АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖИЙН ЭЭЖ Х.ПҮРЭВБАДАМ : СУУХ ЦАГ НЬ НЬ БОЛВОЛ ХҮҮ МИНЬ АЯНДАА САЙХАН ХАНЬ ИЖИЛТЭЙ БОЛЖ Л ТААРНА

2018-02-06  

Нэр хүнд нь Монголоосоо аль хэдийнэ хальж, дэлхийд алдаршсан Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ээж, Д.Долгорсүрэн зааны гэргий гээд Х.Пүрэвбадам гуайд дуудуулах алдар олон. Энэ жижигхэн эмэгтэйгээс тийм том эрчүүд төрж, бүр тив дэлхийд нэрээ цуурайтуулсан гэж бодохоор түүний амьдрал дэндүү үлгэрийн гэмээр. Хэдэн зууны дараа ч яригдах домог мэт гоц хувь тавилантай тэрбээр дөрвөн сайхан хүү, сувд шиг ганц охины ээж билээ. Бүсгүй хүний асар их ухаан, тэвчээр, уян зөөлөн сэтгэл дээр амьдрал тогтдог, чин үнэнээсээ хайрлавал эргээд тэр сэтгэл нь далай болж ирдэг гэдгийг туулсан амьдралаа харуулсан Х.Пүрэвбадам гуай бүсгүй хүний хатан ухааныг төгс эзэмшсэн гэлтэй.

Агуа хүмүүс эгэл ээжээс л төрдөг. Гэхдээ тэр эгэл ээжүүд жинхэнэ дарь эхүүд байдаг. Жинхэнэ дарь эхүүд дотроосоо гэрэлтдэг юм гэдгийг түүнтэй ярилцах явцад ойлгосон юм.     

-Пүрэвбадам гуай ойрын үед хэвлэлд ярилцлага өгөөгүй. Харин манай сэтгүүлийн зочны ярилцлагын хүсэлтийг хүлээн авсанд гүнээ талархаж байна?

-За та бүхэнд ч баярлалаа.

-Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Долгорсүрэн хэмээх айлын хувьд жил жилийн баяр наадам илүү өрнүүн дэлгэр, өөр өөр өнгө төрх, ач холбогдолтой болдог нь мэдээж. Та бүхэн сайхан наадав уу?

-Долгорсүрэнгийн хэмээх айлын өрхийг татсанаас хойш 50 шахам жил болж байна. Тодруулбал би 47 жил төрийн наадамд бөх харжээ. Гадагшаа ажилтай байсан учраас ноднин л наадам үзэж чадаагүй. Сайхан байна.

Монгол төрийн хэмээх энэ хүндэтгэлтэй наадмаа ард түмэн бид хүндэтгэн, баяр хөөр дүүрэн угтах нь тунчиг аргагүй. Жил жилийн наадам өнгөлөг, ард түмэн тайван амгалан, омог бардам баярлаж өнгөрөөсөөр олон зууныг үдэж байна даа.

-Өнгөрсөн наадмаар Д.Дагвадорж аваргын морь соёолон насанд түрүүлж, өнгөтэй сайхан наадсан. Энэ жил танай уяаны морьд мөн л хурдалсан гэж сонссон?

-Тийм ээ. Өнгөрсөн жил хүүгийн маань хурдан буян соёолон насанд түрүүлсэн. Өнөө жил ч гэсэн энэ сайхан сэргэлэн дэнж дээрээс, манай галын, мөн нутгийн хүү Архангайн Батцэнгэлийн Батбаатарын соёолон түрүүллээ. Мөн Чинбат хэмээх уран зураач, удам судар сайтай хүүгийн маань морь эрлийзийн том насанд түрүүлсэн. Ер нь хийморь гийсэн, ёстой сайхан наадам боллоо гэж бодож байна.

-Тийм шүү, үнэхээр сайхан наадам боллоо. Таны хувьд 47 жил Монгол төрийнхөө наадамд бөх үзлээ хэмээж байна. Мөн ч урт он жилүүд шүү. Энэ хугацаанд ханийнхаа, үргэлжлүүлээд хүүхдүүдийнхээ дээлийн захыг мушгиж ирсэн мундаг эмэгтэй шүү дээ, та?

-Энэ 47 жилийн хугацаанд ханийнхаа барилдааны үед хамгийн их огшиж, хамгийн их сэтгэл догдолж ирлээ. Салгалах үедээ салгалж, чичрэх үедээ чичирч, баярлах үедээ баярладаг хүн бол яг өөрийн хань байдаг юм билээ шүү. Өрх гэрийг минь толгойлж, айлын тэргүүн болж ирсний хувьд хань нь хамгийн их огшиж, догдолдог. Хүүхдүүдээсээ илүү байдаг гэх үү дээ. Тэрийг би үнэхээр сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Хүүхдүүдийн хувьд цаана нь хань ижил, үр хүүхдүүд нь байна, хуваалцах хүн ихтэй шүү дээ. Мэдээж зүлэг ногоон дэвжээнээ сайхан барилдаж, түмэн олноо баясгаасай гэж эх хүний хувьд бодол хураалгүй яах вэ. Гэхдээ л энэ олон жилийн дотор хамгийн их баярлах, зарим үед бухимдах явдал ханийн барилдаан дээр л гардаг юм билээ.

-Энэ мэдрэмжийг ёстой та л, бөх хүний гэргий л мэдэх байх. Ханийнхаа олон сайхан барилдаанаас хамгийн сэтгэл огшоосон түүхийг та дурсаач?

