монгол улс хөгжлийнхөө тэргүүлэх салбарыг уул уурхай гэж үзэж түүнд илүүтэй анхаарч Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалыг төдийлөн анзаарахгүй хаяж ирсэн. Гэвч сая болсон эдийн засгийн хямрал уул уурхайн салбарыг тийм ч тууштай тулгуур гэж үзэж болохгүйг Засгийн газарт, Орон нутагт, иргэдэд ч анхааруулах шиг боллоо.  Гэхдээ Өмнөговь аймаг гэж байхгүй байхад, тэртээ 20-иод онд манай Баянзаг дэлхийд өөрийгөө гаргачихсан байсан. Нөгөө талаасаа 1963 оноос эхлээд говь нутаг аялал жуулчлалын салбарт хамгийн гол зорих газар гэдэг нь тодорхой болчихсон. Үүн дээр нэмээд Өмнөговь аймаг харьцангуйгаар бусад аймгаас илүүтэй аялал жуулчлалын салбартаа анхаарал тавьдаг аймаг болсон. Өнгөрсөн жилүүдэд Өмнөговь аймаг Аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөгөө боловсруулан гаргаж хэрэгжүүлээд одоо дахин шинэчлэх гэж байна.

Хүн төрөлхтөний анхны үүсэл Төв Азид, Монголд тэр тусмаа Монголын говьд байжээ гэдгийг удахгүй батлах байх гэж бид итгэдэг. Энэ утгаараа манай салбарынхан Байгалийн түүхийн музейгээ гадаад ертөнцтэй холбох гүүр нь болгох ёстой.

            Өмнөговь аймгийн зүүн бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн чухал түшиц газрын нэг, Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газар, алдарт Торгон болон Цайны замын дурсгалт Хүрдэт агуйн орчинд орчин үеийн жишигт нийцэхүйц аялал жуулчлалын томоохон бүтцийг бий болгож үүнд манай салбарынхан идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн онд анх удаа Монголын Шинжлэх ухааны академийн Палеонтологи Геологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Аймгийн ИТХ, уул уурхайн Оюу толгой компани, Аялал жуулчлалын “ Mongolia quest” компани, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, иргэд хамтран энэхүү төслийг боловсруулж Палеонтологи Геологийн хүрээлэн хэрэгжүүлэн эхний шатны бүтээн байгуулалтыг амжилттай бүтээн босгоод байна.

            Өмнөговь аймгийн ИТХурлаар Өмнөговь аймгийн Есөн гайхамшгийг тодруулан батламжилж, дотоодын аялалын хөтөлбөрийг батлан, аймгийнхаа "бахархалт шувуу"- аар Ооч Ёлыг тодруулав. Өмнөговь аймгийн бүх үзэсгэлэнт зорих газруудад түшиглэн “Говийн домог” уран сайхны киног UBS телевизтэй хамтран бүтээж удахгүй нийтэд хүргэх гэж байна.

            2016 онд Аймгийн ИТХурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Аялал жуулчлал- Өрхийн орлого” хөтөлбөрийг баталж, гэр буудлуудын стандартыг батлуулан Ёлын ам, Баянзагийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж байна. Өмнөговь аймаг өнөөг хүртэл зорих газруудынхаа төрх байдлыг хамгаалах, Тогтвортой аялал жуулчлалыг зохистой зохион байгуулах үүднээс Аялал жуулчлалын бүст нутагтаа зөв үйл ажиллагааг явуулах хяналтыг байнга бий болгон ажиллаж байна. Үүнд орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазуудын идэвх оролцоо онцгой чухал үүргийг хүлээдэг болно.

Говь нутгаар аялахад замын тэмдэгжүүлэлт болон дэд бүтцийн хувьд?  

            Өмнөговь аймаг Улаанбаатарын хооронд засмал замтай болсон нь дотоодын аялалыг хөгжүүлэх томоохон боломжийг бий болгож жил ирэх бүр аялагчдын тоо өсөж байна.  Цаашдаа Хонгорын элс, Ноён богд, Нэмэгт, Хэрмэн цавын чиглэлд аялахад Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс сумдуудад чиглэсэн хатуу хучилттай зам нь жуулчдын тоог өсгөх, тав тухтай аялуулах, орон нутгийн иргэдийн гэр буудал, жуулчны баазуудын орлогыг өсгөх, шинэ жуулчны бааз, байгууламжууд бий болох хөшүүрэг болно гэж харж байна.    Түүнээс гадна аялалын зорих газруудын тоо нэмэгдэхээс гадна үндсэн уламжлалт чиглэлүүдэд өөрчлөлт орох шинж байдал ажиглагдаж байна.