-Барилдаан болгон нь мундаг л даа. Анх би улсын начин цолтой хүнтэй л ханилж байлаа. Боддог л юм. Өөрөө бөхийн удамтай хүн болохоор сайхан барилдаад, эртэй бяртай, залуу насандаа цолоо ахиулаад яваасай гэсэн чин сэтгэл байдаг байлаа. Хань маань улсын начин цолыг хэдэнтээ баталж байгаад 1976 онд улсын заан цолонд хүрсэн шүү дээ. Хэрвээ миний хань ганцхан бөхийнхөө төлөө туушдаа явсан бол өдгөө арслан, аварга, олон сайхан амжилт гаргасан гавьяатууд, хөдөлмөрийн баатруудын эгнээнд явах байсан. Гэвч ажил, амьдралын төлөө явсаар залуу насаа туушдаа бөхдөө зориулж чадаагүй юм шүү дээ.

-Аан, заан маань олон жил тээвэрт явж, барилдаан, бэлтгэлээ орхигдуулж байсан тухай та ярьж байна уу?

-Тийм ээ. Тээвэрт олон жил явж, хөдөө гадаа хүн, малын хүнс, тэжээлийг зогсолтгүй зөөвөрлөж ирсэн дээ, хань минь. Тээврийн байгууллагад амралт гэж байхгүй. Төлөвлөгөөнөөс гадна саятан бригадын гишүүн гээд үүрэг даалгавар өгчихнө. Намын өгсөн үүргээ гүйцэтгэнэ, төлөвлөгөө биелүүлнэ гээд л манай хүн зогсолтгүй ажиллана. Энэ бүхнийг биелүүлж ажиллах нь тухайн үед амьдарч байсан ажилчин хүний ариун үүрэг байлаа. Тэр ариун үүргээ улсынхаа өмнө нэр төртэй биелүүлнэ гэдэг нэг номерын хариуцлага юм. Хэрвээ бөхийн барилдааныхаа төлөө эдгээр үүрэг хариуцлагаасаа чөлөөлөглөгдөөд туушдаа явсан бол хоёр Мөнх аваргатай, Цэрэнтогтох аваргатай, энэ сайхан амжилт гаргасан гавьяат, хөдөлмөрийн баатруудтай адил хэмжээний амжилтыг гаргах байсан даа гэж би ханийнхаа талаар боддог. Үеийнхэн нь бүгд л гавьяат, хөдөлмөрийн баатар болчихсон. Миний муу өвгөн тээврийн тэрэг бариад л, төлөвлөгөө норм биелүүлэх гээд л, хэдэн хүүхдээ өсгөлцөх гэж зүтгээгүй, зөвхөн бөхөө хөөсөн бол эдгээр аваргуудтайгаа эн зэрэгцэхүйц явах байсан даа гэж бодогддог л юм. Гэхдээ хүний мэргэшсэн мэргэжил, өөрийн төрөлх эцэг, эхээс заяагдсан бяр хүч, бодол төвлөрлийнхөө хүчээр хань маань чамгүй амжилтад хүрсэн. Өвлийн тэсгэл хүйтэнд цагаан сарын барилдаандаа барилдана гээд л яарч сандарч ирээд ундуй сундуй цайгаа уугаад л цүнхтэй хувцсаа үүрээд буцаад гарна. Залуу насны минь олон сайхан дурсамжууд бидэнд бий.

-Ирэхэд нь та цүнхээ бариад гарахад л бэлэн байх хэмжээний бүх бэлтгэлийг нь хангачихсан хүлээж байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Би ч мөн адил хичнээн завгүй ч сүүлийн учгаа шингээсэн дээлийг нь дөнгөж оёж дуусгаад л өмсгөөд явуулна. Орж ирэхэд нь хоол унд, гутал хувцас, цүнхтэй зодог шуудгийг нь бэлдчихсэн байна. Гүйхээрээ орж ирээд цайгаа яарч сандран ууж аваад дээл хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд гарна шүү дээ.

-Долгорсүрэн зааныг аваргын дайны бөх гэдэгтэй олон түмэн маргахгүй л дээ. Хүү Д.Сумъяабазар нь аварга болчихсон л байна. За, Асашёорюүг хар. Аваргын чадалтай ааваас л аварга хүү төрнө биз дээ?

-Санаанд багтдаг л байсан. Хэрэв ганц бөхөө хөөж явсан бол миний хань аварга цолонд хүрчихсэн байх байлаа. Хоёр Мөнх аваргууд, Хадаа аварга, Цэрэнтогтох аварга гээд л бүгд л миний ханьтай ач тач үздэг байсан. Улсын наадамд хаячиж үзлээ, давж ч явлаа. Жинтэй л байсан. Ганц үндэсний бөх гэлтгүй самбо, жудо бүгдээр нь барилдаж, алт, мөнгөн медалийг авчирдаг байсан. Спорт, хөдөлмөр хоёрыг зэрэгцүүлж явсан хүн шүү дээ.

-Тиймдээ ч сая наадмын өмнө Хөдөлмөрийн баатар тээвэрчин боллоо шүү дээ. Ханийн тань сайн сайхан яваа нь таны л ач. Барилдааных нь өмнө сүүлийн учгаа шингээсэн шинэхэн дээлийг нь өмсгөх тэр сэтгэл, дээлийн захыг нь мушгих тэр их хайрыг юутай ч зүйрлэшгүй?

-Тэнд ханийн маш том сэтгэл байдаг. Яахав дээ, уран хүмүүс миний урласан дээлийг голж шилэх л байх. Гэхдээ ханийн сэтгэл шингэсэн нэг учгийг юугаар ч сольшгүй. Даалимбаар ажлын дээл хийгээд өгсөн ч өмсч үзчихээд “Ёстой сайхан дээл болж, ажилд өмсөхөд хөнгөн шингэн” гээд л инээд алдахад хичнээн урамтай.  Адаглаад л энэ дээлэнд маш их сэтгэл шингээж өөрөө ханьдаа оёж өгсөн юм шүү дээ гээд харж байхад хичнээн сайхан. Эсгэж байхдаа ч, товч шилбийг нь учиг шингээн хадаж байхдаа ч чин сэтгэлээсээ, хайраа зориулж байдаг юм шүү дээ. Ганц би биш л дээ, айл гэрийн гэрэл гэгээ болсон сайхан гэргий нар бүгд л над шиг ханийнхаа сайн сайхны төлөө чин сэтгэл, амь амьдралаа зориулж явдаг гэдэгтэй маргах юм алга.  

-Та ханийнхаа наадам, цагаан сарын дээл хувцсыг өөрөө урладаг байжээ дээ. 50 жилийн хугацаанд олон ч дээлэнд учиг шингээн урласан байх даа?

-Өөрөө л оёж өгдөг байлаа. Дөнгөж ханилсны дараахан, 1971 оны улс хувьсгалын 50 жилийн ойн өмнө Долгорсүрэн бөхчүүдтэй үзүүлэх тоглолтод Москва явсан юм. Мижиддорж арслан гэх мэт олон бөхтэй явж ирээд гурав хонолгүй наадмын барилдаанд шууд орсон. Тэр жил 50 жилийн ойгоор цол нэмэх ёстой хүүхэд хүчээ сааруулчихлаа гэж настангууд их ярьж байлаа. Анхны дээлээ тэр жил оёж өгч билээ. Саарал даавуу, хар пүүсүүгээр гурав хэмжиж байгаад, зангидмал товчтой дээл анх удаа Долгорсүрэндээ оёж өгсөн. Ээжтэйгээ хамжиж эсгээд өөрөө оёход энгэрийнх нь товч, шилбийг дээр доор хадаад ердөө болдоггүй. Тэгэхээр нь ээжийгээ та энийг хадаад өгөөч гэтэл “Үгүй ээ, чи ханийнхаа товч шилбийг өөрөө хад” гээд халгаадаггүй. Хичнээн ч удаа ханзалж оёсон юм, бүү мэд. Тэгж тэгж ээждээ үзүүлтэл “За одоо болохоос яахав” гэж билээ. Долгорсүрэн ч тэр дээлээрээ тухайн жил гоёж, би ч түүнээс хойш урам авсан. Урлаж өгсөн дээл олон доо. Ер нь би ханийнхаа дээлийг өөр бусдаар оёулдаггүй, өөрөө л оролддог байсан. Манай ээж их уран, нандин оёдог хүн байлаа. Ээжээсээ их зүйл сурсан даа.

-Тухайн үед дээлээр л гоёдог байлаа шүү дээ. Европ хувцас ховорхон байсан биз?

-Тийм шүү. Дээлээр л гоёно. Орос дэлгүүрээс бараа авах гэж бөөн юм болно. Тэгээд ч манай хүн их том биетэй болохоор хэр барагтаа хувцас таарахгүй. Нэг удаа ханьдаа орос дэлгүүрээс том костюм авах гээд яарч хашаа давж байгаад өлгөгдчихөж байж билээ. Бие давхар байсныг ч хэлэх үү, их инээдтэй юм болсон.

-Хөгжилтэй юм. Хэнийг нь төрүүлэх гэж байхдаа хашаанд өлгөгдчихөө вэ?

-Том хүү Сугаррагчаа маань гэдсэнд байсан юм.

-Ханьдаа орос костъюм авахын тулд бие давхар байхдаа хашаа давж, өлгөгдөж л байдаг. Үгүй мөн агуу сэтгэлээ?

-Ер нь ханиа сайхан явуулах гэж их хичээдэг байж. Нэг алчуур зүүсэн чиг л яаж гоё зангидах вэ гээд л, их цоглог. Ханийгаа тээвэрт яваад ирэх болгонд нь гэрийнхээ тавилгын байршлыг өөрчилнө. Долгорсүрэнг гэртээ ирэх болгонд шинэ айлд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. За тэгээд гэрээрээ дүүрэн гар хатгамал оёж, хатгаж чимнэ. Амьдралын их эрч хүч, сэтгэлээр дүүрэн бидний залуу нас өнгөрсөн. Насаараа гэрийн тавилгынхаа байрыг өөрчилж, хөдөлгөөд сурчихсан хүн чинь одоо ч тэр зангаа тавьдаггүй юм байна. Хэдэн бурхныхаа гүнгэрвааг ингэж нэг тавиад, тэгж нэг тавиад, ширээ сандлаа нааш цааш нь зөөнө.

-Та их хөдөлгөөнтэй хүн байх аа?

-Миний зан байгаа юм. Их хөдөлгөөнтэй. Байгаа орчноо их солих, өөрчлөх дуртай. Нэг ваартай цэцэг ганц ширээн дээр байх ёстой юм уу, эсвэл тэр булангийн шүүгээн дээр байвал зүгээр үү гээд л зөөчихнө.

-Ийм их хөдөлгөөн, самбаатай хүн бөхийн барилдааныг гамгүй сайн гадарлана биз. Долгорсүрэн заан эсвэл хүүхдүүдийнхээ барилдааныг хараад сууж байхдаа ингэхгүй яавдаа гэдэг ч юм уу, ер нь барилдаж үзээгүй ч барилдааны мэх, арга барилыг мэднэ байх?