            2017 онд аялал жуулчлалын гол зорих газруудад замын тэмдэг, тэмдэглэгээг хийсэн боловч өнөөгийн цахим техникийн дэвшил нь төөрөхгүй саатахгүй аялах боломжийг нэмэгдүүлсээр байна.  Цаашдаа Өмнөговь аймгийн зүүн бүс нутагт уул уурхайн салбарын нөлөөгөөр бий болсон хатуу хучилттай замд нийлүүлж Цогтцэций сум хүрэх 59 км хатуу хучилттай зам баригдсанаар хил орчмын болон зүүн бүсийн аялал жуулчлалд томоохон боломжууд бий болох төлөв харагдаж байна.

            Холбооны зүгээс зорих газруудын ойролцоох жуулчны баазууд, амралтын газарт чиглэсэн засмал замаас гадна эрчим хүчний тогтвортой хангамжийг бий болгох нөхцлийг тухайн зорих газрын менежментийн төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллаж байна.

Говь нутгийг зорин аялах гадаад, дотоодын аялагчид сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тэдгээр аялагчдад говь нутгаар аялахад орон нутгийн ёс заншил, соёл талаас нь анхааруулга, зөвлөмж өгвөл?

            Сүүлийн 2-3 жилд говьд эрс нэмэгдсэн Солонгосын жуулчдын урсгал жуулчны баазууд, малчны гэр буудлуудын орлогод илүүтэй нөлөөлж байна. Цаашдаа Солонгос жуулчдын хүсэл сонирхлыг удаанаар хадгалах, тэдний урсгалыг нэмэгдүүлэх, таслахгүй байх боломжийг бид хайх ёстой.  Хэдийгээр манай салбарынхан Солонгос жуулчдыг "ашиггүй" гэж хардаг байсан ч сүүлийн 2 жилийн байдлаар монголчууд тэднийг өөрсдөө оруулж ирж бүх үйлчилгээг хийдэг болсон нь салбарын нийт орлогод эерэг нөлөөллийг авчирна гэж харж байна. Солонгосчууд өнгөрсөн зун Хонгорын голд нэг малчин залуугийнд Монголчуудын ёс заншлын талаар жижигхэн кино тайлбар хийсэн нь их сонирхолтой байлаа. Говьчуудын хувьд нийт монголчуудаасаа илт ялгарахд соёлын ялгаатай биш ч жижиг ч булаг шанд, худаг усандаа  хүндэтгэлтэй ханддагийг анхаарахад илүүдэхгүй.         

Салбарын хүний нөөц буюу шинэ үеийн боловсон хүчин, залуу үеийнхэнд хэлж анхааруулмаар, зөвлөмөөр үг байгаа байх. Ер нь залуучууд аялал жуулчлалын салбарт ямар ямар суурь мэдлэг, ур чадварыг эмзэмшсэн байх шаардлагатай байна?

            Мэдээж шинэ үе салбарынхаа хөгжлийг өөрөөр харж байгаа байх. Угаасаа ч "урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт" гэж үнэн л дээ.    Бид аймагтаа “Аялал жуулчлалыг – Амьдрал болгоё” залуусаа гэж уриалдаг. Бас түүнээс ашиг олохын тулд, “ Мэдлэг ба боловсролыг- Мөнгө болгоё залуусаа” гэж уриалсан удаа ч бий.  Сүүлийн үед Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага шинжлэх ухаанд суурилсан танин мэдэхүйд чиглэснийг бид бүгдээрээ харж байгаа. Тийм болохоор аялал жуулчлалын мэргэжлийн сургуулийн оюутнууд, оюутнаас төрсөн багш нарыг монголынхоо чухал зорих газрууд, тогтворжсон эвентүүдэд өөрсдөө гар бие оролцоосой гэмээр санагддаг. Ялангуяа тур операторуудад хөтөлбөр боловсруулж байгаа менежер захирлууд, оюутнуудад хичээл зааж байгаа багш нар орон нутгийн зорих газруудад өөрсдөө ирээд аялаад, жуулчин дагуулаад яваад үзээсэй, жуулчны баазуудын дунд орж тэдний зовлон бэрхшээлийг үзээсэй, мэдээсэй гэж боддог, уриалдаг.

            Бид заавал анхаарч бусдад мэдүүлж байх нэг зүйл бол салбарын маань нэр хүнд, түүнийг өсгөх хэрэгтэй. Нэг хэсэг манай салбарын гэрийн үйлчлэгч, тогооч, жолоочоос эхлээд орчуулагч, менежер олон хүн уул уурхай руу орсон. Харин хямралын дараа олон хүн эргэж ирсэн. Бүүр барилгын салбарын нэг томоохон компаний захирал хямралын үед надтай уулзаж танай аялал жуулчлал л хамгийн сайхан салбар юмаа, хямралд ч өртдөггүй, тэгээд ч элдэв стрессгүй, дандаа байгалийн сайханд, дандаа эерэг энергитэй хүмүүстэй ажилладаг гоё салбар юмаа, үүнд яаж орох вэ гээд ирж байсан удаатай. Үнэхээр манай салбар сайхан салбар. Харин залуучууд маань салбарынхаа нэр хүндийг сайхан авч явах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд хэн нэгэн мөнгөтэй эрхэм жуулчны бааз, зочид буудал барина гээд гүйж байвал “Аялал жуулчлал бол мэргэжлийн салбар. Түүнийг мэргэжлийн түвшинд төлөвлөж, мэргэжлийн түвшинд удирдаж байж амжилтанд хүрдэг” гэдгийг ойлгуулж анхнаас нь зөв, бусдаас илүү технологи, төлөвлөлтөөр бусдын алдааг давтахгүйгээр хийх хэрэгтэй гэж зөвлөөрэй.