-Туршлага ч юу байх вэ. Алхалт, гишгэлт, бариа зөрөөг нь харж байхад “Ээ, миний хүү ингэчихгүй яав аа” гэсэн зангирсан юм гарч ирж л байдаг. Би ямар барилдаж үзсэн биш, нарийн юмыг яаж мэдэх вэ. Том биетэй хүнийг мэхэндээ оруулж байгаад өөрийнхөө дээрээс татаад унагачихсан жижиг биетэй бөхийн барилдаан сая наадмаар хүртэл харагдаж л байсан. Тиймэрхүү зүйлүүд ажиглагдана шүү. Гэхдээ яг барилдаж байгаа хүн хэцүү шүү дээ. Өвсөнд хүртэл тээглээд унахыг үгүй гэх газаргүй.

-Та угаасаа бөхөд сонирхолтой хүн байв уу, эсвэл Долгорсүрэн заантай суугаад бөх үздэг болов уу?

-Миний аавын авга ах улсын арслан хүн. Намайг жаахан хүүхэд байхад аавыг маань наадмаар зүгээр суулгахгүй барилд гээд чирээд гаргачихдаг байсан. Тийм болохоор манай аав наадмын нээлтэнд явдаггүй байлаа. Ээж, дүү биднийг сундалж овооролдоод л хуушуур эргүүлээд явна. Тэр үеийн сумын наадам хичнээн гоё гэж санана.

-Сумын наадам, сумын заан цол хоёрыг хамгийн сайхан гэдэг. Аав, ээж, ах эгч, дүү нартайгаа өнгөрүүлсэн тэр он жилүүдийн дурсамж танд одоо ч тодхон бөгөөд хайрлам байдаг байх?

-Их сайхан. Би чинь эхээс олуулаа. Аав, ээж, ах дүү нартайгаа өнгөрүүлсэн хүүхэд нас, гэр бүл маань үргэлж сэтгэлд маань тодхон үзэгддэг дээ.

-Ингэхэд та бөхийн удамтай юм байна. Бөхчүүд бөхийн удамтай бүсгүйг сонгож  гэр бүл зохиох нь их юм?

-Уг нь бөхийн удмыг нь хараад суувал хожим өөрийнх нь хийж бүтээсэн амжилтыг үргэлжлүүлэх боломж илүү гэдэг утгаараа сайн байх. Хоёрдугаарт бөхийн удамд төрсөн бүсгүй хүүхэд адаглаад л дээл хувцсыг нь дээш тавихаас эхлээд ёс жаягаа мэднэ. Тэгснээрээ боол болж байгаа юм биш. Эрэгтэй хүн гэдэг чинь бүсгүй хүнээс нэг сайхан үг сонсоход л урам авдаг. Сэтгэл гэж нэг юм байдаг шүү. Дотоод сэтгэлийн тэр оньсыг л олоод бие биедээ дэм болоод явчих хэрэгтэй.

-Хатан ухаан гээчийг л танаас харж, сонсож авах хэрэгтэй гэж санагддаг шүү. Энэ сайхан гэр бүл, хань ижил, үр хүүхдээ өдий чинээ авч яваа танд учир шалтгаан их бий дээ?

-Миний хатан ухаан ч гэж юу байх вэ. Гэхдээ амьдралын туршлага бол байна аа. Наад зах нь гэрийн бүсгүй хүн хүүхэд гүйгээд ороод ирэхэд ганц ааруул байсан чиг л гарын алгыг нь дээш харуулах ухаантай байх хэрэгтэй. Өглөгийн эзэн буруудна гэж байхгүй. Хөдөөнийхөн хүүхэд гүйгээд ороод ирэхэд л хүүхдийн нүд харчихлаа гээд нэг зүсэм бяслаг байсан ч аваад өгдөг. Ер нь хүний алга дээшээ харуулах шиг сайхан юм байдаггүй. Бүсгүй хүн бусдыг хайрлаж энэрэх сэтгэлтэй, өрөвч нинжин, үнэнч шударга, уучилж чаддаг, уян зөөлөн, гэр бүл, хань ижил, үр хүүхэд, ах дүү, аав, ээжээ асарч тэтгэх ухаантай байхад л бусад нь аяндаа болно доо.     

-Тийм шүү. Бүсгүй хүн бурхан мэт нинжин сэтгэлээрээ бусдаас ялгарна шүү дээ. Та сая бас л хүүхдүүдийн гарын алга дээш харуулаад чихэр тараагаад яваа харагдсан?

-Одоо бас чихэр хамаагүй өгөөд байж болохгүй байна аа. Харшил өгөхөөс эхлээд шүд нь өвдвөл яана гээд л санаа зовох юм. Гэхдээ бас гарыг нь хоосон гаргаж болохгүй, жоохон ч гэсэн юм өгч явуулахгүй бол. Эмээ надад юм өгсөн л гэж бодож байгаа, их байна уу, бага байна уу гэж бодохгүй шүү дээ.

-Ингэхэд Долгорсүрэн заан таныг бас удмаар нь шинжиж авч суусан уу, үгүй юу?

-Үгүй ээ, үгүй. Би сургуулиа төгсөөд 25 дугаар баазад нягтлангаар очсон. Өвгөн маань цэргээс халагдаад жолоочоор тэнд ирсэн. Удам судраа мэдэх ч үгүй байсан. Сүүлд л мэдэцгээсэн.    

-Залуу хүн завгүй байх сайхан. Та хоёрын маань залуу нас завгүй, эрч хүч, амьдралын зорилго, тэмүүллээр дүүрэн өнгөрчээ?

-Ер нь тийм. Цаг хугацааг цавчаад л явсан. Улсын ажлыг хөсөрдүүлэхгүй, ар гэр, үр хүүхдүүдээ бусдын дайтай авч явахаас эхлээд завгүй залуу нас өнгөрсөн дөө. Миний ижий хүүхдүүдийг маань харж бас олон жил дэм болсон. Ах дүү, ээж минь гэж маш том хамгаалалт, хэрэм бидэнд байлаа. Хүүхдүүд маань цэцэрлэгээр биш, эмээгийн хүмүүжлээр л хүн болсон.

-Та ээжийгээ яриандаа их дурсаад байх юм. Ижийгээ санагалзаад байна уу даа?

-Бид чинь нас явах тусам ижийгээ санан үгүйлдэг юм байна. Ээжтэйгээ байсан цаг хугацааг юугаар ч үнэлэшгүй. Алт шиг сайхан аав, ээжтэй байсан даа. Ээж маань арван хүүхэд төрүүлсэн. Аав, ээж хоёр маань үр хүүхдүүдийнхээ төлөө л энэ амьдралаа зориулсан. Би чинь малчин ардын охин. Дөрөв дэх хүүхэд намайг сургуульд орох үед хүүхдүүдээ ингэж тал талд тараагаад яахав гээд малаа нутагтаа орхиод биднийг дагаж хотод орж ирж байлаа. Бид ч их сурлага сайтай хүүхдүүд байсан. Дандаа л алтан онц авна. Нэгдүгээр 10 жилд л гэхэд малчны хүүхдүүдээс ганц миний ах, эгч л байлаа шүү дээ. Миний ах, эгч хоёртой Чойбалсан гуайн Сувдаа эгч, Бумцэндийн Эрдэнийн ах, Богд хааны хамаатан Отгонбаяр эгч нэг анги байсан. Жинхэнэ элитүүдтэй нэг ангид сурч, хоёулаа онц төгсөөд нэг нь Анагаахын дээд, нөгөө нь Геологийн мэргэжилтэй болж билээ.

-Жирийн малчин ардын хүүхдүүд мундаг байжээ. Ер нь жирийн нэгнээс агуу хүмүүс бий болдог. Сая Ерөнхийлөгч болсон Х.Баттулга жирийн л ажилчин ардын хүү. Та болон таны хань ч жирийн л нэгэн байлаа. Тэгтэл жирийн ээж, ааваас эх орондоо төдийгүй дэлхийд алдартай бөх төржээ гэж бодохоор амьдрал агуу бөгөөд баялаг байна шүү?

-Өвөг дээлсийн маань уугуул ухаан, суугуул судар толгойд нь шингэчихдэг байдаг юм байна. Аав, ээж, өвөг дээдсийн маань саруул ухаан биднийг хүүхэд байхаас хүн байхын утга учир, амьдралын мөн чанарыг таниулж байж. Газар ухаж, зурж болдоггүй юм, хүн эхээс төрөхдөө, үхэхдээ л нэг газар дээр зурдаг, бусад үед саваагаар ч газар зурж, тоглож болохгүй гэж сурган хүмүүжүүлж байсан. Тийм л агуу ард түмний үр сад. Хэлсэн үг болгон нь гүн ухааны философи. Гэрийн үүд алдалдаггүй, босгон дээр гишгэдэггүй, орондоо дуулж, уйлж болохгүй, сэтэрхий аяганд цай, хоол идэж болохгүй, шөнө орой гиншиж болохгүй, томчуудын ярианд орж болохгүй, хүүхэд бол хүүхдээрээ байх ёстой гэж биднийг өсгөж, хүмүүжүүлсэн.

-Тийм шүү. Ардын маань олон сайхан сургаалиуд байдаг. Гэвч жаахан мартагдах тал байна уу, үгүй юу?

-Одоо харин ч залуус маань ухаажаад, тэр мартагдсан сайхан өвөг дээдсийнхээ ухаан, сургаалийг олж авах гээд байгаа юм болов уу гэж бодож байна. Интернет гэж сайхан зүйл байна. Эргээд тэр бүхнээ олж судлах олон боломжууд бий болж. Харин бидний үед л өвөг дээдсийн маань эдгээр сургамж, ёс жаяг мартагдаж, алдагдсан юм болов уу. Тэр сайхан ёс заншлаа дамжуулж, уламжлуулж чадсангүй гэж бодоод байдаг шүү.

-Та бол үр хүүхэд, ач гучдаа нэлээн зааж, сургамжилдаг шиг байна?

-Хүүхдүүд энэ ямар учиртай юм гэж их асууна аа. Тэр бүхнийг цаасан дээр бичээд уншуулж байснаас өвөө, эмээгийн дэргэд өссөн хүүхэд шал өөр байдаг шүү. Гэр бүлийн хүмүүжил л гэдэг. Аав, ээж нь ажил амьдрал, зах зээлийн ороо бусгаа үеийг давах гээд явчихсан үед өвөө, эмээгийн үүрэг чухал. Сайхан цэцэрлэг, сургуульд нийгмээ дагаад олон зүйлсийг зааж сургадаг байх л даа. Гэхдээ уламжлалт ёс заншил, өв жаягийг өвөө, эмээ нар л заана. Мэдээж яг өвөг дээдсийнхээ ухааныг өвлүүлж, сургах өвөө, эмээ хэд болчихов оо гэдэг бас сонин. Ямартай ч өвөө, эмээ нараа байгаа дээр сурах, мэдэх зүйлээ мэдэж байхад илүүдэхгүй шүү. Та нарт даатгачихъя гэхээр үр удам, өвөг дээдсийнхээ түрүүчээ, сүүлчээ ч мэдэхгүй улс зөндөө байна.

-Үнэн шүү. Хүлээн зөвшөөрч байна. Ингэхэд Долгорсүрэн заан та хоёр хичнээн ач, гучтай болов оо?

-Өө, 10 гараад явчихсан.

-Ач, зээ нараас тань та хоёр дээр хэд нь өсч, хүн болов оо?

-За манайх хүү голдуу болохоор бэрүүд маань өөрсдөө яг гардаад өсгөчихсөн. Би чинь үр ач нараа өсгөлцөөгүй, нэг талдаа тааруухан эмээ. Нөгөө талдаа өөрийнхөө зөнгөөр яваа эрх чөлөөтэй, дураараа эмээ.