Говийн аялал жуулчлалын ирээдүй 10 жилийн дараа таны харж байгаагаар?

            Говьд судлагдаагүй, нээгдээгүй олон зүйл байна. Говьд мөнгө, зам харилцаа, бас ирээдүй байна. Өмнөговь төвийн бүсийн аялал жуулчлалын хамгийн том, хүчирхэг сүлжээ болно.  Өмнөговийн баруун, зүүн хилийн боомтууд нь гуравдагч оронд нээлттэй болж Оросоос Монгол, Монголоос Хятадад цаашлаад Монголын говийг бүтнээр нь харах, төв Азийн өвөрмөц цөл, Алшаа цөлийн тойрогт бүрэн нэвтрэх, Тэнгэр уул- Тяньшаньд, бүүр цаашаа Түвдэд нэвтрэх үүд болно.  Өнөөдөр хүмүүс Байгаль далай л хүрч байгаа. Харин Өмнөговь бол Хятадууд Монголоор дамжиж Орос руу, Монголчууд өөрсдөө Орос, Хятад , Алс Дорнод, Дагуурын орчинд нэвтрэх, аялах сүлжээний төв болно гэж би мөрөөддөг. Энэ биелнэ л дээ.

Салбарынхандаа та ямар уриалгыг дэвшүүлмээр санагддаг вэ?

            Манай С.Алдархишиг нэг удаагийн Аялал жуулчлалын үндэсний чуулган дээр гэнэт босч микрофон аваад:  "Одоо бүгдээрээ зүгээр ажлаа л сайн хийцгээе…" гэсэн. Энэ их энгийн бас үнэн үг. Тэгэхээр асуудалгүй ажлаа л сайн хийцгээе.  “Аялалыг –Амьдрал болгоё”, “Мэдлэг ба чадвараа – Мөнгө болгоё” залуусаа.

Баярлалаа танд!

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
enhee:estoi baigalia gesen setgeltei zvtgeltei hun dee 2018-01-10
jui: Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаард****тай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081 2018-01-10
Төстэй мэдээ
Г.ӨСӨХБАЯР : ЗА ЧИ НАЧИН БОЛЧИХНО ОО, Д.СУМЬЯАБАЗАР, Б.ГАНТОГТОХ ХОЁРТОЙ Л БАРИЛДАХ ЮМ ШҮҮ ГЭЖ МӨНХБАТ АВАРГА САНУУЛСАН
Б.БАТБОЛД ЭМЧ : "ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ, ЗАМААСАА ГАРЧ, ОНХОЛДСОН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Г.ЗОЛЖАРГАЛ : ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАНДЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
ЗӨВХӨН 2017 ОНЫ БАЙДЛААР 34 ИРГЭН ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛЖЭЭ
Ц.ЦОГЗОЛМАА : БОЛОВСРОЛЫН ШИЛЖИЛТ НЬ ХҮҮХДИЙГ ТУРШИЛТЫН ТАЛБАР БОЛГОХ ЁСГҮЙ
Ц.МӨНХ-ОРГИЛ : ШХАБ ГЭДЭГ БОЛ ЭРГЭЖ, УХАРЧ ГАРАХ БОЛОМЖГҮЙ НЭГ УРСГАЛТАЙ ЗАМ
МУСТА ДУУЧИН Г.БАТСҮХ: БИ ЭЭЖИЙНХЭЭ ХҮРЧ ЧАДААГҮЙ ӨНДӨРТ ХҮРЧ ХҮСЛИЙГ НЬ БИЕЛҮҮЛЭХ ЮМСАН ГЭЖ ХИЧЭЭЖ ЯВАА
Л.ТУЛГАБААТАР : СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ 67.6 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА
Б.ЦОГТГЭРЭЛ : "МОНГОЛЫН ТӨРД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"
“БҮТЭЭЛЧ БУС ХАЛАМЖЛУУЛДАГ АРД ТҮМЭН БАЙНА ГЭДЭГ НЬ УРУУДАЖ МӨХӨХИЙН ИЛРЭЛ”
Шинэ мэдээ
Санал асуулга