-Харин Долгорсүрэнгийнх гэх айл ганц охин, дөрвөн хүүтэй болохоор ёстой л бужигнаж, ноцолдож өсцгөөсөн биз?

-Их хөдөлгөөнтэй. Эрэгтэй хүүхдүүд голдуу болохоор бужигнана аа. Гэхдээ хоёр, хоёр насны зөрүүтэй болохоор “Агаа нь” гээд л дүү нараа чирээд өсгөнө дөө. Дүүгийнхээ аманд хоол, боов боорцог хийж өгч болохгүй, ус, цай өгч болохгүй, унагаж болохгүй гээд л агаад хариуцлага нэмэгдэнэ. Хүүхдүүд маань жоохноосоо ингэж болохгүй, тэгж болохгүй, агаа бол том хүн юм байна гэдгийг ойлгож, ухамсарлаж хүн болцгоосон.

Ажиглаад байхад манай хүүхдүүд их нэгэндээ халамжтай, хариуцлагатай байсан. Хоорондоо тачигналдаад, ноцолддог хэрнээ хүний хүүхдүүд орж ирээд дүүг нь шоглоод эхлэхээр өмөөрч, хамгаалах янзтай. Сүүлдээ олуулаа нийлчээд хүний хүүхэд хамжиж шоглоод байх юм биш байгаа гэдэг айдастай болсон. Хоорондоо их амь. Ер нь нэгнийхээ, ах нарынхаа үгээс гараад байхгүй, зөвлөлдөөд л явдаг. Нэг эхийн хэвлийд багтаад, цуваад гарсан юм чинь нийгмийн амьдралд нэгнээсээ зөрөөд байх асуудал нэг их гардаггүй дээ. Эцсийн эцэст Монгол гэсэн зургаан үсгэн дээр бид оршин тогтнож байгаагаас хойш атгасан гар шиг амь нэгтэй л байх хэрэгтэй, манай ард түмэн.

-Ээжийгээ баярлуулсан хүүхэд их сайхан амьдардаг гэдэг. Дагваа аваргыг хараад байх нь ээ, бусдаасаа илүү сэтгэлийн хөөрөлтэй, ээждээ илүү амь байдаг нь ажиглагддаг шүү?

-Түрүүчийн хүүхдүүдээ ад үзээд, багачуудыг нь илүүд харах сэтгэл эх хүнд байхгүй. Аль алийг нь алаг үзэхгүй, ав адилхан хайрлана. Дагвадоржийн хувьд арай өөр онцлогтой.

Би таван сайхан хүү төрүүлсэн ээж. Гэвч Дагвадоржийн ахыг нь гэнэтийн ослоор алдчихсан юм. Тэгтэл дараа жил нь Дагвадорж ирсэн. Үрээ алдсан, ирэхийг нь хүлээсэн эхийн сэтгэлийн зовлон тайлж ирсэн, бас буцаад явчих вий гэсэндээ нандигнан хайрлаж өсгөсөн болохоор Дагвадорж арай өөр онцлогтой хүүхэд. Ах нар нь ч гэсэн дүүдээ их хайртай. Хүн болгон Дагвадоржийг хайрын далайгаар дээдэлж өсгөсөн. “Эвий энэ муу амьтан чинь нэг явсан юм, эргээд дахиад хүрээд ирлээ” гэдэг утгаараа их олон хүний хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд.

-Их эрх биз?

-Зургаан нас хүртлээ ээжийгээ харуулдсан, ээжийгээ ноолсон хүүхэд байлаа. Ажлаас ороод ирэхэд л ээждээ наалдаад энгэрээс зүүгдэж, мөөм барина. Нэлээн ухаан орсон хойноо дүүтэй болсон болохоор дүүдээ бол хайрын далай. Ганц охин дүүгээ бусдаас ч их харамлана. Зургаан настайгаасаа найман нас хүртлээ сургуульд ч оролгүй, “Энэ жил би дүүгээ харна” гээд гэртээ дүүтэйгээ цоожлогдож үлдээд бантанг нь хийж өгөөд хоёр ойд нь хүргэчихсэн хүн шүү дээ. Ингээд найман настай сургуульд орж байсан. Хүүгийн маань тэр их хэрсүү зан төлөвшүүлж, хүнийг хайрлах, уярах, өрөвдөх сэтгэлтэй болгосон юм болов уу гэж боддог.

-Тэр хайртай хүүгээ хүний нутагт бага балчир насанд нь явуулах танд хэцүү л байсан байх?

-Хүүдээ хичнээн хайртай ч дараагийн амьдралыг нь бодож зөв хайрлах хэрэгтэй л дээ. Шилжилтийн 14, 15 насны хүүхдээ хүний газар явуулах мэдээж хэцүү. Санах, үгүйлэх мөч зөндөө шүү дээ. Хүний газар миний хүү хэл ус ч мэдэхгүй, яана даа гэж сэтгэл зовох үе бишгүй л их байлаа. Гэхдээ миний хүү угаасаа л бага байхын хэрсүү, айхтар хүүхэд байсан болохоор итгэхээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр хүү маань ч нас балчир гэлтгүй би өөрөө л хөдөлмөрлөж, хичээхгүй бол алдар нэр, амжилтад хүрэх хэцүү гэдгийг маш сайн ойлгосон. Хүүгийн маань ухаан л түүнийг төдийгөөс өнөөдрийг хүртэлх их амжилтад хүргэсэн. Хүн өөрөө л өөртөө эзэн болохгүй бол тэр олон сая хүн амтай газар тэгээд л хүний боол болох амархан шүү дээ. Миний хүү “Би чинь Монгол хүн шүү дээ” гэсэн омогшил, эр зоригоороо л амжилт бүтээлээ гаргасан.   

-Гэхдээ л тэр том сайхан хүүг энэ жижигхэн ээж төрүүлсэн гэхээр амьдрал баян юм аа. Танаас дэлхийн од төрчихсөн байна шүү дээ. Нөгөөтэйгүүр эх орондоо, эх дэлхийдээ ч од нь болж яваа энэ хүмүүсийг жирийн нэг хүмүүс биш жинхэнэ Дарь эхүүд төрүүлдэг юм биш үү?

-Тэр бол та нарын л бодол. Энгийн ээжээс энгийн хүүхэд төрж, эгэлхэн бор амьдралд хүн бий болдог шүү дээ. Тэр дундаас тухайн хүн ямар замыг сонгож, хүний орчлонг хэрхэн туулах вэ гэдэг өгөгдлөөрөө л явдаг болов уу. Тэрнээс ээж нь Дарь эх шинжийн болоод, хүү нь гэгээнтэн бүрэлбаа болно гэж юу байх вэ. Энгийн ээжээс энгийн хүү төрж, энгийн нь энэ хорвоод хэн болох ёстой өгөгдөл, мөн чанараа олдог болов уу.

-Аргагүй л та эгэл даруу ээж юм. Магтаалд ер халтирахгүй байна шүү. Танаас асуулгүй болохгүй нь. Асашёорюүг гэр бүлгүй, тогтсон амьдралгүй, элдэв хүүхэнтэй нэр холбогдлоо л гэдэг. Ээжийнх нь хувьд энэ талаар юу бодож явдаг вэ?

-Миний хүү сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй сайхан л амьдарч яваа. Одоо бол хүний эрх, бие биенийхээ эрхэнд хураагдаад, гэр бүлийн цагираг дотор нэгнээ хянаж, цагдаад байдаг үе өнгөрсөн шүү дээ. Үр хүүхдээ эвтэй өсгөлцөөд, ээж минь аав минь гээд л явж байна. Үүнд буруу юм байхгүй. Миний хүү хоёр сайхан үртэй. Сайхан хань ижил нь байна. Заавал болох болохгүй хүнтэй ханилаад ажил үйлсийг нь цагдаж, хянаад, зөрчилдөөд явж байж албагүй. Заавал олон түмний эрхшээлд хураагдаад, бусдад таалагдаж амьдрах албагүй. Цаанаасаа өгөгдсөн өгөгдлөөрөө л явж байна шүү дээ. Суух цаг нь нь болвол аяндаа сайхан хань ижилтэй болж л таарна. Одоо бол хань ижилгүй гэж миний хүүг хэлэх аргагүй.

-Г.Тамир танайхаар ирдэг үү?

-Энэ хоёр сайхан үр хүүхэд нь байхад ирэхгүй гээд яах юм. Бид байнга л холбоотой явдаг.

-Гэхдээ танайх үнэхээр сайхан бэрүүдтэй шүү. Мичидмаа, Тамираас эхлээд халхын сайхан бүсгүйчүүд танай хүүхдүүдийн цайг чанаж, гал голомтыг нь сахиж байна даа?

-Үгүй. Бүх хүмүүс сайхан бэр, хүргэдүүдтэй. Монголын ээжүүд, бүсгүйчүүдийг царайгаар нь дүгнэх хэрэггүй. Сайхан гэдэг үгний утга учир нь дотоод сэтгэлдээ байдаг юм. Дотроосоо гэрэлтэнэ гэдэг дээ. Дотоод сэтгэл рүү нь өнгийж харж байж сайн муу, сайхан муухай гэж ярь. Сэтгүүлчид дандаа юмны өнгө төрх, бүрхүүлийг яриад байдаг. Дотоод сэтгэл, тархи, зүрх хоёрын гоё сайхны г харах хэрэгтэй. Тэр эмэгтэй таван хуруутай, арван хуруутай, тахир дутуу байна уу гэдэг хамаагүй. Эмэгтэйлэг, нинжин сайхан сэтгэл, хүнлэг чанарыг нь харж байж сайхан муухайг нь дүгнэх ёстой шүү.

Миний хэдэн охид сайхаан, сайхан. Үр хүүхдүүдийг маань сайхан л аваад явж байна. Надад санаа зовох юм алга даа.

-Тэр дотоод гоо сайхныг танаас харж болно. Гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтэхийн сацуу таныг их сайхан хоол ундтай, халамжит сайн хань гэж сонссон?

-Ганц бөх хүний гэргийдээ биш, бүх л хүний гэргий нар хоол унд сайтай, халамжит сайхан ханиуд. Тэдний нэг нь л би. Бүх л ээжүүд мундаг.

-Хоол, гэрийн ажил ч яахав. Таны гоёл их нүд хужирлаж байна шүү. Та хоёр чихэндээ хос арслан, хүзүүндээ хүчит луу зүүжээ?

-За, гоёл руу ороод ирэв ээ /инээв/. Би ээмэгнээсээ эхлээд тайлбарлая. Хорвоо ертөнц бараантай, цагаантай байдгийг билэгдээд энэ хар хаш суурин дээр хэвтээ арсланг суулгаж хийлгэсэн. Энэ нь хүний эр зориг, бяр тэнхээ, байгалийн омголон амьтныг билэгдсэн. Дээр нь Монгол гэрийн тооно, ертөнцийн тасралтгүй үргэлжлэлийг билэгдэн хоролыг урлуулсан.

Зүүлт бол миний хүү Асашёорюүг нэрлэдэг байсан луу. Өглөөний хөх луу гэдэг шүү дээ. Луу гэдэг бол тэнгэрийн амьтан. Тэнгэрийн хүчтэн, газрын хүчтэн гэдэг утгаараа эдгээр ээмэг, зүүлтийг улсынхаа баяраар би байнга билэгдэн зүүдэг.

-Аргагүй л хувьтай хүн гэдэг шиг нүнжиг гайхуулсан эд эдлэл, бүсгүй хүний гоёлыг та харамгүй зүүсэн харагддаг, ер нь?

-Тийм ээ, эмэгтэй хүн болсон хойно гоёх дуртай. Гэхдээ энэ бүхэн ганц миний буян биш. Намайг төрүүлж өсгөсөн ээж, аавын маань ач буян. Хэрвээ миний ээж, аав хоёр байгаагүй бол би өнөөдөр хүн байх уу, үгүй юу. Би мөнгө төгрөг бариад дэлгүүр хэсээд байдаггүй. Тийм боломж ч байдаггүй. Үнэт эдлэл, гоёл чимэглэл зүүлээ л гэж байна. Энэ бүхэн үр хүүхдүүдийн маань сэтгэлийн бэлэг. Өнөөх л том ялалт, түрүүнүүдийнхээ дээжийг ээждээ зориулсан хэрэг. Сэтгэлийн өглөг.

-Та өөрийгөө хэр баян ээж гэж хэлэх вэ. Та юугаараа баян бэ?

-Би сэтгэлээрээ баян. Гэр бүл, үр хүүхэд, эргэн тойронд байгаа найз нөхдөөрөө би баян. Сэтгэлээрээ баян болохоор олны хөл тасардаггүй болов уу. Муу ээж минь байхгүй болчихлоо доо, тан дээрээ очиж сэтгэлээ онгойлгоё доо гээд хүрээд ирцгээдэг. Ер нь янз бүрийн юманд гунддаг ч үгүй. Гундаад байхыг ч бодоогүй. Яах юм, би өөрөөрөө байсан нь дээр шүү дээ. Орчлон хорвоогийн бараан зүйлсийг сонссон ч тэнд нь л хаячихдаг. Тэрийг бодоод л, сэтгэлээрээ урин дуудаад байдаггүй.

-Та авто баазад насаараа ажилласан хүн. Өдгөө хүүхдүүд нь Монголдоо төдийгүй дэлхийд цуутай болчихлоо. Танаар хамт олон нь бахархаж, баярладаг байх?

-Би хамт олноороо бахархаж, баярлаж явдаг. Тэр хамт олон дунд ажиллаад, байр сууриа олсондоо би харин баярладаг шүү.

-Ер нь тантай уулзаж байхад их эрч хүч мэдрэгддэг. Тиймдээ ч та өдий 70 шахсан насандаа бүхэл бүтэн цирк удирдаж явна?

-Би хүүхдүүдийнхээ төлөө л амьдардаг. Яах гэж би эднийхээ ээж нь болсон юм. Яагаад би тэтгэвэртээ сууж байх ёстой гэж. Надад зөндөө эрч хүч байна шүү дээ. Зүгээр суумааргүй байна. Сэтгэж, бодож, хүмүүстэй харьцаж, хайрыг нь татаж чадаж байгаа хойно хийж чадах ажлаа хийж, зөвлөх үедээ зөвлөөд явахсан гэж боддог. Мэдээж хүүхдүүдийн ажилд садаа болоод байх утгагүй. Амьдралын туршлагаасаа мэдэж, чадахаа хэлж, хийгээд л явдаг.

“Аса” циркийн хувьд би ажиллаж чадна гэж бодсон. Авто комбинатад насаараа санхүүг нь удирдаж байсан туршлагатай хүн шүү дээ, би. Энэ байгууллага 1500 ажилчинтай, 380 нь засварчин, 200 гаруй нь захиргааны ажилтан, бусад нь дандаа тээвэрчид байлаа. Тэнд би маш их ажил сурсан. Харин циркийг ажиглахад арван хурууны чигчий хуруугаар хөдөлгөхөөр санагдаж байсан. Хамгийн гол нь улсын санхүүжилт байхгүй газрыг яаж босгох вэ, өөрийг нь өөрөөр нь босгочихсон юмсан гэж их бодсон.

-Та бүхнийг улсын циркийг авах үед энэ байгууллага үнэхээр уначихсан байсан л даа?

-Ганц цирк гэлтгүй массаараа унасан шүү дээ. Циркийн хувьд гайгүй чадалтай уран бүтээлчид нь гадагшаа ажиллахаар явчихсан, зөв шүү дээ. МУГЖ, акробатчин Жанчивдорж, Хишигдаваа, Норовсамбуу нарын хэдхэн ахмад үлдсэн байсан. Тиймээс залуучууддаа эднийгээ түшиглээд хамтлаг байгуул, хамтлаг болгон бие биетэйгээ өрсөлд, хэн чадалтай нь гадаадад очиж өөрсдийгөө сорь, харуул, дэлхийн том циркүүдийн хэмжээнд нэр хүндээ батал, бүтээлээ хий, тэгвэл дор хаяж 1000-3500 долларын цалинтай болно, хамаагүй бид та бүхнийг бэлтгэл сургуулилтыг дэмжинэ, байр савандаа бэлтгэлээ хий, амжилт үзүүлбэл бид татаас түрээс авахгүй гэж хэлсэн. Хамгийн гол нь дэлхийд алдартай монгол цирк үнэ цэнээ алдаж болохгүй, улам оргил руу гарах ёстой гэсэн зорилго тавьсан. Энэ эрхэм зорилго биелсэн, биелээд явж байна. Миний хэдэн хүүхэд дэлхийн бүхий л циркийн уралдаанаас алт, мөнгөн медалийг нь түүх болсон.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

С.БЭЛЭГМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?